2014 оны 3 дугаар сарын 16-ны Крымийн референдум (буюу бүх нийтийн санал асуулга) Зүүн Европын түүхийн нэгэн хуудсыг эргүүллээ. Энэ бүс нутгийн хүмүүс үнэмлэхүй олонхиор Оростой нэгдэх сонголт хийв. Хэдийгээр плебисцит (буюу тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт)-ийн хэмжээний эрхзүйн чадамж, богино хугацаанд явагдсан буюу Оросын үүрэг оролцооны талаар эргэлзээ байж болох ч Крымийн оршин суугчдын үнэмлэхүй олонх Украйныг орхиж, “Орост эргэн нэгдэхийг” хүссэн гэдэгтэй маргахад хэцүү юм. Крым ОХУ-д нэгдэх жинхэнэ үйл явц тодорхой цаг хугацаа шаардана, гэхдээ одоо энэ нь техникийн л асуудал.  

Крымийн үйл явдал Оросын гадаад бодлого дахь эргэлтийн цэгийг илтгэж байна. Саяхан хүртэл Москва дорно зүг дэх НАТО-гийн өргөжин тэлэлт гэх мэт “улаан шугам”-ны тухай л ярьж, эсвэл 2008 оны Өмнөд Осетинд болсон шиг өдөөлтөд хариу арга хэмжээ авч байв. Харин Крымд ерөнхийлөгч Владимр Путин Москвад хүлээн зөвшөөрөгдөөгүй Киевийн хувьсгалт эрх баригчид тус хойгт хяналтаа тогтоохоос сэргийлж зоригтой алхам хийв. Тэр дараа нь Крымийн статусын талаар санал асуулга явуулах боломж олгож, Орост эргэн нэгдэх замыг зассан. Зөвлөлтийн дараах Зүүн Европ дахь тохиролцоо [ буюу дэг журам] одоо нэгэнт түүх болжээ. Орос ухралтаа зогсоож, давшилт хийлээ.

Крымийн хувь заяа бараг шийдэгдсэн. Одоо анхаарал Украйн руу шилжинэ. Тус орны зүүн хэсэгт өрнөсөн Майданы эсрэг олон түмний жагсаалыг Москвагаас илгээсэн “дээрэмчид”-ийн хийж буй ажил хэмээн хориглох нь өөрийгөө л хуурч буй хэрэг. Киевт засгийн эрхэнд гарсан ялагч эвслийн хамгийн цөөнх хэсгийн хэт үндсэрхэг үзэл нь бүс нутгуудыг цааш нь түлхэхэд л хүргэх болно. Тэдгээр бүс нутгийн хүмүүст түүхийн өөр хүүрнэл [буюу дурсамж] байдаг юм. Украйн нь одоо холбооны улсын тогтолцоо л тус орныг нэгдлийг хангаж, иргэний дайнаас зайлсхийж, үндэстнээ байгуулах шинэ боломж өгч магадгүй хэмжээнд хүрчээ. Украйн Москвагийн дэмжлэгтэйгээр холбооны улс болох нь болохгүй зүйл биш юм. Харин, өөр хувилбар байдлыг улам дордуулж мэднэ.

Хэдхэн долоо хоногийн дотор Орос-Өрнөдийн харилцаа “Хүйтэн дайн”-ы үеийнх шиг хурцадмал түвшинд хүрэв. Зарим ажиглагчид өнөөгийн зөрчил удалгүй намдаж, Вашингтон Москватай эвлэрэх гарц хайна гэдэгт итгэж байгаа бололтой. Кремль мэдээж хэрэг Өрнөдтэй шинэ сөргөлдөөнд орох ирээдүйг хүсэхгүй. Гэвч асуудлыг шийдэх нөхцөлүүд нь сөргөлдөгч талуудын хувьд хүлээн авахад тун хэцүү байгаа юм. Крымийг ард түмнийх нь хүсэлтийн дагуу Оросын нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой. Харин Украйныг холбооны улс болгон дахин зохион байгуулж, ингэхдээ бүс нутгууд нь өөрийн нутаг дэвсгэрт хэл, соёлын асуудлаа де-факто шийдэх төдийгүй тэдгээрийн гадаад бодлогын гол шийдвэр гаргах эрхийг нь нэмэгдүүлэх ёстой. Оросоор шууд хэлэхэд, энэ нь Украйны хувьд НАТО-гийн гишүүнчлэл, Европын холбоо гэж байхгүй шүү гэсэн үг юм.           

Гэвч Киев буюу Өрнөд үүнтэй санал нийлэх магадлал бага. Иймд ирээдүйд Украйн геополитикийн тулааны талбар байх болно гэсэн үг. Тулааны үр дагаварыг мэдэх аргагүй, гэвч энэ нь богино хугацааны үйл ажиллагаа гэхээс илүүтэй Украйны янз бүрийн хүчнүүд аль аль талд нь орсон урт хугацааны, хүнд тэмцэл байх магадлалтай. Өрнөд илүү хүчтэй, гэхдээ Орост илүү боломж бий. Крым дэх “Оросын түрэмгийлэл” гэгч нь бүх украйнчуудыг нэгэн цул үндэстэн болгон ойртон нягтруулна гэсэн инээдтэй таамаг бол хоосон мөрөөдөл. Өрнөд Украйн дахь өөрийн байр суурийг эрүүл сэтгэлгээр харж, өөрийн сонирхол юу вэ, ямар хугацаанд ямар хүчин зүтгэл гаргах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй.       

Оросын хувьд, Путин Украйнд маш аз сорьж тоглохоор шийдсэн нь харагдлаа. Түүний нэр хүнд Оросын ард түмний дунд 70 хувьд хүртэл өссөн буюу ганц сарын дотор 10 хувиар нэмэгдсэн байна. Путин Крымд ингэж шийдвэртэй хөдлөхдөө Оросын элитүүдийг бас эрс сонголтын өмнө аваачлаа. Тэд одоо нэгэн тугийн дор нэгдэн нягтарна, эсвэл эрх баригчид төдийгүй ард түмний нүдэнд тавдугаар цувааныхан болж харагдана. Үнэн хэрэгтээ, Өрнөдийн хориг нь элитүүдийн дунд цэвэрлэгээ хийхэд Кремльд туслах болно. Дэлхийн I дайны дараах Большевикуудын хувьсгалт уламжлалыг баримталдаг тодорхой тооны шүүмжлэгчид засгийн газар ялагдана хэмээн урьдчилан хэлж байна. Гэвч ихэнх шүүмжлэгчид үүний эсрэг байр суурьтай байгаа нь харагдлаа. Энэ бүхний эцэст Путин буун дуу гаргалгүйгээр Крымийг буцаагаад авчихаж байгаа хэрэг үү? Хориг арга хэмжээнүүд тавигдаж, үргэлжилнэ. Харин Севастополь байж байна.

 

Зохиогчийн тухай:  Дмитрий Тренин нь Москвагийн Карнегийн төвийн захирал бөгөөд гадаад харилцаа, улс төрийн ухаанаар мэргэшсэн доктор юм. Тэрээр Оросын нөлөө бүхий аналитикч.  

 

Эх сурвалжwww.gashuun.mn