Холливудын нэрт жүжигчин, найруулагч, продюссер Клинт Иствүүдийн найруулж, Брэдли Күпер, Сьенна Миллер нарын гол дүрд нь тоглосон “American Sniper" буюу “Америк мэргэн буудагч" кино дэлхий даяар жинхэнэ шуугиан тарьж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээлтээ хийснээсээ хойш boxoffice-ын жагсаалтыг бараг хоног алгасалгүй тэргүүлж байгаа энэхүү кино дэлхийн даяар 365 сая ам.долларын ашиг олоод байгаа аж. Энэ бол бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн тус киноны амжилтын ердөө нэгээхэн хэсэг нь гэж хэлж болно. Учир нь, “Америк мэргэн буудагч" 87 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын гол дүр болох өндөр магадлалтай байгаа юм. Уг кино шилдэг кино, шилдэг зохиол, шилдэг гол дүрийн жүжигчин гэсэн гурван гол шагналыг багтаасан нийт зургаан номинацид нэр дэвшээд байгаа бөгөөд Клинт Иствүүдийн найруулсан хамгийн шилдэг бүтээл болжээ гэсэн үнэлгээг шүүмжлэгчдээс аваад байгаа юм.
“Америк мэргэн буудагч" киног бодит түүхээс сэдэвлэн бичсэн болохыг дээр дурдсан. Тэгвэл киноны гол дүр, Америкийн армийнхны дунд “домог" гэгдэн бахархал болсон, Иракийн босогчид “Рамадын чөтгөр" хэмээн айн чичирдэг байсан Крис Каил гэж хэн байв.
Крис Каил 1974 онд Техасын Одессад жирийн нэгэн дунд сургуулийн багшийн гэр бүлд мэндэлжээ. Техасын олон хөвгүүдийн адил түүнийг аав нь багаас нь анд сургаж, Каил найман настайдаа анх буутай “танилцаж" байсан аж. Түүний анхны буу 30-06 Springfield. Энэ буугаараа аавынхаа хамт гургуул, бөднө, буга агнадаг байж. Ахлах сургуулиа төгссөнийхөө дараа Каил мэргэжлийн эмнэг сургагч болсон ч гараа хүнд гэмтээснээс болж энэ ажлаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Хэсэг хугацаанд эмчлүүлснийхээ дараа тэрээр армид, тэр дундаа тусгай албанд орохоор шийдэж хүсэлт гаргасан ч мөн л гарынхаа гэмтлээс шалтгаалан татгалзсан хариу авсан байна. Гэхдээ шантарсангүй. Армийн нэгэн сургагчтай танилцан тусгай хүчин болон ренжерүүдийн талаар судалж, уйгагүй оролдлогынхоо эцэст нэг өдөр дуудлага хүлээж авсан юм. Ингээд 1999 онд АНУ-ын Тэнгисийн цэрэгт элссэн байна. Энэ хооронд есдүгээр сарын 11-ний халдлага болж, Иракийн дайн ч эхлэв. Каил ч бусад олон цэрэг эрсийн адил Тэнгисийн явган цэргийн “Чарли"-гийн гэх мэргэн буучдын суманд хуваарилагдан Ирак дахь дайны талбар руу явсан байна. Тэрээр 2009 оныг хүртэл нийт дөрвөн удаа томилогдсон үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Chris Kyle

Хожим намтар номдоо бичсэнээр мэргэн буучийн хувьд түүний анх бай, анхны даалгавар нэг гартаа хүүхдээ хөтөлж, нөгөө гартаа тэсрэх бөмбөг барин Америкийн тэнгисийн цэргийн байр руу явж буй эмэгтэй байсан аж. Тэрээр удирдлагынхаа тушаалын дагуу гал нээж, тэр эмэгтэйг мөр зэрэгцэн тулалдаж буй нөхдөд нь аюул учруулахаас өмнө буудсан байна. Тэрээр энэ талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үнэндээ бол тэр эмэгтэй үхэх сонголтоо хэдийнэ хийчихсэн, үхчихсэн ч гэж хэлж болохоор байсан. Харин миний хувьд тэр эмэгтэй нөхдийг минь хамт “авч явах"-аас л сэргийлсэн" гэж ярьсан байдаг.

