Техник технологийн хөгжил дэвшлийн үр дүнд нийслэлчүүд бидний өдөр тутам хэрэглэгддэг бүх л зүйлс улам “ухаалагжиж”, хэрэглэхэд хялбар болж иржээ. Энэ дэвшил нийтийн тээврийн үйлчилгээнд ч нэвтэрч, уур уцаартай кондукторууд үнгэгдэж, хорчийсон цаасан мөнгөний хэрэглээ ард үлдэж, иргэд ухаалаг цахим картыг сонгох болсон.


Нэг талаар энэ нь бусад дэлхийн хотуудын жишгийг дагасан ухаалаг шийдэл боловч нөгөө талаар нийтийн тээвэр алдагдалтай ажиллах нэг үндэс болж буй аж. Жолооч автобусны бэлэн мөнгөний хайрцагнаас мөнгө хулгайлах, иргэд хуурамч мөнгөн дэвсгэртээр үйлчлүүлж байгаа гэх мэтчилэн нийтийн тээврийг тойрсон хар бараан мэдээллүүд сүүлийн үед цахим сайтуудаар цацагдах болсон. Тиймээс ухаалаг системийг нэвтрүүлсэн, кондукторгүй нийтийн тээврийн үйлчилгээ бодит байдал дээр ямар байгааг энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аараа хүргэж байна.

Манай сурвалжлах хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтийн тээврийнхнийг онилж, сурвалжлагаа бэлтгэсэн юм. Амралтын өдөр болохоор тэр үү, олны нэрлэж заншсанаар Багшийн дээдийн автобусны буудал хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Автобуснууд нэг нэгээрээ цувран ирж, ээлжлэн зогсч, иргэд урд хаалгаар нь орохдоо цахим карттай нь картаа уншуулж, картгүй нэг нь бэлэн мөнгөө автобусны урд хэсэгт байрлах хайрцагт хийж үйлчлүүлэх аж.Нэгэн үе хэзээ ч дасахгүй мэт санагдаж байсан нийтийн тээврийн салбарын шинэчлэлд иргэд аль хэдийнэ дасч, урд хаалгаараа ороод карт уншуулах машинд цүнхээ ганц удаа дараад, харин буухдаа хойд хаалганы хажууд байрлах машинд дахиж нэг дараад бууж хэвшчээ. Урьдын цагт ааштай, омогтойгоороо алдартай кондукторт чичлүүлж, чимхүүлж, өшиглүүлж, хараалган байж бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг байсан иргэдийн хувьд энэ хэрэглээ үнэхээр нүдээ олсон, оновчтой соёлтой шийдэл болсон нь илхэн харагдана. Бид энэ удаад дөрвөн чиглэлийн нийтийн тээврийг сонгон зорчсон бөгөөд аялал маань МУБИС-ийн төв байрны баруун талд байрлах автобусны буудлаас эхэлсэн юм.

Эхлээд бид МУБИС-Яармаг чиглэлийн автобусыг сонгож, зорчлоо. Автобусанд ормогцоо л жолоочийн дэргэд байрлах карт уншигч машины хяналтын самбар харагдахуйц байрлалд зогсч, иргэд бэлэн мөнгө, картны алийг сонгон үйлчлүүлж байгааг “тагнах”-аар шийдсэн юм. Автобусны урд хаалгаар иргэд цуварч орох бөгөөд ахмадууд сурмаг гэгч нь цүнхээ машинд уншуулаад л арагшаа явж, суудал дээр тухлах аж. Жолоочийн хажууд байрлах хянагч самбарын зүүн талд хоёр ногоон өнгийн гэрэл асах бөгөөд дээд талд нь хөнгөлөлттэй зорчих карт уншуулахад нэгийн тоо, харин хөнгөлөлтгүй карт уншуулахад 500 гэсэн тоо гарч ирдэг юм билээ. Карттай нь картаа уншуулаад зорчиж байхад харин картгүй зарим нь бэлэн мөнгөний хайрцагт 500 төгрөг хийж байна.

