Дундад зууны үед хүмүүс бурхныг бишрэн дээдэлж, бурхны бүтээл учраас хүнд бурхнаас хүртээсэн мөн чанар бий гэдэгт гүнээ итгэдэг байв. Бурхныг ёс суртахуун, энэрэнгүй ёсны дээд хэм хэмжээ, үлгэр дуурайл гэж үзэх тул хүнд ч бас зайлшгүй байх ёстой хүмүүнлэг энэрэнгүй зан суртахууныг нь сэрээх явдал тухайн үеийн нийгмийн харгис хэрцгий ялзрал доройтол, бүдүүлэг харанхуйгаас ангижрахад тус болно, үүний тулд хүнийг боловсруулж сайжруулах хэрэгтэй гэсэн үзэл дэлгэрч эхэлжээ. Гагцхүү бурхныг дагнан дуурайх энэ үзэл хүний жинхэнэ мөн чанарыг таньж мэдээгүйн харгай, зөвхөн бурхныг л дээдэлж, шүтэн бишрэх догматик үзлийн үргэлжлэл байсан бөгөөд сод хүмүүс, танин мэдэхүйн шинэ ололт нээлт, хүний тухай шинэ мэдлэгүүдийн ачаар аажимдаа өөрчлөгдөн хөгжиж эхэлсэн байна

Голландын суут эрдэмтэн Эрасмус фон Роттердам (1466-1523) тухайн үед “Хүн төрж биш харин боловсорч хүмүүжсээр л хүн болно” гэж хэлсэн нь хүнийг адгуусаас тусгайлан авч үзсэн явдал байсан бөгөөд хүнийг боловсруулан хүмүүжүүлснээр л хүн төрхөө олно, хүн зөвхөн байгалийн бүтээгдэхүүн байх нь ерөөсөө хангалттай биш, хүнийг байгалийн бус аргаар засаж, сайжруулах ёстой гэсэн үг байжээ.

Гэхдээ хүн шиг хүнийг бий болгоно гэдэг хэн нэгнийг, аль эсвэл бурхныг харж дуурайх механик арга зүй бус, харин хүн дотроосоо дэлгэрч хөгжих ёстой, хүний боловсрол гэдэг өөрөө өөрийгөө олох арга зүй юм гэдэг нь улам бүр тодорхой болсон бөгөөд энэ нь боловсрол бол чухамдаа хүний дотоод нөөц бололцоо, хүний субъектив хүчин зүйлүүдтэй шууд холбоотойг илтгэж байгаа хэрэг. Ингэж хүний нөөц боломжыг илрүүлэх, түүнийг хөгжүүлэх нь боловсролд юу юунаас чухал болохыг зөв таньж мэдсэн явдал хүн төрөлхтний хөгжлийн чухал үе мөчлөгт хамаарах хүний ертөнцийг үзэх үзлийг өөрчилсөн үйл явц болсон байна. Энэ нь хүн хорвоо ертөнц тэнгэр, бурхнаас шууд хамааралтай гэсэн дундад зууны бүдүүлэг хуучин ойлголтуудаас салах ёстойг, түүний оронд бид амьдарч буй дэлхийгээ зүй тогтлынх нь хувьд шинжлэх ухаанаар зөв таньж мэдэх нь сайн сайхан амьдралд хүрэх цорын ганц боломж гэсэн Европын сэргэн мандлын цөм үзэл санаатай яв цав нийлсэн хэрэг байв.