Энэ мэтчилэн Каил Иракт тулалдах хугацаандаа нийт 255 дайсныг хороосон гэдэг ч Пентагон 160-ыг нь албан ёсоор тэмдэглэсэн бөгөөд түүнийг Америкийн армийн түүхэн дэх хамгийн олон дайсан хороосон мэргэн буудагч гэж үздэг байна. Олон хүний амийг хороосондоо эмзэглэдэг эсэх талаар сэтгүүлч түүнээс асуухад хэзээ ч харамсч, эмзэглэж байгаагүй гээд, “Би АНУ-ын тэнгисийн цэргүүдийг хамгаалах үүрэг хүлээсэн байсан" гэж хариулжээ. Мөн дайны үеийн болон дараахь сэтгэлзүйнхээ “Дайны талбарт хүн бүрт л сэтгэл хямралын асуудал тохиолддог. Байнга тулалдаж байгаа болохоор надад ч бас бага зэрэг асуудал тулгарч байсан. Гэхдээ гэртээ ирэхэд бүх зүйл хэвэндээ орж, бүрэн цэнэглэгдээд буцдаг байсан" гэж ярьжээ. Тиймээс ч Иракийн босогчид түүнийг “Рамадийн чөтгөр" гэж нэрлээд, түүний толгойг эхэндээ 21 мянган ам.доллараар үнэлж байсан бол энэ хэмжээ хожим 80 мянга болж өссөн байдаг. Түүнийг таних тэмдэг болгож гар дээр хэрээсний зургийг хүртэл интернэтэд тавьсан байжээ. Тэрээр Иракт тулалдаж байхдаа McMillan Tac-338, Mk 117.62Ч51 мм-ийн хагас автомат, SIG Sauer P220, M4 карбин зэрэг буунууд хэрэглэж байсан байна.
Каил 2009 онд Тэнгисийн цэргийн албанаас бүрмөсөн халагдаж, эхнэр Таяа болон хоёр хүүхдийнхээ хамт Техасын Мидлотиан руу нүүжээ. Энэ талаараа “Жирийн иргэн байж сурах бас амаргүй юм. Цэрэг байхаас маш өөр. Дайны талбарт бүх зүйл хэвийн байдаг хэрнээ гэртээ зүгээр сууж байхдаа л өөрийгөө ямар нэг байдлаар гэмтээчих гээд байдаг" гэж ярьсан байдаг. Хэдийгээр цэргээс халагдсан ч тэрээр зэвсгээ хаяагүй бөгөөд АНУ-ын арми болон хууль хэрэгжүүлэгч байгууллагынхныг дасгалжуулах тактикийн сургалтын “Craft International" компанийг байгуулсан юм.
2012 онд домогт мэргэн буудагч өөрийн намтар номоо “Америк мэргэн" буудагч нэртэйгээр хэвлүүлсэн нь өнөөдөр дэлгэцийн бүтээл болон үзэгчдийн хүртэл болоод байгаа нь энэ юм. Эхэндээ тэрээр ном бичих талаар олон хүний зөвлөгөө, саналд татгалзан хүлээж авч байсан ч тэнгисийн явган цэргийн талаар олон ном бичигдэж эхэлсэн талаар мэдээлэл түүнийг ч бас зүгээр суухгүй байхад хүргэсэн байна. Каил намтар номдоо өөрийн хувийн болон армийн амьдралын туршлагыг ний нуугүй бичсэн нь олны анхаарлыг ихээхэн татсан бөгөөд “Америк мэргэн бууч" ном уншигчдад хүрсэн цагаасаа хойш 37 долоо хоног дараалан “New York Times"-ын шилдэг борлуулалттай номоор шалгарсан байдаг.
Ном бичиж, сургалт явуулахын зэрэгцээ тэрээр “FITCO Cares Foundation" төрийн бус байгууллагатай хамтран дайны үед шархдаж хөдөлмөрийн чадваргүй болсон, сэтгэлзүйн дарамтад орсон цэргүүд болон тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлдэг болсон байна.