Гэхдээ нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь 100-тын дэвсгэртээр үйлчлүүлж байгаа бололтой. Учир нь тус автобусны бэлэн мөнгөний шилэн хайрцагт зуут голдуу дэвсгэртүүд харагдаж байлаа. Их хотын баруун урд зүгийг чиглэн давхих автобусанд зогсоол бүрээс зорчигчид сууна. Ингэхдээ нийтийн тээвэрт “туулайчлах” явдал ихэссэн нь зөвхөн нэг чиглэлийн автобусаар зорчиход л ажиглагдаж байсныг энд тэмдэглэх хэрэгтэй болов уу. Бага насны хүүхдүүд бараг л мөнгө төлөхгүй үйлчлүүлж байна гээд хэлчихвэл хэтийдэхгүй. Жижиг биетэй учир жолооч анзаардаггүй юм уу, ямартай ч, энэ автобусанд суусан хүүхдүүд бүгд л мөнгө төлөлгүй орох хаалгаар ормогцоо л шууд хойшоо гүйж байсан. Харин хөнгөлөлттэй карттай хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд картаа машинд уншуулах бөгөөд тэдний ар өврөөр “туулайнууд” орж ирэх нь элбэг аж. Гаднаас нь харахад цэвэрхэн хувцасласан залуухан хос “Ард” кино театрын автобусны буудлаас манай автобусанд суусан юм. Тэд орж ирмэгцээ л хоосон суудал бараадан суучихав.

Бэлэн мөнгөний хайрцагт мөнгө хийгээгүй атлаа картаа ч бас уншуулаагүй тул тэднийг мөнгөө хийх болов уу гэж их л анхааралтай ажиглалаа. Гэсэн ч тэд “Чи мөнгөө хийгээгүй юм уу” гэж шивнэлдэж байгаад “Жолооч анзаараагүй юм чинь яах вэ” гэсэн байдалтай жишим ч үгүй сууж байгаад буух буудалдаа ирмэгцээ гарч одсон. Тэдний дараа 40 гаруй насны эрэгтэй 5000 төгрөг барьсаар орж ирэв. Уг нь автобусны хайрцагт 500 төгрөг хийх ёстой гэдгийг хүн бүхэн л мэдэж байгаа. Гэтэл “Бүхэл мөнгөтэй, задлах хүн байна уу” гэсээр орж ирсэн энэ эрэгтэй туйлын хачин санагдав. Тэрбээр орох хаалганы дэргэд хэд эргэлдэж байгаад автобуснаас буугаад явчихав. Иргэдийн олонхи нь 100-тын дэвсгэртээр өнгөлсөн, нугалсан мөнгө хийж байсан учраас тэднийг 500 эсвэл 200 төгрөг хийж байгаа эсэхийг хянах ямар ч боломжгүй ажээ.

Түүнчлэн иргэдийн зарим нь мөнгөө төлөлгүй орж ирчихээд суудалдаа суусныхаа дараа санаж, буцаж очин мөнгөө хайрцагт хийх тохиолдол байх авч зарим нь 1000 төгрөг барьж орж ирчихээд 500 төгрөг сураглаж, жолоочийн нүдийг хариулж байгаад шуудхан суудал бараадах тохиолдол ч гарч байсан. Бүр өндөр настнуудад олгосон хөнгөлөлттэй зорчих эрхийн картаар хүү нь эсвэл охин нь үйлчлүүлэх, сурагчийн цахим картаар насанд хүрсэн хүн үйлчлүүлээд явах ч тохиолдол гарч байв. Хоёр хүн орж ирээд нэг нь мөнгөө хийгээд нөгөө нь хийхгүй байх тохиолдол ч гарлаа. Тэр бүрт жолооч шаардлага тавихгүй юм. Иргэд ч нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа бол мөнгөө төлөх ёстой гэдгээ ухамсарлахгүй байгаа бололтой. Гэхдээ үүнд жолооч нарыг буруутгах арга үнэндээ алга.

