Сербийн хэл шинжээч нийтлэлч Djordje Todorovic хувь хүний хөгжил болон бүтээлч амьдрахуйн талаар олон гайхалтай нийтлэлийг бичжээ. Тэдгээрээс амжилттай амьдрахыг хүссэн хүн бүрт зориулсан «танд» байх ёстой арван жагсаалтыг хүргэе.

1. Зорилгын жагсаалт

~ Зорилгодоо хүрснээр чиний юу олж авч байгаа нь чухал биш харин хэн болж байгаа чинь л чухал. – Henry David Thoreau

Зорилго хүсэл тэмүүлэл гэдэг та биднийг амжилтанд хөтлөх гол хөшүүрэг юм. Гэвч та энэ амьдралдаа чухам юу хийж бүтээхийг бас юунд хүрэхээр хичээн зүтгэх вэ гэдгээ өөрөөсөө нэхэн нэг асуугаарай. Энэ жагсаалтгүйгээр амьдрал тань утгагүй ч болж мэднэ. Тэгэхээр өглөө болгон өөртөө тавьсан зорилгоо сануулж бичсэн жагсаалтаа харж байгаарай.

2. Төлөвлөгөө

~ Амжилт гэдэг өмнөө тулгарсан саад бэрхшээлийг давахын төлөөх хичээл зүтгэлийн үр шимээр ирдэг. – Theodore Isaac Rubin

Өдөр тутмаас эхлэн долоо хоног эсвэл сар жилийн төлөвлөгөө нь амьдралын зорилгодоо хүрэх чиглүүлэгч нь болдог. Тиймээс хийх зүйлсийнхээ жагсаалтыг заавал гаргаж ард нь гарсныхаа дараа бага гэлтгүй өөрийгөө урамшуулж байгаарай. Ялангуяа гэртээ ажиллах үеэрээ наалддаг цаасан дээр бичиж нүдний өмнө байлгах нь бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг.

3. Танилын жагсаалт

~ Найзлах амархан ч жинхэнэ нөхөрлөлийн үр жимс удаандаа боловсорч гүйцдэг. – Aristotle

Хүн амьдралдаа маш олон авьяаслаг бас чадвартай хүмүүстэй учирна. Ирээдүйд тэдэнтэйгээ өрсөлдөгч ч болж мэднэ. Гэвч хэрэгтэй үед нь туслахаас битгий цааргалаарай. Бас өөрт хэрэг болсон үедээ биш байнга холбоотой байх хэрэгтэй. Бат бөх нөхөрлөлийг тогтооход бэрх ч ямар ч хүнтэй чин сэтгэлээсээ харьцаж байгаарай.

4. Зардлын жагсаалт

~ Ухаантай хүн мөнгөний тухай бодож болох ч мөнгөний төлөө амьдарч болохгүй. – Jonathan Swift

Амжилтыг хөрөнгийнх нь хэмжээгээр тодорхойлдог гэдэг ч санхүүгээ зөв барьж сурах нь хариуцлагын нэг хэлбэр юм. Сар тутам орлого зарлагынхаа жагсаалтыг гаргаж тооцоотой явах нь алс хэтийн дампуурлаас сэргийлнэ.

5. Хэрэг болох зүйлсээ тэмдэглэсэн жагсаалт

~ Мөрөөдөлдөө хүрэхийн тулд «яаж» гэдэг арга замаа судалсан байх хэрэгтэй. – Vin Diesel

Технологийн асар хурдацтай хөгжлийн ачаар ажлыг тань хөнгөвчлөх маш олон ухаалаг хэрэгсэл гарчээ. Тэдгээрээс хэрэгтэй гэснээ сонгон авч зарим нэгнээс нь суралцахын зэрэгцээ цагаа хэмнэх боломжтой. Жагсаалтандаа бизнес уулзалт хийхэд хамгийн тохиромжтой ресторанаас эхлээд ажлаа явуулахад хэрэг болох зүйлсээ тэмдэглээрэй.

