АНУ болон Их Британи дахь Монгол судлалын эхийг тавьсан Оуэн Латтимор (1900-1989) бол ганц Монголоор тогтохгүй Хятад, Төв Ази судлалд Америктаа толгой цохьсон нэрт эрдэмтэн, Монгол болоод Дорно дахин судлалаар 20 гаруй ном бичсэн зохиолч байв. Тэрбээр туурга тусгаар Монгол орныг АНУ-аар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөнөө насаараа тэмцэж, түүнээсээ болж “коммунист”, “ЗХУ-ын тагнуулч” гэгдэн элдвээр гүтгэгдэн, хавчигдаж явжээ. Шавь нар болоод Монголыг гэсэн сэтгэлтэй эрдэмтэн, судлаачдын дунд монгол ёсоор Ла багш хэмээн хүндлэгдэж асан тэрбээр Дилав хутагт Жамсранжавыг өнгөрөгч зууны ороо бусгаа үед АНУ-д очиход нь тусалсан гол хүн юм.

Английн нэрт монголч эрдэмтэн, антропологич Кэролин Хамфри 1983 оны тавдугаар сарын 21-ний өдөр Ла багштантай гурван цаг хэртэй ярилцсаны баталгаа хуучирч, муудсан нэгэн бичлэгээс өвгөн эрдэмтний яриаг товчлон орчуулснаа хүргэж байна.


- Та өөрийгөө түүхч гэж үздэг үү. Эсвэл антропологич уу, газарзүйч үү?


- Хариулахад тун хэцүү асуулт байна. Би нэрлээд хэлчих нэг ч их сургууль дүүргээгүй хүн шүү дээ. Гэхдээ түүхч болгон өөрийгөө газарзүйч гэж боддог. Харин газарзүйч хүн “Би бас антропологич оо” гэж хариулах вий. Антропологийн мэргэжилтэн ч гэсэн түүхийн ухаанд нэвтэрхий байж таарна. Энэ бол эцэс төгсгөлгүй тойрог. Тайлбарлах гээд үзье л дээ. Хүн төрөлхтөнд тохиолдсон юм бүхэн цаг хугацааны эрхшээлд багтана. Харин тэр болгон нь аль нэг тодорхой газарт өрнөсөн байгаа. Тэгэхээр түүх, газарзүй хоёр мөнхийн холбоотой юм.

- Монгол орныг анх яаж сонирхох болов?

