Alaubek Avdil - Алаубек Авдил - Алаубек Әбділұлы Қазыбай Молқы's photo.

Би энэ эссэ-г Баян Өлгийн залуучуудад зориулж эхлээд казах хэл дээр бэлдсэн бөгөөд олон хүний анхаарлыг татаж, орчуулан нийтлэх хүсэлт ирсэн тул махчлан орчуулсаныг минь болгооно уу.


Ажил төрлийн шугамаар өнөөдөр Сингапурт ирлээ. Энэ жижиг мөртлөө агуу орны хөгжил дэвшил миний сонирхлыг ихэд татдаг. Тиймээс энэ тухай сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Намайг Роттердамд сурч байхад “Strategic management” нэртэй хичээл ордог байлаа. Erasmus их сургууль нь удирдлагын чиглэлээр Европт эхний арван шилдэг сургуулийн тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд зарим нь түүнийг энэ чиглэлээр бүр Оксфордоос илүү гэж тооцдог байлаа.
Нэг удаа бидний дунд Сингапурын хөгжлийн талаар бараг бүтэн сарын турш тусгай сургалт явагдав.
1965 онд тусгаар тогтнолоо олж авсаны дараа Сингапур улс нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг байжээ. Ундны цэвэр ус, барилгын бүх материалууд түүний дотор элсийг хүртэл хөрш Малайз улсаас авдаг байлаа. Байгалийн баялаг гэхээр зүйл байхгүй, газар нутгийн хэмжээ ердөө 714,3 км кв (Манай улсын газар нутгаас гаруй 2150 дахин бага). Хүн амын тоо 3 сая бөгөөд Малайз, Хятад, Энэтхэг болон бусад олон өөр үндэстнээс бүрддэг. Нэг хүнд ноогдох ДНБ 500 орчим доллар байв. Гэтэл одоо Сингапур нь эдийн засгийн хөгжил, валютын нөөц, техник технологиороо дэлхийд тэргүүлэх орнуудын тоонд орж, Европын өндөр хөгжилтэй орнуудыг ардаа орхижээ.
2014 онд ДНБ нь нийтдээ 300 миллиард, нэг хүнд ноогдох нь 78000 долларт хүрч, маш их хөгжилтэй орон болж хувирч чаджээ. Сингапур улс энэхүү хөгжил дэвшил амжилтанд хэрхэн хүрсэн талаар дэлхийн эрдэмтэд, судлаачдын бичсэн олон зуун нийтлэл, өгүүлэл, ном зохиолоос та мэдэж авч болно. Харин миний хувьд тэрхүү амжилтын талаар мэдсэн зүйлээ залуучууд та бүхэнд зориулан энгийн үгээр, товчхон хуваалцахыг хүслээ.
Хүний амьдралын нэг л үетэй тэнцэх асар богино хугацаанд Сингапур улс хэрхэн ийнхүү үсрэнгүй хөгжилтэй болсны шалтгаан нь дараахь хэдэн зүйл гэж би хувьдаа дүгнэлт хийв.

1. Сингапурын төр засгаас юуны түрүүнд ард түмэндээ маш их хөрөнгө оруулалт хийсэн. Өөрөөр хэлбэл хүний хөгжлийг чухалчлан авч үзсэн. Хөдөлмөрч, сахилга баттай, боловсролтой, ухамсартай хүн хүмүүжүүлэх нь төр улсын нэн тэргүүний зорилтот ажлуудын нэг юм. Энэхүү ажлын үр дүнд хувь хүний хариуцлагыг дээшлүүлсэн, ард түмний аж амьдралыг сайжруулсан мөн чанартай сайхан амьдарах нөхцлийг бүрдүүлэхийн тулд доорхи гурван асуудлыг шийдвэрлэжээ. Үүнд:
- Чанартай боловсрол
- Бизнесийн таатай нөхцөл
- Боломжийн орон сууц буюу амьдрах орон байр

2. Төр нь ард түмнийхээ өмнө үнэнч шудрага ажиллах үүрэг хүлээсэн. Бүх бэрхшээл саадыг нээлттэй, ил тод хэлэлцэж, шийдвэрлэх, туулах арга замыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэж, ард түмнээс хөдөлмөрч, хатуу сахилга баттай байхыг шаардсан. Авилгал, хээл хахуулийг үндсээр нь таслан зогсоож, хуулийн өмнө бүгд тэгш байх зарчмыг хатуу баримтилсан. Анхны ерөнхий сайд агсан Ли Куан Иу хууль дүрэм зөрчсөн ах дүү хамаатан садан, найз нөхөд хэнийг ч өршөөдөггүй байжээ.

3. Төрийн албны болон бизнес, эдийн засгийн дээд удирдлагад өндөр боловсролтой технократуудыг, нэр цэвэр хүмүүсийг урьж, тэднийг дэмждэг байв. Төрөл төрөгсөд болоод найз нөхдийн холбоо сүлбээг төрийн ажил албанаас нэг мөсөн цэвэрлэсэн.