6. Хувь хүний хөгжлийн төлөвлөгөө

~ Суралцаагүй өнгөрүүлсэн минут бүртээ өөрийгөө үхсэнд тооц. – Jack Nicholson

Алхам тутамдаа өөрийгөө хөгжүүлж байнга шинийг эрэлхийлж байгаарай. Энэ төлөвлөгөөндөө өөрийнхөө өөрчлөхийг хүссэн бас өөрийгөө хөгжүүлэхэд хэрэгтэй зүйлсээ тэмдэглээрэй. Тухайлбал фитнесээр хичээллэх эсвэл хувь хүний хөгжлийн тухай номын жагсаалтаа гаргасан ч болно.

7. Бүтээлч санаагаа тэмдэглэсэн жагсаалт

~ Бусдын биш өөрийн гаргасан замаар мөрөө үлдээж амьдар. – Ralph Waldo Emerson

Бүтээлч байдлаа нэмэгдүүлэх хамгийн оновчтой арга зам нь бодолд харван орж ирсэн шинэ санаануудаа тэмдэглэх явдал юм. Тэдгээр санаагаа тэмдэглээд л өнгөрөх биш тухай бүрт нь хөгжүүлэх боломж юу байна ажилтайгаа хэрхэн уялдуулах вэ зэргээр бүтээлчээр сэтгэн хөдөлмөрлөх нь таныг амжилтанд заавал хүргэнэ.

8. Ирээдүйн амьдралын төлөвлөгөө

~ Ирээдүй тодорхойгүй ч эцсийн цэгийг нь чи л тавина. – Jim Morrison

Хүн болгон төлөвлөгөө гаргадаг ч зарим нь биелэх эсэхэд нь эргэлздэг. Гэвч хэрэгжүүлэх гэж л гаргасан төлөвлөгөө учраас эцсийг нь үзэх хэрэгтэй шүү дээ. Хүмүүс маргааш юу болохыг таашгүй эсвэл өнөөдрөөрөө амьдар гэдэг ч өнөөдөр хийсэн зүйлсээ ирээдүйг нь бүтээдэг гэдгийг анзаардаггүй.

9. Эрсдлийн жагсаалт

~ Бороо ороосой гэж хүсч л байгаа бол шавар шалбааг болно гэдгийг битгий март. – Denzel Washington

Аливаа зүйл эерэг сөрөг гэсэн хоёр талтай. Амжилт бүр алдаа эрсдлийг дагуулж байдаг. Гэхдээ энэ нь эрсдэл заавал гарах ёстой гэсэн үг биш. Хэрэв гарвал бэлтгэлтэйгээр давж гарахын төлөө энэ жагсаалтыг гаргах учиртай юм. Эрсдлийн жагсаалтаасаа алдаа оноогоо дүгнэн ирээдүйдээ илүү туршлагатай болох болно.

10. Энэ насандаа хийж үзэх зүйлсийн жагсаалт

~ Оршуулган дээр урсдаг хамгийн гашуун нулимс бол хэлж чадаагүй бас хийж амжаагүй зүйлсийн төлөөх харууслын нулимс байдаг. – Harriet Beecher Stowe

Эцэст нь нэгэн насны амьдралдаа харамсахгүйн төлөө хийж үзэхийг хүссэн бас хэн нэгэнд хэлэхийг хүссэн зүйлсийнхээ жагсаалтыг гаргаарай. Энэ жагсаалт таныг эерэг бас эрч хүчтэй амьдрахад тань туслах болно.

Хийсэн зүйлсээ эргэн нэг харж эерэг энерги урам зоригоор цэнэглэгдсэн бол одоо дараагийнхаа бүтээлч төлөвлөгөөг гаргаарай. Танд амжилт хүсье. Та чадна аа!

Эх сурвалж: Lifehack

http://www.bunny.mn/