Хүн төрөлхтний түүхэн дэх хайр дурлалын хамгийн төгс төгөлдөр эмгэнэлт жүжиг болсон Уильям Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн шинэ хувилбарыг үзлээ. Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Ромео, Жульетта”-г цоо шинэ өнгө төрхтэйгээр тавина гэсэн зарыг хэдэн сарын өмнө сонссон болохоор хэрэндээ л догдлон хүлээж байлаа.

Харин эхний үзэгдэл эхлэхэд л миний хүлээж байсан сонгодог гэдэг үгэнд багтдаг тансаг, торгон мэдрэмж минь тайзан дээр хүнд, чанга хөгжмийн аянд дэвхцэн бүжиглэх Вирон хотын багтай иргэдээс зугтчих шиг болов. Алдарт “Ромео, Жульетта”-г тайзан дээр тоглогдохыг нь анх удаа үзсэн минь зохиолыг нь уншаад сэтгэлдээ ургуулсан тэр үйл явдлаас огт өөрөөр эхлэв.

Төрийн соёрхолт найруулагчийн “шинэчлэл” гэж бодон цааш болох үйл явдлыг тэвчээртэйгээр хүлээв. Хэт задгай хувцас, секси хөдөлгөөнүүд, Bruno Mars-ийн Marry you дуун дээр бүжиглэх Ромео, Жульетта хоёр. Энэ чинь хэдэн зууны турш хүн төрөлхтний хайрын түүх болж хэдэн тэрбум хүнийг уйлуулж байсан алдарт сонгодог жүжиг мөн бил үү.

Дүр сонголтын хувьд ярих зүйл байсангүй. Жүжигчин О.Дөлгөөнийг залуухан Жульеттагийн дүрд ингэж тоглох байх гэсэн төсөөлөл угаасаа надад төрсөн байсан. Харин нэг анзаарагдсан зүйл нь Жульетта маань 16 биш бүр 14 настай мэт ярьж, хэлж, жүжиглэж байв. Эр хүнд дурлаад охин биеэ өгч, эхнэр нь болж байгаа хүн арван хэдхэн настай хүүхэд шиг ярихаасаа илүү эмэгтэй хүн шиг байсан бол илүү логиктой болох байлаа.

Ромеогийн дүрийг бүтээсэн Б.Шинэбаяр гэх залууг би өмнө нь "Аав" кинонд тоглосноор нь л мэднэ. Тэр харин дурлалдаа шатаад хөл нь газар хүрэхгүй гүйж яваа дурламтгай залуугийн дүрийг яг л гаргасан. Гэхдээ Ромеогоос илүү Меркуциогийн дүрд тоглосон залууд илүү их алга ташмаар санагдаж байв. Хөдөлгөөн, үг хэл гээд бүхэлдээ л тэр Меркуцио мөн.

Манай үзэгчид үзвэр гэдгийг тайзан дээр тоглогдох хошин шог, дэлгэцэнд гарах инээдмийн киногоор төсөөлдөг болж дээ гэх бодлыг би “Ромео, Жульетта” жүжгийн үзэгдэл бүрт инээхэд бэлдээд сууж байгаа үзэгчдийн царайг хараад бодов.

Меркуцио Тебальттай тулалдаж хутгалуулаад үхэх гээд шархандаа шаналж байхад үзэгчид инээж л байна. Жульеттаг хуримын даашинзаа өмссөн чигээр орондоо үхсэн байхыг харсан өрлөг эх нь галзуурч байхад үзэгчид инээж л байна. Нэг бол найруулагч үнэхээр муу ажиллаж муу жүжиг тавьсан учраас иргэд түүнд уярах биш шоолж суусан, эс бөгөөс миний сая бичсэнчлэн үзэгчид зөвхөн инээх ёстой гэж ойлгодог болсон.

Найруулагч ч бас үзэгчдийн ийм хүслийг мэдсэн байх. Жүжгийг бүхэлд нь ритмтэй, инээдтэй байлгах гэж хичээжээ гэж дүгнэсэн. Тухайлбал, МУГЖ Ж.Оюундарийн бүтээсэн Өрлөг эхийн дүрийг зөвхөн үзэгчдэд л зориулж гаргасан. Үзэгдэл дундуур гарч ирж тэднийг инээлгэх зорилготой байсан.

Бас хэтэрхий их секс үзэгдлүүдтэй. Зохиол дээрээ Өрлөг эх Жульетта Ромеод дурласны дараа түүнтэй уулзах гэж очиход найзууд нь Өрлөг эхийг бага зэрэг шоглож буйгаар гардаг. Харин тайзан дээр Өрлөг эхийг бараг "хүчиндчих" шиг болсон. Меркуцио Өрлөг эхийн гарыг аваад өөрийнхөө өмдөн дотор хийж, хөхийг нь базлаж байх жишээний. Бас Ромеогийн өмнөх дурлалт бүсгүй болох Розалинагийн дүр ч гэсэн үзэгчдэд секс агуулга л харуулах зорилготой байж гэж дүгнэв.

Мөн жүжгийг хөдөлгөөнт урлагтай хослуулах гэж хичээсэн нь таалагдсан. Үүнээс өөр бас нэг ойлгохыг хүссэн зүйл нь Вирон хотын захирагч Ромеог цаазаар авах биш цөллөгөнд явуулсныхаа шанд алтан зоос авна. Харин үүнийхээ дараа тэр “Шударга байцгаая л даа, шударгай байя” хэмээнэ. Үүнийг сонссон үзэгчид инээж, би гайхаж суусан боловч найруулагч энэ хэсэг үзэгдлээр нийгмийн тодорхой хэсгийг харуулах гэж хичээсэн бололтой гэж зөвтгөж дүгнэв. Найруулагч өөрт байгаа зэвсгээ л ашиглаж шүү дээ.

Эцэст нь үзэгчдэд зориулсан инээд, секс үзэгдлүүд, огцом ширүүн бүжгийн хөдөлгөөнүүд. Энэ бүхэн шинэчлэл юм бол “Ромео, Жульетта”-г сонгодог хэлбэрээр нь тавьсан нь дээр. Театр массыг дагуулдаг болохоос биш массыг дагадаггүй. Бас “Ромео, Жульетта” бол хошиг шог биш шүү дээ үзэгчид минь. Мэхийн ёслоё.



Нийтэлсэн: О.Энхмаа