Нийтлэлийн автор: Доктор Пол Крейг Робертс – АНУлсын Сангийн сайдын эдийн засгийн зөвлөх асан, Wall Street Journal сэтгүүлийн редактор мөн Business Week, Scripps Howard News Service болон Creators Syndicate сонин хэвлэлүүдийн тогтмол булангийн нийтлэлч

2015 оны 9-р сарын 28-нд НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн чуулган дээр ОХУлсын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхий дахинд хандаж үг хэлж Украйн, Сирийн хямралын асуудлаар уриалга гаргах бөгөөд түүний хэлэх үгэнд дэлхий нийт анхаарлаа хандуулаад байна. Түүний үг хэлэх цагийг НҮБ-ийн төв байр байрлаж байгаа Нью-Йоркийн 10:45 минутад товложээ.


Хэдийгээр түүхэн гашуун сургамжууд нь ар араасаа хөвөрсөөр байгаа хэдий ч ОХУлс өнөөдрийг хүртэл Баруунтай хэл амаа ололцож тохиролцож болно гэсэн гэнэн мөрөөдлөөсөө салж чадахгүй байна. Гэвч аливаа улс үндэстэн Баруунтай тохиролцох - түүнд таалагдах цорын ганц зам нь түүний дуулгавартай дагуул боол нь болохыг үг дуугүй хүлээн зөвшөөрөх явдал юм.


Хууль ёсны ардчилсан төр засгийг нь Вашингтон өөрийн хүүхэлдэйнүүдээрээ түлхэн унагаж байж үүсгэсэн Украйны өнөөгийн энэ зориуд хямралыг Москва дипломат арга замаар шийдвэрлэж болох байх гэж найдаж байхдаа ч алдаж эндүүрч байсан юм. ОХУлс ийм учраас л Минскийн энхийн гэрээ, Баруунтай хийсэн тохиролцоонууддаа ихээхэн итгэл найдвараа тавьж байсан боловч энэхүү тохиролцсон амлалтууд болон байгуулсан гэрээгээ өнөөгийн необандерчуудын гарт орсон Киев ч, Барууны эрх баригч – Вашингтон, Лондон мөн НАТО ч нэг их хайхрахгүй байгаа билээ.

ОХУлс хэзээ нэгэн цагт өөрийнх нь байсан нутаг дэвсгэрүүд - Донецск болон Луганскийн бүгд найрамдах улсуудын зүгээс тавьж байгаа ОХУлсын бүрэлдэхүүнд буцан орох гэсэн гуйлтуудыг нь зүгээр л хүлээн авах юм бол Украйны өнөөгийн энэ хямралыг намжааж зогсоож чадахсан. Украйнаас салан тусгаарласан Донецскийн болон Луганскийн бүгд найрамдах улсууд одоо ОХУлсын хэсгүүд болмогц Украйнд бүрэлдсэн өнөөгийн энэ нөхцөл байдал намжих болно гэж үзэж байна. Москва үүнийг хийхгүй байгаагийн гол шалтгаан бол түүний иймэрхүү алхам нь Европыг өдөн бассан алхам болж харагдаж түүнийг гомдоож болзошгүй гэж үзэж байгаа явдал юм. Гэвч үнэн хэрэг дээрээ Москва Европыг нэг сайн хашраагаад өгөх хэрэгтэй байгаа юм. Оросын эсрэг Вашингтоны гар дахь зэвсэг байх нь хичнээн аюултай гэдгийг Европт дахин нэг тодорхой ойлгуулж өгөх хэрэгтэй байгаа.

Гэвч үүний оронд харин Москва Вашингтоны санаачилж үүсгэсэн эдийн засгийн алдагдлуудаас Европыг хайцаалсаар байгаа. Москва өөрийнх нь эсрэг Вашингтоны гар хөл болж байгаагийх нь төлөө Европоос өндөр үнэ цэнэ нэхэхгүй байгаа юм. Харин ч ОХУлс урьдын адил өөрийн өстөн дайснууддаа эрчим хүчний нөөцүүдээ нийлүүлсээр байгаа ба харин эдгээр дайснууд нь оросын бензин тосоор байлдааны нисэх онгоцуудаа цэнэглэж аваад Оросын хилийн дагуу өдөөн хатгалтууд гэж болох нислэгүүдээ үйлдсээр л байна. Бодит байдал дээр энэ бүхэн бол Оросын дипломат бодлогын амжилт бус харин ч алдаа юм. Хэрэв эсрэг тал чинь хүчирхийлэлд тулгуурлаж байгаа бол дипломат бодлого үйл ажиллагаа ямар нэг амжилтанд хүрэх нь зарчмын хувьд боломжгүй билээ.

