Өнөөдрийн байдлаар манай улсад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг 1900 гаад хүн байдаг гэсэн судалгаа бий. Гэхдээ нэг хүний ард дор хаяж 10 хүн байдаг гэж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Мөнхтуяа мэдээлсэн гэж хар тамхины эсрэг тэмцэх дэлхийн өдөр (жил бүрийн 6-р сарын 26) –т зориулж өнгөрсөн сард бэлтгэж явуулсан манай нэгэн ТВ-гийн сурвалжлагад дурдсан байна.

Хөнгөмсөг, ирээдүйнхээ төлөө хариуцлагатай ханддаг хүн болон төлөвшиж хараахан чадаагүй яваа өсвөр залуу үеийнхэн маань мөнгө олохын тулд бусдын амь, амьдралыг золионд гаргахаас буцахгүй хар дотортонгуудын гайгаар хар тамхийг зугаа цэнгээний хэрэгсэл хэмээн гэнэнээр эндүүрч эхний үедээ сониуч, саваагүй зангийн үүднээс, дараачаас нь дасал болж мансууран солиорч “цэнгэх”-ийн тулд зөөлнөөс нь эхлэн шат шатаар ахиж хэрэглэсээр нэг мэдэхэд хар тамхи хэрэглэх донд эргэлт буцалтгүй автаж, энэ хорт зуршлынхаа боол нь болдог гэдэг.

Хар тамхи хэрэглэх дон хүнийг юунд хүргэдгийг бодит хүмүүсийн жишээн дээр хэдхэн минутад харуулсан богино хэмжээний видео бичлэгүүдийг оросууд интернэтэд олноор тавьсан байна.

Тааралдсан бичлэгүүдээс хамгийн нийтлэг тохиолдлуудыг цөөн минутад харуулж буй санагдсан богино хэмжээний гурван бичлэгийг сонгон авч, өсвөр үеийнхэн хар тамхины нөлөөнд автах таатай орчин юу болох, мансуурах, донтох гэж юу болох, үр дагавар нь юу болох талаар тайлбарлаж байгаа эхний бичлэгийн агуулгыг текст, зургаар, мансуурах донд автсан бодит хүмүүсийн жишээг харуулсан дараагийн хоёр бичлэгийг баримтат кино хэлбэрээр нь дор шууд тавилаа. Ингэхдээ эхний кинонд гарч байгаа яриа, хадмал текстүүдээс шаардлагатай гэснийг нь орчуулж бичгийн хэлбэрээр нэмлээ.

Аливааг мэдсээр байгаад ухамсартай хийх нэг хэрэг, харин мэдэхгүй байж байгаад гэнэдэж осолдсоноо оройтож ухаарвал харамсалтай эмгэнэл болно!

Тэгэхээр хар тамхины нөлөөлөлд автахад тааламжтай орчин нь хоорондоо эрс ялгаатай гэр бүлүүд, нийгмийн янз бүрийн давхаргаас гаралтай өсвөр үеийнхнийг нэн хялбараар татаж нэгтгэмтгий байдаг залуучуудын бүлгүүд болно. Залуучуудын бүлгүүд нь өсвөр үеийнхний бүх төрлийн эрэлтэд төгс нийцэмтгий байдаг.

Гэр бүлд буруушаагдаж, эсвэл хориглодог байсан олон зүйл тэдгээрт харин эсрэгээр, бүр хөхүүлэгдэж байдаг.

Гол нь хувийн эрх чөлөөг нь хязгаарлахыг оролдогч бүх хүмүүст зориуд эсрэгээр хийж, таашаал авахад саад болж байгаа бүхнийг няцааж, эсвэл устгаж сурах, уйтгар төрүүлэх болсон ердийн байдал, хэн нэгний бодож зохиосон ёс суртахууныг устгах, тэр ч бүү хэл өөрийгөө хүртэл нурааж устгах уур амьсгал хөхүүлэгдэж, чухамдаа бүрэн эх захгүй байдал ноёрхоно.

Ийм хүрээлэлд өөрийгөө бие хүн гэж мэдрэхэд заримдаа нэн хялбар: Хэлээ цоолох, биен дээрээ шивээс хийлгэх гэх мэт ямар нэг зүйлээр хүрээлэгчдийн гайхшралыг төрүүлэхэд л болно.