- Их санаандгүй явдал болсон юм. Би 19 настай байлаа. Их сургуульд элсэх боломжгүй болоод Хятад дахь Британийн нэг пүүсэд ажилд орсон. Хүүхэд насныхаа нэлээд олон жилийг Хятадад өнгөрүүлсэн болохоор тэр шүү дээ. Гэхдээ би Хятадын боомт хотуудын аж амьдралаас бүр уйдаж гүйцээд байв. Тэр үед худалдааны янз бүрийн гэрээ хэлэлцээрээс болоод гаднынхан хятад хүмүүст хаалттай тусгай бүсэд амьдардаг байсан юм. Тэгсэн хэр нь бидэнд компанийнхаа салбарыг хүссэн газартаа нээх боломж байгаагүй. 1920-иод он гэдэг иргэний дайн дажнаас болж Хятадад цаг хэцүүдээд байсан үе. Худалдаа наймаа эрхлэхэд ч бэрхшээл их байлаа. Миний ажил чухамдаа тийм элдэв саадтай учирсан хятад түншүүдийнхээ хамт нутгийн гүн рүү явах, ялангуяа хууль бус татвартай холбоотой хэрэг заргыг шийдэхэд туслах байсан юм. Тэгж яваад нэг удаа Өвөр Монголын хил дээр тулж Ар Монгол, Түвд, Хятадын Туркистан буюу одоогийн Шинжаанаас ирсэн гэх хэд хэдэн жингийн цуваатай таардаг юм байна. Тэр цувааг харах үнэхээр сонин сайхан байж билээ. Төмөр зам, өнгө өнгийн чингэлэгний дэргэдүүр өнгөрөх тэмээн жингийн цувааг харахад Марко Пологийн үзэж харсан ертөнц ган төмрийн эринд амилж байх шиг санагдаад, чухам тэр л дүр зургаас болж хариуцаж явсан даргаасаа “Нутаг орны аж байдлыг сайн судлаагүй болохоор ажил урагшгүй байна. Эндхийн байр байдлыг таньж мэдье. Нэг жилийн чөлөө олгооч” гэж гуйлаа. Гэтэл дайн болж байна, аюул осол ихтэй, нутгийн зэрлэгүүдэд баригдана, барьцааны мөнгийг чинь төлж чадахгүй гээд янз бүрийн шалтаг тоочоод халгаадаггүй. Тэгэхээр нь “Таныг зөвшөөрөхгүй бол ажлаасаа гаръя даа” гэж хэлээд л зам мөрөө хөөсөн дөө. Түүнээс хэдэн жилийн дараа Харвардын их сургуулийн Антропологийн тэнхимд жил хэртэй суралцсан. Ном ёсны гэж болох ганц дээд боловсрол маань тэр юм. Дипломтай болох гэж биш, харин нийгмийн ухааны эрдэмтэн судлаачид чухам юуг сонирхож байна вэ, ажиллах арга барил нь ямархуу юм бэ гэдгийг мэдэх гэж сурсан хэрэг. Дараа нь Хятадад эргэн ирж, Манжуурт жил орчим амьдраад Монголоор аялсан. Тэгэхэд зөвхөн хятадаар ярьдаг, хятад хэлтэй монгол хүмүүсийг л бараадаж явдаг байлаа. Тийм янзаар удвал Монголыг яаж таньж мэдэх вэ дээ. Тэгээд л монгол хэл сурахаар эргэлт буцалтгүй шийдсэн. Бээжинд буцаж очоод нэг буянтай монгол буурлаар бүтэн өвөлжин бичгийн болон ярианы монгол хэл заалгасан. Тэр хүн суурийг минь маш сайн тавьж өгсөн юм. Би дараа хавар нь гэхэд л Монголын нутгаар жинчдийг дагаад явж байлаа шүү дээ. Тэр үед надтай жил бүр жин тээдэг байсан нэг хархүү эх хэлээсээ өөр хэл мэддэггүй, холын замд түшигтэй нэгэн байсан нь надад их хэрэг болсон. Бид хоёр дөрвөн тэмээ худалдаж аваад их ч явсан даа. Хэдэн сарын дараа гэхэд миний хэл мэдэхгүйн зовлон байхгүй болсон. Би нутгийн ардын ахуй амьдралд ч дорхноо дассан.

- Та тэр үеийн жингийн цуваа, ачаа хөсгийн талаар ярихгүй юу. Ямархуу хүмүүс ямар төрлийн бараа бүтээгдэхүүн тээдэг байв?

- Би яг одоо энэ талаар нэг судалгааны ажил хийж байна. Торгоны зам дагуух улс үндэстэн, тэдний тээж байсан жингийн цувааны талаар юм. Торгоны зам гэж Их цагаан хэрэмнээс Хятад, Оросын нутгаар дамжин Газар дундын тэнгист хүрдэг худалдааны зам байсныг бүгд мэддэг хэр нь түүгээр явах яг ямар байсныг, ямар хууль дүрэм үйлчилж ирснийг одоо цагт хэн ч мэдэхгүй шүү дээ. Харин би бол жинчдийн амьдралыг биеэр үзсэн цор ганц европ цусны болон цорын ганц америк хүн. Би жинчдэд тулгардаг өдөр тутмын саад тотгорыг, нэг тэмээнд тээх ачаа барааны хязгаарыг, элсэрхэг газраар болон уулархаг нутгаар явахад хороох газрын их, багыг хүртэл мэднэ. Тэр бүхнээ “Scientific American” сэтгүүлд бичиж байгаа юм. 1920-иод оны жинчид ноос ноолуураас гадна хонины дотор гэдэс, хөвөн даавуу тээдэг байлаа. Тэр үеийн Хятадад байсан америк, европчууд монгол хонины дотор гэдсээр зайдасны хальс хийдэг байсан юм. Харин хөвөн даавуу нь их учиртай. Дөнгөж аж үйлдвэржээд байсан Орос орон Америкийн иргэний дайнаас болж тэндээс хангалттай хөвөн авч чадахаа байгаад оронд нь хөвөнгийн үр авчруулж, Төв Азид тариалж эхэлсэн нь дэлхийн I дайны дараа, 1920-иод оноос сая нэг овоо ургац өгч Тяньжинь, Шанхайд хүртэл нийлүүлдэг болсон. Жинчид л тэр бүхнийг тээдэг байлаа.

