Хэрэв та хэзээ нэгэн цагт Силикон хөндийн Элизабет Холмсын талаар сонсоогүй бол одоо түүний тухай мэдэх цаг иржээ.

31 настай Холмс бол “бор зүрхээрээ” тэрбумтан болсон АНУ-ын хамгийн залуу эмэгтэй юм. Хэвлэлүүдэд түүнийг “Даашинзтай Стив Жобс” хэмээн нэрлэдэг. Саяхан тэрээр 2015 оны шилдэг бүсгүйчүүдийн эрэмбийн жагсаалтад эхний арав дотор багтсан аж. Алдартай жүжигчид, дуучид, тамирчид ордог энэхүү топ жагсаалтад олны төдийлөн танил бус бизнес эрхлэгч бүсгүй орж ирсэн нь “цагаан хэрээ” мэт санагдаж болохоор бөгөөд энэ чинь юун хүүхэн билээ гэсэн сониуч занг хөдөлгөж байгаа бололтой.

Түүний бизнес бол биотехнологи

Theranos эмзүйн компанийг үүсгэн байгуулагч, хамтран эзэмшигч Элизабет Холмсын өмч хөрөнгө 4,6 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд нийт бизнесийн үнэ нь 9 тэрбум доллар юм.

Өнөөгийн байдлаар, Theranos-ын гол ололт нь 10-аад жилийн уйгагүй хүч хөдөлмөрөөр боловсруулсан нэгэн технологи юм. Энэхүү боловсронгуй аргыг хэрэглэн маш хямд өртгөөр, хурдан хугацаанд, ямар ч өвдөлтгүйгээр, хүний цусанд анализ хийн эрүүл мэндийн байдлыг нь оношлож байгаа аж.

Theranos-ын шинэ ололтын мөн чанар нь 30 төрлийн шинжилгээг хийхийн тулд хүний ганц дусал цус хангалттай байдагт оршино. Өөрөөр хэлбэл, маш олон төрлийн анагаахын чиглэлийн мэдээллийг хүлээн авах боломжтойгоороо онцлог юм.

Холмс болон түүний хамтрагчид өөрсдийн бүтээлээ удаан хугацаанд маш чангаар нууцалсан бөгөөд харин 2014 онд Theranos-ын бүтээл эмийн зах зээл дээр аянга буулгах үед Элизабет олон нийтийн хувьд “битүү морь” болсон аж. Тэрээр 2014 оны 10-р сард Forbes-ын жагсаалтад шинээр орж ирэн, хүмүүсийн сонирхлыг асар ихээр татах болсон байна.

Тэр энгийн гэр бүлээс гаралтай

Элизабет Холмс 1984 оны хоёрдугаар сарын 3-нд Вашингтон хотноо энгийн гэр бүлд төржээ. Түүний аав нь аврах албаны ажилтан, ээж нь АНУ-ын Конгрессийн албан хаагч байсан бөгөөд эцгийн ажлаас шалтгаалан Элизабет бага насаа Хятадад өнгөрөөн, тэнд хятад хэл сурсан байна.

Дараа нь, Холмсынхон АНУ руу эргэж ирэн, Элизабет Стэнфордын их сургуулийн химийн факультетад элсэн оржээ. Гэвч 19 настай бүсгүй өөрийн хувийн бизнес хийхийн тулд их сургуулиа орхихоор шийдсэн байна.

“Цаг нь ирэхээр та энэ дэлхийд юуны тулд төрснөө ухаарах бөгөөд та зүгээр л хийх ёстой зүйлээ хийж эхэлдэг”гэж тэрээр өгүүлсэн аж.

Бүхнийг тэр өөрөө хийсэн

Эцэг эх нь түүний сургалтын төлбөрт хуримтлуулсан байсан мөнгийг бизнесээ эхлэхэд нь хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн байна. Гэр бүлийн энэхүү бага хэмжээний тусламжийг үл харгалзан, Холмс бүгдийг өөрөө хийжээ: түрээсэлж авсан лаборитортоо туршилт шинжилгээ хийн, хөрөнгө оруулагчдыг өөрөө хайсан байна.

