800px-Suharto_resigns

Politik.mn дэлхийн түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн, тухайн үедээ олон улсын анхаарлыг онцгой татан дуулиан дэгдээж байсан үйл явдлуудаас онцлон хүргэж байгаа билээ. 1975 оны энэ өдөр Индонезийн зэвсэгт хүчин Зүүн Тимор улсад халдан довтолж эзлэн авсан бөгөөд Индонезийн ерөнхийлөгч асан Сухартогийн амьдралтай салшгүй холбоотой түүхийг хамтатган өгүүлж байна.

Номхон далай дахь энэхүү хямрал хүчирхийллийн голомт тэр үед дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Гэсэн ч хоёр туйлт үзэл суртлын улмаас ЗХУ-ын нөлөөллийн орнуудад энэ түрэмгийллийг эсэргүүцэж байсан боловч нөгөө талдаа АНУ тэргүүтэй орнуудын хэвлэлүүд нүдэн балай чихэн дүлий мэт ажиглаж байв.

Индонези улс Зүүн Тиморыг цэргийн хүчээр эзлэх энэ явцад олон зуун мянган хүний амь эрсэдсэн бөгөөд үүнийг XX зууны томоохон геноцидуудын нэг хэмээдэг. Геноцидын автороор Индонезийн ерөнхийлөгч асан генерал Сухартог нэрлэдэг боловч энэ хүн одоог хүртэл өөрийн ард түмний дунд баатар мэт хүндлэгдэж байдаг аж.

5773358542ae76a266d911

…1965 онд Индонезид улс төрийн хямрал үүсчээ. Тэгэхэд ерөнхийлөгч байсан Сукарно ЗСБНХУ, АНУ-тай нэгэн зэрэг сөргөлдөж, инфляци хяналтаас гарав. Энэ нөхцөлд есдүгээр сарын 30-ны хөдөлгөөн үүссэн байна. 1965 оны аравдугаар сарын 1-нд шилжих шөнө Сухарто тэргүүтэй хэсэг офицерууд бослого гаргаж дээд тушаалын зургаан генералыг хулгайлан хөнөөж, дараа нь бид армийг хянаж байна гэж зарлажээ.

Сукарно хүчинд автан өөрийн бүрэн эрхийг Сухарто болон түүнийг дэмжигч офицеруудад аргагүйн эрхэнд шилжүүлсэн байна. Энэ нь төгсгөлийн эхлэл болсон юм. Сухарто төдөлгүй хамтран зүтгэгчдээсээ салж, өөрийг нь засгийн эрхэнд гаргасан есдүгээр сарын 30-ны хөдөлгөөнийг тарааж, онцгой бүрэн эрх эдлэхээр ерөнхийлөгчийн сэнтийд заларсан юм.

1965 оны олныг хамарсан аллага

Есдүгээр сарын 30-ны хөдөлгөөнийг тараахад эгдүүцсэн нөлөө бүхий генералуудтай Сухарто тэмцэж эхлэв. Индонезийн коммунист намд цэвэрлэгээ эхлэж, түүнд арми оролцлоо. Индонезийн сэхээтний өч төчнөөн төлөөлөгч болон тус оронд сууж байсан нутгийн хятадуудын ихээхэн хэсэг амь үрэгдсэн байна.

Алагдсан хүмүүсийн тоог 500 мянгаас нэг сая гэдэг. Заримдаа 2.5 сая хүн амь үрэгдсэн гэцгээдэг. Харгис хэрцгий явдал энэхүү цэвэрлэгээний онцлог болж байжээ. Цэргийнхэн энгийн иргэдийг аллагад албадан оролцуулж, тэд найз нөхөд, хөршүүд болон хамаатан саднаа хөнөөж байв.

