Фрэнк Жакобс “Нью Йорк Таймс"

ХХ зууны үед Еврейчүүд Палестин руу дүрвэхдээ “Хүнгүй газар нутгийг газар нутаггүй хүмүүст" гэсэн лоозонг дэвшүүлсэн байдаг. Одоо Сибирийг өөрийн болгох гэж оролдож байгаа хятадууд энэ уриагаар өөрсдийгөө зөвтгөж болох юм. Мэдээж хэрэг ОХУ-ын Ази хэсгийн алс бөглүү нутаг үнэндээ тийм хоосон газар биш. (яг л тэр үеийн Палестин шиг) Гэхдээ Сибирь байгалийн баялаг ихтэй ч хүн ам цөөн бол харин Хятад эсрэгээр хэт олон хүн амтай байгаа нь Оросыг айлгаж байна.

Оросууд саяхан Алс Дорнодын хил дээрх Благовещенск боомтод Цагаан хааны ёслолын хаалгыг сэргээн, “Амур мөрөн дагуух газар нутаг үргэлж Оросын эзэмшил байсан, цаашдаа ч байх болно" гэж зарласан. Гэвч Сибирь дэх Оросын хот газар нутгийн нэршил ердөө 150 жилийн өмнө өгсөн нэрс. Благовещенскийн яг эсрэг талд Амур мөрний өмнөд эрэгт байх Хятадын хөгжин цэцэглэсэн Хэйхэ хотын өндөр барилгуудыг харахад “Үргэлж биднийх байх болно" гэсэн Хаант засгийн үеийн хуучин урианд эргэлзээ төрнө.

Хил хязгаар бол яг л хайр дурлал шиг хоёр талын харилцан итгэлцэл байж гэмээн оршин тогтнодог. Тэгвэл Хятад Оросын аль аль талд бат бэх итгэлцэл суларч эхэлжээ.

Уралын нуруунаас зүүн зүгт байрлах ОХУ-ын Ази Сибирийн газар нутаг асар уудам бөгөөд Оросын газар нутгийн дөрөвний гурвыг эзэлж байгаа нь АНУ, Энэтхэгийн нутаг дэвсгэрийг нийлүүлсэнтэй тэнцэж байна. Энэ их өргөн уудам нутаг цаашдаа яаж өөрчлөгдөх бол гэдгийг төсөөлөхөд ч бэрх. Тус бүс нутгийн хилийн зурвас нийтдээ 4400 гаруй км урт байгаа нь Хар тамхины хоёрдугаар дайны дараах хүч суларсан Хятад, хүчирхэг Орос орны хооронд байгуулсан 1860 оны Бээжингийн Конвенц болон тэгш бус олон гэрээ хэлэлцээрийн үр дүнд бий болсон юм. (Европчууд ч мөн адил Хятадын урьд хэсгийг эзэгнэн, Их Британи Хонконгийг булаан авсан)

Оросын хилийн урд талд байгаа нэг тэрбум 35 сая Хятадын ард түмэн Оросын 144 сая иргэдээс даруй 10 дахин олон. Тэгвэл дөнгөж 38 сая хүн амьдран суудаг Сибирийн хувьд байдал улам хурцадмал байгаа юм. Хил орчимд аж төрж буй 6 сая оросын эсрэг 90 сая хятад байна гээд бодоод үз. Энэ хилийг л давж, худалдаа наймаа эрхлэн, урд хөршөөсөө хөрөнгө оруулалт авч, хятадуудтай гэрлэх болсон сибирчүүд сайн ч бай, муу ч бай Бээжин Москвагаас хамаагүй илүү ойр гэж боддог болоод байгаа.

Улс орныхоо баруун эргийн цөл, уул нуруу руу шахагдсан хятадуудад Сибирийн уудам нутаг оргонох газар нь болоод зогсохгүй “Даян дэлхийн аж үйлдвэр" болсон Хятад орныг түүхий эд тэр дундаа мод, газрын тос, байгалийн хийгээр хангаж байна. Сибирь дэх БНХАУ-ын үйлдвэрүүд ч нутагтаа байгаа мэт ажиллан, бэлэн бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр үйлдвэрлэж байна.

Тэгвэл хятадууд нэг нартай өдөр Сибирийг өөрийн болгох гэж хүсч болно. Магадгүй, тэд маргаантай газар нутагт буй дэмжигчиддээ паспорт тараагаад, дараа нь “Иргэдээ хамгаалж байна" нэрийдлээр цэргээ оруулдаг ОХУ-ын өөрийнх нь стратегийг хэрэглэж ч болох юм. Кремль хуучин Зөвлөлтийн Днестр, Абхаз, Өмнөд Осетид энэ аргыг хэрэглэж байсан бөгөөд хамгийн сүүлд Крымд хэрэгжүүлэн, эрхэндээ оруулаад байгаа.

Хэрвээ Хятад хүчээр Сибирийг булаах гэвэл Москвад түүнийг зогсоох цорын ганц арга зам нь цөмийн зэвсэг байх болов уу. Бас нэг арга зам байна. В.Путиний гадаад бодлого улам бүр Ази тивд хандаж, Орос орон ирээдүйгээ Дорно зүгээс хайж байгаа нь илт. Саяхан Казахстаны нийслэл Астана хотод үйл ажиллагаагаа эхэлсэн Орос, Беларусь, Казахстаны Евразийн холбоо болон ШХАБ гэсэн хоёр байгууллага Хятад, Орос болон бүх Стануудыг нэгтгэн зангидаж болох юм. В.Путиныг шүүмжлэгчид эдийн засгийн ийм хамтын ажиллагаа нь ОХУ, тэр дундаа Сибирийг Хятадын түүхий эдийн ханган нийлүүлэгч болгон хувиргана хэмээн эмээж байна.

1860 оны гутаан доромжлолоос их юм сурсан Хятад одоо байгаа бодит давуу талаа газрын зураг дээр ч хилийн шугам болгон зурж дөнгөнө.


Эх сурвалж: http://www.nytimes.com/
Орчуулсан М.Сугар-Эрдэнэ