Хүмүүсийн амнаас монгол залуучууд хэтэрхий даруу, ноомой байна гэх үгийг олонтоо сонсож байлаа. Бусад орны оюутан залуучууд өөрсдийн эрх ашиг, хүсэл сонирхлын төлөө жагсаж, цуглаж тэмцэж байдаг нь хүмүүсийг ингэж хэлэхэд хүргэсэн байх. Харин сүүлийн жилүүдэд монгол залуучуудын нийгмийн идэвх сэргэж байгаа бололтой. Гэвч энэхүү сэргэлт нь үнэхээр нийгмийн сайн сайхны төлөө юу гэдэг хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна.

Учир нь олонд танигдаад ирэхээрээ аль нэг нам, улс төрийн хүчний ашиг сонирхолд нийцээд алга болчихдог иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн түүхийг л давтах зорилготой амин хувийн эрх ашгаа л бодсон хүмүүс байх шиг.

Өнгөрсөнд залуусын сэтгэлгээ ямар байсныг мэдэхгүй юм өнөөгийн монгол залуусын хувьд алдар нэр, ашиг хонжоо, баярхах бардамнах сэтгэлд дэндүү автчихсан байх шиг. Facebook, twitter зэрэг social media- гаар дүүрэн эх оронч хүмүүс харин үнэн чанартаа зүгээр л дүр эсгэгчид. Улс төрийн талаар ямар ч ойлголтгүй, эдийн засгийн мэдлэггүй хэрнээ сүржин сүржин пост, коммент бичиж байгаа залуусыг хараад өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрөх юм. Улс орны эдийн засаг хүнд байна, засгийн газар юу ч хийхгүй байна гэж ярих мөртлөө энэ тухай ямар ч мэдээлэлгүй зүгээр л хэн нэгэн этгээдийн үгэнд сохроор итгэж, даган дуурайж салбадай царайлах нь тэр залуусыг мэдлэгтэй, эх оронч, олны дунд нэр хүндтэй нэгэн мэт харагдуулдаг байж болох юм.

Тэр ч бүү хэл ном уншихдаа, худалдаж авахдаа гол анхаардаг зүйл нь доторх агуулга, баримт судалгаа гэхээс илүү хэн зохисон бэ гэдэг нь хамгийн гол шалгуур болдог бөгөөд зохиогч нь хэн бэ гэсэн асуултыг цаг үргэлж тавьдаг болж.


Олон нийтийн дунд нэр хүндтэй хүн хэлсэн ярьсан л бол үнэн, зөв гэсэн итгэл үнэмшил хэдийнээ залуусын дунд тогтоод удаж байна. Түүхийг гуйвуулсан, илт үзэл сурталжсан ном зохиолыг ихээр уншиж байна. Түүндээ этгээд хэт өрөөсгөл туйлширсан байдлаар хандацгаах юм. Facebook-ийн групп дээрх пост, комментийг харахад монгол залуучууд маш их завтай байдаг бололтой. Цаг үргэлж л ясаа булаацалдсан ноход шиг хэрэлдэж уралдаж, мэдлэгтэй харагдах гэж ядарцгаах юм. Түүгээр ч барахгүй олон нийтийн таашаалд нийцэж байгаа үзэл бодлоос зөрөх нь мэдлэг чадваргүй харагдуулах мэт санацгаах ажээ.

Магадгүй дэлхийн хамгийн баян иргэд монгол гэдгийг бид өөрсдөө ч мэддэггүй байх. Ухаалаг утас бариагүй хүнийг бараг л хүнд тооцхоо байжээ. Автобусанд ороод суухад л Iphone 4, 5, Samsung galaxy 5 авмаар байна гэж ярих хүмүүсийг харахад монголчууд хэрэглээ, гангараа хоёрыг ялгахаа байчхаад байгаа нь тодорхой харагдана. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах нь зөв л дөө гэвч өөрсдийн амьдралын хэр хэмжээгээ огт мэдэхгүй байна. Үнэтэй утас, брэнд хувцас өмсөөд явж байвал идэх хоолтой байна уу үгүй юу, өртэй байна уу үгүй юу гэдэг нь огт хамаагүй бололтой. Сайхан утас барьснаараа мундаг хүн болчих юм шиг л хийсвэрээр сэтгэцгээх юм даа. Хүн байхын мөн чанар нь сайхан сэтгэл, нэгнээ хүндлэх хүндлэл байлтай гэвч бидний хувьд хүн байх нь тансаг бренд өмсөж, барьж, Хүннү молл (Hunnu mall) орохоос эхэлдэг бололтой.

Олон давхар баг зүүж явдаг хамилон адил залуучуудтай байхад хэзээ ч монголын улс төрд удирдах албан тушаалд жинхэнэ мэдлэг чадвараараа шигшигдэн шалгарсан хүн гарч ирэхгүй, чадах ч үгүй. Мэдлэг чадвартай нэг нь нам дагаж гүйдэггүй болохоор, алдар нэрэнд дурласан нэгэн нь бараг л сурагч наснаасаа нам дагаж далдганадаг болохоор мэдлэг чадвартай нь байрандаа байж, алдар нэрэнд дурласан нь төрд гарж түйвээдэг болох нь.

Социализмын үеийн хүмүүсийг гаднаас нь харахад нэг хэвэнд цутгачихсан мэт ижил хувцасладаг байсан гэдэг. Ингэхээс ч өөр аргагүй байсан гэтэл одоогийн залуучуудын сэтгэлгээ нэг хэвэнд цутгачихсан мэт баригдмал болж ямар нэгэн хувирал өөрчлөлтийг бараг л хүлээж авахгүй, хийрхэл, бардамнал, алдар нэрийн төлөөх хоосон дүр эсгэлт болон хувирчээ.

Шийдлийг гэвч би олсонгүй. Залуучууд өөрсдөө тунгаан бодож, өөрчлөлтийг дор бүрнээ хийх болов уу хэмээн найднам.


С.Ууганбаяр