2015 онд Ерөнхий боловсролын сургуулийн VI ангид хэрэглэгдэх түүхийн хичээлийн сурах бичгийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны зөвшөөрөлтэйгээр хэвлэн гаргасан. Энэхүү сурах бичигт Дэлхийн эртний түүхийг багтаажээ.

Гэтэл Монголын түүхийн үечлэл дэлхийн түүхийн үечлэлээс зөрдөг бололтой юм. Жишээлбэл, Эртний дэлхийн түүх НТ 453 оноор төгсөж дундад зууны үед эхэлдэг. Гэтэл тус эртний түүхийн сурах бичиг Нирун (333-555), Түрэг (555-745), Уйгур (745-840) улсуудын түүхийг хамруулсан байна. Энэ нь Монголын эртний түүх дэлхийн түүхээс тусдаа салангид оршсоор IX-X зууны үед Монголын эртний түүх дуусаж байна гэсэн ойлголтыг төрүүлэхүйц болжээ. Түүгээр ч барахгүй тус сурах бичигт “Монголын неолит” гэх мэтээр заан нэрлэсэн нь түүх гэдэг хичээлийн талаар ойлголтгүй байгаа сурагчдад ойлгоход тун хүндрэлтэй зүйл болжээ.
Чулуун зэвсэг, хүрэл, төмөр зэрэг түүхэн хувьсгалд хөтөлсөн үйл явдлууд бүс нутаг бүрт харилцан адилгүй цаг хугацаанд эхэлж мөн дууссан байдаг. Яагаад ийм ялгаатай байдаг тухай ямар ч тайлбар байхгүй байгаа нь ер нь энэ сурах бичгийг хэнд зориулсан юм бол? гэсэн асуулт тавихад хүргэж байна.


Жишээ-1


Тус сурах бичигт “хүүхдүүд та бүхэн хүний түүхийн хамгийн эртний үеийг судалж эхэллээ” гэсэн атлаа энэ үеийг юу гэж нэрлэдэг тухай дурдсангүй. Түүнийгээ хүн үүссэн цагаас хэмээн аргацаасан байгаа боловч хүн яг хэзээ үүссэнийг нь дурдсангүй. Нэгэнт л хэдий үеийн тухай судлахыг дурдаагүй учир тухайн үеэ “Эртний үе”, “Өвөг түүхийн үе” гэхчилэн хоёр янзаар тайлбарласан нь нэг сурах бичигт байж боломгүй алдаа юм.
Бүр тухайн түүхэн цаг үеийн амьдралаар хэсэг хугацаанд ч болов амьдарч үзнэ, түүхийн эх сурвалжийг сурагчид өөрсдөө сэргээн судална гэсэн нь гайхширч цочмоор зүйлс юм.



Жишээ-2


Тус сурах бичгийн 5 дугаар хуудасны хэзээ, хаана, юу? гэх сэдэвт Өтци хэмээх эртний хүний олдворын тухай өгүүлжээ. Ингэхдээ яг л үлгэр ярьж буй мэтээр тэр ч бүү хэл тэр хүнийг нас барахад нь дэргэд нь байсан мэтээр өгүүлсэн байна. Үг үсэг, найруулгын маш их алдаатай. Ямар ч хамааралгүй үг өгүүлбэрийг зүгээр л бэлгэдлийн чанартайгаар оруулсан нь өнгөн дээрээ хүүхдэд зориулж хялбарчлаад байгаа мэт боловч утга агуулгын хувьд ноцтой алдаанд хүргэжээ.
Жишээлбэл: Текстэн дунд шинэ чулуун зэвсгийн үеийн хүн гэсэн атал сэргээсэн зурагт түүнийг металл (хүрэл эсвэл зэс) зэвсэгтэйгээр дүрсэлсэн нь агуулгатайгаа шууд зөрчилдөж буй бөгөөд Өтцигийн тухай залруулан өгүүлэхэд хүн төрөлхтөн чулуун зэвсгээс металл руу шилжихдээ зэсийг хэрэглэж эхэлсэн байдаг. Энэхүү зурвас үеийг энеолит буюу зэс чулууны үе ч хэмээн нэрлэдэг. Он цагийн хувьд аваад үзвэл уг хүн тэрхүү энеолитын үед хамаарах бөгөөд түүний барьсан сүх нь зэс сүх ажээ. Та бүхэн дэлгэрүүлэн үзвэл уг олдворт хийсэн шинжилгээгээр зэстэй ажиллаж байсныг нь батлах олон баримт илэрсэнийг олж үзэх болно.
Мөн тус сэдвийн дасгал ажилд “Шинэ чулуун зэвсгийн үеийн хүн” гэдэг нэр томъёог тайлбарла гэсэн байх боловч Шинэ чулуун зэвсгийн үе гэх ойлголтын тайлбар бүр ард буюу 17 дугаар хуудсанд тайлбарласан байх тул даан ч ойлгомжгүй юм.


