Би 14 жил багшилсныхаа дараа анхны жилдээ л заавал хийж үзэх ёстой байсан нэгэн зүйлээ хийж үзсэн нь сурагчийнхаа хичээлийн нэг өдрийг даган суралцсан явдал байлаа. Энэ явдал ёстой миний нүдийг нээж, би өөрийн заасан анги бүрийнхээ хичээл бүрийн зохион байгуулалт, конспект, шалгалт гээд багаар л бодоход 10 зүйлийг, ер нь бүгдийг нь анхнаасаа огт өөрөөр хийх ёстой байснаа ухаарсан билээ.

Энэ хичээлийн жилд би анх удаагаа сургуульдаа хичээл заадаггүй ажил хийж эхэлж байгаа юм. Ахлах сургуулийн суралцахуйн зөвлөх /арга зүйч / гэдэг манай сургуульд шинээр нэмэгдсэн нэгэн ажлыг хийх болсноор би сурагчдын суралцахуйн ахиц амжилтыг нэмэгдүүлэхээр багш, менежерүүдтэй хамтран ажиллаж эхэллээ.
Шинэ ажлыг маань надад ойлгуулж, ойртуулахын тулд захирал намайг 2 өдрийн турш сурагч байхыг хүссэн юм. Нэг өдөр нь 10р ангийн нөгөө өдөр нь харин 12р ангийн сурагчийг дагалдаж сурах байлаа. Гол нь би сурагчийн хийж байгаа бүхнийг нь яг л сүүдэр шиг л даган хийх байв. Хэрэв сурагч самбараас хичээлээ хуулж бичих байсан бол би ч бас адилхан аль хурднаараа л дэвтэртээ хуулж бичиж байлаа. Харин Химийн лаборатори хичээл дээр би дагалдаж байгаа сурагчтайгаа хамтран туршилт хийж, шалгалт өгөхөд нь бас л адилхан өгч байв. / Лав л хоёр шалгалт өгсний Испани хэлийг бол давсан байх, харин Бизнес судлалын шалгалт дээр бол яг унасан гэж бодож байна. /

Миний нэг өдрийн хичээлийн хуваарь
/ сонгосон хичээлээ үзэх зохион байгуулалттай тул ангиараа ордог хичээл олонгүй байсныг дурдья./
10р ангийн сурагчийн нэг өдрийн хичээлийн хуваарь нь:
7:45 – 9:15: Геометр
9:30 – 10:55: Испани хэл / гүнзгий түвшин /
10:55 – 11:40: Үдийн хоол
11:45 – 1:10: Дэлхийн түүх
1:25 – 2:45: Нэгдсэн байгалийн шинжлэл

12р ангийн сурагчийн нэг өдрийн хичээлийн хуваарь нь:
7:45 – 9:15: Математик
9:30 – 10:55: Хими
10:55 – 11:40: Үдийн хоол
11:45 – 1:10: Англи хэл
1:25 – 2:45: Бизнес судлал

Сургамж №1
Сурагчид өдөржин суудаг, энэ нь үнэхээр туйлдмаар.