Нилээд тохиолдолд хүүхдүүдийнхээ эдгээр энгийн биш зан авирыг шилжилтийн насаар тайлбарлах гэх нь бий. Ингэхдээ тэдний мансууруулах бодис хэрэглэх туршилт хийж байгаа талаар тааварлах ч үгүй байх нь бий. Хичнээн оройтож эцэг эх нь энэ тухай мэдэх тусам хүүхдээ хэвийн амьдралд нь эргүүлж оруулахад төдий чинээ хүнд байх болно.

Хар тамхинаас хараат байдалд орсон хүн бүр түүнээс ангижрахыг хүсдэг. Хэрэв энэ нь бүтэхгүйгээс өөрийн арчаагүй байдлыг мэдрэх нь тэдгээрийг амиа хорлоход хүргэдэг тохиолдол ч байдаг. Ер нь хар тамхичид амиа хорлогчид болоход бэлэн болсон байдаг. Яагаад гэвэл тэдний сэтгэхүй стрессийг даван туулах чадвараа алдах нь элбэг. Ахуйн өчүүхэн зөрчил хүртэл тэдний сэтгэхүйд орчлонгийн гамшигийн хэмжээнд хүрч төсөөлөгдөж болдог.

Яагаад ийм юм тохиолддог вэ?

Бидний бие организм байнгын тогтвортой байдалд байдаг нь хүний тархи болон биеийн хэсгүүдэд тархан байрлах өвдөлт мэдрэх цэгүүдийн хооронд явагдаж байдаг байнгын харилцааны үр дүн юм.

Эдгээр цэгүүд биеийн дотоод эрхтнүүдийн талаар уураг тархинд байнга мэдээлэл өгч байдаг бөгөөд хариуд нь уураг тархи тэдэнд цаашид хэрхэн амьдрах талаар нь заавар өгч байдаг. Наркотик цусанд орох тохиолдолд өвчин мэдрэх цэгүүд ажилгүй болдог. Яагаад гэхээр наркотик бол хүчтэй өвчин намдаагч юм. Тархи мэдээлэл авахаа больж, биеийг хянах чадвараа алддаг. Энэ нь үхэлд хүргэдэг тохиолдол ч бий. Үүний жишээ нь тунг хэтүүлснээс үүддэг үхэл юм.

Бие организмын хамгаалах урвалын үр дүнд маш олон тооны өвчин мэдрэх цэгүүд шинээр бий болж тэдгээр нь тархийг нэн их мэдээллээр дарснаас болж ухаан солиорч эхэлдэг. Нэн их уцаартай болдог нь чухам үүнээс үүдэлтэй. Сэтгэл санааны байдал ч цочир галзуурах мэт байдалд орохоос эхлээд амиа хорлох хүсэл төртөл сэтгэлээр унах хүртэл нэн их хэлбэлздэг. Чухам энэ шаналгаат байдлыг давах гэхдээ наркаман нэмэлт тунг хэрэглэдэг.

[Зохиогчоос: Жич, Энэ сэтгүүлчийн яриад байгаа дээр дурдсан хоёр мэдээлэл хоорондоо зөрчилтэй санагдсан ч миний бие учрыг олж чадсангүй. Яагаад гэвэл тодотгосон өөр юм сэтгүүлч хэлсэнгүй. Тухайлбал, дээрх зургийн дээрх абзацад "Наркотик цусанд орох тохиолдолд өвчин мэдрэх цэгүүд ажилгүй болдог." гэсэн бол энэ зургийн доорх абзацад "Бие организмын хамгаалах урвалын үр дүнд маш олон тооны өвчин мэдрэх цэгүүд шинээр бий болж тэдгээр нь тархийг нэн их мэдээллээр дарснаас болж ухаан солиорч эхэлдэг." гэсэн мэдээллүүд хоорондоо зөрчилдөж байгаа мэт. Нэгэнд нь мэдрэх цэгүүд ажилгүй болдог (= тархи мэдээлэлгүй болж хяналтаа алддаг) гэж байгаа бол нөгөөд нь өвдөлт мэдрэх нэмэлт цэгүүд бий болж (хэт их мэдээллээс) тархины ачаалал нэмэгддэг гэсэн байгаа. Эхнийхэд наркотик цусанд орсон тохиолдолд гэсэн байгаа. Гэтэл дараагийн тохиолдолд нь ч гэсэн наркотик бас л цусанд ормоор санагдаад байгаа юм. Эсвэл хар тамхи, ялангуяа тарьж хэрэглэж байгаа үед цусанд орохгүй тохиолдол бас байдаг юм болов уу? Зөрчилтэй мэт санагдах эдгээр мэдээллийн учрыг мэдэх хэн нэгэн мэргэжлийн хүн тайлбарласан коммент бичих аваас уншигчдынхаа өмнөөс гүнээ талархах болно. Миний хувьд чухал ач холбогдолтой санагдсаны учир байгаа хоёр мэдээлийг хоёуланг нь авсан болно.- БЖ]