Жишээ-3


Түүнчлэн оюуны өмчийн зөвшөөрөлгүйгээр газрын зураг, фото зураг зэргийг авч ашигласан тохиолдол зөвхөн энэ ч биш бүх сурах бичигт нийтлэг ажиглагддаг. Энэ сурах бичгийн хувьд хамгийн энгийн нэг жишээ татахад 7 дугаар нүүрэнд байх Монгол улсын түүхэн газрын зураг юм. Энэ зургийг ямар ч зөвшөөрөлгүйгээр авч ашигласан байна. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон, оюуны өмчийг иргэн бүр хүндэтгэх үзэх нөгөө аугаа зүйл заалтууд эрдэмтэн судлаачид бүр хамгийн их хамаатай салбар яаманд даан ч хамаагүй бололтой. Харилцаа холбооны зохицуулах хорооноос вэб сайтуудыг шууд хааж байсан жишээг та бүхэн санаж буй биз ээ. Байж болох хамгийн доод түвшиндээ байгаа ийм сурах бичгүүдийг яах вэ?
Түүгээр ч барахгүй Монгол улсын газрын зураг 1911-1925 он гэх тайлбартай байх боловч зургийн үндсэн агуулга нь 1923 оныг хүртэлх хугацааг хамарч байна. Учир нь 1923 оноос аймаг хошуудыг засаг ноёд, язгууртнуудын нэрээр нэрлэхийг болиулан уул усны нэрээр нэрлэх болсон. Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг, Засагт хан аймгийг Хантайшир уулын аймаг гэхчилэн нэрлэх болсон.
Мөн “Альпийн нурууг газрын зурагт заа” гэсэн атал чухам ямар газрын зурагт заах нь тодорхойгүй. Хажуу талд нь XX зууны Монгол улсын газрын зураг буй нь сурагчдыг төөрөгдөлд оруулахуйц болжээ. Эсвэл тэр зураг нь анги бүрийн хананд байдаг байж магадгүй. Гэхдээ байхгүй гэдгийг бүх хүн мэднэ.


Жишээ-4


Текстийн уялдаа холбоо логик дараалал алдаатай. Эх сурвалж гэж юу болох талаар эхэлж өгүүлээд дараа нь эх сурвалжийг хэрхэн судалж шинжилдэг тухай өгүүлбэл сурагчдад илүү ойлгомжтой байх болно.
Түүнчлэн ямар шалгуураар эртний үе, дундад зууны үе, шинэ үе, орчин үе гэж ангилдаг болохыг тайлбарлаагүй нь учир дутагдалтай байна. Энд нөгөө л хүүхдэд зориулсан уу, судлаачдад зориулсан уу гэдэг асуудал хөндөгдөнө. Бичиж байгаа судлаач бол яахав ямар учраас эртний үе энд дуусаж байгаа, дундад зууны үе ийм шалтгааны улмаас эхэлж байгаа гэж мэдэж болох юм. Гэтэл анх түүх үзэж байгаа хүүхэд тэрийг яаж мэдэх вэ?