Олон хүний амь насыг хариуцаж яваа эдгээр хүмүүс зорчигчдынхоо аюулгүй байдлыг юу юунаас илүү тавих шаардлагатай болохоор, хүн болгоны хийж буй мөнгийг хараад суух боломж хомс аж. Тэдний хувьд зорчигчидтой мөнгө төлсөн төлөөгүй гэх хэрүүл хийж, араас нь хөөцөлдөх боломж үнэндээ гардаггүй гэж байв. Ямартай ч, сүүлийн үед автобусны “туулай” нэлээд олширсон нь эндээс харагдлаа.



Бидний суусан автобус хурдлан давхисаар эцсийн буудалд хүрч эргэн зогсоход бэлэн мөнгөний шилэн хайрцагны дундаас доогуур хэртэй мөнгө цугларчээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэчлэл хийгдсэнээр ааш муутай кондукторуудын үүрэг үгүй болсон. Гэхдээ жолооч нарын хувьд зорчигч нараа зорьсон газарт нь аюулгүй хүргэхээс гадна мөнгөний хайрцаг, карт уншигч төхөөрөмжөө хянах, автобусаа цэвэрлэх гээд хүлээх үүрэг нь нэмэгджээ. Тиймээс кондукторгүй автобусыг жолоодоход гарах хүндрэл бэрхшээлийн талаар хижээл насны жолоочоос тодрууллаа. Түүнийг Л.Нарангэрэл гэдэг бөгөөд бидэнд ийн хуучилсан. “Цэвэрлэгээнээс эхлээд хүндрэлтэй асуудлууд бий бий. Өнөөдөр л гэхэд нэг залуу автобусанд бөөлжчихөөд хэнэг ч үгүй буучихсан.

Ийм асуудал гарахад бид өөрсдөө цэвэрлэхээс өөр аргагүй. Кондуктортой байсан бол ядаж л бөөлжихөөс нь өмнө буулгачихгүй юу. Ер нь иргэд хогийн сав байсаар байтал ундааны сав, хог хаягдлаа замбараагүй хаях юм. Бид цэвэрлэгээгээ хариуцна, мөнгө төгрөгийн асуудлаа ч хянаж байна. Үнэнийг хэлэхэд хүмүүс 500 төгрөг хийхгүй байгаа. 200 эсвэл 100 төгрөг нугалж хийчихээд л яваад өгнө. Тэр бүр араас нь орилоод байх хэцүү. Зарим нь бүр орж ирээд 10 мянган төгрөг гаргаж ирчихээд задгай мөнгө байхгүй гээд зогсчихно. Тэгээд буудал дээрээ ирэхээрээ буугаад явчихна. Бэлэн мөнгө хийж байгаа хүмүүс их хэцүү байна.

Хөгшин, залуугүй л биднийгээ “хулхидах” юм байна шүү дээ. Цахим төлбөрийн картны хувьд амар байдаг юм. Орж ирээд нэг дарж уншуулчихаад л яваад өгнө. Нэг үеэ бодвол карт уншуулах иргэдийн тоо олширсон. Уг нь бүх хүн карттай болчихвол жолооч нар мөнгөний хайрцгаа “маллах” шаардлагагүй болно. Иргэд их ухамсаргүй байна. Энэ хайрцгийг хар л даа. Миний нэг эргэлтийн орлого шүү дээ” гээд мөнгөний хайрцаг руугаа заах аж. Үнэндээ энэ автобусаар зорчсон картгүй хүн бүр үүргээ ухамсарлаж, мөнгөө бүрэн хийсэн бол хайрцаг ядаж л дундуур мөнгөтэй байх байсан болов уу. Жолоочтой бид цөөн хором ярилцсаныхаа дараа автобуснаас бууж, буцах автобусанд суув. Тус автобусны жолооч нь эмэгтэй хүн байлаа. Гэхдээ эмэгтэй гэлтгүй автобусыг тун ч сайн жолоодож байсан юм.