Би эхний хичээлийн өдөр дуусахад ямар их ядарсан байсандаа өөрөө ч итгэхгүй байлаа. Үнэндээ бол нэг ангиас нөгөө руу явахаас бусад үед зүгээр л өдөржин суулаа. Бид нар багш болохоороо самбарын өмнө, анги дундуур хүүхдийн дэвтэр үзэх, хичээлээ заах гээд босож сууж, тойрч явж, бүр жаахан хүүхэдтэй ярихаар бол явган суух гээд олон л янзын хөдөлгөөн хийж байдаг юм байна. Харин хүүхдүүд бараг хэзээ ч хөдөлдөггүй. Ингэж дандаа сууж байна гэдэг бол туйлдмаар хэцүү юм байдгийн байна. Дараалсан 2 цагаас бүрдсэн 4 хичээл тус бүрт багш нар сурагчдаа ангид орж суудлаа эзлэсэн л бол завсарлатал биднийг тэндээ хөдөлгөөнгүй сууж байхыг л хүсдэг бололтой. Хичээлийн өдрийн төгсгөлд би бүр зогсолтгүй эвшээж, босч байгаад нэг сайхан суниамаар санагдаж байлаа. Гэтэл дагалдаж байгаа сурагч маань ямар мундаг сэргэлэн сууж байв. Харин би гэдэг хүн Байгалийн ухааны хичээлийн дундуур босч гүймээр санагдавч арайхийн биеэ барьж, өчнөөн цаг хөдөлгөөнгүй суусан болохоор бодол, сэтгэл маань бүр гөлөрч гацаж орхисон байлаа.
Хичээлийн дараа би маш хичээл зүтгэлтэй үр дүнтэй ажилласан сайхан ажлын дараах шиг бус харин бүр нэг өвчин шиг хэцүү, хамаг бие хачин болгож , залхуу хүргэсэн ядаргааг мэдэрч байлаа. Уг нь би хичээлд суучихаад ажлын өрөөндөө очиж өдөрт болсон үйл явдлын тэмдэглэл бичихээр төлөвлөсөн байсан ч тархи толгой ажиллуулах ямар ч юм хийж чадахгүй бүр эцэж туйлдсан байсан учир зүгээр л гэртээ харьж зурагт үзэж байгаад орой 8:30д орондоо оров.

Үүнээс үүдээд хэрэв би буцаад багш болбол дараах 3 өөрчлөлтийг заавал хийнэ гэж бодож байна.

• Хичээлийн дундуур хүүхдүүд биеийн чилээ гаргах дасгал заавал хийлгэнэ.
• Ангийн хаалган дээрээ сагсны цагираг хадаад хичээл эхлэх болон дуусах 1,1 минутанд хүүхдүүдээ тэнд тоглохыг зөвшөөрнө.
• Өдөр тутмын хичээл бүр дээрээ хялбар шийдэлтэй анги дотор хөдлөн явж болохуйц ямар нэг үйл ажиллагааг бэлдэж орно. Мэдээж энэ нь заах агуулгын зарим хэсэг багтахгүйд хүргэх ч энэ нь байж болох зүйл гэж бодож байна. Би л лав хичээлийн өдрийн төгсгөлд ядраад угаасаа зааж байгаа зүйлийнх нь ихэнхийг огт ойлгохгүй болсон . Тиймээс хүүхдүүдээ сайхан суулгаж байгаад бүтэн цагийн турш уншсан сэдвийн тухай ярилцах гэдэг хичээл заадаг байсан гол аргаа үр дүнтэй байсан гэж хэлж чадахааргүй болсоон.

Сургамж #2
Ахлах сургуулийн хүүхдүүд хичээлийн цагийнхаа бараг 90%-ийг хөдөлгөөнгүй сууж бусдыг сонссоор өнгөрүүлдэг.

