Өчигдөр шөнө унтахаасаа өмнө Хятадын "Бөмбөрцөг" сонинг жаахан харж байтал "Өрнөдийнхөн Беларусийн дарангуйлагч хэмээн хараан зүхдэг этгээд яагаад өндөр хувиар дараалан сонгогдоод байгаагийн нууц" гэсэн урт нэртэй өгүүлэл чамгүй анхаарал татлаа.

1994 онд дөчин хэдхэн настай анх удаа ерөнхийлөгчөөр сонгогдсон Лукашенко өнөөг хүртэл нийт 21 жилийн турш тасралтгүй энэ албанд сонгогдохдоо өрсөлдөгчдөө маш өндөр хувиар ялж байсан нь сонин. Саяхан буюу хамгийн сүүлчийн удаа бүр сонгогчдын 84 хувиар үнэмлэхүй ялалт байгуулсан нь өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гайхшийг барж байгаа ажээ.

Ер нь аливаа улс үндэстний хувьд авилгал хээл хахууль гэдэг улс төрийн хорт хавдар хэмээн үзэгддэг болохоор анхнаасаа ийм зүй бус үзэгдэлтэй шийдвэртэй тэмцэж чадсанаар нийгмийн харьцангуй шударга, тогтвортой байдлыг тогтоож эдийн засгийн үзүүлэлтээрээ ТУХН-ийн орнууд дотроо толгой цохих болсон нь өрнөдийнхний хэмжүүрээр "Дарангуйлагч" хэмээн цоллогддог энэ эр 9 сая ард түмнийхээ итгэлийг өдий олон жил хүртэх үндсэн нөхцөл болсон тухай уг өгүүлэлд дурдсан байна.

Уг нийтлэлд "Өрнөдийн ардчиллын хувьд Украйн онц сурлагатан. Беларусийг муу сурлагатан гэж болно. Онц сурлагатан Украйн "Өнгөт хувьсгал" гэж хэдэн ч удаа бужигнаад үр дүн нь юу болов гэдэг нь хөрш зэргэлдээ Беларусьчуудын хувьд илт тодорхой байдаг болохоор өөрсдийн замнасан чиг шугамд тууштай үлдэх үндэс болсон юм.

Беларусьт угтаа ардчиллын талыг баримтлагч сөрөг нам, сөрөг хүчин байдаг. Тэдний дуу хоолойг илэрхийлэгч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эвлэрэнгүй зөөлөн ханддаг нь Лукашенкогийн бас нэгэн онцлог.

Өдгөө Беларусь улс хүн ам тутамд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Украйнаас хоёр дахин илүү гараад явчихлаа. Тэр хэрээр тус улсад гэмт хэргийн гаралтын үзүүлэлт маш доогуур, баян хоосны ялгаа багатай болохоор ард түмний сэтгэл ханамжийн баталгаа их өндөр байдаг ажээ. Тийм ч учраас сайн сайхан нийгмийн баталгаа болсон Лукашенкогоосоо уйдалгүй өнөө хүрсэн байж таарна. Энэ байдлыг харгалзан үзсэн юм болов уу? Өрнөдийнхөн тус улсад тавьсан хоригоо цуцлахаар шийдсэн нь нэгийг хэлээд байнам бус уу?

Ер нь дэлхийн улс төрийн тогтолцоог нэгэн хэв загвараар хэрэгжүүлж болдоггүй нь сонин. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Беларусь, Казахстаны жишээн дээрээс "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа удаан байх тусмаа сайн гэсэн" дүгнэлт гаргах нь хаашаа юм бэ?" Гэвч өнөө хэр дээрхи загвар тухайн хоёр улс орны хувьд үр дүнгээ сайтар өгсөөр л байгаа юм даа.

Ямар боловч хөрш НАТО-гийн орнуудтай харилцаа тааруухан, Оростой ч төвөгтэй харилцаа бүхий зүүн Европын жижиг орон Беларусьт улс төрийн уян хатан бодлого хэрэгжүүлж өөрийн ноёрхлоо урт удаан хугацаанд чадварлаг бэхжүүлсээр байгаа Лукашенког өрнөдийнхний ойлголтоор шулуухан "Дарангуйлагч" гээд нэрлэчихэд бас л учир дутагдалтай мэт санагдана. Шууд "ардчилагчийн титэм" зүүлгэх нь ч бас хаашаа байдаг бол? Беларусийн тогтолцоог Египет болон Сингапуртай адилтгах уу? Эсвэл ерөөсөө Беларусийн гэсэн шинэ загвар үүсчихээд байна уу гэдгийг улс төр судлаачид хэдэн арван жилийн дараа олон нийтэд тайлан өгүүлэх буй за." хэмээсэн дээрх өгүүллийн гол санааг та бүхэнд хүргэлээ.

Тогтолцооны хямралд орчихсоноо хүлээн зөвшөөрөөд "Үндсэн хуульдаа" томоохон өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа өнөө үед манай төрийн түшээд өвөр зуурын хэрүүл тэмцлээ цэглэн гадаадын хэвлэл дээрээс иймэрхүү өвөрмөц сонирхолтой материал түлхүү уншиж байгаасай билээ. Би өөрөө залуу зандан насандаа эхнэрийнхээ хамт хахир өвлийн хүйтэнд балчир охиноо мөрөн дээрээ суулгачихаад ардчилсан хувьсгалын анхны цуглааныг зорьж л байсан нэгэн. Бас сэтгэлийн дуудлагаар жигүүрлэн Галаарид, Баатаржав, Мягмарсүрэн, Даваадорж нарын дөрвөн сайн нөхрийн хамт "Үг" сонины анхны дугаарыг өлгийдөн авч байлаа. Өнгөрсөн 25 жилийн турш улс орны туулж өнгөрүүлсэн замналыг харахад ардчиллын бидэнд олгосон өргөн боломжийг дэндүү бага ашиглаа юу даа хэмээн халаглан харуусах сэтгэл төрдгийг нуух юун. Бид өвөр зуураа учраа олохгүй мунгинаж байх хойгуур өнөөх муу нэртэй луу данстай дарангуйлагч Ким Жон Унгийн Умард Солонгос сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт тогтмол долоон хувийг давсаар байгаа нь 25 сая хүн амтай улсын хувьд том амжилт төдийгүй азидаа дээгүүр орохоор үзүүлэлт биз дээ?

Уг нь энэ өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгалийн асар их баялагтай гуравхан сая ард түмнийг торгонд хөлбөрүүлж тосонд умбуулаад байхад сайн удирдагчийн тэгтэл айхтар гоц гойд толгой хэрэггүй л баймаар сан даа. Жаахан холыг харж хоёрыг сэтгэх бөгөөс бүтчих хэрэг бус уу?

Д.Болдбаатар