Вашингтоны болон түүний эдгээр дагуул улсуудын өмнөөс явуулж байгаа өнөөгийн энэ дипломат бодлого, үйл ажиллагаа нь ямар ч амжилтанд хүрэх боломжгүй гэдгийг ОХУлс эцсийн эцэст ойлгох ёстой. ОХУлсыг “гав ганцаардсан” буюу "олон улсын хэм хэмжээг дагаж мөрдөхгүй байна” гэж Вашингтоны зүгээс элдэв шошго наан гүтгэн хашгирч байгаа нь үнэн хэрэг дээрээ ОХУлс Вашингтоны тушаалуудыг биелүүлэхгүй байгааг нь хэлж байгаа гэдгийг ОХУлс ойлгох ёстой.

“Олон улсын хэм хэмжээнүүд” гэдгийн доор Вашингтон гагцхүү өөрийн хүсэл зорилгыг л бусдад тулгадаг билээ. Түүний аливаа ил хүсэл далд зорилгыг нь үг дуугүй даган биелүүлэхгүй байгаа тэр улс орнууд Барууны үзэж байгаагаар “олон улсын хэм хэмжээнүүд” -ийг мөрдөхгүй байгаа мэтболж байгаа нь тэр ээ. “Олон улсын хууль тогтоомжууд” гэдгийг зөвхөн Вашингтон - гагцхүү Вашингтон л дангаараа тодорхойлж тогтоодог. Америкийн неоконсерваторуудын баталж байгаагаар АНУлс “бусдаас илүү их эрх дархтай, онцгой улс” мөн бөгөөд энэ дэлхий дээр өөр ямар ч улс үндэстэнд ийм эрх хэзээ ч байх ёсгүй гэж тэд үздэг.

Хараат бус бие даасан гадаад бодлого үйл ажиллагаа явуулж байгаа аливаа улс орон Вашингтоны хувьд жинхэнэ аюул занал нь гэсэн үг юм. Дэлхийн Банкны захирал асан Вулфовицийн нэрээр ил болсон неоконсерватив номлол бол АНУлсын гадаад болон дотоод бодлогын тулгуур үндэс нь мөн бөгөөд тэнд тэдний энэхүү дэлхийн ноёрхлын тухай хоёрдмол утгагүйээр зарласан байгаа. Тэрхүү баримт бичигт Вашингтоны дангаар амин хувиа хичээсэн үйлдлүүдийг нь хазаарлан тогтоож түүний дэлхийд дангаар ноёрхох гэсэн зорилгыг нь хаан зогсоож чадахуйц үлдэгдэл хүчтэй аливаа улс орныг АНУлс өөрийн жинхэнэ аюул занал мөн гэж тооцож байхыг тодорхойлсон байгаа. Иймээс тэдний нэн тэргүүний зорилго нь ийм хүчирхэг өрсөлдөгч улс орон энэ дэлхий дээр “дахин гарч ирэхийг урьдчилан таслан зогсоох явдал юм” гэж тэмдэглэсэн байгаа.

Ийм учраас л одоо Орос, Хятад, Иран улсууд Вашингтоны түрэмгийллийн овоо хараан дор орсон байгаа: чухамдаа ийм учраас л Вашингтонтой хийсэн мөн хийх гэж байгаа аливаа гэрээ тохиролцоо мөн “хамтын ажиллагаа” гэгч нь ямар ч утга учиргүй юм! Харин ч эсрэгээрээ иймэрхүү "хамтын ажиллагаа" гэгч нь Вашингтоны овоо хараанд өртсөн улсуудын сонор соргог хараа хяналтыг нь л сулруулахад хүргэдэг билээ. Яг ийм байдлаар одоо Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров үзэхдээ Вашингтоны зүгээс Ойрхи Дорнодод явуулж ирсэн дайн дажин болон эвдрэл сүйрлийн бодлогын үр дүнд одоо бүрэн мухардалд орсон өнөөгийн нөхцөл байдал нь Вашингтон ба ОХУлс хоёрыг хамтран Ирак болон Сири дэх Лалын улс гэгч джихадуудыг тогтоон барихаас өөр аргагүй байдалд оруулж байна гэж үзэж байгаа бололтой.