“Шулмыг ангуучлах ажлын” оргил үед томхон гудамж бүрт хүмүүсийн хүүр хөглөрч байсан. Цусны үнэр танар оршин суугчдыг хотоос зугтан явахад хүргэж байжээ. Гол мөрнүүд хүмүүсийн цогцсоор дүүрч, харин аллага хядлага үргэлжилсээр байсан байна. Энэ ажил дуусахад шинэ дарангуйлагчийг эсэргүүцэж зүрхлэх нэг ч хүн Индонезид үлдээгүй гэдэг.

Баруун Тиморын хувь тавилан

3836235542ae76a34d1a52

1963 онд Баруун Папуа муж Индонезийн хяналтад оржээ. Сухартог засгийн эрхэнд гарахад, тэнд эрх чөлөөг эрхэмлэгч салан тусгаарлах санаа бодол зонхилж байлаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээгээр, оршин суугчдын 85 хувь нь тус мужийг тусгаарлахыг зорьж байжээ. Сухарто тэднийг энэ үзэл бодлоос нь ангижруулах кампанит ажлыг дэс дараатай явуулж эхлэв.

Цэргийнхэн хуурамч санал хураалт явуулсны дараа, Сухарто Баруун Папуад шууд хяналт тогтоосон тухай зарлажээ. Арван таван жил хорьж шийтгэхээр сүрдүүлэн папуагийн үндэсний үзлийг хориглосон байна. Хүмүүсийг шилжүүлэн суурьшуулснаар тус мужид явачуудын тоо нутгийн папуа хүн амын тооноос давжээ. Ингэж папуачууд гадуурхагдах болсон байна. Сухартог түлхэн унагасанаас хойш 10 гаруй жилийн дараа ч Папуад байдал ийм байсан юм.

Зүүн Тимор дахь хүйс тэмтрэх ажиллагаа

1330615542ae76a430b263Дарангуйлагч нарын олонх нь ганцхан удаа л цуст хядлага үйлдсэн байдаг. Харин Сухарто ийм ажиллагааг хоёр удаа явуулсан бөгөөд хоёр дахь нь Зүүн Тимор байлаа.

1975 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр Индонезийн цэрэг Зүүн Тиморт буужээ. Өрнөдийнхөн коммунистуудын аюулаас болж ингэсэн хэмээж мэдээлж байв. Цаашдын хэрэг явдал олныг хамарсан хамгийн зэрлэг гэсгээлтийн нэг болсон юм.

Зүүн Тиморын өөрийгөө хамгаалах хүчин болох ФАЛИНТИЛ-ийн цэргүүд индонезчуудтай зургаан цаг буудалцсаны эцэст нийслэлээ алдав. 07-ны өдрийн үд гэхэд 35 индонези цэрэг алагдаж 122 ФАЛАНТИЛ-ийн дайчин үрэгдэв. Зүүн Тиморын дайчид зөвлөлтөөс ирүүлсэн калашников автомат буугаар зэвсэглэсэн бол индонезичууд бүх төрлийн орчин үеийн зэвсэглэлтэй байлаа.

Арванхоёрдугаар сарын 10 гэхэд Зүүн Тиморын хоёр дахь том хот Бакауг эзлэв. Энэ үед Индонезийн армийн 15000 цэрэг Зүүн Тиморт хэдийнэ нэвтэрсэн байлаа. Сарын дараа Сухартогийн 35000 цэрэг Баруун Тимороос дайчлагдсан 10 сайн дурынхны хамт бүрэн ялалт байгуулж их харгислал үйлдсэн юм.

Нэг хотод ФАЛАНТИЛ-ийг дэмждэг хэмээн 150 энгийн иргэнийг буудав. Зүүн Тиморын нийслэл Дили хотод хэн нэгний шийдвэрийг хүлээлгүйгээр эрчүүд, эрэгтэй хүүхдүүдийг зүгээр л буудан алж байжээ.

