Өнөөдөр Монголын шинжлэх ухааныг хөгжүүлэх, аврах тухай асуудал ид яригдаж байна. Мөн чанартаа бол шинээр сэргээн хөгжүүлэх тухай асуудал юм. Энэ тухай эрэгцүүллээ сэдэв (тезис) маягаар өгүүлэх гэсэн юм.

1. Шинжлэх ухаан гэдэг зүйл маш эрт үүссэн гэдэг боловч яг сонгодог утгаараа ердөө саяхан XIX-XX зууны үед үүссэн юм. Сонгодог утга гэдэг нь шинэ нээлтийг лабораторид хийдэг, тэдгээр туршилтыг дахин давтаж болдог, хажуудаа их дээд сургуультай, мөн үйлдвэрлэлтэй нягт холбоотой, өөртөө номын сан, архивтай, эрдэм шинжилгээний сан хөмрөгтэй, судалгаа шинжилгээний хамт олонтой, эцсийн дүндээ нийт нийгэмд тустай нийгмийн институтыг хэлнэ. Тэрнээс биш Чингис хаан Татаатунгааг дэргэдээ авчирсан, Хувилай хаан хажуудаа мэргэн хүмүүс цуглуулсан, Судар бичгийн Хүрээлэн байгуулсан зэргийг шинжлэх ухаан сонгодог утгаар хөгжсөн гэж үздэггүй.

2. 1942 онд Их Сургууль байгуулагдаж, 1950-иад онд ШУА болон түүний хүрээлэнгүүд байгуулагдсан үеэс Монголд шинжлэх ухааны суурь үндэс тавигдаж шинжлэх ухааны институтийн систем бий болсон.

3. Манай улсын шинжлэх ухаан Зөвлөлтийн шинжлэх ухааны том системийн дэд хэсэг байсан ба суурь нь орост, хавсарга нь монголд хөгжиж байсан гэж ойлгож болно. Зөвлөлтийн шинжлэх ухааны систем дэлхийд хаа ч гологдохгүй, хүчирхэг системийн нэг байсан учраас манайд ч гэсэн шинжлэх ухааны тодорхой салбарууд мөн тэр хэмжээгээр муугүй хөгжиж байсан юм. Гэхдээ л хавсарга шинжтэй байсан учраас бие даах чадвар хомс байсан.

4. Хавсарга гэдэг нь манай физикчид гэхэд л оросын Дубна хотын цөмийн хурдасгуур дээр ажиллаж эрдмийн зэрэг хамгаалдаг байсныг хэлж байна. Манайд юу ч байхгүй юм чинь тэнд очихоос өөр арга байгаагүй. Ер нь ч тэгээд лабораторигүй физикч бол жинхэнэ утгаараа фикич биш юм. Энэ агуулга байгалийн шинжлэх ухааны бусад салбарт ч гэсэн хамаарна. Цаашилбал манай газар тариалангийнхан Тимерязяевийн Академид сурдаг гэхчлэн манай бүх мэргэжлийнхэн оросын харгалзах том том академи, хүрээлэн, институтэд очиж сурдаг, судалдаг байсан. Үүнийг л хавсарга ухаан гээд байгаа юм.

5. Манай эдийн засаг, нийгмийн хөгжлөөс ихээхэн түрүүлсэн шинжлэх ухааны нэлээд салбарыг үзэл суртлын үүднээс манайд хөгжүүлж байв. Энэ бол Зөвлөлтийн ач тус юм. Жишээлбэл, цөмийн физик болон физикийн зарим салбар, математик гэхчлэн. Энэ салбарт бэлтгэсэн боловсон хүчнээ манайх эдийн засаг, нийгмийн салбарт бүрэн ашиглаж чаддаггүй байсан. Иймээс тэд хийх юмгүй шахам байсан.