Гэвч харамсалтай нь энэ бол хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл юм. ОХУлс, Вашингтон хоёр Ирак болон Сирид хэзээ ч жинхэнэ ёсоор хамтарч чадахгүй ээ, энэ бол боломжгүй юм, учир нь тэдний явуулж байгаа бодлого үйл ажиллагаа, цаад зорилгууд нь яг эсрэг тэсрэг чиглэсэн байгаа юм. ОХУлс Ойрхи Дорнодод энхтайвныг тогтоохыг, олон улсын эрх зүйг мөрдөх эхлэхийг, эрс давруун джихадуудыг тогтоон барихыг хүсч байгаа билээ. Харин Вашингтон тэнд том дайн дэгдээхийг хүсч олон улсын эрх зүйн хэм хэмжээнүүдийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ба Ойрхи Дорнодод тогтворгүй байдлыг цаашид ч хадгалан барьж байхын тулд мөн Сирид Асадыг засгийн эрхнээс түлхэн унагахын тулд лалын хэт даврагчдыг зэвсэглэж санхүүжүүлсээр байгаа.

Орос, Хятад, Иран – энэ гурван улс л Вашингтоны зүгээс явуулж байгаа гагцхүү түүний аминчхан эрх ашгийг хамгаалсан үйлдлүүдийг нь тогтоон хязгаарлаж чадах чадвартай юм. Ийм учраас л энэ гурван улс Америкийн атомын бөмбөгний урьдчилан цохилтын аюул доор байгаа. Тэгээд ч хэрэв энэ гурван улс Вашингтонтой одоо эрх тэгш хамтран ажиллаж болно гэж итгэцгээж байгаа бол, Вашингтоныг өөрийнх нь бүтээсэн лалын хэт даврагчдын улс нэртэй энэ нүхнээс татан гаргаж аваръя гэж бодож байгаа бол, тэр гурав үнэхээр маш гэнэн улсууд гэсэн үг бөгөөд тэд нар төөрөгдлийн урхинд нь орсон золиосууд нь гэсэн үг юм.

Вашингтон өөрөө өнөөгийн энэ хэт даврагч джихадуудыг үүсгэж Ливи улсад Каддафийн эсрэг ашиглаж тэнд Лалын хэт даврагчдын улс гэгчийг байгуулж өгсөн билээ. Тэд нар нь дараа нь Сирид орж ирж Асадыг засгийн эрхнээс түлхэн унагаж өгөх ёстой байсан юм. Өнөөгийн Америкийн эрх баригч неоконсерваторууд бүгд толгой дараалан сионист Израилийн холбоотнууд мөн бөгөөд тэд нар Ойрхи Дорнодод “Нил мөрнөөс Евфрат мөрөн хүртэлх Агуу Израил гүрэн”-тэй өрсөлдөх чадвартайнэгдсэн нэг хүчирхэг улс үүсэн гарч ирэхийг хүсэхгүй байгаа юм.

Гэсэн хэдий ч Вашингтоны явуулж байгаа бодлого /үүнд 7 улсын олон сая лалын шашинт иргэдийг алж хядаж нутаг орноос нь хөөн шахан гаргаж байгаа/ барууны эсрэг уур амьсгал улам өргөн болоход хүргэж Ойрхи Дорнодын оршин суугчдын дунд Лалын улсын талд элсэн орж байгаа хүмүүсийн тоо өсөхөд хүргэж байгааг Лалын улсын джихадууд ухаарч ойлгосон юм. Энэ бүхний эцэст Лалын Улс өөрийн вашингтоны үүсгэн байгуулагч удирдагчдаас хараат бусаар бие даан хөдөлж эхэлсэн билээ. Үүний үр дүн бол Ойрхи Дорнодод эмх замбааргүй байдал улам газар авч Вашигтоны зүгээс лалын энэ хэт даврагчдаа хянаж чиглүүлж байсан хараа хяналтаа бүүр алдсан юм.

