Найруулагч Ёичи Саи

Зохиолч Сожил Ян, Ёичи Саи, Вуи Шин Чонг
Продюсер Нозому Эноку, Масааки Вакасуги
Оператор Такеши Хамада
Хөгжмийн зохиолч Таро Иваширо
Төрөл Эмгэнэлт
Орон Япон
Он 2004



“Цусыг минь ээж, ясыг минь аав надад өгсөн…” Солонгос ардын дуу. Үзэгч танд үзэхийн аргагүй нэгэн хүнд бүтээлийг толилуулж байна. Японы нэртэй зохиолч Согиру Яны бараг хувийн тэмдэглэл гэмээр туужаас сэдэвлэн бүтээсэн энэ кино хүн төрхтэй араатан Ким Шумпейн тухай өгүүлнэ. Дэлхийн дайны дараагаар Солонгосоос бусад дүрвэгсдийн адилаар Японд ирсэн тэрээр мэдээжийн хэрэг сайхан амьдрал л хайсан. Эхэн үедээ ч аж амьдрал нь овоо тохижиж, ажил үйлс нь гайгүй байсан хэрнээ түүнд нэг л юм дутагдаад байв. Энэ юу вэ гэвэл харийн оронд өөрийгөө, өөрийнхөө орны ёс заншлыг гээлгүй авч гарах хүслэн.



Энэ нь бүтэл муутай зүйл болох нь удалгүй ойлгогдож тэрээр хамгаалалтын хивнэг нөмөрнө. Ертөнцөд уурсаж хорссон Ким ойр дотны хүмүүсээ үгээр хэлэхийн аргагүй байдлаар тамлан тарчлааж, үүнээсээ сэтгэлийн дээд зэргийн цэнгэл таашаал олох болно. Хүн төрхт араатны дэргэд тэсч чадаагүй олон хүмүүсийн азгүй хувь тавилангийн тухай үнэнхүү дэс дараатай, тайван дэлгэрэнгүй өгүүлэх нь тунчиг хэцүү. Бүтээлийн нэр нь өөрөө Шүмпейн хүмүүст хандах хандлагыг тодорхойлоод ч байгаа мэт. Тэд бол түүний хувьд зүгээр л яргалал зодуурын хэрэгслүүд, “цус ба яснууд”. Энэхүү хэрэгслүүдээ тэрээр насан туршдаа маш чанга гараар атган ашиглана.



Бэлгийн сэрлээ дарахын тулд, ашиг хонжооны хэлбэрээр ч ойр дотныхныгоо ашиглуулахдаа юман чинээ бодохгүй. Зүгээр л “цус ба яс” юм чинь. Үнэн хэрэгтээ Ким Шумпей өөрөө “цус ба яс”, хүнийг хайрлах сэтгэлгүй жинхэнэ араатан. Ямар сайндаа л Японы мафийн толгойлогч түүний тухай туслахынхаа асуултанд хариулахдаа “Наадах чинь хүн биш чөтгөр” гэж байхав. Ким Шумпей амьдралдаа хоёр дахь эхнэртээ л гайгүй сайн байсан гэх үү дээ.

Сайн ч гэж дээ, хөөрхийг нөхрийнхөө авирыг даалгүй цус харваад хэвтэж байхад нүдэн дээр нь асрагч эмэгтэйг хүчирхийлэх хүнтэй ер нь юугаа ярих юм бэ. Магадгүй талийгч охиндоо ч бага зэрэг “талтай” байсныг үгүйсгэхгүй (оршуулгын хэсэг). Гэхдээ үүнийгээ ширэн нүүрлэж, дээд зэргээр нууцалж чадна. Энэ хүний хувьд юу чухал байв аа? Мөнгө. Мөнгөний л төлөө тэрээр хүчирхийлнэ, хулхидна, худалдана, зодно, зарна, ална. Найруулагч киногоо хийх гэж нэг хүнийг бүтэн зургаан жил хүлээсэн гэдэг. Алдартай жүжигчин Такеши Китано л түүний Ким Шумпейг жинхэнэ утгаар нь илэрхийлж чадна гэсэндээ тэр. Ингэснээр ч үнэхээр алдаагүй ээ. Телевизийн инээдмийн шоугаараа нэрд гарсан энэхүү гайхалтай жүжигчин ийм харгис дүрийг бүтээсэн нь гайхалтай. Дуугаа хураасан, дүнсгэр, хахир, бага зэрэг найгаж явдаг. Такеши Китано ийм л эцгийн дүрээр үзэгч таныг тэрээр шоконд оруулна.

Эцэг, нөхөр, дарга гэсэн ухагдахууныг ганцхан ЭЗЭН гэсэн ойлголтонд багтаасан Ким үг дуугүй үгэнд нь орохыг шаардана. Хэрэв үг нь ажил болохгүй, түүнийг бага ч гэсэн үл тоомсорловол маш харгисаар залхаан цээрлүүлнэ. Китано хэдэн жилийн өмнө автын ослоор хүнд шархтаж нүүрний тал хэсэг нь мэдээгүй болсон явдал энэ дүрийг бүтээхэд улам их нэмэр болжээ. Тал нүүр нь аймшигтайгаар инээж тал нь гөлөрсөн Шумпейн царайг харахын аргагүй. Энэ бол амаргүй кино. Ийм хүн төрхтэй араатныг хүмүүс дэргэдээ яагаад тэвчээд энэ олон жил байлгаад байгаа нь гайхалтай. Асуултанд яг тийм, ийм гэсэн хариулт өгөх бас хэцүү. Шумпей бол тодорхой нэг хүн гэхээсээ илүү өөрийнхөө өнгөрсөн бүхний хамаг муу ёрын зүйл рүү бүх алдаагаа чихэх дуртай муу муухайн билгэ тэмдэг.

Энэ бол тэр чигээрээ 80 кг бүхий амьд айдас төрүүлэгч. Муу зүйлд яг тийм гэсэн тодорхой нүүр царай гэж үгүй, тэр хаана ч оршин байж магадгүй. Байдгаараа хайрлаж өсгөсөн хүү чинь гэнэт нэг өдөр сүх бариад тань руу дайрахыг хэн ч хэлж мэдэхгүй, өчнөөн л ийм хэрэг гарлаа шүү дээ. Ийм эцэг хаана ч байж магадгүй. Заавал муу удмаар дамжиж ирсэн замналаар явах уу, амьдралаа өөрчилж болох уу? Гаднах хүчин зүйлүүдэд хэрхэн өөрийгөө алдахгүй байж, дотроо тэмцэж явдаг араатандаа яаж дийлдэхгүй байх вэ? Хүн өөрийгөө дотроосоо хоосолж, үлдсэн амьдралдаа хүний сэг мэт оршиж болох уу? Энэ бүх асуултанд үзэгч та өөрөө энэ киног үзчихээд хариулах гэж оролд доо. Би л лав сэрэмжлүүллээ шүү.



Үзэж сэрэмжлүүлсэн Бүдсүрэнгийн Түмэн-Өлзий. Эх сурвалж www.wikimon.mn