6. Нэгэнт "хийх юмгүй" хүмүүс улс төрөөр оролддог нь зүй ёсны хэрэг юм. 1990-ээд МУИС-ын Физик-математикийн факультет тэр чигээрээ, ШУА-ийн Математикийн Хүрээлэн тэр чигээрээ, ШУА-ийн Физик Техникийн Хүрээлэн тэр чигээрээ улс төрөөр оролдож бүгдээрээ "хувьсгалчид" болсныг тэд бүгдээрээ хийх ажилгүй байснаар л тайлбарлаж болно. Өөр ямар ч тайлбар байхгүй.

7. Р.Гончигдорж, Д.Ламжав, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ч.Улаанхүү, Э.Бат-Үүл гээд 1990-ээд оны бараг бүх хувьсгалчид ШУА-ын физикч-математикчид юм. Миний залхуу хүрээд дурдаагүй бусад хар мянган нэрийг нэрийг уншигчид гүйцээгээд олно биз. Би ямар улс төрч-физикч-математикчдын нэрсийг жагсаан бичих албатай биш. Одоо тэд үгүй ядаж хурган дарга хийж байгаа нь бодит баримт юм. Бүх физикчид нь хувьсгал хийдэг ийм маанаг, гаж тохиолдол энэ дэлхийн өөр хаана ч байхгүй. Орост гэхэд ганцхан Сахаров л байхад Монголд үй түмэн "саахаржав" төрсөн юм…

8. Нийгэм хийгээд улс төрийн талаар ямар ч төсөөлөл байхгүй эдгээр байгалийн ухааныхан улс төрд орж ирснээр монголын улс төр хийгээд шинжлэх ухаан хоёрыг хоёуланг сөнөөснийг эдүгээ бид харж байна. Аа, тийм тэд намаа хүртэл (МСДН) сөнөөсөн юм байна. Ингэхлээр тэд бүх юмыг сөнөөдөг гэсэн үг. Тэдний дийлэнхи олонхи өөрсдөө ч гэсэн улс төрч ч биш, эрдэмтэн ч биш, зүгээр л луйварчин, дээрэмчид болцгоов.

9. Хавсарга шинжлэх ухаан бие даан хөгжих ямар ч бололцоогүй байдаг жам ёсоор Зөвлөлтийн суурь шинжлэх ухааныг нулимж хаяснаар Монголын хавсарга шинжлэх ухаан үхлийн өвчин тусав. Үүнийг ардчилал гэсэн уриан дор олон жил анзаараагүй юм.

10. Шинжлэх ухааныг арилжааны хэлбэрт оруулах оролдлого хийсэн боловч барууныханд социализмын үед олсон ололтоо зарж үрэх төдий ажил хийв. Зарах юм нь хэдхэн жил болоод дуусав. Гэвч шинжлэх ухаан бол арилжааны хэрэгсэл биш, харин үндэсний эрх ашиг, эрхэмлэлийн асуудал юм.

11. Ардчиллын үед нийгмийн ухааныхан бүх суурь судалгааг ор тас орхиж дандаа "ардчилал" болон "зах зээл" судалдаг болов. Нийгмийн ухаанд оккультизм, парапсихологи, эзотерик, психотроник зэрэг хуурамч хог новшнууд дүүрэв. Сүүлдээ лам, бөө, далдын хүчний төлөөлөгчид шинжлэх ухааныг айлган сүрдүүлж, шинжлэх ухааны төлөөлөгчид тэднээс айн сүрдэж амьдрах болов. Монголын шинжлэх ухаан креационизмд дээрэлхүүлж амьд үхсэн нь мэдэгдэхгүй болов.

12. Үр дүн нь хавсарга шинжлэх ухаан ч үгүй, суурь шинжлэх ухаан ч үгүй болж Монголд шинжлэх ухаан бүрэн утгаараа сөнөв. Одоо бол цоо шинээр эхлэх ёстой болж байна.

13. Цоо шинээр эхлэхийн тулд Монгол орны суурь нөхцлийг харгалзах ёстой. Нөгөө талаас шинжлэх ухааны салбар болгоныг хөгжүүлэх боломж манайд байхгүйг харгалзах ёстой.

