Монголын Орчуулагчдын Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг "Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд оролцсон залуу орчуулагчдын дуун хөрвүүлсэн өгүүллэгүүдээс уншигч та бүхэндээ хүргэж байна. Энэ удаа Америкийн алдарт зохиолч, сэтгүүлч Эрнест Хэмингуэйн "Цэвэрхэн, гэрэлтэй газар" хэмээх өгүүллэгийг орчуулагч Б.Урангуагийн дуун хөрвүүлснээр толилуулъя.


Эрнест Хэмингуэй
Цаг нэлээд орой болж, гудамжны гэрлэн доорхи модны сүүдэрт суугаа настай эрээс өөр хүн кафед үлдсэнгүй. Тэрхүү гудамж өдрийн цагаар тоос шороо ихтэй ч бүрэнхий болохоор агаар амьсгалахтай болно. Энэ эр дүлий агаад үдэш орой чимээ шуугиан намжиж, амар амгалан болохыг мэдэрдэг учир чухам тэр үеэр уг кафед суух дуртай аж. Хижээл эр хэдий сайхан зантай ч жаахан халсныг нь кафены хоёр зөөгч мэдэж байх тул хэтрүүлж уувал төлбөрөө төлөхгүй явчихаж мэднэ хэмээн сэрэмжилж, нүд салгалгүй ажиглана.

- Энэ хөгшин өмнөх долоо хоногт амиа хорлох шахсан шүү дээ гэж нэг зөөгч нь хэлэв.
- Яагаад?
- Аргаа бараад л…
- Юунд?
- Юунд ч биш…
- Зүв зүгээр байж тийм үйлдэл хийснийг нь чи яаж мэдэж байгаа юм бэ?
- Хангалттай их мөнгөтэй хүн шүү дээ.
Хаалганы ойролцоохь ширээнд хамт сууж байсан хоёр зөөгч салхинд үл ялиг найган хөдлөх модны сүүдэрт суугаа настай эрээс өөр хүнгүй, хоосон ханхай танхимыг ширтэнэ.

Залуу бүсгүй цэрэг эрийн хамт цонхны хажуугаар өнгөрөв. Цэрэг эрийн мөрдсөн дээр гудамжны гэрэл гялбана. Охин толгой нүцгэн агаад хоцорчих вий гэсэн шиг залуугийн хажууд түргэн түргэн алхалж яваа харагдана. Нэг зөөгч нь:
- Харуул одоо гаргачихна аа
- Мөрөөрөө л сууж байвал ямар хамаа байна аа?
- Одоо гарсан нь дээр шүү дээ. Харуул одоохон хүрээд ирнэ. Таван минутын өмнө үүгээр өнгөрсөн юм.
Сүүдэрт суугаа настай эр хундага, дийзээ харшуулан дуугаргатал залуувтар зөөгч түүн дээр очлоо.
- Танд юу хэрэгтэй вэ?
- Ахиад нэг дарс авъя.
- Нэмж уувал та согтоно шүү дээ.

Хижээл эр түүн рүү өлийн хартал зөөгч эргээд явлаа. Мөнөөх зөөгч нөгөөхдөө “Энэ одоо шөнөжин энд сууна даа. Нойр хүрээд байдаг. Ойрд гурваас өмнө орондоо орсонгүй. Түрүү долоо хоногт л үхдэгээрээ үхэх байсан юм” хэмээн уурсангуй хэлэв.
Зөөгч тавиур дээрээс лонхтой дарс бас нэг дийзтэй аваад хижээл эрийн ширээг зорилоо. Дийзээ ширээн дээр тавиад хундагыг нь дүүргэв. Зөөгч дүлий хөгшинд хандан “Та түрүү долоо хоногт үхчихгүй дээ” гэхэд настай эр хуруугаараа дохин “Дахиад жаахан” гэв. Зөөгч нэмж хундагалтал дарс хальж, давхарлаж тавьсан дийз рүү асгарчээ. Настан “Баярлалаа” гэв.
Зөөгч лонхыг тавиур дээр буцаан тавьж, нөгөөхтэйгээ яриа дэлгэх зуур:
- Тэр согтчихож гэв.
- Орой бүр халамцуу байдаг юм
- Яагаад үхэхийг хүссэн юм бол оо?
- Би яаж мэдэх вэ дээ.
- Тэр яаж амиа хорлосон юм бэ?
- Өөрийгөө дүүжилсэн гэсэн…

- Хэн тэрийг буулгасан бэ?
- Ач охин нь…
- Яагаад буулгасан юм бол?
- Сүнсийг нь тайван байлгах гэж…
- Тэр хэр их мөнгөтэй байсан бол?
- Хангалттай их…
- Тэр лав ная хүрсэн байх аа.
- Наян настай гэхэд лав хилсдэхгүй биз.
- Хурдан яваасай. Би ч гурваас өмнө орондоо орохгүй нь л дээ. Гуравт орондоо орно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бодоод үз л дээ…
- Хүссэн болоод л сууж байгаа шүү дээ.