Түүний хэлж буйгаар цэвэрлэгээ хийх нь асуудал биш хэдий ч, иргэд дутуу мөнгө хийх явдал их байгааг учирлаж байв. Энэ эмэгтэйг Ч.Гантөгс гэдэг. Тэрбээр “Хараа хяналт байхгүй болохоор орж ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь хайрцаг руу дутуу мөнгө хийдэг. Ер нь харж байхад хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүмүүс л карт их уншуулдаг юм. Эмэгтэй жолоочийн хувьд автобусаа өөрөө угааж цэвэрлээд яваад болоод л байна. Гэхдээ хаалган дээр хяналт байхгүй, кондукторгүй болохоор хүмүүс дутуу мөнгө хийх, эсвэл огт мөнгө хийхгүй яваад өгөх нь их байна. Миний хоёр эргэлтийн орлого энэ. Бүхэл 500 төгрөг хийх хүмүүс хуруу дарам цөөхөн байна. Голдуу задгай мөнгө хийдэг. Ингэхдээ 100, бүр 10, 20 төгрөг ч хийх юм. Манай иргэдийн ухамсар их муу байна.

Үүнээс болоод л автобус компаниуд алдагдал хүлээж байна шүү дээ. Жолооч байнга хүмүүстэй харьцаад, араас нь орилоод байх боломж байхгүй. Урдах замаа харна, замын ачаалал ямар байгаа билээ. Байнга мөнгөний хайрцаг руугаа хараад явж чадахгүй. Карт уншиж байгаа дэлгэцээ хянана. Хянагчтай байвал арай дээр л дээ. Гэхдээ нэг талаар кондукторгүй байх нь хэрүүл уруул гарахгүй зүгээр юм. Тиймээс хүн бүр өөрсдөө үүргээ ухамсарлаад хажуугийн мөнгөний хайрцагтаа мөнгөө хийх нь хийгээд, карттай нь картаа уншуулаад нийтийн тээврээр үйлчлүүлээд хэвшчих хэрэгтэй байна.

Сүүлдээ автобуснууд үйлчилгээнд гарч чадахгүйд хүрчихлээ шүү дээ” хэмээн илэн далангүй өгүүлсэн. Биднийг ийн хөөрөлдөж явах зуур автобус түгжрэлгүй замаар хурдлан давхисаар МУБИС-ийн автобусны буудалд хэдийнэ ирчихжээ. Эндээс манай сурвалжлах хэсэг өөр чиглэлийн автобусыг сонгон суух ёстой байсан учир жолоочид асуултад цааргалалгүй хариулсанд талархан дараагийн автобусандаа суухаар гарч одлоо.



Бидний дараагийн сонгосон маршрут бол үргэлж л дүүрэн хүнтэй хөдөлгөөнд оролцдог гэх Халдвартын эмнэлэг-Зүүн салаа чиглэлийн автобус байлаа. Автобусанд ороход дүүрэн хүнтэй байна. Чухам энд л бид “жолооч хулгайч”-тай дайралдсан юм. Цэнхэр өнгийн жийнсэн өмд, малгайтай ноосон цамцыг хааш яйшхан өмссөн 30 орчим насны залуу энэ автобусыг жолоодож явах аж. Өмнө нь суусан хоёр автобусны жолоочийг бодвол залуу хүн гэсэндээ ажилдаа чин сэтгэлээсээ хандаж байна даа гэж андуурмаар орсон бүх л зорчигчдод хяналт тавьж, картгүй иргэдийн төлбөрийг нь мөнгөний хайрцагтаа хийлгэх аж.

Автобус дүүрэн хүнтэй байх бөгөөд буудал дээр зогсох бүрт хүмүүс чихэлдэн орж ирнэ. Жолоочийн хяналт шаардлага өндөр болохоор орж ирсэн картгүй хүүхэд, залуу гэлтгүй бүх хүн мөнгөө хайрцагт хийж байсан. Гэхдээ задгай мөнгөнүүдийг мөнгөний хайрцагт хийлгэж, харин 500 төгрөг сарвайх нэгнийг нь “нааш нь өгчих” гэж уриалгахан нь аргагүй хэлээд, мөнгийг авч жолоочийн хяналтын самбарын ард байрлах хэсэгт хийж байлаа. Мөнгөний хайрцаг ч пиг дүүрчээ.