2013 оны хоёрдугаар сарын 2-ны бямба гариг Каилын гэр бүлийн хувьд жирийн л нэг өдөр байлаа. Тэр өглөө Каил Техасын Эрат дахь Раф Крикийн эдлэн дэх буудлагын талбай руу армид хамт алба хааж байсан Чад Литтлфилдийн хамт явсан байна. Эхнэр Таяагийнх нь ярьснаар, тэд сурснаараа бие биедээ хайртай гэж хэлээд, нэг нэгнээ үнсээд салжээ. Гэтэл үдийн алдад утсаар холбоо барьж цөөн хэдэн үг сольсон нь найман настай хүү, зургаан настай охины аав, ээж болсон, дайны сүүдрээс дөнгөж гарч амьдрал нь тэгширч эхэлсэн залуу хосын сүүлчийн яриа байсныг тэд яахан мэдэх билээ. Оройн хоолны цаг ойртох тусам эхнэрийнх нь санаа зовж эхэлжээ. Литтлфилдийн эхнэр мөн түүн рүү утасдаж, нөхрөө асуугаад санаа зовж буйгаа хэлсэн байна. Таяа нөхөр рүүгээ “Зүгээр үү. Санаа зовж эхэлж байна шүү" гэсэн мессеж бичсэн ч хариу өгсөнгүй. Харин тэрээр төд удалгүй аймшигтай мэдээ хүлээж авсан юм. Түүний нөхөр Каил, хамт явсан Литтлфилд нарыг олон удаа буудуулан амиа алдсан байхыг тухайн өдрийн 17.00 цагт Техасын буудлагын талбайгаас олсон байна. Домогт мэргэн буудагч ийн хүний нутагт, дайны талбарт “нөхөр хийж" явсан галт зэвсгийнхээ суманд цэл залуугаараа харамсалтайгаар амиа алдсан юм. Алдарт мэргэн буудагчийг сүүлчийн замд нь хүндэтгэлтэйгээр үдсэн бөгөөд орон нутгийн болон бусад бүс нутгаас олон зуун хүн оролцож, хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн амиа алдсанаас нь хоёр жилийн дараа буюу энэ оны хоёрдугаар сарын 2-нд Техасын амбан захирагч Грег Эббот нэгэн шийдвэрийг зарласан нь жил бүрийн энэ өдрийг албан ёсоор Крис Каилын дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон явдал юм.

АНУ-ын Тэнгисийн цэргийн байлдагч байсан 27 настай Эдди Рэй Рутыг Крис Каил, Чад Литтлфилд нарын амийг хөнөөсөн хэмээн буруутгаж байгаа бөгөөд хоёр жилийн өмнө болсон энэ хэргийн шүүх хурал өнгөрсөн лхагва гаригт эхэлсэн юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Рут сэтгэлийн гүн хямралд орсон учир ээж нь Каил, Литтлфилд нараас тусламж хүссэн бөгөөд тэд хүсэлтийн дагуу түүнд туслахаар буудлагын талбай руу дагуулж явсан байна. Орон нутгийн цагдаа нар Рутыг Каилын машинаар хэргийн газраас зугтааж явахад нь баривчилсан аж. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд дурдсанаар тэдний ар нуруунаас эхэлж буудсан бөгөөд хэн нь ч авч явсан зэвсгээ хэрэглэж амжаагүй байна. Прокурорууд Рутад ялын дээд хэмжээ төлөвлөөд байгаа бол өмгөөлөгч нь сэтгэцийн асуудалтай гэх шалтгаанаар ялаас хэлтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Дараагийн шүүх хурал хэзээ болох талаар хараахан мэдээлээгүй байгаа юм.
Ямартай ч 38 жил амьдрахдаа Крис Каил өөрийн гэсэн томоохон орон зайг би болгож чадсан нэгэн. Түүний хувьд хамгийн олон дайсны амь хороосон мэргэн буудагч гэдгээрээ Америкийн армийн, Иракийн дайны түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн ч түүнээсээ ч илүү сайн аав, эр нөхөр болсон гэдгээ хамгийн сүүлд “TIME" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Харамсалтай нь, сайн нөхөр, сайн аавын амьдрал нь тийм ч удаан үргэлжлээгүй юм.

Хайдав ТҮВШИНТӨГС

Эх сурвалж: http://www.itoim.mn