Хүн мах бодын объектив хүчин зүйлээсээ илүү оюуны субъектив хүчин зүйлээс хамааралтай, хүн оюундаа илүү итгэх хэрэгтэй гэсэн энэ шинэ үзэл гал мэт дүрэлзэв ч хүний бүтээлч үйл ажиллагааг жолоодох гол хүчин зүйл, чиг баримжаа болтлоо ихээхэн саад бэрхшээлийг даван туулах нь зайлшгүй, тэгээд ч хүний оюунтай холбоотой бүхий л ойлголтууд зогсонги бус амьд учраас тухайн нийгэм, цаг хугацааны бодит нөхцөл байдлаас шалтгаалан олон талаасаа болон цаг үргэлж дахин дахин шинээр томъёологдож байх хэрэгцээ шаардлага байдгийг энд бас онцлох ёстой юм. Тийм ч учраас үе үеийн суут эрдэмтдийн үзэл бодлууд хүний тухай мэдлэгийг, хүнийг хөгжүүлэн боловсруулах технологийг улам амьдруулж хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Францын философич Декарт (1596-1650) “Хүний харагдаж буй нь биш, харин бодож буй нь хүн” гэсэн утгатай үг хэлсэн нь хүний оюуныг объектив-байгаллаг шинжээс нь салгахдаа хүнийг оюунаар нь үнэлэх нь чухал гэсэн санааг илэрхийлсэн хэрэг юм. Үүгээрээ хүн төрөлхтөн харагдаж байгаа объектив /материаллаг/ зүйлээс харагдахгүй байгаа субъектив хүчин зүйлийг анх удаагаа бүр ухамсартайгаар илүүд үзэж, бодитой үнэлсэн бөгөөд энэ нь бидэнд өнөөдөр тун мэдээжийн юм шиг санагдавч үнэндээ хөл дээрээ зогсож байсан хүнийг “толгой” дээр нь босгосон явдал мөн байсан нь гарцаагүй. Оюунлаг нийгмийн хөгжил эндээс л эхэлж олон зууны турш өлөн зэлмүүн, биеийн хүчний амьдралд нухлагдаж ирсэн хүн төрөлхтөн ийнхүү оюунд түшиглэсэн боловсрол, шинжлэх ухаан, техникийн дэвшлийн ачаар гайхамшигт хөгжлийг бүтээж, ахуй амьдралаа дээшлүүлэх замдаа оржээ.

Боловсролын тухай ойлголтыг цааш нь буухиалан хөгжүүлсэн онцлох хүмүүсийн нэг бол Германы философич Имануэл Кант (1724-1804) юм. Тэрбээр хүн бусдад хөтлөгддөггүй, бусдаас хараат бус өөрийн гэсэн бодолтой хувь хүн (individ) болж төлөвших ёстойг, өөрийн гэсэн бодолтой хүн л боловсрон хөгжиж, харин бусдыг дагаж, бусдын жишгээр амьдрагсад бусдад ашиглагдах харанхуй масс болж хувирдгийг тодорхой хэлж өгөв. Өнөөдөр ч бидний дунд тун нийтлэг хэвээр байгаа энэ асуудалд тэрбээр 300 гаран жилийн тэртээ тийнхүү эмзэглэж байсан аж.

Үүгээр зогсохгүй тэрбээр хүнийг нийгмийн үнэ цэнтэй иргэн болгохыг шаардаж байсан нь түүхэнд анх удаа боловсролыг хувь хүний асуудлаас цааш тавьж нийгэмтэй холбосон ойлголтыг бий болгов. Боловсрол хувиа хичээсэн төлөв байдлаас гараагүй байсан тэр үед хүнийг нийгэм талаас боловсруулж бэлтгэх нь улс орон хөгжих, нийгмийн дэг журам тогтооход зайлшгүй хэрэгтэй болохыг ингэж чухалчилсан нь өнөөдөр бидний хувьд ч санаа авууштай, манай боловсролын хөгжил хаана явж буйг өөрийн эрхгүй эргэцүүлж бодоход хүргэж байна.

Чухам энэ үеэс л боловсрол нийгмийн шинжтэй асуудал болж өнөөдөр улс орон бүрт нийгмийг хөгжүүлэх хамгийн чухал салбар болтлоо өргөжсөн билээ. Өнөөгийн, хэнд ч мэдээжийн санагдах нийтийг хамарсан боловсролын системийн үзэл санаа, гарал үүсэл бол зөвхөн бодит амьдралын эрэлт хэрэгцээ, эх оронч бодлогын үр дүн болохыг манай бодлого боловсруулагчид түүхэн хөгжил талаас нь сайн ойлгож мэдэж баймаар байна. Хувиа хичээсэн боловсрол манайд зонхилж байгаа нь боловсролын нийгмийн үнэ цэн төрийн бодлогод шингэж, олон түмний дунд ухамсарлагдаагүйг тод харуулж байна.