Хамгийн аймшигтай нь хар тамхи хүнийг бие хүнийх нь хувьд бүтцийг нь үгүй хийдэг. Тархины шинжилгээний орчин үеийн аргын ачаар үүний механизмыг хангалттай тодорхойгоор дүрслэх боломжтой болсон.

Тухайлбал, хар тамхи эсийн нийлмэл бүтцийг эвдэж ингэснээрээ түүнийг үхэлд хүргэдэг. Компьютерийн томографын тусламжтайгаар тархины дурын булан тохиог харах боломжтой болсон. Үүний үр дүнд ямар эсүүд нь үхээд байгаа, ямар нь амь нь тэмцэж байгаа, ямар нь одоогоор амьд байгааг тодорхойлох боломжтой.

Хар тамхи хамгийн түрүүнд тархины ой тогтоолт, хөдөлгөөний зохицуулалт, хараа, хэл ярианы үйл ажиллагааг хариуцдаг хэсгүүдийг эхэлж гэмтээдэг. Ингээд зогсохгүй тархины бүхий л саарал эдийн хөгшрөлтийг эрс хурдасгадаг.

ОХУ-ын Ставраполийн хязгаарын СКККД Төвийн Гэрлийн оношлогооны салбарын эрхлэгч Валерий Епанов гэдэг энэ хүн ярьж байна:

Хар тамхи хэрэглэж байгаа нөхцөлд тархины хөгшрөлтийн явц ердийнх шиг 60 жил үргэлжлэхгүй, богиносож 5-7жилийн хооронд явагдаж дуусдаг. 10 жил хар тамхи хэрэглэсэн хүн бол гүн хөгжирсөн хүн гэсэн үг. Мэдээж тийм хөгшин хүнд байдаг бүхий л өвчин эмгэгтэйгээ.

Анагаах ухааны доктор, профессор Игорь Рослый /Москва хот/ гэдэг энэ хүн ярьж байна:

Тэдний тархи өчүүхэн болж жижгэрдэг. Тухайлбал, задлан шинжилгээ хийж үзэхэд тэдний тархи атгасан гар шиг л хэмжээтэй болсон байх нь нэн элбэг гэж.

Дээрх буюу энэ хүртэлх агуулгын видео бичлэгийг энэхүү мэдээллийн ёроолд мэдээллийг бэлтгэгчийн нэрийн дор байгаа холбоосыг дарж эхээр нь сонирхож болно.

Харин одоо хар тамхи юунд хүргэдгийг бодит хүмүүсийн жишээн дээр харуулсан 12 минут 40 секунд үргэлжлэх "Мансуурлын тухай үнэн" (ПРАВДА о наркомании) гэсэн богино хэмжээний баримтад киноноос харна уу.

Орос хэлгүй уншигчдад зориулж баримтат киноны гол агуулгад холбогдох зарим текстийг монголчилж урьдчилан өгье:

*Юра, 26 настай, 5 жил хар тамхи хэрэглэсэн гэж байна. Ээрээд тэр яаж ярьж байгааг нь хараад байгаарай. 3 жил геройн хэрэглэсэн гээд хоёр жил юу хэрэглэсэн гэж хэлж байгаа нь ойлгогдох ч юм алга.

*Василий. 31 настай. 12 жилд нь хар тамхи хэрэглэж байна. Үр дүнг нь харуулж байна. Зүүн хөл нь бүр зэвүүн болж. Хэвийн байсан хэвийн бус болчихлоо гэнэ. Ийм хөл гартай ч болчих гэж. Залууст хандаж хэлэх юу байна гэхэд “Хэлэх ганц л юм байна. Хэзээ ч юу ч битгий тариулаарай! Яагаад гэвэл нэг л тариулаатахвал насан туршидаа тариулах болно шүү” гэж байна.

*Хар трусиктэй нүцгэн сууж байгаа нөхөр. Саня, 23 настай, 5 жил тариулж байгаа. Зүүлэг л гэмээр харагдаж байгаа биз?

