ХХАА-н сайд Р.Бурмаа, БНСУ-ын Элчин сайд У Сун нар (Эх сурвалж: http://news.zindaa.mn/1q51)

Монголд болж бүтэж байгаа зүйл гэж үгүй болж дээ. “Оюу Толгой”-н гэрээг хийсэн биш Монголчууд аймаар их өрөнд орж, төгрөг нь цаас болов. Энэ толгойн дараа таван толгойн бас нэг гэрээгээр Өмнийн их говийг Нангиад хэмээх өмнө зүгийн иргэдэд найр тавьж өгч, өөрсдөө асар их өртэй болох гэж байна. Гэтэл Монгол орны минь зүүн хязгаарт бүр ч их асуудал үүсэх гэж байна. Энэ бол 20 мянган орос цэргийн амиар авч үлдсэн Халх голын сав нутаг ба бидний идэх маргаашийн хоол юм.

Японы судлаачдын тогтоосноор Дорнод аймгийн Халх голын сав газар нь Монголын хамгийн үржил шимтэй бор хөрст нутаг ажээ. Харин 2011 оноос Халх голд Өмнөд Солонгосчууд их хэмжээний газар 99 жилийн түрээсээр авсан тухай мэдээлэл хөвөрч эхэлсэн. Энэ нь үнэндээ Монголчууд хөрс буюу хоол хүнсний эх сурвалжаа гадныханд алдаж буй хэрэг болов.

Гэтэл 2011, 2014 онд Golomt.org сайтад Өмнөд Солонгос Монголоос 270 мянга биш бүр 330 мянган га газaр, бас түрээсэлсэн биш худалдаж авсан гэж мэдээлсэн юм (http://golomt.org/2014/08/21/solongland/). Голомт.орг” хөдөлгөөний идвэхтэн Амарлин 2011 оны 3 сарын 11-ний “Korea IT Times” сонинд “Солонгос хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр Монголд 30.000 (гучин мянга) га газар худалдаж авлаа” гэсэн гарчигтай мэдээ гарсны мөрөөр судалж үзээд, 30.000 га гэдэг нь хэрэг дээрээ 330.000 га гэдгийг олж тогтоосон байна.

Фото: Дорнод аймгийн засаг даргын орлогч Дамдинбазар, Солонгосын талын төлөөлөгч Ким Хак Су нар, 2011 он (http://golomt.org/2014/08/21/solongland/)

Хэдийгээр газар нутгаа харийн мэдэлд өгөх асуудлыг ард түмний олонх эсэргүүцэж байгаа хэдий ч өнөөгийн эрх баригчид газар нутгаа бусдад найр тавих замыг саадгүй болгохоор “Газрын тухай” хуулийг өөрчлөх ажлыг яаравчилж, одоо батлахад бэлэн болгоод байна.

Харийханд газар нутгаа найр тавих замыг зассан хуулийг эрх баригчид 2014 онд яаравчлан хэлэлцэж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед бараг батлахад бэлэн болоод байсан юм. Ийм хууль батлагдах сургаар иргэд гудамжинд гарч жагсаж, энэ хар ажлыг нэг удаа зогсоож чадсан боловч өнөөгийн Ч.Сайханбилэгийн засгийн газар “Газрын тухай хууль”-ийн шинэ төслийг аль хэдийн УИХ-д өргөн барьжээ. Энэ хууль удахгүй болох наадмын өмнөхөн батлагдах магадлал өндөр байна.

Zaluu.com сайтад Г.Чинзориг дээрх шинэ төсөлд маш ноцтой заалтууд багйаа талаар бичсэн байна. Жишээ нь, түүний бичсэнээр, “УИХ-аар батлуулахаар оруулж ирсэн Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар бэлчээрийн газрыг эзэмших эрхийг тодорхой болзол, гэрээний дагуу хуулийн этгээдэд нэг удаа үнэгүй олгож болно” хэмээн заасан нь малын бэлчээрийг хувь хүнд өмчүүлэх гэж байгаа хэрэг…” (http://www.zaluu.com/read/4fb84e4).

Тэгвэл шинэ “Газрын тухай хууль” батлах үйл явдалтай зэрэгцэн ХХАА-н сайд Р.Бурмаа БНСУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд У Сунтай уулзаж, юу тохирсон талаарх мэдээлэл цацагдаж эхлэв.

Zindaa.mn цахим сонинд мэдээлсэнээр дээрх уулзалтын үеэр сайд Р.Бурмаа, Элчин сайд У Сун нар ярилцахдаа Халх голд үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын “КОЙКА” байгууллагын “Халхголын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах” төсөл, “Халх голд загвар аж ахуй байгуулах” төслийн талаар хэлэлцэхдээ цаашид “Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүс” байгуулахаар болжээ (http://news.zindaa.mn/1q51). Хэрэв энэ мэдээлэлд үндэслэвэл хамгийн шимт газраа харийханд найр тавих ажлаа хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж нэрлэж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, Халх голын сав газар чөлөөт бүс болно гэдэг нь гуулинчуудын хувьд чөлөөтэй газар нутаг нь боллоо гэдэгтэй яг ижил сонстож байна.

ЖИЧ: Олон мянган Орос хүүгийн халуун амиар авч үлдсэн Халх голын сав газрыг Монголчууд яагаад Солонгосчуудын мэдэлд өгөх ёсгүй вэ? Үнэндээ энэ бол Монголчууд маргааш идэх хоолтойгоо үлдэх үү гэдэг асуулт юм. Үүний учрыг дараах линкээс уншна уу: http://golomt.org/2014/08/21/solongland/

Ш.Т.Лантуу

http://gashuun.mn/