Гэхдээ 500 төгрөгийг тэр хэсэгт ямар учраас төвлөрүүлээд байгаа нь бидний анхаарлыг татсан тул холоос ажиглаж явсан юм. Хоёр буудал өнгөрөхөд жолоочийн цуглуулж буй өнөөх мөнгө 5000-6000 орчим боллоо. Нэг эмэгтэй 1000 төгрөг барьсаар орж ирвэл жолооч нааш нь өгчих гээд хариулт 500 төгрөгийг нь өгч байна. Тиймээс тэрхэн зуурт “Задгай мөнгөгүй иргэд орж ирэхэд хариулж өгөх үүднээс 500 төгрөгүүдийг төвлөрүүлж байна даа” гэж дотроо таамаглаж явлаа. Автобус цааш явж Улсын гуравдугаар төв эмнэлгийн буудал дээр зогсмогц, автобус хүлээн буудал дээр зогсч байсан зорчигчид урд хаалгаар чихэлдэн орж ирлээ.

Харин энэ байдал жолоочийн хүлээж байсан завшаан гэлтэй өнөөх цуглуулсан мөнгөө нүд ирмэхийн зуур халаасалж орхив. Уг нь автобусанд хоёр камер байдаг юм билээ. Нэг нь урд талын цонхны шилний дээд хэсэгт, харин нөгөө нь хойд талд суурилуулагджээ. Автобусанд сууж буй зорчигчид урд хаалгаар орж ирэх үед камер халхлагдаж, энэ нь жолооч нарт цуглуулсан мөнгөө халааслах боломж олгодог бололтой. Ийм маягаар цуглуулсаар нэлээд хэдэн цаасны “орлого”-той орой буудаг байх нь. 30 гаруйхан насны, хүссэн хүн бүрийн авч чаддаггүй цалин авдаг энэ залуу иргэдийн төлсөн мөнгийг дундаас нь халаасалж байгааг хараад “дургүй” хүрсэнээ нуух юун. Автобусны орлогыг дундаас нь завшдаг гэх мөнгө тоологчид үгүй болсоноор энэ асуудал цэгцэрнэ гэж ойлговол өрөөсгөл бололтой. Харин ч энэ нь жолооч нарт ашигтай байдлаар эргэсэн нь харагдаж байв. Албаныхны хэлж буйгаар компани болгон харилцан адилгүйгээр жолоочийн цалин хөлсийг тогтоодог аж. Тухайлбал, автобусны явсан цаг, эргэлтийн тооноос хамаарч зогчигч тээврийн нэгтгэл 1.1 сая орчим төгрөгийн цалинг жолоочдоо олгодог бөгөөд бусад компанийн хувьд 600-800 мянган төгрөгөөр цалинжуулдаг гэнэ.

Энэ мөнгө одоогийн байдалд чамлахааргүй их мөнгө. Гэтэл тэдэнд цалингаас өөр орлого бас байна. Тэр нь дээр дурьдсан “халааслах” аргаас гадна “савхдах арга” гэж байдаг аж. Автобусны урд хэсэгт байрлах бэлэн мөнгө хийх хайрцаг дахь мөнгө дүүрээд ирэхээр жолооч нэг товчлуур дараад л доош нь унагаж болдог юм байна. Харин бидний суусан автобусны жолооч мөнгөний хайрцаг нь дүүрсэн ч доош нь буулгах сонирхолгүй байгаа нь илэрхий. Тиймээс тэсгэл алдсандаа жолоочоос “Энэ мөнгөө доош нь буулгадаггүй юм уу” гэж асуухад, үл тоосон шинжтэй хэнэг ч үгүй байх аж. Харин миний хажууд зогсч явсан настай хөгшин “Наадуул чинь савхдах гэж байхгүй юу” гэж байна.

Учрыг лавлахад, жолооч нар хайрцаг дахь мөнгөө доош унагалгүйгээр дүүргэж байгаад дээрээс нь савхаар авдаг гэнэ. Ямартай ч, бүх жолооч нарыг ийм гэж хэлэхийг хүссэнгүй. Гэхдээ нийтийн тээвэрт ийм асуудал байгааг нүдээр үзсэнээ буулгасан минь энэ.



