Монгол орон авлига хээл хахуулийн нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй гамшигтай хүлээсэнд баглуулчхаад дороо дэвхцэж байгаа нь хэнд ч илэрхий. Шүүх, цагдаа, гааль, эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээ гээд нийгмийн харилцааны бух л салбар хээл хахуульд бүрэн автаж, мөнгөөр бүхнийг зохицуулдаг бохир систем цэцэглэн хөгжиж байгаа. Тэгвэл хэн ч халдаж зүрхэлдэггүй хээл хахуулийн цайрчихсан «вант улс»-руу сүрийг үзүүлэн орж чаддаг болсон гэж нэгэн газрыг магтах болсон. Энэ бол Авлигатай тэмцэх газар билээ. Ард иргэд сүүлийн үед АТГ-т ам сайтай болоод байгаа ч сайны хажуугаар саар гэх нь ч болж байна. Учир нь АТГ үнэн яриад байна уу, эсвэл зарим хүмүүсийн хэлээд байгаа нь үнэн үү гэдэг дээр эргэлзээ төрж эхэллээ.

Өөрөөр хэлбэл АТГ-аас мэдээлж, олонд ил болгосон зарим хэргийн талаар ямар ч үндэслэлгүй, тогтоогдоогүй, худал гэж үгүйсгэх хүмүүс гарч ирсээр байгаа нь хачирхалтай. Тиймээс ч хүмүүс аль нь үнэн яриад байгааг ойлгож чадахгүй, гайхаж сууна. Хэдхэн жишээ дурдахад л, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хэрэг болоод эхнэрийнх нь булхиаг АТГ-аас илчилж бөөн шуугианыг тарьж байсан. Улмаар мөрдөн байцаалт, шалгалтын ажиллагааг одоог хүртэл явуулж байгаа гэж холбогдох албаныхан мэдээлж байгаа ч Ё.Отгонбаяр гишүүн өөрөө шал өөр тайлбарыг хэлээд л яваад байна. Уг нь өдгөө Ё.Отгонбаяр гишүүний хэргийг АТГ-т шилжүүлж, түүний эхнэр О.Эрдэнсолонгыг Прокурор дээр шалгаж байх ёстой. Гэвч одоо болтол Ё.Отгонбаяр гишүүнийг шалгасан газар байхгүй, хэрэг замхарах талруугаа ханджээ. Тиймээс ард иргэд АТГ-ыг энэ хэргийн үнэн зөвийг тодруулж, эхэлсэн ажлаа дуусгаач ээ гэж шаардах боллоо.

Мөн Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, авлига хээл хахууль авахыг завдсан, эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр буруутгаад байгаа. Тэр дундаа Ч.Гансүхийг 17 тэрбум, мөн нууц амрагийнхаа дансанд байршуулсан гэх 5 тэрбумын хэрэгт шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээлж байсан. Гэвч түүнийг 17 болон 5 тэрбумын хэрэгт биш өөр хэрэгт цагдан хорьж, шалгаж байгааг өмгөөлөгчид нь хэлж байна. АТГ-аас өгсөн энэ мэдээллийг ор үндэслэлгүй, шалгалтын явцад ч тогтоогүй гэж хэлэв. Харин үүнийг сонссон ард иргэд бас л АТГ-ынхан үнэн яриад байгаа юм уу, эдгээр өмгөөлөгчид үнэн яриад байгаа юм уу хэмээн гайхаж байна.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг өнгөрсөн хавар Авлигатай тэмцэх газар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хүсэлт гаргасан ч прокуророос шалгах үндэслэлгүй гэсэн хариулт өгсөн. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас Г.Дэнзэнгийн 17 тэрбумын тендерт өөрийн хамтран амьдрагч Г.Уянгын компанийг шалгаруулсан байж бо묬зошгүй хэргийг дахин шалгах хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байгаа. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүс¬гэн шалгаж, нягтлах хангалттай нотлох баримт байгаа учраас АТГ-аас Г.Дэнзэнг шалгах хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт дахин хүргүүлсэн ч өдгөө ямар хариу мэдэгдэл хийгээгүй байна. Чухам энэ хэрэг дээр Г.Дэнзэн ялах уу, АТГ дийлэх үү гэдгийг ард түмэн бас анхааралтай ажиглаж байгаа юм.

Уг нь сүүлийн жилүүдэд ард түмэн АТГ-ыг шударга ажилладаг гэж үнэлэх болсон. Бас авлигалын шинжтэй томоохон дуулиант хэргүүдийг илэрүүлсэн нь ингэж үнэлэхэд нөлөөлсөн нь гарцаагүй. Олон түмний дундах энэхүү үнэлэмж хүндэтгэлийг баталгаажуулах эсвэл үгүй болгоход Ё.Отгонбаяр, Ч.Гансүхийн хийгээд зарим нэг ойлгомжгүй хэргүүд ч нөлөөлж магадгүй байна.


24tsag.mn