зраилийн иргэн Нафтали Франкель, палестин хүү Мухаммед Абу Хдейр нарын амьдрал олон талаараа ондоо байлаа. Харин үхлээрээ түүхэнд бичигдэж, 2014 оны зун Баруун эрэгт дэгдсэн үймээн самуун, хэдэн мянган хүний амийг авч одсон Гаазын зурвасын дайн болоод израиль, палестинчуудын хагарал, зөрчил, олон улсын таагүй харилцааны шалтаг болсноороо тэдний хувь тавилан огтлолцох учиртай байжээ.

НАФТАЛИЙН ТҮҮХ

HANDOUT PHOTO: Naftali Fraenkel, 16, is an Israeli-American citizen who was abducted in the West Bank on June 12 while hitchhiking home from his religious school. Israeli authorities say he was kidnapped by members of the Islamic militant group Hamas. (Courtesy of the Fraenkel family )Өнгөрсөн оны зургадугаар сарын нэгэн халуун өдөр яаралтай дуудлага хүлээж авсан израиль цагдаа харилцуурын цаадах дуу чимээг юу болохыг ойлгох гэж хэдэн хором тэвджээ. Өсвөр насны хүү еврейгээр ярих сонсогдсон ч чухам юу яриад байгаа нь мэдэгдсэнгүй. Цаана нь арабаар ярих хэдэн хүн зогсоо зайгүй шаагилдаж байснаас цагдаа хэнийх нь ч үгийг тод сонсож чадаагүй байна. Хэдэн дүрсгүй хүүхэд л утсаар тоглож байна гэж бодсон түүнийг харилцуураа тавихын даваан дээр тас хийн буун дуун гарч, холбоо тасрах нь тэр ээ. Энэхүү учир битүүлэг дуудлага ямар учиртай байсныг мөнөөх цагдаагаас эхлээд израиль, палестинчууд бүгд, түүгээр зогсохгүй дэлхий нийт 18 хоногийн дараа ихэд түгшин байж олж мэдсэн юм. Арабаар ярих залуусын дундаас дуу нь сонсогдсон еврей хүү бол Нафтали Франкель байлаа. Тэрбээр 2014 оны зургадугаар сарын 12-нд Баруун эргийн Гуш Эцион дүүрэг дэх шашны сургуулиасаа Иерусалим хотын өмнөд хэсэгт байх гэртээ очихоор 19 настай Эяль Ифрах, 16 настай Гилад Шаер хэмээх хоёр найзаа дагуулан замд гарчээ. Амралтын өдрүүд таарсан тул хөвгүүд гэрийнхэндээ явдал чирэгдэл бололгүй, өөрсдөө харьчихъя гэж санасан байна. Тэд урьдын адил замын хажууд гар өргөн зогсов. Хэдийгээр газар нутгийн маргаан, цэргийн байнгын ажиллагаанаас болж түгшүүртэй байдаг ч Баруун эргээр ийн зорчих нь израиль, палестинчуудын хувьд энгийн зүйл юм. Хөвгүүд Баруун эргийн Хеброн хот орох замд унаа хүлээн зогсчээ. Найз нараа “уруу татаж”, үдэш орой гэртээ харих гэж зүтгэснээрээ “хэргийн эзэн” болсон Нафтали Франкелийн ганц алдаа нь муу санаагүйд байлаа. Эргэн тойронд нь израильчуудад зориулсан шинэ сууц баригдаж, замаар машин тасралтгүй хөврөх тул харанхуй болсны дараа ч хөвгүүд айж, болгоомжилсонгүй.

