iKon.mn сайт уншигч та бүхэндээ эрдэмтэд, олны танил хүмүүс, амжилтанд хүрсэн эрхмүүдийн уншсан номнуудаас онцлох 10-г нь хүргэж байна.

Хамгийн түрүүнд та бүхэндээ "Өглөөний хүн" булангийн зочин МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Ундрамын санал болгож буй 10 номыг хүргэж байгаа юм.

Ч.Ундрам "Ном бол биднийг хүмүүжүүлдэг олон мэдээллийн сувгийн нэг юм. Зөв номоо сонгож унших бас чухал байдаг. Тиймээс бага наснаасаа өнөөдрийг хүртэл уншсан номнуудаас хамгийн чухал, сонирхолтой, гүн сэтгэгдэл төрүүлж бодол санаанд минь нөлөөлсөн 10 номыг танд санал болгохын тулд нэлээд их бодлоо.

Ингээд та бүхэнд дараах номыг өөрийн зүгээс уншихыг санал болгож байна" гэлээ.

1. “Өсвөр Насны Хүүхдүүдийн Хэвшүүлэх Хэрэгтэй 7 Зуршил”

Бага болон өсвөр насны хүүхдэд сургааль, сургамж өгдөг агуулгатай олон сайхан үлгэр, зохиолууд, дуртгалууд байдаг билээ. Монгол Улсын хуулийн дагуу насанд хүрч иргэн болсон 16 насны минь төрсөн өдөр АНУ-д хамт амьдарч байсан “Америк Ээж” маань надад “Seven Habits of Highly Effective Teens” (Stephen R. Covey, 1989) номыг бэлэглэж билээ.

Энэ ном цагаа үр ашигтай өнгөрөөх шийдвэрийг амьдралд хамгийн чухал үнэт зүйлс дээрээ үндэслэн гаргах ухааныг надад хайрласан юм. Энэ бол миний уншсан хичээлээс гадуурх анхны англи хэл дээрх ном байсан юм. Тус номын Монгол орчуулга “Өсвөр Насны Хүүхдүүдийн Хэвшүүлэх Хэрэгтэй 7 Зуршил” нэртэйгээр худалдаанд гарсан байсныг хараад маш их баярлаж дүүдээ авч өгч байсан билээ.

2. “Логогүй”

Наоми Клэйний бичсэн “No Logo” буюу “Логогүй” (Naomi Klеin, 2000) хэмээх ном нь капитализм дахь соёлын тунхаг болсон юм. No logo-г уншаад орчин үеийн глобал цаг үеийн капитализмыг өөрөөр харах болсон.

Тус ном нь уншихад бэрх үг хэллэгтэйгээс гадна ойлгохын тулд хайрцагны гаднаас сэтгэхийг шаарддаг. Компани, брэндэд хэт автагдсан дэлхий дахинд таны эдэлж хэрэглэж байгаа зүйлс, харж үзэж, уншиж байгаа гээд хүний нийгмийн амьдралын бүхий л харилцаанд брэнд, лого нөлөөлж байгааг зохиогч илэрхийлсэн. Бид брэндийн эринд амьдарч байгаа бөгөөд бидний болон үр хүүхдүүдийн маань сонирхол, соёл цаашилбал үнэт зүйлсэд Найк, Кола, Прада зэрэг брэндүүд, шоу бизнесүүд хэрхэн нөлөөлж байгааг ойлгох болно.

3. “Амьд Түүх”

АНУ-ын тэргүүн хатагтай, төрийн нарийн асан Хиллари Клинтон өөрийн амьдрал болон тэргүүн хатагтай байх үеийн дурсамжуудаа бичсэн “Living History” буюу “Амьд Түүх” (Hillary Clinton, 2003) номыг оюутан байх үедээ уншиж хамгийн хүчирхэг орны олон улсын харилцаа, улс төрийн амьдралын тухай, мөн тэргүүн хатагтай байна гэдэг ямар хариуцлагатай “ажил” болох талаар ойлголттой болсон юм.

Түүнчлэн чадвартай, ухаалаг эмэгтэй хэрхэн нөхрөө түшиж амжилтанд хүргэсэн,ерөнхийлөгчийн дэргэд түшиг болно гэдэг юу гэсэн үг вэ гэдгийг өөрийн орны тэргүүн хатагтай нар, тэдний үйл хэрэгтэй харьцуулж эрэгцүүлэн бодох завшааныг энэ ном надад олгож байсан.

4. “Эрчүүд Яагаад Сонсож Чаддаггүй, Эмэгтэйчүүд Яагаад Газрын Зураг Уншиж Чаддаггүй вэ”

Эхнэр, нөхөр болох Аллэн, Барбара Пийз (Allan and Barbara Pease, 2001) нарын бичсэн Why Men Don’t Listen and Women Can’t Read Maps буюу “Эрчүүд Яагаад Сонсож Чаддаггүй, Эмэгтэйчүүд Яагаад Газрын Зураг Уншиж Чаддаггүй вэ” хэмээх ном миний нөхөртэйгээ зөв харилцах харьцаанд нөлөөлсөн гэж боддог.

Тус номонд эрчүүд, эмэгтэйчүүдийн аливаа асуудлыг бодох, сэтгэх, хэлэх, хүлээн авахад гардаг ялгаатай талуудыг бодит жишээн дээр дурдсан нь их ойлгомжтой байсан. Би тус номыг нөхөрт гараад жил гаруй болсны дараа уншсан бөгөөд бидний амьдралд маш их эерэг үр дүн өгсөн юм.