Боловсрол төр, олон нийтийн үйл хэрэг гэж ойлгогдтолоо урт замыг туулсан бөгөөд харин боловсролын нийгмийн үнэ цэн нь нэгдсэн агуулга хөтөлбөрүүдээр илэрч гарах ёстойг одоогоос 200 гаран жилийн тэртээ Германы соён гэгээрүүлэгч Вильхелм фон Хумболдт (1767-1835) анх дэвшүүлж тавьсан байна. Тэрбээр боловсролыг төр анхаарч хариуцах үүрэгтэй гэж үзэхдээ боловсролыг нээлттэй шаталсан арга хэлбэрээр хэрхэн явуулах ба шаталсан боловсролын агуулга хөтөлбөрүүд төр нийгмийн зорилготой холбогдохыг тодорхойлж өгчээ. Нийгмийн зорилго сургалтын агуулга хөтөлбөрт тийнхүү туссанаар шинжлэх ухааны мэдлэг эзэмшисэн, нийгмийн ухамсар төлөвшсөн иргэд бэлтгэгдэх ёстой ажээ. Гэхдээ энэ үйл хэрэг жинхэнэ ёсоор явагдахгүй л бол ямар ч сайхан нийгмийн агуулга зорилт биелэгдэхгүй, төр иргэний харилцаа хангагдахгүй гэж үзсэн байна.

Тэр тусмаа олон зууны туршид тархай бутархай нүүдэллэсэн, байгаллаг бодит (объектив) сэтгэхүй уламжлал соёлд нь гүн шингэсэн монгол хүнийг суурин нийгмийн субъектив ойлголтуудтай холбож өгөхөд төрийн бодлого, соён гэгээрэл нэн чухал байна. Байгалийн хуулинд захирагдсан амьдрал голлосон манайх шиг оронд хамтын нийгмийн амьдралын хэв маяг тогтоох явдал байгалийн болон түүх соёлын олон хүчин зүйлүүдийг тооцсон боловсролын цогц бодлогын үр дүнгээс хамаарахын зэрэгцээ, боловсролыг маш амьд, зөвхөн хөгжил хөдөлгөөнд ойлгож хэрэгжүүлэх ёстой ажил хэмээн үзэхээс өөр ямар ч арга байхгүй. Боловсролын хөгжлийг урсгалаар явагдах зүй тогтол гэж үзэх, эсвэл “болно”, “бүтнэ” гэсээр өөрсдийгөө хуурах, хий хоосон төсөөлөл, найдлагаар хол явахгүй нь маш тодорхой. Боловсрол гэж юу болох, боловсролыг түүхэн хөгжилтэй нь хамт ойлгосон цагт л төрөөс боловсролын бодлого зөв зүйтэй томъёологдож, боловсрол жинхнээсээ төр олон нийтийн үйл хэрэг болно гэж найдан үүнийг бичиж буй минь энэ. Боловсрол бол энд тэндээс хөнгөн хялбар аргаар хуулбарлан оруулж ирдэг төсөл, хөтөлбөрүүд биш, бид өөрсдөөсөө эрж хайж, өөрсдийн нөхцөл бололцооноос урган гарах бүтээлч ажлын үр дүн болохыг би энд өгүүлэхийг хичээв. Үүнтэй уялдуулан авч үзэхэд, боловсрол гэж чухам юу болохоос эхлээд манайд боловсролыг тэргүүлэх салбар болгох зорилтууд нь биелэгддэггүй шалтгаан, яагаад боловсролын шинэчлэл гэдэг нь дуусашгүй яриа болдог зэрэг нүдэнд ил харагдаад байдаггүй олон учир шалтгааны тухай бид нухацтай ярилцах цаг болсон.

Р.Энхбат