- Тэр бол ганцаардмал хүн. Харин би ганцаарддаггүй. Эхнэр маань намайг орондоо хүлээж байгаа.
- Тэр ч гэсэн өмнө нь эхнэртэй байсан.
- Одоо түүнд эхнэр ямар хэрэг байх вэ дээ.
- Хэлж мэдэхгүй юм даа. Эхнэртэй байсан бол дээр ч байх байсан юм бил үү?
- Ач охин нь түүнийг асарч л байгаа шүү дээ. Ач охин нь аварсан гэж чи хэлээ биз дээ?
- Тийм дээ.
- Би ингэтлээ хөгшрөхийг хүсэхгүй байна. Хөгширнө гэдэг хүсэх зүйл биш юм.

- Яг ч тийм биш ээ. Энэ өвгөн их цэвэрхэн. Тэр асгаж, цутгалгүй уудаг. Одоо ч гэсэн халамцуу байгаа шүү дээ. Хар л даа…
- Би түүнийг хармааргүй байна. Гэртээ л хурдан хариасай. Ажил хийдэг хүмүүсийг огт бодохгүй юм.
Хижээл эр эхлээд танхим, дараа нь зөөгч рүү харна. “Ахиад нэг дарс” гээд хундагаа заав. Яарч байсан зөөгч хүрч очлоо. “Боллоо, өнөөдрийн хувьд хангалттай. Одоо бид хаалаа” гэж соёлгүй хүмүүс согтуу юм уу гадны хүмүүст хандаж хайнгадуухан хэлдэг шиг янз муутайхан өчив. “Ахиад нэгийг” гэж настай эр бувтналаа. “Хангалттай. Одоо болсон” гэж хэлээд зөөгч ширээний ирмэгийг арчин, толгой сэгсрэв.
Настай эр өндийж, дийзээ алгуурхан тоолоод, халааснаасаа хэтэвчээ гарган төлбөрөө төлчихөөд хагас песет (Испанийн мөнгөн тэмдэгт. Орч) цайны мөнгөнд үлдээв. Тэрбээр гудамж уруудан алхахдаа гуйвсан хэдий ч намба төрхөө алдахгүй байгааг зөөгч эр харж зогслоо.
- Чи тэрийг жаахан уулгахгүй яасан юм бэ? Ямар хоёр хагас болчихсон байгаа биш гэж харихаар тэгтлээ яараагүй зөөгч цонхныхоо хаалтыг буулгах зуураа хэлэв.

- Би харьж унтмаар байна шүү дээ
- Цаг ер нь юу юм бэ?
- Миний хувьд лав түүнийхээс хавьгүй илүү ач холбогдолтой зүйл.
- Цаг л бол цаг шүү дээ. Ямар ч ялгаагүй.
- Чи яг настай хүн шиг ярих юм. Тэр хүн шил юм аваад гэртээ ууж болно шүү дээ.
- Тэр чинь огт өөр хэрэг.
- Тийм ээ, өөр нь ч өөр гэж эхнэртэй зөөгч эвлэрлээ. Тэр ёс бус байхыг хүссэнгүй. Зүгээр л гэр рүүгээ яарч байлаа.
- Харин чи? Харьдаг цагаасаа өмнө очихоос айдаггүй юм уу?
- Дургүйг минь хүргэхээр шийдээ юу?
- За, юу гэж дээ, анд минь. Зүгээр тоглож байхад чинь.

- Үгүй дээ. Би өөртөө итгэлтэй хүн. Өөртөө бүрэн итгэлтэй шүү! гэж яарч байсан зөөгч хэлээд цонхны төмөр хаалтыг буулгав.
- Чи өөртөө итгэлтэй, ажил төрөлтэй залуу хүн. Чамд бүх юм байна.
- Тэгээд чи юугаар дутаад байгаа юм?
- Ажлаас өөр юу ч алга даа.
- Чамд надад байгаа бүхэн байгаа шүү дээ.
- Үгүй ээ. Би хэзээ ч өөртөө итгэлтэй байгаагүй, дээрээс нь залуу биш.
- За, юу гэж дээ. Дэмий юм ярихаа болиод хаалгаа түгж!
- Би үдшийн цагаар кафед суух дуртай хүмүүсийн нэг шүү дээ. Унтах гэж яардаггүй, шөнө бага ч атугай гэрэл хүсэмжилдэг тийм л хүмүүсийн нэг.
- Би лав харьж, орондоо ормоор байна.