Малим-Луро гэдэг жижиг хотод 60 хүнийг газарт хэвтүүлээд, дараа нь дээгүүр нь бульдозер явуулсан байна. Цэргийнхэн бүхэл бүтэн тосгодыг шатааж, амьд үлдсэн тариачид өлсөж үхэж байжээ. Зүүн Тиморыг эзэгнэх явцад тэндхийн хүн амын гуравны нэг буюу 200 мянга гаруй хүн алагдсан байна. Тэнд ихээр амьдардаг байсан хятадуудын хувьд бараг бүгд алагдсан гэж хэлж болно. Хятадын Коммунист нам өөр томоохон асуудлуудтай нүүр тулгараагүй байсан бол хэдийнэ Индонези руу цэрэг илгээх байсан хэмээн түүхчид үздэг. Тэр үед хятадууд Вьетнамтай томоохон асуудалтай байлаа. Энэ хямрал нь 1979 онд Хятадын ардын чөлөөлөх арми Вьетнамд довтолж богино хугацааны дайн өдүүлснээр тэсэрсэн хэмээн үздэг. Улмаар хятадын цэргүүд ялагдаж Вьетнамаас хөөгдсөн тул өмнө зүгт далайд орших Зүүн Тиморын аралд хүрч нутаг нэгтнээ хамгаалах боломжгүй байлаа.

Яагаад индонезичууд Сухартог хүндэлж байв?

468px-President_Suharto,_1993

Мэдээж хэрэг Сухарто харгис дарангуйлагч байсан тул түүнийг эсэргүүцэгчид олны нүднээс нуугдахаас өөр аргагүй байсан биз. Гэхдээ түүний засаглал эдийн засгийн ер бусын өсөлттэй давхцсан нь Сухартог ард түмэн нь хүндлэх болсон томоохон шалтгаан гэдэг байв. Түүнийг засгийн эрхэнд гарахад индонезчуудын 60 хувь нь амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогүүр нөхцөлд аж төрж байжээ. Харин түүнийг албан тушаалаа орхиход, 13 хувь нь ийм нөхцөлд ажэ төрж байсан байна. Түүний засаглалын үед Жакарта хот ядуучуудын хотоос өндөр өндөр байшин барилгын хот болжээ.

Бусад дарангуйлагчийг бодвол тэр бүх хүнд бялууны зүсмийг хүргэх гэж мэрийж байсан байна. Хамгийн алслагдсан мужуудад ч сургууль, эмнэлэг, зам барьжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 8 орчим хувь болж, бараг хүн бүр ажилтэй байжээ. Мөн хятадуудад таагүй хандаж үндсэрхэг үзэлтнүүдийн дэмжлэгийг хүлээж байв.

6895834542ae95a62a6311

Сухарто гэмт хэрэгтэй тэмцэхэд ч сүрхий амжилт олжээ. Гэвч түүний энэ тэмцэл гэмт хэрэгтнүүдийн өөрсдийнх нь үйлдлээс бага зэрэг ялгаатай байсан байна. Сэжигтнүүдийг шүүх хурал хийхээс өмнө л алчихдаг байжээ. Petrus Killings (от индонезийского petrus – буюу “нууц мэргэн буучид”) гэгч ажиллагаа гурван жил үргэлжилсэн байна.

Цэргийнхэн, цагдаа нар болон сайн дурын нөхөрлөлийнхөн хүмүүсийг шүүлгүйгээр цаазлаж, нийтдээ 2000 гаруй хүн алагджээ. Тэд тэр бүр гэмт хэрэгтэн байгаагүй бөгөөд зарим нь ердийн тариачин, төрийн албан хаагчид байсан байна. Ингээд Сухартогийн шүүлтээс айсан гэмт этгээдүүд халаасны хулгай ч хийхээ байсан гэдэг.

Иймэрхүү шалтгаануудаар цуст дарангуйлагч одоо болтол аугаа их ерөнхийлөгч хэмээх хүндлэл хүлээсээр байгаа аж.

Дили хотод гарсан буун дуу

6631034542ae76a514eb94

1991 онд Зүүн Тиморт өргөн олныг хамарсан эсэргүүцлийн тайван ажиллагаа эхлэсэн юм. Тус орны олон мянган оршин суугч индонезийн эзэгнэлийн эсрэг тулалдаж байсан тэмцэгчдийн булшинд цэцэг өргөхөөр Санта-Крусийн оршуулгын газарт иржээ. Оршуулгын газрыг хүмүүсээр дүүрэхэд арга хэмжээг хамгаалж байсан цэргийнхэн хүмүүс рүү буудаж эхлэсэн байна.