- Жинчид Хятадаас буцахдаа юу авч явдаг байв?

- Хувцас хунар, дархны багаж хэрэгсэл, тамхи гээд аль таарсан болгоноо л авч явдаг байсан. Худалдааны пүүсийн эзэд туршлагатай, чадварлаг жинчид хөлсөлдөг байсан болохоор юу авахаа тусгайлан захина. Мөнгө гэдэг нүдний гэм. Төв Азийн нэлээд хэсэгт мөнгөн эдлэл, зоосон доллар, Хятадын цаасан мөнгийг ашиглаж байсан. Монголд бол жингийн цувааг хариуцаж яваа хүн нь ямар мөнгөөр арилжаа хийх, буцахдаа юу тээх, бараа солилцох үгүйгээс эхлээд бүх зүйлээ толгой мэдэн шийднэ. Жин тээлгэж байгаа эзэн нь хамт яваагүй бол шүү дээ. Тэмээг говь цөлийн хөлөг онгоц гэдэг. Угтаа жингийн цуваа л тал нутгийн жинхэнэ хөлөг онгоц юм. Ахлагч нь хөлгийн ахмад шиг, туслах нь түүний орлогч шиг, бусад нь хөлгийн багийн гишүүд шиг байдаг. Жин тээхэд олон янзын дүрэм журам байдаг нь ч хөлөг онгоц дээрх амьдралтай төстэй. Гэхдээ монголчууд жин тээдэг байсан уу гэхээс, хятад худалдаачидтай адил монгол худалдаачин гэж байгаагүй.

- Тэр үеийн монголчуудын аж байдлын талаар ярихгүй юу. Өдөр тутмын амьдрал нь ямархуу байв?

