Бусдын зүгээр л тамхинд үрчихэж байгаа мөнгийг хураагаад 100 эсвэл 200 сая төгрөгийн хуримтлалтай болох талаар бид өмнө нь нийтэлж байсан.

Мөн 25-30 нас бол та өөртөө хуримтлал үүсгэж эхлэх “Алтан үе” гэдгийг ч бид өмнөх нийтлэлээрээ танилцуулсан.

Олон залуучууд хуримтлалаа үүсгэх анхны алхамаа хийгээд эхэлчихсэн бол “Мөнгө маань хэрэглээндээ ч хүрэхгүй байхад юун хураахтай манатай” гэх хүмүүс ч байна.

Гэтэл мөнгө хураах эсэх нь таны хэр их орлоготой байхаас хамаардаггүй ажээ. Харин ч эсрэгээрээ 300 мянгын цалинтай хүмүүс 600 мянгын цалинтай хүмүүсээс илүүтэй мөнгөө хураадаг болох нь бидний саяхан хийсэн судалгаанаас тогтоогдож байна. Хүмүүс яагаад орлого нь нэмэгдэхийн хэрээр мөнгө хураах биш харин ч эсрэгээрээ мөнгө хүрэхгүй байна гэдэг юм бол?

Иймд бид энэ бүхний учрыг олохоор дундаж орлоготой нэгэн өрхийн сарын зардлыг судалж үзлээ. Тэд мөнгөө юунд үрчихээд байна вэ? Тэд яагаад мөнгө хурааж чадахгүй байна вэ!

Сараа, Тамираа хоёр гэр бүл болоод 5 жил болсон. Тамираа барилгын бригадад ажилладаг бөгөөд угийн гарын ур дүйтэй тэр хямралын өнөө үед ч ажлаар тасрахгүй байгаа бөгөөд сард 750 мянгыг олчихдог, харин эхнэр Сараа нь нэгэн хувийн цэцэрлэгт тогооч хийдэг, гар дээр 550 мянгын цалин авдаг. Тэр хоёр сүүлийн үед мөнгө хураах талаар үе үе ярьдаг болсон ч нэг л мэдэхэд мөнгө нь дуусчихдаг тул чухам яахаа сайн мэдэхгүй байв. Олзуурхууштай нь Сараа өдөр бүр мөнгөө юу юунд зарцуулсанаа тогтмол хөтөлдөг бөгөөд үнгэгдэж, хуучирсан зузаан дэвтэртээ бүхнээ бичих ажээ. Бичиж бичиж сарын эцэст дүнг нь нэг тулгаж үзэхээс цааш хэтэрдэггүй байжээ. Нөхөр нь ч түүний юу бичдэгийг нь мэддэг ч сонирхдоггүй, нэг л ойшоодоггүй байжээ. Сүүлийн үед тэр хоёр бага ч атугай мөнгөө хуримтлуулахаар шийдсэн боловч мөнгө нь нэг л мэдэхэд дуусчихаад байгаа тул зөвлөгөө авахаар бидэнд хандсан юм.

Зөвлөгөө авахаар ирсэн хоёртой ярилцах үедээ “нэг өдрийн орлогоо (цалингаа) цааш нь тогтмол хийгээд байж чадах уу” гэж асуулаа. Тэр хоёрын нэг өдрийн цалин 59 мянган төгрөг болж байсан юм. Бүтэн сар ажиллачихаад нэг өдрийн мөнгөө цааш нь хийж чадахгүй гэж хэлэх нь эвгүй байсан бололтой тэр хоёр чимээгүй байв.

Ингээд үнэхээр цалингаасаа 59 мөнгөн төгрөг цааш нь хийчихэд үлдсэн мөнгөөр нь амьдарч чадах эсэхийг үзэхээр Сараагийн хөтөлдөг дэврийг хамтдаа сөхөж үзлээ. 5 сард мөнгөө юу юунд зарцуулсаныг дүгнэж үзэв.

Зээлэнд хамгийн их мөнгө хийж байгаа бол хүндсэнд зарцуулсан мөнгө удаалсан байна. Эндээс бид 4 зардлын талаар дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд дараагийн сард эдгээр зардлуудаас нийтдээ 125 мянган төгрөг хэмнэх боломжтой байв. Өөрөөр хэлбэл залуу хос хоёр ч өдрийн цалингаа цааш нь хийх боломжтой юм байна.

Хүнээс 10% хүүтэй зээлсэн 1 сая төгрөгөө цалингийн зээлтэйгээ нийлүүлээд сард хүүнээс 60 мянган төгрөг, бензин гар утасны зардлаас тус тус 20 мянган төгрөг хэмнэхээр шийдсэн бөгөөд байрны халаалтын 25 мянган зуны улиралд төлөхгүй тул нийлээд 125 мянган төгрөг хэмнэх боложтой байна.

Энэ тооцоог хийж дууссаны дараа Тамираа, Сараа хоёр ч урамтай байсан бөгөөд сар бүр цалин буунгуут нэг өдрийн цалингаа (59 мянган төгрөг) хадгаламж руугаа шилжүүлэх гэрээ байгуулахаар банк руу явав.

Хамгийн гол нь өдөр бүрийн зарлагаа нэгд нэгэнгүй хөтөлж байсны үр шимийг мэдэрсэн Сараа илүү их баяртай байсан бөгөөд Тамираа ч чухамдаа эхнэр нь ямар хэрэгтэй зүйл хийгээд байсныг ойлгосондоо сэтгэл хангалуун байв. Тэд цаашид гэр бүлийнхээ төлөө илүү ихийг хамтран бүтээнэ гэдэг ойлгомжтой байлаа.

Бяцхан жишээ үзүүлэхэд:

Хэрэв энэ хоёр сар бүр нэг өдрийн цалингаа хураагаад эхэлбэл ямар үр дүнд хүрэх боломжтойг доорх хүснэгтээс харна уу.

Өнөөдөр манай банкуудын 1 жилийн хадгаламжийн дундаж хүү 15,1 хувь байгаа бөгөөд үүгээр тооцвол 30 жилийн хугацаанд 337 сая төгрөгтэй болох боломжтой юм байна. Бусад хүүний түвшинд хэдэн төгрөг болж өсөх боломжтойг бид зэрэгжүүлэн харуулав.

Тэгвэл эрхэм уншигч та “Нэг өдрийн цалингаа өөрийнхөө ирээдүйн төлөө хурааж чадах уу”

Санхүүгийн эрх чөлөө таны гарт. МӨНГӨ.МН