“Жимсийг яагаад үргэлж ганц хоёрхон хазаж орхиод байдгийг, гутал яагаад дандаа ширээн дээр гарчихаад байдгийг, түлхүүр яг хэрэгтэй үедээ санаанд оромгүй газар нуугддагийг, яагаад 00-ын ус руу үргэлж гараа хийдгийг, аягалаад өгсөн компотонд яагаад үргэлж цуйвангаа, гурилтай шөлөө хутгаж иддэгийг, ариун цэврийн цаасыг яагаад дандаа зориулалтын бус аргаар хөвүүлж тоглодгийг, яагаад ээжийгээ өндийхөд зэрэгцэж сэрээд байдгийг, яагаад чих дөжрөм чангаар хашгирдгийг, нүүрээ усаар угаалгах дургүй хэрнээ яагаад дандаа идэх юмаараа угаадгийг, шүдийг нь угаахад хаздаг хэрнээ яагаад сойзыг үргэлж үмхэж явдгийг хүүгээсээ асуудаг. Харамсалтай нь миний мэдлэгээс хэтийдсэн маш өндөр төвшний хэлээр, хэт философилог хариулт өгдөг тулд ээжийнх нь IQ хүрдэггүй юм. Магадгүй тэдний ирсэн газарт бүх зүйл ийм л байдаг байх” хэмээн нэгэн ээж бичжээ.

Хүүхдүүд нээрээ л сонин шүү. Битгий гэвэл “тэг” гэж ойлгодог, үгүй гэвэл “тийм” гэж гүрийдэг улс. Гэвч эцэг эхчүүдийн “боль, болохгүй” гэж үглэхийн хэрээр юмсыг өөрийнхөөрөө нээх гэсэн хүүхдийн хүсэл унтарч эхэлдэг.

Тэгвэл бид эцэг эхчүүдэд зориулсан “толь бичиг”-ийг хүргэж байна. Хайртай үрсийнхээ ойлгодог хэлээр ярьж сурцгаая.

Аав ээжүүд ингэж ярьдаг

“Болгоомжтой бай, унана шүү”, “Нохойнд хүрч болохгүй, хаздаг юм”

Хүүхэд ингэж ойлгодог

“Эргэн тойронд байгаа бүх зүйл аюултай юм байна. Тиймээс юу ч хийхгүй байх нь дээр”

Тэдэнд ингэж ойлгуулаарай

“Миний хүү/охин өөртөө анхаарал тавих хэмжээнд хүрсэн”, “Болгоомж илүүдэхгүй шүү”, “Өөртөө арчаатай байж сурах хэрэгтэй”

Аав ээжүүд ингэж ярьдаг

“Одоо хурдан хүрч ир”, “Алив хурдлаач дээ”, “Амаа тат”, “Боль”, “Алив хариулаадах”

Хүүхэд ингэж ойлгодог

“Би тэдний хувьд чухал биш юм байна. Ердөө л эцэг эхийнхээ хүсэлд нь нийцүүлэх хэрэгтэй”

Тэдэнд ингэж ойлгуулаарай

“Ээжид/аавд нь 10 минут л байна. Бид тохиролцоонд хүрэхэд чамд хэр их хугацаа шаардлагатай вэ?”

Аав ээжүүд ингэж ярьдаг

“Битгий олон юм яриад бай”, “Уйлаад үзээрэй”, “Чимээгүй болохгүй бол...”

Хүүхэд ингэж ойлгодог

“Сэтгэл хөдлөлөө илэрхийлж болохгүй юм байна”

Тэдэнд ингэж ойлгуулаарай

“Миний хүү ядарсан байлгүй”, “Чамайг юу айлгав охин минь” гэх мэтээр хүүхдийнхээ сэтгэлийг ойлгохыг хичээгээрэй.

Аав ээжүүд ингэж ярьдаг

“Чамд хэдэн удаа давтаж хэлэх ёстой юм?”

Хүүхэд ингэж ойлгодог

“Би тэнэг юм байна”

Тэдэнд ингэж ойлгуулаарай

“Миний хүүгийн зөв. Гэхдээ дахиад нэг оролдоод үзвэл илүү гоё болно доо. Хүсвэл аав/ээж нь чамд тусалж болно шүү”

Аав ээжүүд ингэж ярьдаг

“Эр хүн хэзээ уйлдаг байсан юм”, “Охин хүүхэд дуулгавартай байх ёстой”

Хүүхэд ингэж ойлгодог

“Эрэгтэй хүн мэдрэмжээ илэрхийлэх ёсгүй юм байна”, “Эмэгтэй хүн юу ч болсон чимээгүй, хүлээцтэй байх ёстой”

Тэдэнд ингэж ойлгуулаарай

“Чи сэтгэлээр унаа юу даа”, “Уур чинь хүрсэн байх л даа. Гэхдээ хүн бүхэнд ийм зүйл тохиолддог, ийм бэрхшээлийг давдаг”

Аав ээжүүд ингэж ярьдаг

“Бусад хүүхдээс, найз нөхдөөсөө ичихгүй байна уу чи?”

Хүүхэд ингэж ойлгодог

“Би муу хүүхэд юм байна”, “Би дандаа буруу зүйл хийдэг юм байна”

Тэдэнд ингэж ойлгуулаарай

“Хүн бүхэн алддаг. Гэхдээ энэ бол ур чадвар, мэдлэгээ ахиулах нэг алхам. Тиймээс битгий санаа зов”

Аав ээжүүд ингэж ярьдаг

“Айлын хүүхдүүд ийм мундаг байна. Гэтэл чиний байгаа царай !”

Хүүхэд ингэж ойлгодог

“Бусад хүүхэд надаас хамаагүй дээр”

Тэдэнд ингэж ойлгуулаарай

“Аав ээж нь чамайг яг энэ байгаагаар чинь хайрладаг”

Б.Саруул