Энэ үгийг Халдвартын эмнэлэг-Зүүн салаа чиглэлийн автобусны жолооч хэлсэн юм. Автобус сүлжмэлийн үйлдвэрийн буудал дээр зогсох үед саравчтай малгай өмсч, гартаа “Зар мэдээ” сонин барьсан халамцуу бүсгүй орж ирэв. Тэрбээр өмнө нь кондуктор хийж байсан бололтой жолоочтой их л дотно яриа өрнүүлнэ. Тэдний хооронд цалин, цалингаас гадуурх орлогын талаархи яриа ч өрнөөд амжсан. Бүсгүй “Бид нар өмнө нь хулгайчаас эд нарыг /зорчигчдыг хэлж буй/ хамгаалаад л хэрүүл уруул хийдэг л байсан. Хөгшин настай хүмүүс орж ирэхэд сандал дээр суулгаж өгдөг. Одоо залуучууд нь настай хүмүүст суудал тавьж өгч байгаа юм уу. Мөнгө иддэг уудаг гээд л ярьдаг” гэвэл жолооч “Одоо кондуктортай болбол баяжихгүй юу, тийм ээ” гээд мушилзах нь харагдана.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын бүх орлого Улаанбаатар смарт карт компанийн дансанд төвлөрч, улмаар энэ мөнгө автобус компаниудад тэнцүү хуваарилагдан очих болсоор удаж байгаа билээ. Ийм зохицуулалт хийгдсэнээр өмнө нь цаг, минутаар уралдан зорчигчдоо булаацалдаж, галзуу хулгана мэт давхидаг байсан автобуснууд цөөрсөн. Гэхдээ жолооч, кондукторын хувьд хайрцагт хэдэн төгрөг төвлөрөх нь огт хамаагүй гэлтэй. Явсан цаг, эргэлтийнхээ тоогоор цалинждаг тэдэнд бэлэн мөнгөний хайрцагт хэдэн төгрөг орж, хэдэн төгрөг Улаанбаатар цахим карт компанийн дансанд төвлөрөх нь огт хамаагүй гээд хэлчихвэл хилсдэхээргүй юм билээ.

Тиймээс ч жолооч залуу энэ үгийг зүгээр ч нэг хэлчихээгүй л байх. Уг нь ямагт олон зорчигчтой хөдөлгөөнд оролцдог энэ чиглэлийн автобусны жолоочид тулгарах хүндрэл бэрхшээл их байгаа байх хэмээн бодсоны үндсэн дээр энэ чиглэлийг сонгосноо нуугаад яах вэ. Гэсэн ч энэ жолоочтой хүндрэл бэрхшээлийн талаар ярих ч сонирхол үнэндээ бидэнд байсангүй. Тиймээс ч автобусыг орхиж, дараагийн чиглэлээ сонгохоор буув.



Мишээл экспо чиглэлд явдаг автобуснуудын хувьд цэвэрхэн, бас ч гэж байшин хорооллын боломжтой хүмүүс үйлчлүүлдэг болохоор картгүй хүн гэж алга аа. Гэтэл Ханын материал-Тахилт чиглэлийн автобусаар үйлчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь халтартаж, үнгэгдсэн 100, 500-тын дэвсгэрт хийж байгаа нь иргэдийн амьжиргааны төвшин, нийгмийн давхаргыг хэлээд байх шиг санагдсан юм. Үнэхээр ч өдрийнхөө хоолыг аргацааж буй гэр хорооллын хүмүүст 3600 төгрөгөөр карт худалдаж аваад, түүнийгээ 5, 10 мянгаар цэнэглүүлэх боломж тийм ч их байдаггүй бололтой. Мөн өнгөрсөн есдүгээр сарын 01-ээс карт аваагүй иргэд 1000 төгрөгөөр зорчих ёстой гэсэн журам гарсан ч 500 төгрөгөө бүрэн, бүтэн хийж чадахгүй байгаа иргэд 1000 төгрөг хийнэ гэдэг “үлгэрийн далай” болох нь мэдээж.

Түүнээс гадна смарт картыг их мөнгөөр цэнэглүүлээд алдсан тохиолдол ч гарчээ. Картыг 500-90 000 хүртэл төгрөгөөр цэнэглэж болох бөгөөд ямар ч нууцлалгүй учраас алдсан хүний “хохь” болоод л өнгөрөх юм байна.