Цусны шинжилгээний үр дүн маш их зүйлийг өгдөг тул түүний бизнесийн санааны үр дүн илт харагдаж байсан аж. Хөрөнгө оруулагчид ч хангалттай гарч ирсэн байна. Харин түүний туршилт судалгаа нэг жилээр тогтохгүй удаан үргэлжлэх учраас Элизабет тэрхүү хурдан ашиг олохоор шунаж буй хөрөнгө оруулагчдыг шүүлтүүрээр шалгаруулахад хүрсэн аж.

Гэнэт нэг өглөө сэрээд л алдартай болчихоогүй

Theranos компани 2003 онд анх эхлэлээ тавьсан бөгөөд дараагийн хэдэн жил нь Элизабет гар хумхилгүй ажилласан байна. Тэрээр хэдэн долоо хоногоор лаборитороосоо гаралгүй, эсвэл гэрийнхээ ажлын ширээнээсээ холддоггүй байсан гэж ээж нь өгүүлжээ.

Theranos-ын үйл ажиллагааны хамгийн анхны алдартай үр дүн нь 2013 онд америкийн эмийн сангийн хамгийн том сүлжээ болох Walgreens-тэй хамтран ажиллах болсон талаар зарласан явдал юм. Ингэснээр цусны шинжилгээг шууд аптек дотор хийн, хариугаа хэдэн цагийн дараа авч болохоор болжээ.

2013 оноос эхлэн Fortune, Forbes, The New Yorker зэрэг хэвлэлүүдэд Холмсын тухай бичих болсон байна.

Түүнийг хүмүүс хүндэлдэг

Theranos-ын захирлуудын зөвлөлд Хенри Киссинжер, Жорж Шульц гэсэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан хоёр эрхэм орж байгаа нь Холмсыг хичнээн хүндэлж буйн бодит жишээ болж байна.

Эмзүй болон биотехнологийн салбарын хамтран ажиллагсад нь түүнийг жинхэнэ суут ухаантан хэмээн үнэлж, бизнес эрхлэгч гэхээс илүүтэй мундаг том эрдэмтэн хэмээн тайлбарлацгаадаг аж. Түүний үндсэн зорилго нь тэдэнд гүн сэтгэгдэл төрүүлдэг гэжээ.

“Өөрийн эрүүл мэндийн талаарх зайлшгүй мэдээллийг олж авах нь хүний үндсэн эрх гэсэн итгэл үнэмшил дээр Theranos суурилдаг”(Э.Холмс)

Тэр Жобстой үнэхээр адилхан

Элизабет ажлын өрөөнийхөө ханан дээр Стив Жобсын намтрыг хэвлээд хадчихсан байдаг хэмээн хүмүүс ярилцдаг. Тэр ч бүү хэл Холмсын имиж нь Apple-ыг үндэслэгчийг санагдуулдаг аж: бараан өнгийн даруухан хувцас, түүн дотроо хүзүүтэй хар цамц өмсөхийг чухалчилдаг гэнэ.

Элизабет мөн Жобс шиг их дээд сургууль төгсөөгүй /цагтаа Марк Цукерберг, Билл Гэйтс, PayPal-ыг үндэслэгч Питер Тиль нар ч иймэрхүү үйлдэл хийж байсан аж/.

Өөрийн өчүүхэн сул талаа асар том давуу тал болгон хувиргасан

Элизабет Холмс нэгэн удаа ярилцлага өгөхдөө түүний шинэ технологи зохион бүтээх үйлсэд тарианы зүүнээс үхтлээ айдаг байдал нь хүчтэй нөлөөлсөн гэжээ. Тэрээр эмнэлэгт цусаа шинжилгээнд өгөх явдал түүнийг байнга айлгадаг байсан хэмээн өгүүлсэн байна.

Түүний ажил үйлсийг зоригжуулж, урам хайрлаж байсан гол хүмүүс нь аврагч ажилтай аав, эмч мэргэжилтэй өвөө нар нь байсан гэж тэрээр дурсан өгүүлсэн аж.

Д.Мягмарсүрэн