Би хоёрхон өдөр, хоёр сурагчийг л дагаж хичээлд суусан л даа. Гэхдээ тэдгээр сурагчидтай дараа нь ярилцлага хийж үзэхэд ерөнхийдөө ихэнх хичээлийн өдрүүд нь миний суусан шиг л өнгөрдөг гэж хэлж байсан юм.
Ахлах сургуулийн хичээлийн 8 цагт миний дагалдаж байсан сурагчид бараг юм яриагүй. Учир нь зарим үед багш ярьж хичээлээ зааж, заримдаа өөр сурагчид ярьж, заримдаа хэн нэг нь самбарт дуудагдан хэцүү бодлого бодож бас зарим хичээл дээр шалгалт аваад өнгөрсөн учир тэдгээр сурагчдад дуугарах боломж тэр бүр гараагүй юм. Тэгэхээр би багш л яриад хүүхдүүд дуугүй сууж, дэвтэртээ хуулан бичлэг хийж байсан гэх гээгүй юм шүү. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол Сургамж №1т дурдсан шиг хүүхдүүд өдрийн ихэнхийг мэдээллийг идэвхигүй хүлээн авах горимд өнгөрүүлдэг гэсэн дүгнэлт юм.
Зөвхөн дандаа суугаад байх нь ч бус зүгээр л мэдээлэл хүлээн авагч хийгээд л тэр мэдээлэлтэйгээ идэвхитэй ажиллах боломжгүй суугаад байх нь үнэхээр ядармаар байлаа.
Миний дагалдаж байсан хүүхдүүдийн нэг нь болох 10р ангийн сурагч Синдигээс чи хичээлдээ суугаагүй бол мэдлэгээр хоцрогдоно, эсвэл тэр хичээлд оролцож мэдлэг чадвараа бататгах боломж нь хомсдоно гэж бодож байсан уу, мөн хичээлдээ үнэхээр үр дүнтэй оролцож мэдлэг бүтээх явцад чухал хувь нэмэр орууллаа даа гэж бодож байсан уу гэж асуухад тэр зүгээр л инээгээд “Үгүй” гэж товчхон хариулсан юм.
Миний мэдэж авсан энэ хоёрдох сургамж ялангуяа хүүхдүүдэд сурах үйл явцаа удирдах боломж нь ямар хомс байдаг нь, тэд байнга л удирдуулж, сонгох эрх чөлөөгөө хязгаарлуулж байдаг нь намайг бүр гайхашруулж орхилоо. Ялангуяа одоог хүртэл энэ тухай бодож дүгнэж байгаагүйдээ өөртөө дургүй хүрч байлаа.

Үүнээс үүдээд хэрэв би буцаад багш болбол дараах 3 өөрчлөлтийг заавал хийнэ гэж бодож байна.

• Хичээлээ богино хугацаатай жижиг хэсгүүдэд хувааж заана. Оролцоог нь хангасан, суралцахуйн төлөө үнэлэх үйл ажиллагаануудтай жижиг жижиг хэсгүүд ар араасаа дараалан зохион байгуулагдахаар хичээлээ төлөвлөх юм. / жишээ нь эхлээд 10 минут яруу найрагч Уитманы амьдрал уран бүтээлийн тухай лекц ороод дараа нь багт хуваан лекцэд дурдагдсан сэдвийн хүрээнд шүлэг уран бүтээлийн нь задлан шинжилгээ хэлэлцүүлэг хийж эцэст нь баг багаараа олж мэдэж авсан зүйлээ дараалан тайлагнах явцад бусад нь тэмдэглэл хийж сонсоно гэдэг ч юм уу. /
• Ярьж эхлэхдээ 5 минутын сэрүүлэг тавьж байх. Сэрүүлэг дуугарахад л би ярих юмаа ярьж дууссан байх ёстой. Үгүй бол цааш нь яриад л байж мэднэ. Би өөрөө ч ярих дуртай заримдаа дуугай болохоо мэдэхгүй л бурж өгнө. Гэхдээ хичнээн их хэлэх ярих юм байсан ч би ганцаараа яриад байх нь миний сурагчдын суралцахад нэг их тус болохгүй шүү дээ.
• Хичээл бүрийг Ерөнхий асуулт эсвэл бүр Зайлшгүй асуух асуултуудаар эхлүүлж байх нь зүйтэй гэж бодлоо. Өмнөх хичээл дээр үзсэн, эсвэл даалгавраа хийж байхад бодогдсон, эргэлзээ төрүүлсэн бүх зүйлсээ хүүхдүүд дараагийн хичээл эхлэхээс өмнө асуугаад авчихвал сайн юм. Би бүр хүүхдүүдийг асуух асуултаа самбарт бичээд үлдээчих тэндээс нь цөмөөрөө алинаас нь эхлэхэв, алинд нь заавал хариулахав гэдгээ сонгоод хариулж байвал зүгээр гэж бодож байна. Би хичээл бүрийг ингэж эхлүүлдэггүй байсандаа одоо ямар их харамсаж байна гээч! Ойлгоогүй зүйлийг илрүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, хичээлд идэвх чармайлтай болгох, хамтран болон бие даан ажиллаж сургах гээд одоо бидэнд үгүйлэгдээд байгаа тэр чадварууд хүүхдүүдэд маань суугаагүй байгаа нь би хичээлээ ингэж асуултаас эхэлж түүндээ хичээлийн эхний 10, 20 минутыг зарцуулж чаддагүй байснаас л үүдэлтэй гэдгийг одоо л ойлгож байна.