Уг нь карт дээр Хэрэглэгчийн төвийн 7811-1289 гэсэн утасны дугаар байх боловч картаа алдсан иргэдэд ямар ч үйлчилгээ үзүүлдэггүй гэх гомдол карт борлуулагч нарт ирэх болсон гэнэ. Тиймээс ахиухан мөнгөөр цэнэглэсэн картаа өөрөө л анхаарч, хямгадаж явахгүй бол алдчихсан тохиолдолд ямар ч арга байхгүй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Тиймээс иргэдийн зарим нь карт авч алдаж байхаар мөнгөөрөө үйлчлүүлсэн дээр юм байна гэсэн сонголтыг хийж байгаа нь арга ч үгүй юм. Тэгэхээр смарт картыг нууцлалтай болгож, алдсан ч хаалгах боломжтой болчихвол иргэд их авах нь дамжиггүй.



Бид явсаар “Зүүн Салаа-МУБИС”, “Дэнжийн мянга-Зайсан” гэсэн хоёр чиглэлийн автобусанд суулаа. Энэ автобуснуудад мөнгө хулгайлдаг жолоочтой таараагүй ч, нөгөө л “туулайчлах” үзэгдэл байсаар байна. Ерөнхийдөө аль ч автобусанд бидний дээр дурьдсан асуудал гарч байсныг энд дурьдах хэрэгтэй. Ямартай ч, хянагчгүй автобусанд дээрх зөрчлүүд илэрсээр байна. Харин албаны хүмүүс энэ тал дээр ямар байр суурьтай байгааг сонирхохоор Нийслэлийн нийтийн тээврийн газар болон Улаанбаатар цахим карт компанийн холбогдох ажилтнуудтай уулзаж ярилцсан юм.

Албаныхны хэлж буйгаар автобусны урд хэсэгт байрлах цахим картгүй иргэдийн бэлэн мөнгөө хийх хайрцаг хоёр түлхүүрээр онгойдог аж. Жолооч тухайн өдрийнхөө ажлыг дуусгаад хайрцгийг компанийнхаа нягтланд хүлээлгэн өгөх бөгөөд маргааш өглөө нь Улаанбаатар смарт карт компаниас нэг ажилтан, автобус компаниас нэг ажилтан хоёр талаасаа нэг нэг түлхүүрээр хайрцгаа онгойлгодог байна. Хайрцгийг онгойлгосныхоо дараа мөнгөө дэвсгэртлэн тоолдог гэнэ. Ингэсний дараа банкны төлөөлөгч автобус компани дээр очиж, тухайн өдрийн орлогод давхар хяналтын тооллого хийснийхээ дараа дансанд төвлөрүүлдэг юм байна.

Гэхдээ одоогийн байдлаар шүү дээ. Энэ сарын 22-ны өдөр НИТХ-аар нийтийн тээврийн талаархи цогц асуудлыг хэлэлцсэн. Үүний дүнд хоёр журам гарсан бөгөөд тун удахгүй мөнгө хураалтын систем өөрчлөгдөнө гэдгийг албаныхан тодотгож байв. Гэвч ямар байдлаар өөрчлөгдөх нь тодорхойгүй байгаа аж. Мөн дутуу мөнгө хийх, “туулайчлах” зэрэг явдал их гарч буйтай холбоотойгоор жолоочийг илүү хариуцлагатай болгох, жолоочийн ажил үүргийг тодорхойлох, урамшуулалт цалин олгох зэрэг ажлууд хийгдэнэ гэдгийг ч мөн хэлж байв. Үүнээс гадна нийслэлийн төсөвт учрах хүндрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээнд зохих тооны шалгагч ажиллуулж, шугамын орлого төвлөрүүлэлт, үйлчилгээний чанарт хяналт тавих шийдвэрийг НИТХ-аас гаргасан. Тиймээс удахгүй нийтийн тээврийн автобус хянагчтай болох аж. Гэхдээ Нийслэлийн тээврийн газраас нэгдсэн журмаар хяналтын ажилтныг сонгон ажиллуулах юм байна.