4. Гадаад орнуудаас юуны түрүүнд зээл тусламж авахыг урьтал болгосонгүй, харин шууд хөрөнгө оруулалт (FDI), чөлөөт худалдаа, тэргүүлэх технологи нэвтрүүлэх зэргийг дэмжсэн байдаг. Мөн гадаадын гэсэн бүхнийг хуулбарлан дуурайгаагүй, хамгийн сайн, хамгийн үр дүнтэйг нь авч хэрэгжүүлж байв.

5. Сингапурын доторхи үндэстэн хоорондын харилцааны асуудалд онцгой анхаарал хандуулсан. Хятад, Малай, Тамил гэх бүгд өөр өөрийн хэлээр ярьдаг, 3 өөр төрлийн шашин шүтлэгтэй ард түмнээ нэгдсэн нэг хэлтэй болгож, өөр хоорондоо харилцан хэл амаа олохын тулд Англи хэлийг үндэсний хэл болгож, “Бид Сингапурчууд” хэмээн бахархлыг буй болгосон.

6. Улс төрийн тогтвортой байдлыг хангахын тулд хуулийг ойр ойрхон өөрчилдөггүй байв. Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, тогломын дүрэм нь улс төрийн болон бизнес, эдийн засгийн хүрээнийхэнд ойлгомжтой, адил тэгш, хүртээмжтэй байсан. Гадны болон дотоодын бизнес эрхлэгчдийг ялгаварлалгүй бүгдэд нь мөн ижил нөхцөл бүрдүүлсэн байдаг.

7. Англи хэлийг зөвхөн үндэстэн хоорондын харилцааны хэл бус, төрийн албаны, төрийн албаны болон бизнэсийн ёсны хэл болгосон нь маш ухаалаг алхам болсон юм. Үүний зэрэгцээ өндөр боловсролтой, өрсөлдөх чадвартай залуучуудыг бэлтгэх, авьястай залуучуудыг англи хэлийг бүрэн эзэмшихэд тусалж, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологийн салбаруудыг удирдуулж байсан нь хувь хүнд чиглэсэн хамгийн оновчтой хөрөнгө оруулалт байсан бөгөөд энэ нь хөгжлийн гол түлхүүр болсон юм.

8. Прагматизмыг төрийн бодлогын хамгийн гол арга барил болгосон. Том амжилтанд хүрэхийн тулд жижиг зүйлсийг эхлээд гардан авч хэрэгжүүлдэг, өөрөөр хэлбэл жижиг чулуугаар том чулуу хөдөлгөдөг байсан байна. Тухайлбал, Төрөөс хамгийн түрүүнд хэрэгжүүлэхээр зорьсон ажил нь хотыг цэвэрлэх ажил байв. Ач холбогдол, үр дүн багатай олон улсын хурал цуглаан явуулсанаас аль нэг суурин газар, тосгонд ундны цэвэр усны шугам тавих ажлыг илүү ач холбогдолтойд тооцсон.
9. Гадаад бодлогын хүрээнд бүх хөрш орнуудтай эрх тэгш, сайн харилцаатай байх бодлого барьж, аль ч хөрштэй маргалдах болон зөрчилдөх байдал үүсгээгүй юм. Ард түмний санаа бодлыг олон зүйлд сарниулалгүй зөвхөн улс, эх орноо хөгжүүлэх зорилгод чиглүүлж, бүх боломж нөхцөлөөр бүрэн хангаж өгсөн байна.

Та бүхэн цахим ертөнц хөгжсөн өнөө үед энэ улсын тухай интэрнэтээс түмэн янзын мэдээлэл авч болох боловч товчхондоо дүгнэхэд Сингапурын үсрэнгүй хөгжлийн үндсэн гол түлхүүр нь эдгээр болов уу. Мөн та бүхэн дээр өгүүлсэн Сингапурын туршлагын нэгээхэн хэсгийг, ардчилалын 25 жилийг ардаа орхисон манай улсын өнөөгийн хөгжилтэй цаашлаад бидэнтэй эн зэрэгцэн ардчилалын замыг сонгосон Казакстан, ОХУ болон дундад Азийн бусад орнуудын хүрсэн одоогийн амжилттай харьцуулж үзээд магадгүй нэгийг бодох буй за.

Та бүхэнд амжилт хүсье.

Хүндэтгэсэн Алаубек 12.01.2016

Жич: Та бүхэн энэхүү (www.parliament.gov.sg) сайтад ороод, Сингапурын ЗГ-ын гишүүдийн намтартай танилцаж үзээд, тэдний хэд нь Harvard, Oxford, Cambridge төгссөнийг тоолж үзээд коммент үлдээхийг хүсье.


Alaubek Avdil - Алаубек Авдил - Алаубек Әбділұлы Қазыбай Молқы's photo.


Alaubek Avdil

facebook.com