Авлигалтай хатуу тэмцэж, шударга ёсыг тогтооно хэмээн амлаж байсан Ц.Элбэгдорж дахин сонгогдсоныхоо дараахантай хоригдол Н.Энхбаярт уучлал үзүүлсэн зарлиг гаргалаа. Энэхүү шийдвэр нь олон хүний "шударга ёс тогтоно" гэсэн итгэл найдвар луу ус цацсантай адил хүндээр туслаа. Одоо ард түмэн хэнд найдах вэ?

Гэмт хэрэг хийсэн л бол хүн бүр хуулийн өмнө адил тэгш хариуцлага хүлээх ёстой. Энэ бол Үндсэн Хуулиар баталгаажсан зарчим. Гэвч Н.Энхбаяр хүнээс илүү эрх мэдэлтэй юм байна. Үүнийг нь Ц.Элбэгдорж баталгаажууллаа хэмээн харж байна. Ц.Элбэгдорж өөрөө хуулийн засаглал тогтооно гэсэн амлалт руу нулимаж, дээр нь дэвслээ.

Одоо эргээд бодоход Ц.Элбэгдорж үнэхээр Н.Энхбаярыг сонгуульд өрсөлдүүлэхгүй гэж шоронд хийгээд, хэргээд бүтээсний дараа буцаагаад гаргаж байна л гэж харагдаж байна. Гэвч энэ бол хөнгөн дүгнэлт.

Яагаад уучлав гэсэн ганц л асуулт хариултаа хүлээж, хүн бүр өөр өөрийнхөөрөө таамаглаж байна. Үнэхээр шалтгаан нь юу вэ? Ямар ч байсан дараах хэдэн шалтгааны үүднээс түүнийг шоронгоос гаргажээ гэсэн урьдчилсан дүгнэлтийг хийж байна.

Нэдүгээрт: Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ынхан Ц.Элбэгдоржийг дэмжиж улмаар Б.Бат-Эрдэнийн саналыг хуваахаар нууц тохироо хийгдсэн. Хариуд нь мэдээж Н.Энхбаярыг суллах. Энэ яриа сонгуулийн үеэр ч яригдаж байсан. Ингээд тохироо ёсоор Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болсноор Н.Энхбаярыг сулалсан. Энэ бол эхний шалтгаан.

Хоёрдугаарт: Ц.Элбэгдорж МАН-ыг нэг мөсөн булшлахаар шийдэж улмаар үүндээ Н.Энхбаярыг ашиглах зорилготой байгаа. Ерөөсөө МАХН гэдэг нэрийг Н.Энхбаярт өгөх шийдвэр бол Ц.Элбэгдоржийн төлөвлөсний дагуу МАН-д өгсөн том цохилт байсан. Түүнээс хойш МАН өөдлөөгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс одоо МАН дахин задрах бөгөөд үүнд Н.Энхбаяр шууд болон шууд бусаар нөлөөлнө. Зарим хэсэг нь бууриа сахиж, нөгөө хэсэг нь МАХН руу гүйцгээнэ. Энэ нь эцсийн эцэст АН-д ашигтай. Энэ бол хоёр дахь шалтгаан.

Гуравдугаарт: Энэхүү уучлал нь Ц.Элбэгдоржийн үнэн нүүр царайг илтгэж байгаа бөгөөд тэрээр хэзээ ч авлигатай тэмцэх хүсэлгүй нь харагдаж байна. Тиймээс ард түмэн хоосон найдаад байх хэрэггүй. Тэр зүгээр л шоучин, хошгируулагч. Энэ бүхнээс харахад Монгол оронд хэзээ ч шударга ёс тогтохгүй бөгөөд яг өнгөрсөнд ямар байсан ирээдүйд ч бас тийм л байх дүр зураг харагдаж байна. Монголчууд хууртжээ. Энэ бол гурав дахь шалтгаан.

Үхлүүт байна гээд л өдөр шөнөгүй намынхан нь зарлаад байсан Н.Энхбаяр дарга нь эмнэлгээс инээд алдаад гараад явчихлаа. Өнгөрсөн хугацаанд Н.Энхбаяр шоронд байсан биш харин эмнэлэгт байсан. Тэрээр эмчлүүлж, эмнэлгээс намаа удирдаж байсан гэдгийг мартах ёсгүй.

Н.Энхбаярыг сулалсан 8-р сарын 1-ний өдөр бол ардчилал, шударга ёс, хууль ялагдсан өдөр. Баяртай Ардчилал. Баяртай шударга ёс. Баяртай итгэл найдвар минь...