21.30 цагийн үед Нафтали аав руугаа мессеж бичиж, харьж яваагаа дуулгасан байна. Хүүгийн эцэг Ави Франкель хүүгийнхээ мессежийг цагийн дараа уншчихаад, “Удахгүй ирэх нь” хэмээн санаа нь амран, буцаад унтжээ. Зургаан хүүхдийнх нь хоёр дахь нь болох, хөгжимчин болох хүсэлтэй хүүгээ алдсан гэдгээ маргааш өглөө нь дуулах юм чинээ хүүгийн эцэг эх таамагласангүй. Шөнийн 04.00 цагийн үед тэднийг цагдаа нар сэрээв. Нафталитай хамт явсан Гиладын эцэг эх хүүгээ хайж, цагдаад хандсан аж. Гурван хүүгийн ар гэрийнхэн 07.00 цаг гэхэд Гуш Эционд очсон ч хөвгүүдээ олсонгүй, цагдаа нараас нааштай ганц ч мэдээ дуулсангүй. Ингээд байдал бишидсэн нь илэрхий болов. Өсвөр насны гурван израиль хүүг эрж хайх Израилийн цэргийн ажиллагаа Баруун эрэгт эхэллээ. Цэргүүд Палестиний хэдэн мянган айл өрхийг нэгжиж, 500 гаруй хүнийг сэжигтнээр татан байцаав. Яваандаа эрлийн ажил хэвлэл мэдээллийн байгууллага, их сургуулиудын байр, дүрвэгсдийн хуаран руу шилжиж, олон улс алга болсон хөвгүүдийн талаар элдэв таамаг дэвшүүлж эхлэв. Цэргийн ажиллагааг эсэргүүцсэн палестинчуудын бослого тэмцлийн үеэр 13, 19 настай хоёр ч палестин хүү амиа алдсан нь гал дээр тос нэмсэн явдал болж израиль, палестинчуудын бие биеэ үзэн ядах нь чинээндээ туллаа. Гаазын зурвасаас Израиль руу галлах пуужин ч нэмэгдэв. Байдал ийнхүү түгшүүртэй болж, хөвгүүд алга болсноос 18 хоногийн дараа буюу зургадугаар сарын 30-нд Израилийн цагдаа нар Хеброны хойд захаас том том чулуун дор нуусан гурван хүүгийн цогцсыг олжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөвгүүдийг алга болсон өдөр нь буюу зургадугаар сарын 12-нд толгой руу нь буудаж хороосон байна. Долдугаар сарын 1-нд болсон хөвгүүдийг оршуулах ёслолд хэдэн зуун мянган хүн оролцов. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хөвгүүдийн үхэлд Палестиний “Хамас” бүлэглэлийг буруутгаж, оршуулга болсноос хэдхэн цагийн дараа Гаазын зурвас руу агаараас довтлох шийдвэр гаргажээ. Гэтэл дараа өдөр нь буюу долдугаар сарын 2-нд 16 настай палестин хүүг хулгайлж, хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарах нь тэр. Гурван хүүгийн өшөөг авах гэсэн нь тодорхой энэ явдал цагаа ч, газраа ч олоогүй харгислал байлаа.

МУХАММЕДЫН ТҮҮХ

5438015891588490490noИерусалимын Шуафат дүүрэг буюу нутгийнхны араб хороолол хэмээдэг газарт төрж, өссөн Мухаммед Абу Хдейр тэр гайтай өдрийн өглөө гэрийнхээ ойролцоох аавынхаа ажиллуулдаг цахилгаан хэрэгслийн дэлгүүрийн үүдэнд найз нараа хүлээн зогсож байжээ. Тэд 50-иадхан метрийн цаана байх сүмд очиж, өглөөний мөргөлөө цугтаа хийхээр төлөвлөж байж. Гэтэл өмнө нь ирж зогссон саарал өнгийн хөнгөн тэрэгнээс хоёр эр бууж, хүүтэй хэсэг ярилцаж байгаад түүнийг машиндаа суулган авч явсан нь замын камерт бичигдэн үлдсэн байна. Мухаммедтэй уулзахаар болзсон найз нарынх нь нэг Хакимын ярьснаар гурван израиль хүү алагдсан хэргээс болж хаа сайгүй цэрэг, цагдаа үзэгдэх болсон тул эцэг эхчүүд хүүхдүүддээ гэрээсээ гараад хэрэггүй гэж анхааруулж байж. Тэр өглөө Мухаммед гэрийнхэнтэйгээ үг солилгүй гарсан нь, найзуудаас нь хэн нь ч ирээгүй нь ердөө азгүй тохиолдол, хувь заяаны даажигнал байлаа. Хүү өглөөний мөргөлөө голдуу гэртээ хийдэг байсан агаад тэр өглөө сүмд очих гэж зүтгэсэн нь үхлийн дуудлага гэлтэй. Мухаммедыг авч явсан хүмүүс Нафтали нарын гурван хүүтэй ойролцоо насны, занганд нь амархан орох палестин хүүхэд хайж байсан нь тодорхой. Хаа сайгүй түгшүүртэй байдал үүсэж, палестинчууд ганц нэгээрээ явахаас айх болсон үед Шуафатын эл хуль гудманд ганцаараа зогсох жаалхүү тэдний “шаардлага”-д бүрэн нийцсэн хэрэг. Мухаммед эхээс 11-үүлээ. Зургаан хүү, таван охиноосоо эцэг эх нь талийгаач хүүгээ л сэргэлэн цовоо, сурлага сайтай, дуулгавартай гэж үнэлдэг байж.

