Явцуу зорилгоороо бол 800 мянга гаран сонгогчийн саналаас 500-г нь л авчихад гараад ирэхийн төлөөх сонгуулийн сурталчилгаа 9 дэх өдрөө үргэлжилж байна..

АН-ын нэр дэвшигчийг нутгаараа дэмжих уриа гарсны хариуд нь МАН-ын дэмжигчид сумаараа зөвлөл хороо байгуулан дэмжинэ гэв. Харин МАХН-ын нэр дэвшигчийг орцоороо дэмжих санаачлага гарснаар сонгуулийн сурталчилгаа халж эхэллээ.


Сүүлийн хоёр өдөр нэгэн нийтлэлч жинхэнэ монгол төрхтэй хүн ямар байх талаар болон энэ шинжийг агуулсан нэг нэр дэвшигч байгааг баталсан нээлтээс болж, энэ төрхөд хамаараагүй, одоо цагийн хэв шинжээр төрсөн төрхтэй улс яахийн, зайлах юмуу гэсэн гомдол маш ихээр гарч байгааг анзаарахгүй өнгөрч болмооргүй санагдлаа. Эрчүүдийн дунд ямар нэг нөлөөгүй баталгаатай орос толь авч өөрийнхөө нүүрний үндсэн төрх, шинжүүдийг анхааралтай харж, аав ээжээсээ ургийн бичиг нэхэж, гарал үүсэлдээ эргэлзэх хэсэг ихээр бий болоод байгаа бололтой. Шанаа өргөн, ташаа том зэрэг Чингис хааны үеийн цэргийн баатруудын шинжтэй төрсөн цөөхөн хэсэг хүмүүс бараг хүнтэй дуугарахаа больсон байна. Тэд бол асуултгүй харахын л монгол, харин бусад нь…. мэдэхгүй эргэлзээтэй л болоод байна. Ингээд бичвэл энэ үнэндээ хошин шогийн тоглолтын нэг санаа болохоор явган ярианы л сэдэв. Үнэндээ аваргыгаа сайхан Монгол эрийн 99 шинжийг бүгдийг цогцлоосон хүн л гэж хэлж магтах гээд оруулсан л өгүүлбэрүүд байлгүй. Арай ч өрсөлдөгчөө нэг л өөр, лав Монгол биш гээд харлуулаад бай гэж өнгөрсөн алдаагаа давтах юм хэлээд зогсож байдаг сонгуулийн “Пи Ар”-чин байхгүй байлгүй дээ. Харин хувь хүн өөрөө дотроо АН-ын нэр дэвшигчийн удам судар гарал үүсэлд эргэлзэж хардах нь тухайн хүний хувийн бодол, байх л асуудал. Үүнээс болж баруун, зүүн Монгол гэж хуваагдан талцах дэмий биз дээ, манайхаан..

Олны хайртай хүндэлдэг бөх А.Сүхбат аварга өчигдөр мөн л Д.Дагвадорж асашёорюү шиг хэдэн жилийн турш л АН-д элсчих юмсан, нэг юм хийчих юмсан, энэ улс орон нэг л биш гэж бодон бодсоор явж байгаад өчигдөр л нэг энийгээ ил шулуун хэлж санаагаа амраасан бололтой юм. Нөгөө тал ч ийн А.Сүхбатыг сэтгэл буруу болсныг таамаглаж байсан юм байна. Даанч сүүлийн хэдэн өдөр А.Сүхбат аваргын эхнэр хүүхэд хаясан сольсон гээд хувийн амьдралынх нь талаар мэдээлэл, хагас нүцгэн, жирэмсэн эхнэрийнх нь зурагтай хамт шар бор гэхгүй хэвлэл сайтуудаар гараад байсан юм. Ингээд өнөөх, нэг оруулаад ирсэн бол зүгээр буцаагаад тавьдаггүй улс төр дахин нэг эхнэр авсан шиг л хормойноос чинь ноцоод эхэлж байгаа юм даа, аварга минь. Цөөнгүй хүүхнүүд л лав өчигдрөөс АН-д дургүй болсон. Хэдэн өдөр аваргыг олон эхнэр сольсон зургийг харж ёстой “балайр амьтан” гэж хуруугаа цоортол коммент бичсэн хүүхнүүд, мэдэхгүй эргэх болов уу. АН-ын энэ удаагийн Аваргын хариуд Аваргаар барьц дамжин хийсэн мэх ч МАН-ын хариу мэхэнд орсон байх аа. Нэр хүндтэй бөхчүүд АН-д элсэх аян үүгээр дуусаагүй л болов уу..