Сургамж #3
Ерөнхийдөө залхаж байгаагаа өдрийн турш мэдрэх ямар вэ?

Хичээлд суух явцад багш нар маань бидэнд анхааралтай бай гэж сануулж байсан нь бүр тоогоо алдав. Мэдээж багш бүр л ингэж хэлдэг нь тодорхой цагийг үр бүтээлтэй ашиглах гэсэн санаа шүү дээ. Гэхдээ сурагч болоод өдрийн туршид хичээлд суугаад явахад хүүхдүүдээ өрөвдөж байлаа. Өдөржин сууж идэвхигүй сонсож байгаа хүүхэд байнга л анхааралтай бай, томоотой суу гэж хэлүүлээд байвал яаж хүлээж авах нь тодорхой. Багш нар ч гэсэн олон өдрийн урт үргэлжилсэн сургалт семинарт суухад хичээлийн төгсгөлд ямар мэдрэмж төрдөг билээ дээ. Зүгээр л хаячихаад завсарламаар, дасгал хөдөлгөөн хиймээр, найз нөхөдтэйгөө хөөрөлдмөөр, интернет ухаж, мейлээ уншиж, чатламаар л болдог шүү дээ. Хүүхдүүдэд ч бас яг адилхан ийм мэдрэмж төрдөг. Бид хичээлээ уйтгартай муу зааснаас бус харин тэд өдрийн ихэнхийг сууж, идэвхигүй сонсож өнгөрүүлдэг болоод л тэр.
Нэмээд хэлэх нэг зүйл байгаа нь багш нар сурагчдыг жаахан үгээр идэх, ёжлох нь их байдаг бололтой. Би өөрөө хэр их ийм байдал гаргадаг байснаа бодохоор нэлээд эвгүй мэдрэмж төрж байлаа шүү. Ноднин жил нэг нэлээн хэцүү анги маань шалгалт өгөх болоод сурагчид шалгалттай холбоотой олон асуултыг дахин дахин асуугаад байхаар бүр муурч унах шахдаг байснаа тодхон санаж байна. Асуух тоолонд нь л хариулахдаа хийж байгаа зүйлээ орхиод анги нийтэд нь хандаж хариулдаг байлаа. Гэвч хэдэн минутын дараа л адилхан шалгалтын материал дээр ажиллаад сууж байсан ч миний ярьсанд анхаарал бага хандуулсан хэн нэгэн нь яг адилхан асуултыг бүр заавал дахин асууна. Ингээд л нүдээ эргэлдүүлж санаа алдаад “ За дахиад л нэг удаа тайлбарлахаас даа... “ гээд эхлэхэд минь нэг хэсэг нь инээлдэж суудаг байж билээ. Мэдээж нэг юмыг олон давтан тайлбарлах багшид хэцүү л байдаг. Гэтэл шалгуулж байгаа сурагчийн байр сууринд очиход бас адилхан л хэцүү байдгийг мэдлээ. Би гэдэг хүн стрессдэж, санаа зовж, бас олон юм асуумаар болж байв. Гэтэл тэр зааж байсан хүн нь нүдээ эргэлдүүлж санаа алдаад, залхсан байдал үзүүлбэл би дахиж асуулт асуухгүй л байх. Ингэж нэг өдрийн хичээлд сурагчаа дагаж сууснаар би тэднийг арай л дотно ойлгодог болсон шиг санагдлаа. Багш хүн хүүхдийг ёжлох, тэсвэр алдсан, залхсан дүр үзүүлэх нь суралцахад сайнаар нөлөөлөхгүй харин ч бидний хооронд том хана хэрэм босгодогийг мэдэж авлаа.