*Дараа нь нэг хүүхний хөлийн шилбэ ямар болсныг харуулж байна.Яах гэж ингэж өөрийгөө ална вэ? Хөлөө ийм болтол ... 4 жил тасралтгүй өмд л өмсөж байна гэнэ. Зун болохоор үнэр гэж ... гээд толгой сэгсэрч байна.

* За тэр Игорь гээд сэргэлэн нүдтэй нарны саравчтай малгайтай залуу гарна. Украйны сагсан бөмбөгийн шигшээд тоглож байсан үе ч бий гэнэ. Гэвч хар тамхи түүнийг шигшээгээ орхиход хүргээд зогсоогүй шинээр явж, гараа удирдаж, ярьж сурахад хүргэсэн гэнэ.

*Дараа нь тэр орон дотроо орилоод "хэрэггүй ... " энэ тэр гээд юм хэлээд байгаа хүүхэн. Оля гэж энэ бүсгүй 30 насандаа энэ киноны зураг авалтын үед нас барж байгаа нь харагдаж байна. Амьсгаа хурааж байхдаа эцсийн үгээ хэлж байна: "Та нараас гуйя. Битгий л өөрийгөө тариарай! Гуйж байна!" гэж хэлж байгаа нь сонсогдож байна. Дараа нь залгаад тэр хүүхний 4, 5, 15, 20 насандаа ямар байсныг нь харуулсан зургуудыг үзүүлж байна.

*Дараагийн хүүхэн Ира 24 насандаа нас барж гэнэ.

*Павел 25 насандаа нас барлаа.

*Андрей 27тойдоо нас барсан.

*Хоёрдахь Андрей 26тайдаа нас барсан.

*Сергей 34тэйдээ нас барсан.
*Александр 33-тайдаа нас барсан.

*Улаан цамцтай хүүхэн. Оксана 19 настай. Удахгүй 20 хүрнэ. 14,5 настайгаасаа тариа хэрэглэж эхэлсэн. Үр дүнд нь тахир дутуу болсон тухайгаа, бүх мөрөөдөл нь талаар болж өнгөрсөн тухай харамсан ярьж байна.

*Цээжинд нь задлан хийж байгаа шарил гарч байна. Түүнтэй холбогдуулж "Хар тамхи хэрэглэснээр дотоод эрхтнүүд гэмтэж, мэдрэл сэтгэцийн гажуудал бий болж, нийгмийн байдлын ялзралд ордог. Хамгийн аймшигтай нь хар тамхичин эдгээр зовиур, шаналгаанд сайн дураараа өөрөө явдаг." гэж тайлбарлаж байна. Донтож, дасал болсноос болж бие организм нь шаардаад тариулахгүй байж чадахаа больдгоос тэр л дээ.

За тэгээд мэдүүштэй бас нэг зүйл бол туршлагаас үзэхэд хүүхдүүд нь хар тамхи хэрэглэдэг болсон талаарх мэдээллийг эцэг эхчүүд нь голцуу л хамгийн сүүлд буюу бараг өнгөрсөн хойно нь шахуу мэддэг гэнэ дээ. Тэр баримтат киноны тайлбар уншиж байгаа тэр залуу "Би амжилттай, сайн сайхан яваа эцэг эхчүүдээс асуухыг хүсэж байна. Та хүүхдээ хичээлийнхээ завсарлагаар чухамхүү марихуан биш, кекс, эсвэл бялуу худалдаж авдаг гэдэгт итгэлтэй байж чаддаг уу? гэж." гэж асуугаад өөрөө "Би бол тэгж итгэж чадахгүй. Яагаад гэвэл би саяхан оюутан байсан. Хар тамхины ихээхэн асуудлуудтай тулгарч байсан" гэж ярьж байна.

Өнгөрсөн жилийн Петербургийн шуурхай мэдээнээс үзэхэд өдөрт дор хаяж нэг хүн хар тамхинаас болж үхэж байлаа. Өмнө тийм юм байгаагүй хэмээснээр кино эхэлж байна.


Эцэст нь хар тамхины үр дүнд хүмүүсийн бие эрхтэн ямар болсныг, төгсгөл нь ямар болдгийг тайлбаргүй зөвхөн дүрсээр харуулсан 4 минут үргэлжлэх баримтат киног үзнэ үү.

Мэдээллийг бэлтгэсэн Бат-Оршихын Жамц

http://www.tsahimurtuu.mn/