- Монголтой танилцсан цаг үеэ би хоёр хэсэгт хувааж үздэг юм. Анхны аяллаараа би Хятадын жингийн цуваа дагаж явсан, юу хүссэнээ сонирхъё гэхээр хятадаас өөр хэлгүй байсан болохоор тэр үеийн олж харсан бүхэн маань ихэд хятаджсан байж. Жин тээж яваа хятад нөхөр Монголын талаар, замд таарах олон үндэстэн ястны талаар юу ч мэдэхгүй. Ойр зуурын хэдхэн монгол, казак үгтэй. Тиймээс л би монгол хэл сурахаар шийдсэн хэрэг. 1930-аад оны монголчуудын аж амьдрал, ялангуяа өвөрмонголчуудын байдал их хүнд байлаа. Хятадууд төмөр замаа Өвөр Монголын хил хүртэл тулгачихсан, зарим хэсэгт нь бага багаар нэвтрүүлчихсэн, түүнийг нь дагаад хятад иргэд Өвөр Монголд суурьшиж эхлээд байсан үе. Америкчууд нутгийн уугуул индианчуудыг газар нутгаас нь яаж шахаж зайлууллаа даа, яг л тиймэрхүү явдал болж байсан. Хятадууд Өвөр Монголын аймаг, хошуудын ноёдыг хахуульдаж, заримыг нь дарамталж, зүйл бүрээр хавчиж байлаа. Монголчууд Хятадын талд орсон тайж түшмэдээ үзэхгүй. Угаасаа эрх ямбатнууд ард иргэдээ захирна уу гэхээс газрын эзэн байх ёс Монголд огт байгаагүй болохоор тэр шүү дээ. Газар нутаг гэдэг бүх ардын өмч байтал хэдэн үеэрээ нүүж, сууж ирсэн нутаг орноосоо хүмүүс хөөгдөж байсан. Суурин амьдралтай болж, газар тариалан эрхэлж байсан цөөн тооны монголчууд бүр ч их хохирсон доо. Тэднийг тэмцэж босоход шууд л зэвсэглэсэн бүлэг этгээдүүд гэж үзэж байсан. Өдөр тутмын ахуй амьдралын хувьд тэр үеийн монголчууд хот айл болон хэд гурваараа айлсаж амьдардаг, дор бүрнээ ажил үүргийн нарийн хуваарь, зохион байгуулалттай, бие биедээ нөмөр нөөлөгтэй, ихэд дэм тустай амьдардаг байсан. Одоо ч тэр уламжлал нь алдагдаагүй байна. Нүүдэлчдийн ахуй соёл зарим хүний ярьдаг шиг харанхуй бүдүүлэг биш юм. Харин ч ихээхэн цогц, харилцан шүтэлцээтэй нийгэм. Ямар малыг хаана, хэдийд бэлчээрлүүлэх, улирлын аясаа дагаж хаашаа нүүдэллэх, бусдын мал хөрөнгийг өөрийнх шигээ хайрлаж хамгаалах гээд асар нарийн ухаан нүүдэлчдэд бий. Монгол эмэгтэйчүүд гэхэд л суурин амьдралтай аль ч соёл иргэншилт түмний эмс хүүхнүүдээс илүү эрх дархтай, ахуй амьдралын хэрэг явдалд нөхрүүдээсээ илүү үүрэг оролцоотой байдаг. Суурин соёл иргэншилд эрчүүдийн хүч тэнхээ чухал байдаг бол нүүдлийн соёлд гэр бүлээ тэжээх, ахуйн гол ажлыг нугалах эмэгтэйчүүдийн ухаан онцгой чухал, түүнийгээ дагаад ч тэгж давуу эрхтэй эдэлж ирсэн хэрэг. Монгол гэрт жишээ нь, гэрийн эзэн эзгүй байлаа гэхэд эхнэр нь түүнийг орлож, зочдыг дайлж цайлж, орж гарах хүмүүстэй чөлөөтэй яриа хөөрөө дэлгэдэг юм.

- Таны жингийн цуваа даган явж байсан 1920-30-аад оны үеийн Монгол орон, орчин цагийн Монгол улс хоёрын хооронд асар их ялгаа бий. Тэр бүх өөрчлөлтийн талаар та юу хэлэх вэ?

- Монголын тал нутагт зочид гийчдийг хүндлэх, цайлах ундлах ёс бараг өөрчлөгдөөгүй. Харин Улаанбаатарт хөгжиж буй бусад улс оронд ажиглагдах болсон бүхий л өөрчлөлт явагдаж байна. Миний бодлоор өнөөгийн Монголд тулгарч байгаа гол бэрхшээл бол хүн хүчний хомсдол. Азийн өөр аль ч хэсэгт Монгол шиг хүн амын хэт өсөлт гэхээсээ хүнгүйдэхийн сөрөг тал нь бэрхшээл болсон газар байхгүй. Хөдөөний иргэд хот суурин газар бараадах нь ихсэж байна. Залуус ажилтай болж, суурь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ гээд олон зүйлийг үнэгүй хүртэж байгаа нь сайн л хэрэг. Гэхдээ үр хүүхдүүд нь эцэг эхээсээ түрүүлж гэртээ ирдэг болж, хараа хяналтаас гарч байгаад, уламжлалт монгол ахуйгаасаа холдож байгаад миний санаа зовдог юм.

- Та Өвөр Монголын тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний удирдагч Дэ ван хэмээгдэх Дэмчигдонров, Өвөр Монголын өөртөө засах орны үндэслэгч эцэг гэгддэг Улаанхүү нартай танил байсан. Бас өөр нэг эрхэм хүнтэй олон жил нөхөрлөсөн байдаг. Би Дилав хутагтын талаар ярьж байна л даа.

