2009 оны зун МАХН буюу одоогийн МАН-ын удирдлагууд Тэрэлжид найралж байгаад нэгэн тунхаг баталчихаж л дээ. Ингээд л гэнэт баталсан тунхагаа үзээд намын удирдлагууд нь их ч баярласан гэдэг. Түүндээ намын уугуул нэрээ сэргээж, үндэсний ардчилсан үзэл баримтлалыг чиг шугамаа болгоно гэх мэт сүржин гоё заалтуудыг хавчуулчихаж. Ингээд Намын 26-р их хурлаасаа өмнө намын мянга мянган гишүүдээрээ хэлэлцүүлнэ гээд л мориндоо мордоцгоосон байна.

Намын нэрийг сольж, уугуул нэрээ сэргээхийг намын гишүүд нэгэн дуугаар 100 хувь дэмжлээ гээд л сурталчилаад байсан. Гэтэл бодит байдал дээр намын гишүүд нь 100 хувь эсэргүүцэж байсныг бүгд л дэмжлээ гээд зарлаад байж л дээ. Ингээд их хурал нь ч хуралдаж, МАХН МАН болж нэрээ солиодохов. Ёстой болох юм болдгоороо болж нам хоёр хуваагдлаа. Намын гишүүд нь намынхаа удирдлагуудын мунхагийг гайхаж, улс төрийн хүрээнд "Тунхаг ихэдвэл мунхаг болдог" гэсэн шинэ зүйр үг моодонд оров.

Үүгээр МАН хуваагдаж, өнөөдрийн ялагдалд хүрсэн түүхийн эхлэл байсан гэдгийг сануулсан хэрэг. МАН задарсан явдал бол өрсөлдөгч АН-д маш их ашигтайгаар эргэсэн гэдгийг өнөөдөр тэмдэглэх нь зүйтэй.

Гэхдээ АН яллаа гээд улс оронд хөгжил дэвшил, шударга ёсны гэрэл туссангүй. Яг л өмнөх МАН-ын үргэлжлэл мэтээр ажиллаж байна. Бид нэг зүйлийг сайн ойлгоогүй нь МАН, АН хоёр ямарч ялгаагүй гэдгийг ойлгосонгүй. Хоёулаа мафижсан, хуучны хувьсгалт намын бүтэц зохион байгуулалттай, хоёулаа өмч хувьчлалаас ашиг хүртсэн, хоёулаа олигархиудтай, хоёулаа мэдлэг боловсролын, онолын хямралд орсон. Эцсийн эцэст тэд өнөөдрийг хүртэл хуйвалдсаар л ирсэн.

Энэ бүхнийг нуршаад байгаагийн цаад зорилго нь өнөөдөр эрх барьж байгаа АН-д жигүүр ургаж, цор цор хийж эхэллээ. Намынхаа дүрэм журмыг барьж ажиллахыг сануулж, хэрэв үгийг нь сонсохгүй бол намын гишүүдээ цуглуулж, их хурлаа хуралдуулан дүрмэндээ өөрчлөлт оруулахаа ч мэдэгдээд байна. Энэ бол ялзарсан намд гарч буй зүй ёсны үзэгдэл.

Магадгүй энэ асуудал даамжирвал АН МАН-ын түүхийг давтаж хоёр хуваагдаж ч болно. Гэхдээ үүнийг хэлэхэд дэндүү эрт байна. Ямартай ч АН дотроос намаа эрүүлжүүлэх дуу сонсогдож эхэллээ. Яг л 2009 онд МАХН-д сонсогдож байсан шиг. Гэхдээ цаашид юу болохыг жигүүрийнхний тэмцэл, намын удирдлагуудын сийрэг ухаанаас ихээхэн хамаарна.

МАН, АН гэсэн энэ намууд задарч, шинэчлэгдэж, эрүүлжиж байж л энэ улс орон хөгжих болно. Түүнээс өөрөөр гарах гарц гэвэл ерөнхийлөгч намуудыг татан буулгах зарлиг гаргаж болох юм. Энэ бол төрийг хүчгүйдүүлж байгаа намуудын асуудлыг шийдэх хоёр гарц. Эцсийн эцэст төрийн хүч суларсан газар л хөгжил зогсдог байна. Үүний сонгодог жишээ нь манай улс.