Нийтийн тээврийн үйлчилгээнд бидний харснаас өөр ямар асуудал гарч байгааг лавлахаар Улаанбаатар смарт карт компанийн маркетингийн менежер Ц.Түвшинжаргалтай уулзлаа. Зорьсон хэргээ хэлж, хариулт авахыг хүссэн ч тэрбээр иргэдэд “ингэж болдог юм байна” гэсэн сэдэл төрүүлэх вий гэдгээс их л болгоомжилж, бидний асуултаас аль болох зайлсхийхийг хичээж байлаа. Гэхдээ жолооч нар мөнгө хулгайлах, үйлчлүүлэгч дутуу мөнгө хийх, мөнгөний завсар цаас хавчиж үйлчлүүлэх, хүчингүй мөнгөн дэвсгэрт ашиглах, бүр цаасан дээр хэвлэсэн хуурамч мөнгөөр автобусанд үйлчлүүлсэн гэх зэрэг тохиолдлууд гарсаныг үгүйсгээгүй юм.

Мөн мөнгө хулгайлсан жолооч нарт тухайн автобус компанитай нь хамтарч арга хэмжээ авч байгаа тухайгаа дурьдсан. Эдгээрээс хамгийн ноцтой нь хуурамч мөнгөн дэвсгэрт ашигласан тохиолдол гэдгийг тэрбээр тодотгож байлаа. Түүний хэлж буйгаар хуурамч мөнгөн дэвсгэрт ашигласан хэргийн цагдаагийн байгууллагад шалгуулж буй аж. Энэ хэрэг нь ноцтой эрүүгийн гэмт хэрэгт тооцогдох бөгөөд хүлээх хариуцлага нь “хүнд” гэдгийг онцолж, бидэнд хуурамч 1000 төгрөгийг үзүүлсэн юм. Гаднаас нь харахад яг л 1000 төгрөг байна гэж андуурмаар байх авч, барьж үзвэл бичгийн цаас шиг зузаан юм билээ. Цагдаагийн байгууллагынхны хэлж буйгаар, мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцдог аж.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 176.1-д “Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Харин хэргийг давтан үйлдсэн тохиолдолд 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна.

Тиймээс тухайн хэргийг үйлдэхэд хүлээх хариуцлагыг нь бодолцож, иргэд хаа хаанаа ухамсартай хандах хэрэгтэй байгааг албаныхан учирлаж байсныг дуулгая. Улаанбаатар смарт карт компанийн зүгээс орж ирсэн орлогыг нийтийн тээврийн компаниудад цаг тухайд нь хуваарилж байгаа ч, орлого нь энэ салбартаа хүрэлцэхгүй байгааг хэлж байлаа. Ямартай ч, хамгийн сүүлд авсан мэдээгээр автобусны цахим карт ашиглагчдийн тоо 540 мянга болсон гэсэн сайхан мэдээг тус компанийнхан бидэнд дуулгасан. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настнууд гээд хөнгөлөлттэй зорчих эрхийн үнэмлэхтэй бүх хүмүүс багтаж байгаа юм байна. Эцэст нь тэмдэглэхэд, нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг, соёлтой систем нэвтрүүлэх тухай мэдээлэл жил гаруйн өмнө цацагдаж байсан.

Харин эдүгээ нийслэлчүүд бид нийтийн тээврийн шинэчлэлд хэдийнэ дасч, ухаалаг соёлтой хэрэглээг сонгох болсон. Гэвч зарим ухамсаргүй иргэд, шуналтай жолооч нарын буруутай үйлдлийн улмаас нийтийн тээврийн салбар алдагдал хүлээсээр байгаа нь бидний бэлдсэн энэ удаагийн сурвалжлагаас харагдаж байгаа юм. Гэхдээ энэ сарын 22-ны НИТХ-аас нийтийн тээвэртэй холбоотой шинэ шийдвэрүүд гарсан тул эл асуудал цаашдаа жигдрээд явна гэдэгт найдаж байна. Их хотын соёл, хөгжил дэвшил та, би, бид бүхнээс эхэлнэ гэдгийг энд дахин сануулъя.

Б.Даваахүү


Эх сурвалж: www.mminfo.mn