Нүүдлийн шувуудад харуулчийн үүрэг гүйцэтгэдэг шувуу байдаг байна. Тэр Харуулч хол аянд ядарсан бусдыгаа унтаж амарч байхад сонор соргог байж, болзошгүй аюулаас сэрэмжлүүлдэг гэнэ.
Гэтэл Харуулч шувууг нь өөрийн сүргээр нь бариулж, сонор сэрэмжгүй болгон хуугаар нь намнадаг муухай хар арга шувууны анчдад байдаг ажээ.
Хэрхэн яаж гэхээр, нууранд ирж буусан аянчин шувуудыг яг ид амарч байх үед сэмхэн гэтэж очдог байна. Харуулч шувуу түүнийг мэдээд чимээ өгч бусдыгаа сэрээх мөчид өнөөх гэтэж очсон хүн нам нуугдчихдаг гэнэ. Эхний удаад шувууд сэрээд эргэн тойрноо ажиж, анхаараад, ноцтой аюул үгүйд тайвшран унтана. Яг сайхан амрах үеэр нь үймүүлэгч анч хүн дахиад сэжиг үзүүлж, Харуулч шувууг өднө. Харуулч шувуу дахин аюулын дохио өгнө. Сүрэг дахин сэрж, аюул занал үгүйг мэдээд эргэж амарна.
Амрангуут анч хүмүүн дахин Харуулч шувууг өдөж, сэжиг өгнө. Энэ мэтээр хэд хэдэн удаа Харуулч шувуугаар нь сүргийг сэрээлгэхэд амарч чадаагүй сүрэг ихэр уурсан "Худал дохио өгөн амруулахгүй" байгаа Харуулчаа тал талаас нь дайран өд сөдийг нь зулгаасаар алдаг байна. Ингээд аюулын сэрэмжлүүлэг өгдөг Харуулчгүй болж хоцорсон сүргийг олноор нь намнахад амархан болдог ажээ.
Энэхүү шувуун сүргийг ангуучлах технологийг хүчирхэг улс орнууд бага буурай орнуудыг колоничлох бодлогодоо гарамгай ашигладаг байна.
Колончлогчдын санаархалыг олж харсан эх орончдыг байн байн түгшээсэн үйлдэл хийж, тэднээр байнгын аюулын дохио өгүүлэх атлаа өөрсдөө огтхон ч гэм зэмгүй, тэр бүү хэл хүмүүнлэгийн тусламж өгч буй мэт байдал төрх олонтаа үзүүлдэг байна.
Байн байн колонийн аюул занал, өр зээл, хууль бус үйлдэл, баялгийг нь хуу цөмөх гэсэн оролдлого, мөнгө хүүлэлт, тархи угаалт, эзлэн түрэмгийллийн тухай өнөөх эх орончдоор залхтал шуугиулах атлаа тэдэнд ямар ч баримт болчих сэжүүр өгдөггүй байна.
Ингэсээр ард олон эх орончдыгоо эцэст нь худал популистууд, тэнэг хөөрүү хийрхэгчид, эргүү мангуунууд гэсэн ойлголттой болж, тэднийхээ үгийг огтоос тоож сонсохоо ч больж, залхаж, гадуурхах, ад шоо үзүүлэх, тэр ч бүү хэл амь насанд нь хүртэл халдуулдаг байна. Гэхдээ бас үнэхээрийн популистууд, солиотой хийрхэгчид ч бий. Зарим тохиолдолд зориуд тийм хүмүүсийг дотор нь оруулж бужигнуулан жинхэнэ эх орончдынх нь үнэ хүндийг унагадаг. Эцэст нь хэн нь үнэн, хэн нь худал хэлээд буйг ялгаж салгах боломжгүй болгож, энэ байдлаас залхсан олон түмэн аар заар зугаа цэнгэлдээ илүү анхаардаг байна.
Ийнхүү ард олныг аюулын дохио санамжгүй болгож авсан хойно газрын баялгийг нь нэг л өдөр гэнэтхэн өөрийн болгож, өр зээлээр боомилж авдаг. Гэхдээ ихэнхдээ өөрсдөөр нь тэр бүхнийг хийлгэнэ.
Африк болон Латин Америкийн олон оронд ийм жишээнүүд бий дээ.
Б.Номинчимэд