- Тэр үнэхээрийн гайхамшигтай хүн байсан. Би түүнтэй нэг монгол танилаараа дамжуулж, Бээжинд анх танилцаж байлаа. Монголоос илүү түвдөөр сайн ярьдаг, чинхүү сүсэг бишрэлтэй, Алтайн хязгаарт Улиастайн захирагчаар тохоон томилогдож байсан, их номтой хүн. Тиймдээ ч 1920-30-аад оны үеийн хамгийн оюунлаг, билэг авьяастай хүмүүстэй уулзаж учирч явсан байдаг юм. Харин 1930-аад оны сүүлчээр Хэлмэгдүүлэлтийн үед Японы тагнуулч гэгдэн баригдаж, албадан нутаг буцаагдсан. Тэгээд буцах замдаа Өвөр Монголд саатаж, Дэ Вантай ойртож нөхөрлөсөн байдаг. Япончууд Бээжинг эзлэх үед бас л баригдаж, удалгүй Хятад руу буцаад Шанхайгаас Хонконг, тэндээсээ Чунчин хүртэл явсан. Дилав хутагтыг Чунчинд байхад нь 1941 онд би бас тэнд байж таарсан юм. Тэр бол миний Чан Кайшийн зөвлөхөөр ажиллаж байсан үе шүү дээ. Хутагт бид хоёр тэнд нэг хэсэг бүр цугтаа амьдарч байлаа. Тэгэхдээ ихэвчлэн монголоор ярина. Бидний яриаг хэн ч ойлгохгүй болохоор тэр нь хэн хэнд маань амар байсан юм. Удалгүй япончууд ч ялагдлаа. Дайны дараа Дилав хутагт Хонконгоор дамжин Калькуттад, дараа нь тэндээсээ Түвдэд хүрч, тухайн үед хүүхдээрээ байсан Далай ламд шадарлаж байсан түүхтэй. Чан Кайшийг ялагдах үед хутагт Бээжинд байсан. Тэгээд Түвд рүү буцах гэж байгаагаа мэдэгдэхээр надад хэл хүргүүлсэн байлаа. Тэгэхэд нь би түүнийг Америкт ирээч гэж хүссэн. Дилав хутагт миний Жонс Хопкинсын их сургуульд ордог байсан хичээлүүдэд идэвхтэй суух болж, гэр бүлийн маань эрхэм хүндтэй зочин болсон доо. Намайг гэр бүлийн хамт 1963 онд Англид шилжин суухад хутагт америк найзуудынхаа хамт Нью-Йоркт үлдсэн. Гэтэл удаа ч үгүй хорт хавдартай нь мэдэгдэж, хүү маань намайг ирээч гэж гуйлаа. Дилав хутагт хүүтэй минь их ойр дотно байсан юм л даа. Барууныхны ёсоор бол загалмайлсан эцэг, хүү хоёр шиг л байсан. Хүү маань захидалдаа “Хутагт таныг амжиж ирнэ гэвэл ахиад жаахан тэснэ ээ гэж байна” гэж бичсэн байсан. Би шалавхан Нью-Йоркт эргэж ирсэн. Тэгж л амьсгал хураахад нь дэргэд нь байсан хэрэг.

- Судалгааны ажлаа өнөөдрөөс эхлэх байсан бол та Монгол судлалын, ерөөс дэлхийн түүхийн аль цаг үе, ямар үйл явдлыг илүүтэй сонирхох вэ?

- Бүхнийг дахиад эхнээс нь эхлэх боломж олдвол би Монголын эзэнт гүрний их байлдан дагууллын талаар судлах байх. Зөвлөлтийн түүхчид энэ цаг үед Чингис хааныг ердөө үй олноор нь хороодог харгис хэрцгий хүн байсан гэж үзэж байгаа. Харин хятадууд түүнийг худалдааны чухал зам нээсэн, Төв Азийг өрнө дахинтай холбосон гэдэг. Энэ эрс тэс байр суурь Орос, Хятадын одоогийн таагүй харилцаанаас болж тун туйлбаргүй байна. Би хувьдаа Чингис хааныг хэдий их эвдрэл сүйтгэл авчирсан ч ганцаараа зэрлэг балмад байгаагүй гэж үздэг. Түүний цаг үед аливаа асуудлыг угаасаа зэр зэвсгээр шийддэг байсан шүү дээ. Энэчлэн дурдвал их зүйл бий. Түүний түүх намтрыг бүхэлд нь харлуулалгүй сайтар судлах хэрэгтэй.