Вашингтонд өөрийнхөө гараар бий болгосон энэ бүх тамдаа ганцаараа тарчлах боломжийг олгохын оронд Вашингтоны хүчин чармайлтаар Баруунд хамгийн их үзэн ядаж хамгийн их мангасжуулж байдаг ОХУ, Иран хоёр харин ч АНУлсыг өөрийнх нь ойрхи дорнодын энэ бүх тэнэглэлээс нь аврахаар ухасхийсэн юм. Үүнийг нь Москва болон Тегераны стратеги бодлогын алдаа гэж нэрлэж болно. Алс хэтийн хараагүй харалган бодлого явуулж байгаа ямар ч улс орон амьд үлддэггүй юм аа!

Вашингтонтой хийсэн бүх тохиролцоо, амлалтууд, байгуулсан гэрээ нь ямар ч ашиггүй хоосон гэдгийг иранчууд ойлгох ёстой – учир нь "бусдаас онцгой их эрх дархтай" Вашингтон гэрээ тохиролцоогоо хэзээ ч биелүүлдэггүй билээ. Худлаа гэвэл энэ тухай ядаж Агуу Их талын индианчуудаас эсвэл зөвлөлтийн ерөнхийлөгч Горбачёваас асууцгаа. Өнөөгийн Вашингтоны хэлж ярьж байгаа нь ямар нэг жинтэй, ач холбогдолтой гэж үзэж байгаа бол Оросын засгийн газар бодит байдлаас тасарсан гэсэн үг ээ.

Өнөөдөр ийм хачин жигтэй нөхцөл байдал бүрдчихээд байна. Ираны эрх баригчид ерөнхийдөө ухаалаг алхамууд хийдэг. Владимир Путин Орос орныг АНУлс болон Израилын хяналт доороос гаргаж чадсан билээ. Гэвч ингэсэн хирнээ энэ хоёр засгийн газар одооо хир нь Вашингтоны цаад санаа, үйлдэж байгаа үйлдлүүд нь ямар ч байдаг байсан, тэр хоёрын хамтрагч байж чадна гэж тэдэнд бодогдуулж байгаа нэг тийм эм тан угаад байгаа мэт тийм үйлдлүүдийг хийсээр байна. Тэдний энэ гэнэн төөрөгдлүүд нь зөвхөн Орос болон Ираны хувьд төдийгүй бүх дэлхий дахины хувьд ч маш аюултай төөрөгдлүүд юм. Хэрэв Орос, Иран хоёр ингэж сонор сэрэмжээ алдах л юм бол Баруун тэднийг атомын бөмбөгөөр гэнэдүүлэн устгах аюултай. Ийм хувь тавиланг Хятадад ч бэлдсэн бий.

Вашингтон ганцхан зүйлийг л хүсч тачаадаж байгаа: дэлхий дээр дангаараа жанжлан ноёрхож байхыг! Энэ тухай зүгээр л неоконсерваторуудаас асууцгаа эсвэл тэдний баримт бичгүүдийг нь уншицгаа. Неоконсерваторууд Вашингтоныг бүрэн хяналтандаа оруулсан байгаа ба америкийн засгийн газарт өөр хэний ч дуу хоолой ямар ч эрхгүй ээ. Тэд нар дэлхий дахинд АНУлсын бүрэн ноёрхолыг тогтоохын тулд манай энэ дэлхий нэртэй гаригийг тамын сүйрэлд ч түлхэхэд бэлэн этгээдүүд шүү.Одоо бидний энэ Дэлхийг маань, энэ Дэлхий дээрхи энхтайванг зөвхөн Орос, Хятад хоёр л аварч чадах юм.

Гэвч үүнийгээ хийхийн оронд тэд нар маань Барууны башир аргуудад дэндүү ховсдуулчих гээд байгаа юм биш үү?