270 хүн алагдаж, 400 гаруй хүн шархаджээ. Зарим нь сураггүй болсон байна. НҮБ Сухартогийн үйлдлийг буруушаасан ч, энэ гэмт хэргийг үйлдсэн хэн ч цээрлэл үзээгүй ажээ. Бүр 1998 онд Сухартогийн дэглэм нуран унахад л Зүүн Тиморчууд бүрэн эрх чөлөөтэй болсон юм.

Эдийн засгийн ба дэглэмийн уналт

90-ээд оны сүүлч гэхэд эдийн засгийн өсөлт дарангуйлагчийн шадар хүрээлэгчид, түүний гэр бүл, найз нөхдийн ашиг сонирхолд л үйлчилж байсан юм. Гэрээ, засгийн газрын мөнгөн тусламж болон бүхэл бүтэн компаниудыг тэдний хооронд хуваарилж байжээ.

800px-Suharto_resigns

1997 оны хямрал Азийн улсуудын эдийн засгийг бүрмөсөн хамарчээ. Түүний дотор Индонезид ч валютын ханш навс унасан байна.

1534948542ae76a6e2fd06

Ажилгүйчүүд, оюутнууд жагсаж Сухарто жагсаалыг хөөн тараахаар цагдаа нар биш, харин цэргийнхнийг явуулсан байна. Нийслэлийн нэг их сургуулийг буудах үеэр дөрвөн оюутан амь үрэгдэж, олон хүн шархаджээ. Энэ нь тус орны иргэдийн хувьд эцсийн тэвчээр болсон юм.

Дээрх аллагын хариуд Жакарта хотынхон үймж эхлэсэн байна. Эмх замбараагүй явдал хоёр хоног үргэлжилж худалдааны “Plaza Klender” төвд гэхэд л тонуулчдын тавьсан түймэрт 486 хүн шатаж, утаанд хордож үхсэн байна. Хот даяар дэлгүүр хоршоог түйвээжээ. Үндсэрхэх үзэлтнүүд нутгийн хятадуудыг ангуучилж байв.

8488214542ae76a5fa8175

Амь үрэгдэгсдийн тоо 10000 хол давахад Сухартогийн талынхан, тойрон хүрээлэгч, цэргийнхэн хүртэл түүнээс хөндийрч эхлэсэн байна. Эмх замбараагүй явдал эхлэснээс хойш 10 өдрийн дараа хөгшин Сухарто засгийн эрхээс татгалзсанаа зарлаж улс төрөөс бүрмөсөн явсан юм.

Зовлонгүй үхэл

Цуст дарангуйлагч ямар шийтгэл амссан бэ гэж үү? Сухарто ганцаархнаа, зовж үхвэл таарна гэж хэлэх нь зөв байхсан билээ, гэвч тэгээгүй юм. Огцорсноос хойш үхэх хүртэл нь Индонезийн засгийн газар, олон нийт түүнийг нэг ч болов гэмт хэргээр шүүхэд татахыг оролдоогүй. Харин ч олон зуун улс төрч түүний мэргэн засаглалд талархал илэрхийлэхээр үхэхээс нь өмнөхөн эмнэлэгт эргэн ирж байжээ.

Оршуулгад нь хүртэл дэлхийн өнцөг булан бүрээс улс төрчид ирсэн байдаг. Харин Австралийн ерөнхий сайд асан По Киттинг л тэр үеэр хэлэхдээ, “Сухартод ийм хүндлэл бус цээрлэл хэрэгтэй байсан юм” гэж байв. Сухартог бүх нийтийн хүндэтгэл дунд, баатрын адил оршуулсан нь гайхалтай.

Н.ТӨГСМАНДАЛ

http://politik.mn/