14. Хамгийн эхлээд манайд тогтсон гаж ойлголтуудыг эвдэн арилгах ёстой. Энэ бол ШУА-ыг шинжлэх ухаан гэж үздэг, ШУА-ыг шинжлэх ухааныг удирдах газар гэж үздэг, ШУА-ын Тэргүүлэгчдийн Газрыг шинжлэх ухааны яам гэж үздэг. Хүрээлэнгүүдийг агентлаг гэж үздэг хачин тэнэг ойлголт, төсөөлөл юм. Одоо бол ШУА-ын Тэргүүлэгчдийн Газар гэдэг балай газрыг татан буулгах ёстой.

15. Эдүгээ ШУА, Их дээд сургууль хоёрыг нэгтгэх, эс нэгтгэх тухай "онолын" маргаан болж байна. Энд ШУА болон Их дээд сургуулиудыг хамтад нь сөнөөсөн нөхдүүд туйлын идэвхитэй оролцож байна. Тэд Их дээд сургуулийг "илүү дээр" гэж бодож байна. Үнэн хэрэг дээрээ Монголын Их дээд сургуулийн систем ч гэсэн үхэл мөхлийн ирмэг дээр байгааг тэд анзаарахгүй байна. Тэд мөхөж байгаа хоёр юмыг нийлүүлэх, эс нийлүүлэх тухай ярьж байна.

16. Нөгөө талаас ердөө л ШУА, Их дээд сургууль гэсэн хоёрхон юмны дотор бодож байгаа нь үнэхээр өрөвдөлтэй байна. Монголд энэ хоёроос өөр шинжлэх ухаантай холбоотой нэлээд газар бий.

17. Монголд бие даан хөгжүүлж дэлхийд гайхуулах боломжтой хоёрхон том шинжлэх ухаан бий. Энэ нь археологи, палеонтологи хоёр юм. Учир нь Монгол орон өөрөө энэ хоёр шинжлэх ухааны өлгий юм. Иймээс энэ хоёр хүрээлэнг тусгайлан анхаарч Археологийн Хүрээлэнг Үндэсний Түүхийн музейтэй, Палеонтологийн Хүрээлэнг Байгалийн түүхийн музей болон Динозаврын музейтэй нийлүүлэн Үндэсний судалгааны том Төвүүд байгуулах ёстой.

18. Музейг "хуучны юм үздэг газар" гэсэн мунхаг харанхуй ойлголтоосоо бид салах ёстой. Олон улсын жишиг ч ийм байгаа. Археологийн болон Палеонтологийн Хүрээлэнгүүдээ музейнүүдтэйгээ нийлүүлсэн хүчирхэг Төв байгуулж чадвал бид дэлхийд тэргүүлэх, бас гайхуулах боломжтой. Тэртэй тэргүй музейнүүд чинь Боловсролын яамны мэдэлд байдаг биз дээ. Дэлхийг шагшруулсан үлэг гүрвэлүүд, нэн эртний түүхэн олдворуудаа подвалд хадгалдаг маанаг тэнэг улс Монгол л байна. Дээр дурдсан Шинжлэх ухааны цогцолборыг байгуулж чадвал дэлхийд алдаршсан эрдэм, шинжилгээ, судалгаа, онол, сургалт, түүх, соёл, аялал, жуулчлалын Үндэсний Цогцолбор хөгжүүлэх сайхан боломж нээгдэнэ

19. Хэрэв энэ зарчмыг ойлгож чадвал "ШУА+Их дээд сургууль" гэсэн улиг болсон "хоёртын тооллын" мунхаг харанхуй сэтгэлгээнээсээ салж чадах бөгөөд энэ зарчмын дагуу бусад хүрээлэнгүүдийг ч цоо шинээр эмхлэн цэгцэлж болно.

20. Эдүгээ Монголд "Шинжлэх ухааны яамны" дарга болох гэсэн хүмүүсийн хооронд зодоон болж байгааг би сайтар ойлгож байна. Хэрэв дээр дурдсан орчин үеийн, чөлөөт, ирээдүйтэй, дэвшилтэт зарчмыг ойлгосон хийгээд зөвшөөрсөн тохиолдолд би бусад хүрээлэнгүүдийг яаж зохион байгуулах талаар саналаа хэлж болох юм.

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: www.ganaa.mn