Жишээ-5

Эртний хүмүүсийг “мөхсөн” хэмээн бичжээ. Эртний хүмүүс мөхөж устсан бус хувьсаж өөрчлөгдсөөр орчин үеийн хүн үүссэн гэдгийг аль тэртээ XIX зуунд Ч.Дарвин нотолсон билээ. Хэрэв Хомо Хабилис хэмээх “Чадварлаг хүн” мөхсөн бол Хомо Эректус буюу “Босоо явагч хүн” үүсэхгүй. Утга агуулгын хувьд ташаарсан зүйл үүгээр дуусахгүй. Завжны яс гээд цагаан дээр хараар биччихэж. Завж хэмээх үгийг тайлбар тольд “Хүн амьтны амны хоёр сэжүүр, хоёр уруулын уулзвар” хэмээн тайлбарласан байна. Гэтэл сурах бичигт бүр ястай болгож бичжээ.

Жишээ 6


Сурах бичигт сонгож авсан зургууд нь агуулгын алдаатай. Сурах бичиг дээрх агуулгатайгаа ч тохирохгүй байна. Учир нь эртний нүүдэлчдийн зураг тавихын оронд байшин барьж газар хагалан тариа тарьж буй суурин иргэдийн зургийг оруулжээ. Мөн Монголын хүрлийн үе гэж яагаад ялган нэрлэх болов гэдгээ мөн л тайлбарлаагүй байна. Мөн нүүдлийн иргэншил гэж биччихээд тайлбар алга. Морин цэрэг, сурвалжтан гэсэн хоёр хамааралгүй үгийн тайлбар бичиж байхаар энэ мэт суурь ойлголтоо тайлбарлах хэрэгтэй.


Жишээ 7
66-р нүүрэнд буй эдгээр бурхадыг уншигч та ялгаж таньж чадах уу? Хүүхэд байтугай хичээл зааж байгаа багш нарынх нь ихэнх хувь нь танихгүй гэдгийг баттай хэлж болно. Грекийн шашин шүтлэгийн талаар ямар ч ойлголт өгөөгүй байж зураг харж ярилцаарай гэсэн нь компьютерийн гар хараад интернэтийн тухай ярь гэсэнтэй агаар нэг юм.



Жишээ-8


Эдгээр түүхэн эх сурвалжуудын он цагийг хэрхэн тогтоох билээ. Хан улсын судар Хан улсын үед, Вэй улсын судар Вэй улсын үед бичигдсэн юм болов уу гэж бодож болох ч Хятадын төрийн уламжлалаар өмнөх улсынхаа түүхийг дараагийн улс нь уламжлан бичдэг. Энэ тухай сурах бичигт огт тайлбарласангүй. Жишээлбэл, Хожуу Хан улсын судар Хан улсыг мөхсөнөөс 200 жилийн дараа бичигдсэн байдаг. Энэ сурвалжийн мэдээнд гарч буй үг хэллэгүүдийг яг юуны тухай, ямар газар орны тухай өгүүлж буйг нь ойлгоход ч бэрх бөгөөд түүх анхлан судалж байгаа хүүхдүүдэд дэндүү ахадсан сэдэв байна. Сурвалжийг сурагчид судалдаг уу? мэргэжлийн судлаачид судалдаг уу?


Жишээ-9

Үг үсэг, найруулгын маш их алдаатай гэдгийг та зурагнаас бэлхэнээ харж болно.
Энэ мэтчилэн хэдхэн хуудас сөхөж өнгөцхөн харахад ийм байгаа сурах бичиг заах аргазүй, хүүхдийн насны онцлогт тохирох, оюуны өмчийн асуудал, дасгал даалгаврын төрөл гэх мэт дээр бол бүр ч яриад хэрэггүй биз ээ. Ийм л сурах бичгээр бид, бидний үр хүүхэд дунд сургуульд “боловсорч” байна.


"Боловсролын давалгаа" ТББ