- Хоёулаа өөр төрлийн хүмүүс юм аа. Асуудал дан ганц залуу нас, итгэл сэтгэлд байгаа юм биш ч энэ хоёр бол үнэхээр сайхан зүйлс. Орой бүр би аргагүйн эрхэнд л кафегаа хаадаг. Хэн нэгэн кафед суухыг хүсэж байж болох шүү дээ хэмээн настайвтар зөөгч хэлээд гэртээ харихаар хувцсаа солив.
- Анд минь, шөнийн турш ажилладаг архины мухлаг зөндөө л бий шүү дээ.
- Үүнийг чи ойлгохгүй ээ. Манайх их цэвэрхэн, тухтай. Бас гэрэлтэй. Гэрэлтэй байна гэдэг хамгийн чухал, хар л даа, навч сүүдэртээд л...
- За, за. Сайхан амраарай хэмээн залуу зөөгч хэллээ. Нөгөөх нь мөн л “Сайхан амраарай” гээд салав. Тэрбээр гэрлээ унтраангаа өөрөө өөртэйгээ ярьсаар хоцорчээ. “Хамгийн гол нь гэрэл. Гэхдээ цэвэрхэн, тухтай байх хэрэгтэй. Хөгжим хэрэггүй ээ. Тэд ч хөгжим сонсохыг хүсэхгүй. Энэ цагаар гагцхүү ёс журам үлддэг ч архи уух гэж байж намба төрхтэй зогслоо гээд яах ч юм. Ингэхэд тэр юунаас айсан юм бол оо? Түүнд ер нь айж эмээсэн юм байхгүй л дээ. Бүгд утга учиргүй гэдгийг дэндүү сайн мэддэг болоод л тэгсэн хэрэг. Энэ бүхэн цөм хоосон ахуй, тэр өөрөө ч гэсэн хоосон чанар. Өөр учир начир байхгүй шүү дээ. Гагцхүү гэрэл, дээрээс нь цэвэр цэмцгэр орчин л хэрэгтэй. Зарим хүн үүнийг хэзээ ч мэдэхгүй өнгөрдөг. Харин тэр энэ бүхэн бүгд хоосон, өөр юу ч биш гэдгийг мэддэг. Эс орших эзгүйхэн тэнгэр минь, Нэр алдрыг тань нэгэнтээ дуурсахаа байг, Хаанчлал тань хөсөр хаягдаж, Хүсэл тань унтарсан чигээрээ хоосон ахуйд үлдэх болтугай! Өнөд орших үгүйрлийг үл орших энэ цаг хугацаанд бидэнд өгч хайрла. Эс орших бүхнийг бид умартсаны адил бидний хоосон ахуйг мөн огоорч, Биднийг хоосонд үл орхиоч! Харин биднийг үүнээс гэтэлгээч (Зохиогч Шинэ гэрээний Матай 6:9-13-д өгүүлсэн “Эзний залбирал”-ыг ийнхүү үгүйсгэн өөрчилжээ. орч). Тэрбээр кофены машин тавьсан мухлагийн өмнө инээмсэглэн зогсоно.


- Юу авах вэ? хэмээн бармэн асуув.
- Юу ч авахгүй
- Otro loco mas хэмээн бармэн хэлээд цааш эргэлээ.
- Жижиг аягаар авъя хэмээн зөөгчийг хэлэхэд бармэн түүнд аягалж өгөв.
- Тод гэрэлтэй аятайхан л газар юм. Гэхдээ жаахан бохир юм даа гэж зөөгчийг хэлэхэд бармэн түүн рүү харсан ч хариу дуугарсангүй. Яриа өрнүүлдэг цаг аль хэдийнэ өнгөрсөн байлаа.
- Ахиад нэг хундагыг авах уу?
- Үгүй ээ, баярлалаа хэмээн зөөгч эр хэлээд гарч явав.
Тэр ер нь баар сав, архины мухлагт дургүй нэгэн. Цэвэрхэн, гэрэлтэй кафе гэдэг түүний хувьд огт өөр зүйл. Тэрбээр цааш эргэцүүлж бодолгүй гэртээ хариад өрөөндөө орлоо. Орон дээрээ хэвтсээр гэгээ ороход сая нэг юм унтав. Эцэст нь тэр дотроо энэ бүхэн зүгээр л нойргүйдлээс болж байгаа хэрэг гэж бодлоо. Бусад хүмүүс ч гэсэн нойргүйдлээс болж шаналдаг л байлгүй дээ.

Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/63232.shtml#sthash.t...