Аав Хуссейнийх нь ярьснаар долдугаар сарын 3-ны 04.10 цагийн үед цагдаа нар хүүг нь хулгайлагдсаныг мэдэгджээ. Үүр хаяарах алдад буюу ердөө цагийн дараа бүх зүйл болоод өнгөрсөн байлаа. Аллага болсноос хэдхэн хоногийн дараа баригдсан, Мухаммедыг хулгайлж хөнөөсөн гол хүн гэгдсэн Иосеф Хайм Бен-Давидын мэдүүлснээр хүү айж, балмагдаж байсан ч өөрийг нь хулгайлсан хүмүүсээс мултрах гэж тэмцэж, “Бурхан агуу” гэж орилж байж. Машинд байсан гурван этгээд Мухаммедыг суулгасан даруйдаа ухаан алдтал нь зодсон байна. Тэгээд Иерусалимын захад орших ойд аваачин, бие дээр нь бинзен асгаж, шатаажээ. 24-хөн цагийн өмнө сүмд очиж, мөргөл үйлдэх гэж байсан хүүгээс долдугаар сарын 3-ны 10.00 цаг гэхэд хэдхэн яс, үнс чандруу л үлдэв. Цагийн дараа хүүгийн эцэг Хуссейн Хдейр мөнөөх шатсан цогцосны үлдэгдэл хүүгийнх нь мөн болохыг тогтоосон ДНХ-ийн шинжилгээний хариуг Шуафатын цагдаагийн газарт хараад уйлж суулаа. Мухаммедын үхэл палестинчуудын тэвчээрийг барж, уур хилэнг нь бадраав. Харин Израилийн зарим албаны хүн хүүг өшөө хонзонгийн золиос болоогүй, харин гэр бүлийн маргаанаас болж, төрөл төрөгсдийнхөө гарт амиа алдсан гэж үзэж байв. Хдейрийн гэр бүл харин бүр ч “том” зүйл сэжиглэдэг. Нафтали нарын гурван израиль хүү алагдаагүй, ердөө авто замын ослоор нас барсан, Израилийн эрх баригчид энэ явдлыг ашиглан палестинчуудыг хоморголон устгасан гэж тэд сэрддэг. Хуссейн Хдейрийн баталж буйгаар зөвхөн палестинчууд ч бус, зарим израиль хүн, тэр тусмаа Иерусалимын захын дүүргүүдэд амьдардаг еврейчүүд хөвгүүдийг машины ослоор нас барсан тухай мэдээлэл олонтаа сонссон гэнэ. Ерөөс гурван хүүг хөнөөсөн алуурчид ердийн гэмт этгээдүүд ч байсан байж мэдэх юм гэсэн яриа өнөө ч бий. Хөвгүүдийг хөнөөсөн гэх “Хамас”- ын гэмт этгээдүүдийг Израилийн цагдаа нар бүтэн гурван сар мөшгөж байж гэрээс нь илрүүлсэн ч хууль сахиулахынхны өмнөөс хүч хэрэглэсний учир буудаж хөнөөсөн гэжээ. Энэ нь Хдейрийн гэр бүлийнхэн шиг олон палестин хүнийг эргэлзүүлсэн байна. Харин Мухаммед Абу Хдейрийг хэрцгийгээр хөнөөсөн гурван израиль эрийг өнгөрсөн арваннэгдүгээр сард анх удаа шүүсэн юм. Тэгэхэд өсвөр насны палестин хүүхэд хулгайлах санааг анхлан гаргаж, бусдыг гэмт үйлдэлдээ уруу татсан Иосеф Хайм Бен-Давидыг сэтгэцийн өвчтэй, бусадтай харилцах чадваргүй гэж шүүх үзжээ. Хамсаатнуудад нь харин насанд хүрээгүй гэх шалтгаанаар эрүү үүсгээгүй байна.

ҮР ДАГАВАР

Шүүхийн баримт, нотолгоогүй байж Гаазын зурваст явуулсан Израилийн цэргийн ажиллагаа албан ёсоор долдугаар сарын 17-нд эхэлсэн юм. Израилийн хүчин наймдугаар сарын 5-нд Палестиний нутгаас явган цэргээ татах хүртэл тус бүс нутагт 5263 байршилд халдлага, довтолгооноо үргэлжлүүлж, 2300 орчим энгийн иргэний аминд хүрсний 513 нь хүүхэд байлаа. Харин Израилийн тал 66 цэрэг, таван энгийн иргэнээ алдсан. Тус улсын нутагт амь үрэгдэгсдийн дунд Тайландын нэг иргэн байв. Олон улсын байгууллагуудын тооцоогоор наймдугаар сарын 26-нд сөргөлдөгч талууд албан ёсоор гал зогсоох хүртэл Гаазын зурвасаас 520 мянга гаруй палестин иргэн дүрвэж, 273 мянган хүн НҮБ-ын харьяа сургуулиудын байранд толгой хоргодох болжээ. Гаазын зурвасын 17 мянга гаруй өрх орон гэргүй болж, 37 мянга гаруй барилга байшин сүйдсэн байна. Харин Израильд 7000 орчим иргэн гэр орноосоо дайжжээ. Ийм аймшигтай дайн дажны дараа уг зэвсэгт зөрчил үүсэхийн эхлэл болж, үзэн ядалтын золиос болсон Нафтали, Мухаммед нарын хөвгүүдийн ар гэрийнхэн одоогоор нүүр тулан уулзаагүй байгаа ч энхтайвны төлөө нэгдэн нийлэхийг, хүчирхийллийн эсрэг тэмцэхийг хүсэж байна. Тэд энэ үйлсийнхээ эхлэл болгож бие биеийнхээ үр хүүхдийн дурсгалыг хүндэтгэн, булшийг нь саяхан эргэжээ.

2015. 01 сар.

Орчуулагчийн зөвшөөрөлтэйгөөр нийтлэв. Эх сурвалж: http://aniryortonts.blogspot.com