5. “Глобальчлал ба Түүний Сул Тал”

2001 онд эдийн засгийн ухааны Нобелийн шагнал хүртсэн Жозеф Штиглицийн бичсэн “Globalization and Its Discontents” (Joseph E.Stiglitz, 2002) буюу “Глобальчлал ба Түүний Сул Тал” ном глобальчлалд оролцож байгаа улс орнууд, хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын тоглолт, хожил, хожигдлын талаар өөр ойлголттой болгоход хүргэсэн юм.

Жозеф Штиглиц нь АНУ-ын ерөнхийлөгчөөр Билл Клинтон ажиллаж байх үед түүний Эдийн засгийн зөвлөлийн дарга, Дэлхийн банкны тэргүүн эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд эдгээр туршлага дээрээ үндэслэн тус номондоо Олон улсын валютын санг 90-ээд оны болон түүнээс хойшх олон улсын эдийн засгийн асуудлуудад буруутгасан юм. Тус номыг уншаад та Глобальчлалыг өөр нүдээр харах болно.

6. “Өнөөгийн Ертөнцийг Үндэслэгч Эзэн Чингис Хаан”

Монголч эрдэмтэн, түүхч Жак Уэтерфордын бичсэн “Өнөөгийн Ертөнцийг Үндэслэгч Эзэн Чингис Хаан” (Jack Waterford, 2012) нь Монголын түүхийг дэлхий дахинд мэдүүлэхэд маш их хувь нэмэр оруулсан ном болсон гэж үздэг. Тус ном нь Чингис хаан болон Монгол түмний ухаан, соёл, үнэт зүйлс нь бусад эзэнт гүрнүүдээс онцгой юм гэдгийг уншигчид ойлгуулж чадсан агуу ном гэж би хувьдаа дүгнэдэг.

7. “Сталин”

Эдвард Раздинскийгийн бичсэн “Сталин” (Edvard Radzinsky, 1997) ном нь ЗХУ-ын лидер асан энэ хүчирхэг бөгөөд ганцаардалтай хүний сайн болон муу талыг ямар нэгэн өнгөлөн далдлах, өөгшүүлж магталгүйгээр бодит байдлаар бичсэн байна гэж би дүгнэсэн. Бидний хойд хөрш болох ОХУ-ын түүхийг мэдэх нь нэн чухал билээ.

8. “Сингапурын Түүх”

Сингапур улсыг өнөөдрийн хөгжил рүү хөтөлсөн Ли Куан Ивын бичсэн “Сингапурын Түүх” (Lee Kuan Yew, 1998) номонд зохиолч тус улсыг нийгэм, эдийн засгийн маш хүнд байдлаас хэрхэн тусгаар улс болгож хөгжүүлсэн талаар өөрийн дурсамжаа бичсэн байдаг. Үүний тулд ямар хүнд давааг туулж, ямар хүнд хэлэлцээрүүдийг тухайн үеийн хүчирхэг лидрүүдтэй хийж, ямар хүнд шийдвэрүүдийг гаргаж байснаа илэн далангүй дурссан байдаг. Энэ номыг Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө санаа зовнидог бүх хүн уншаасай гэж би хүсдэг.

9. “Өрсөлдөөний талаар”

Харвардын их сургуулийн профессор Майкл Портерийн бичсэн “On Competition” буюу“Өрсөлдөөний талаар” (Michael E.Porter, 1998) ном нь өрсөлдөх чадвар болон улс орны өрсөлдөх чадвар гэж юу болох, хэрхэн, ямар стратегиар өрсөлдөж амжилтанд хүрэх талаар өгүүлдэг.

Майкл Портер бол стратегийн менежментийн судлагдахуунд асар их хувь нэмэр оруулсан хүн юм. Түүний сүүлийн 20 жилд хийсэн өрсөлдөөний стратегийн судалгаанууд нь менежментийн шинжлэх ухаанд асар их хувь нэмэр оруулсан бөгөөд эдийн засаг, менежмент ярьдаг, сонирхдог хүн бүр тус номыг унших шаардлагатай.

10. “Дайвар Хүйстэн”

Францын философич, зохиолч Симон дө Бовуарын бичсэн “The Second Sex” (Simone de Beauvoir, 1949) ном нь эрчүүдэд зориулсан ертөнцөд эмэгтэй хүн байна гэдэг нь юуг хэлж буй талаар өгүүлдэг.

Энэ ном 1949 оны Европын түүх соёлд тулгуурлан бичигдсэн бөгөөд үүнээс хойш бүхэл бүтэн 65 жил өнгөрөөд байгаа хэдий ч эмэгтэйчүүдийн ажиллаж амьдрах орчин бараг хэвээрээ, өнгөцхөн төдий л өөрчлөгдсөн мэт надад санагдсан. Тус номыг монгол хэлнээ “Дайвар Хүйстэн” нэрээр орчуулан олны хүртээл болгосон эрдэмтдийн нэг болох доктор, профессор М.Отгонбаяр (бусад орчуулагчид нь Л.Өнөржаргал, Б.Онон) миний хүндэлж явдаг эрдэмтдийн нэг бөгөөд өөрөө энэ номоо надад бэлэглэж байсан юм. "Дайвар хүйстэн"-г уншаад “эрчүүдийн ертөнц”-д ажиллаж амьдарч байгаагийн хувьд эргэцүүлэх зүйл олон гарч байсан бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдээр зогсохгүй эрчүүд ч уншиж мөн чанарыг нь ойлгож эмэгтэй хүнд хандах хандлага нь өөрчлөгдөөсэй хэмээн би хүсдэг билээ.