Үүнээс үүдээд хэрэв би буцаад багш болбол дараах 3 өөрчлөлтийг заавал хийнэ гэж бодож байна.

• Эцэг эх болохынхоо хувьд хуримтлуулсан туршлагаа тунгаагаад үзвэл хайр халамж, тэсвэр тэвчээрийн барагдашгүй ундарга бидэнд байгааг олж мэдэхэд төвөггүй. Тиймээс дахин дахин асуугаад байгаа хүүхдэд энэ л дэлгэр сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Асуулт гэдэг бол тэр сурагчийг танин мэдэх, түүнтэй ойртож дотносуулах гүүр юм. Асуултанд нь хандаж байгаа хандлагаараа бид тэднийг эрдмийн өргөөнд орох хаалгыг өргөн дэлгэн нээж байна уу үүрд таглан хааж байна уу гэдгээ мэдрэхгүй өнгөрч болохгүй билээ.
• Би өөртөө сурагчдыг бусдын өмнө басаж, үгээр идэхгүй гэсэн зорилго тавьж бүр нэг сурагчийг хэрвээ би ийм зан гаргавал намайг зогсоогоод сануулж байгаарай гэж хүсэлт тавина гэж бодож байна. Бас сард авсан цалин бүрээсээ хэдэн төгрөг хадгалж хичээлийн жилийн төгсгөлд хүүхдүүддээ пицца авч өгч баярлуулна гэж бодож байна. Ингэснээрээ би хүүхдүүдтэйгээ илүү ойр дотно болж бас өмнөө зорилго тавьж түүнийгээ биелүүлж чаддаг гэдгээ тэдэнд биеэрээ үлгэрлэн үзүүлж чадах юм.
• Мөн би IB шалгалт, хичээл гээд ямар ч албан ажил байсан хүүхдүүддээ 5 минут унших цаг өгөөд энэ хооронд хэн нь ч бичихгүй харин асуух тодруулах юмаа сайн асууж байгаарай гэсэн дүрмийг хэрэгжүүлнэ. Энэ хялбар аргуудыг би олон жилийн өмнөөс л хэрэгжүүлэх ёстой байсан байх. Тэгсэн бол хүүхдүүдийнхээ давтан асуудаг нэгэн ижил асуултуудаас / магадгүй бүгдээс нь биш ч / үүдсэн айдас залхалтын мэдрэмжээс эртхэн салж чадах байж дээ гэж бодож байна.
Ахин сурагч болон өнгөрүүлсэн нэгэн өдрийн туршлагаасаа би сурагчдаа улам хүндэтгэх, хайрлах мэдрэмжийг авч үлдлээ. Багш хүн уйгагүй хөдөлмөрлөдөг ч, сайн сурагчид тэднээс илүү их ажилладаг юм байна гэж би одоо бодох болсоон.
Одоо би сурагчид маань хичээлд суухад, өгсөн даалгаврыг маань хийхэд үүгээр дамжуулан бид тэдэнд юу өгч байгаадаа илүү санаа зовох боллоо. Ингээд сурагчдаа ойлгодог тэдний оронд өөрийгөө тавьж үзэж чаддаг энэ үзэл бодол мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж сургуулийн удирдлагадаа хүргэж чаддаг багш нартаа л найдаж байна. Ингэж чадвал бид хүүхдээ бодож бэлдсэн хичээлүүдийг зааж, сурагчид маань илүү тэнцвэртэй, ойлгомжтой, идэвхитэй оролцоотой хичээлд суудаг / магадгүй явдаг / болох юм.

Эхийг
http://www.washingtonpost.com/…/teacher-spends-two-days-as…/
холбоосоос үзнэ үү