Нэр дэвшигчид хөдөө орон нутгаар, хотоор хаа сайгүй нисдэг хивс унасан юм шиг л гэнэт, гэнэт палхийтэл айлчилж байна. Саяхан автобусанд гялс хийтэл үсрэн орж ирж “аваргыг амьдаар нь ерөөсөө хараагүй” нэг жирийн эмэгтэйг ухаан алдуулчих шахтал нь баярлуулснаар тэр чигтээ Сонгинохайрхан дүүргээр явсан нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ маргааш нь шахуу Ховд, Баян-Өлгийгөөр уухай хадаан явж байгаа мэдээнүүд гарлаа. Ховдчууд бол угаасаа Аваргыг ийм хурдан хөдлөөд байгааг нь мэдчихээд хүлээж байсийн билээ. Үүнийг нотолж “Ховдчууд аваргыг хүлээж байсан” гэсэн мэдээ хэвлэл сайтаар гарсан. Ер нь нөгөө бид баруун юм байна, монгол биш гээд ад үзээд байна уу гэж… хөнгөн гомдоод байсан баруун аймгийн хүмүүс одоо бол эргэлзээгүй аваргаа дэмжинэ гэж хэлсэн байхыг бодоход, эр улс ойлголцсон юм шиг байна лээ..

АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж жижиг дунд бизнес эрхэлж бор зүрх, ур ухаанаараа амьдардаг иргэдийн төлөөлөлтэй уулзаж уран болоод үнэн үгийн жиргээг үзүүлж “дэмжинэ” гэсэн бонус нэлээн хэдийг хармаалсан мэдээ байна.

МАХН-ын нэр дэвшигч Н.Удвал түүнээс дутахгүй мэдрэмжтэйгээ харуулж Баянзүрх зах хавиар явж мөн л бор зүрхээрээ амьдарч байгаа эмэгтэйчүүдтэй уулзан гар барьсныг нь “нотолсон” нэмэлт тайлбаргүй фото мэдээ гарсан байна. Өнөөдөр Хархорины захаар орно гэсэн байна лээ. Дараагийн баримтжуулсан фото мэдээ мөн гарах байх..

Сонгууль халж эхэлж байгаа нь нэр дэвшигчид болон дэмжигч нарын үйлдэл үг хэлээс цухалзаж эхэлж байна. Зарим дэмжигчид хөөрч 800 гаран мянган сонгогчтойгоо мартсан бололтой “сая сая санал аваарай” гэж ерөөн алд цэнхэр хадаг нэг төгрөгийн хамт барьсан талаар ч мэдээ байна. Ард түмэн айхтар, ялангуяа хөдөө захын хөгшчүүл айхтар шүү, ядуугаас болж хүмүүс хүүхэд гаргахгүй, хүн ам өсөхгүй байна гэсэн гомдлоо зүүгээд, сая сая санал аваарай гэнгүүтээ, мөнгөний ханш яаж унагалаа та нар, энүүгээр юу хийхийг чинь харья гээд зориуд нэг төгрөг өгч догиосон ч байж мэднэ. Үнэхээр сэтгэл дэвсэж өгье гэвэл ганцаасаа гээд хэтэвчиндээ байгаагаа өгсөн ч байж болно. Намуудын нэр дэвшигч нар дээр орхисон шоо АН дээр нааштай буусан бололтой. Нэгэн цагт нэр дэвшиж явсан “Буян” Б.Жаргалсайхан, “Эрэл” Б.Эрдэнэбат гэсэн эрхмүүд Ц.Элбэгдоржийг дэмжинэ гэсэн байна. Түрүүнд нь МАН-ыг бас хэдэн нам дэмжинэ л гэсэн. Энүүгээрээ бол шоо хоёр талд тэнцүүхэн бууж байгаа юм байна..

Ямартай ч сонгууль сонирхолтой болж эхэлж байна.

Гадаадад байгаа монголчууд бэлтгэлтэй байгаараа. Өнөө гурвын нэг нь маргааш танай байрны тагтан дээр зогсож байж магадгүй л байх. Цаадуул чинь нисдэг хивстэй яваад байх шиг байна шүү. Нэг мэдэхэд л палхийтэл ороод ирж байна гэнэ. Сонгуулийн 33/9 дөх өдөр эхэлсээн.

.

П.Баярхүү /тоймч/

http://www.shuud.mn/?p=236229