Василий Иосифович Сталин бол Сталины том хүү. Тиймдээ ч юм уу аавын хайртай ганц хүү нь байж. 11 настайд нь ээж нь амиа хорлож өнгөрснөөс хойш аав нь хүүхдүүдээ хайхрахаа больжээ. ДХ-ын офицеруудын хараа хяналтан дор өссөн, эрчүүдтэй ойр байдгаас болсон уу Василий багаасаа архи ууж, тамхи татаж сурчээ. Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ гэж монголчууд хэлэлцдэг. Василий бол яг л тийм хүү байж. Эцгийн нэрийг барина ч гэж нөхцөлгүй, дураараа ч гэж тоймгүй. Ямартаа л дунд сургуулийн сурагч байхдаа сургууль дотуураа мотоцикльтай явж танхайрч байх билээ. Багш нар нь ч элдэв асуудал гаргалгүйхэн яаж ийгээд дунд сургууль төгсгөж салахын бөөн түүс.
Цэргийн дунд сургуульд элсэн ороод ч эцгийнхээ нэрийг барьж дураараа дургидаг нь яг хэвээр. Зөвшөөрөлгүй онгоц жолоодон шонгийн модны хоорондуур гарах "үзүүлбэр" хийснийх нь төлөө амь насыг нь хариуцан байсан хоёр хурандаа цол ахиулан "дэвшүүлэн зайлуулах" арга сэдэж байхав. 21 настайдаа ахмад, 27 настайдаа дэслэгч генерал болно гэдэг эцгийн нэр байхгүй бол Напелеонд л оногдсон хувь тавилан дайраа юу гэлтэй. Аархуу, омогтой, юунаас ч үл эмээх зоригтой Василий нисгэгчийн хувьд ч муугүй л нэгэн байж. Нийт 92 удаа ниссэнээс гурван ч дайсны онгоцыг сөнөөж байж. Тиймдээ Москвагийн цэргийн тойргийн Нисэх хүчний командлагч хийж байсан. Түүний ийн гэрлийн хурдаар өндөр цол хэргэм хүртэж байсанд генералууд таатай хандаж байгаагүй юм билээ. Их удирдагчийн хайртай хүү нь учир тойрон хүрээлэгчид нь эмээнэ ч гэж нөхцөлгүй, одооны хэллэгээр ёстой долоож байсан бололтой юм. Хувь хүний хувьд бол архины лүү, хүүхний эрлэг. 41 насандаа нас барахдаа архины гүн хордлогоор гэсэн онош тавиулжээ. Нийт дөрвөн эхнэртэй байсан. /Мэдээж нэгэн зэрэг биш л дээ/. Дураараа дургидаг зангаасаа болоод командлагч байхдаа тэсрэх бодисоор загас дэлбэлэх гэж байгаад нэгэн офицер нь харамсалтай амиа алдсан хэрэг гарсан. Эцгийн хүү биш байсан бол шорон руу гарцаагүй явах байлаа. Мөн командлагч байхад нь Ялалтын баяраар үзүүлбэр үзүүлж байсан онгоц хэт доошилсноос сүйрч байлаа. Энэ бол бас л гарцаагүй ял байлаа. Гэвч тэр нэрт үзмэрч Вольф Мессингийн тодорхойлж хэлснээр "азтай хүү". Зүгээр ч нэг архидаад, хүүхэндээд яваад байсан уу гэвэл бас үгүй. Хөлбөмбөг, хоккей, сагсанбөмбөгийн спортод үнэнхүү дуртай байсан хүний хувьд олон тооны стадион, хөлбөмбөгийн талбай, тэр ч бүү хэл усан бассейн бариулж чаджээ. 1950-иад оны үед Москва хотын Ленинградын дүүрэгт түүний тушаалаар спортын бэлтгэлийн төв, "Советская" зочид буудлын барилгыг эхлүүлж байсан байна. Түүнчлэн улсын мөнгөөр ч чамгүй дургиж байсан нэгэн аж. Цэргийн нисэх хүчнийхэнд зориулж финлянд хийцийн 500 ширхэг байшин бариулж байсан байх жишээтэй. 1953 онд эцэг нь нас барахад тэдний өөрсдийн онож хэлснээр "мөчилж жиргэж иджээ". Батлах хамгаалахын сайд Н.А.Булганин түүнийг дуудан ирүүлж, Төв хорооны тэргүүлэгчдийн шийдвэрийг сонсгож. Томск руу нисэхийн дунд сургуулийн захирлаар очих тушаал. Василий, Булганины маршал цолыг үл ойшоон өөдөөс нь хэгжүүрхэж, доромжилно. Түүнийг гараад явсны дараа хэн нэгэнтэй /ЗСБНХУ-ын Дотоодын хэргийн ардын комиссар Л.П.Берия/ утсаар ярьж, би дийлэхгүй байгаа тухай учирлана. Удалгүй Василийг Берия өрөөндөө дуудна. Берия түүнийг нэгд, хэнд ч гай удалгүй амар жимэр амьдар, хоёрт нэрээ соль гэж ухуулна. Архи нь гараагүй Василий Бериягийн өөдөөс цоролзоод зогсохгүй, түүнийг нударгалах гэж дайрна. Ийнхүү тэрээр Бериягийн өрөөнөөс шорон руу ачигдсан ба согтуудаа "Сталиныг Берия, Молотов нар алсан" гэсэн ярианыхаа улмаас коммунист намын удирдагчдын нэр хүндийг гутаан гүжирдсэн, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээгдэж 8 жилийн ял авчээ. Шоронд Василий Васильев нэрээр хүмүүжиж байхдаа токарьчин байсан ба багаж хэрэгсэл дутуу байгааг анзаарч анхны эхнэртээ хоёр цүнх багаж захьж авчруулж байв. Онц сайн хүмүүжсэн тул хугацаанаасаа өмнө суллагджээ. Шоронгоос шуудхан л Н.С.Хрущёвын өрөөнд хүргэгджээ. Хрущёв түүнд БХЯ-ны тушаалаар дэслэгч генералын хувцас өмсөх /эрхээ хасуулаад байв/, Москвад гурван өрөө байр олгож, нэг удаагийн тусламж болгож 30 мянга рубль өгч сарын 4950 рублийн тэтгэвэр тогтоон Кисловодск хот руу тэнгисийн эрэгт гурван сар амруулж байжээ. Гэвч тэрээр эргэн ирэнгүүтээ БНХАУ-ын ЭСЯ-нд хоёр дахь удаагаа хандаж, цагаачлах хүсэлт гаргасан учир Казань руу цөлөгджээ.
Өөр нэг эх сурвалж нь Н.С.Хрущёв түүнд амар тайван амьдрал өгнө гэж амлаад нэг хүнийг тахин шүтэх үзлийн эсрэг төвийн сонинд нийтлэл тавихыг шаарджээ. Василий татгалзсан учир түүнийг тэр дор нь Казань дахь шорон руу илгээсэн ба 41 насандаа тэнд нас баржээ хэмээсэн байна.

http://amartuvshind.blogspot.com