Нийтлэлийн эх сурвалж: http://www.paulcraigroberts.org


Хэдхэн цагийн өмнө НҮБ-ийн чуулган дээр "дэлхийн жан...жин" АНУлсын Ерөнхийлөгч Барак Обама өнөөгийн хурц асуудлууд болох Ойрхи Дорнод, Украйны гүнзгий хямрал, эмх замбараагүй байдал, иргэний дайнууд, доллараар дамжин одоо дэлхий дахинг хамарсан байгаа санхүү-эдийн засгийн гүн гүнзгий хямрал сүйрэл, үүнээс үүдэн газар сайгүй өрийн хямралууд улам бүр даамжирч дэлхий нийтэд ядуурал, ажилгүйдэл улам газар авч байгаа тухай, Европын Холбоог устгахад хүргэж болзошгүй дүрвэгсдийн асуудал гэх мэт хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа, манай дэлхийн "юм боддог" бараг хүн нэг бүрийн хүлээж байсан тэр асуултуудад үнэлэлт дүгнэлт хийж гарцын талаар хариу өгсөнгүй, харин ч АНУлс бусдаас илүү эрх дархтай онцгой улс үндэстэн, бид мөнгө зэвсэг ихтэй, иймээс хүссэн газраа цаашид ч хэрэглэх болно, гэхдээ одоохондоо биш, манай америк маягийн ардчилал цорын ганц зөв зам мөн, энэ замаар явахыг хүсэхгүй бол манай дайсан гэж үзнэ гэсэн утгатай үг хэлэв. Энэ үед төрийн нарийн бичиг Джон Керри бүр эвшээж суугаа нь харагдсан....

Харин ОХУлсын Ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ:

- НҮБ-ийг Аюулгүйн зөвлөлийн вето-хоригийг үгүй хийх гэх мэт реформ хийх нэрээр нураахыг оролдож байгааг нь "ардчилал-хүний эрхийг хамгаалах" нэрийн доор дайн дажин өдөөж төр засгийг нь устгаж дээрэм тонуул хийж байгаа тэр бүлэг хүмүүст одоо болтол саад болсоор байгаа олон улсын эрх зүй, хамтын шийдвэр гаргадаг энэ байгууллагыг нэгмөсөн үгүй хийх санаархал болохыг анхааруулав.

- Бусад улс үндэстнүүдийн тусгаар тогтнолыг хүндэтгэн дотоод хэрэгт нь үл оролцох нь НҮБ-ийн тулгуур зарчим хэвээр байгааг сануулж өнөөгийн өнгөт хувьсгалуудыг гадна талаас нь санхүүжүүлж тэр улсад болон тухайн бүс нутагт эмх замбараагүй байдал үүсгэж төр засгийг нь устгаж тонон дээрэмдэж байгааг зогсоохыг уриаллаа

- Лалын улсын эсрэг олон улсын эвсэл байгуулахыг - энэ эвслийг НҮБ-ийн ивээл доор байгуулахыг уриалсан....

- Орчин үеийн хурц тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэлхийн улс үндэстнүүдийг бүлэглэлүүдэд хуваагдах биш, хоосон уриалга гаргах амлалт авах биш, харин эвлэлдэн нэгдэхийг бодиттой ажлуудыг хамтран хийж эхлэхийг уриалав.

В. Путины үгийг дэлхийн бүх төлөөлөгчид, лидерүүд маш анхааралтай сонсож харагдсан....

Хэдхэн өдрийн өмнө Ирак-Ливи-Сирийн хэт даврагчдын Левантын Лалын улс гэгчийг НҮБ-ээс гаргадаг террорист бүлэглэлүүдийг жагсаалтанд оруулж тэдэнд санхүүжилт-эдийн засгийн хориг тавихыг ОХУлс санаачилж уриалахад АНУлс эрс татгалзсан билээ.

Мөн 2014 онд НҮБ-д хэлэлцүүлэг явуулж "Фашизмын үзэл суртлыг сэргээх, магтан дуулахыг хориглох тухай" тогтоолыг ОХУлс санаачилан батлуулахад АНУлс, Канад, Украйн 3 улс татгалзсан бөгөөд Европын Холбооны улсууд даган түдгэлзсэн билээ.... ?!

http://bolor.info/