Адмон группын захирал Р.Энхбат

Адмон группын захирал Р.Энхбат

Танай компани хоёр жил дараалан нийгэм рүү хандсан арга хэмжээ болгож “Соён гэгээрлийн өдрүүд”-ийг зохион байгуулсан шүү дээ. Ийм ажил зохион байгууллаа гээд өнөөдрийн амьдралд өөрчлөгдөж шинэчлэгдсэн зүйл надад лав мэдэгдсэнгүй. Та өөрөө харин юу гэж дүгнэж байна?

Нүдэнд өртчихөөр зүйл ч алга байна л даа. Ихэнх хүмүүс өдөр тутмын амьдралаасаа илүү гарч чадахгүй, соён гэгээрэх талаар бодох ч сөхөөгүй яваа биз. Тэд өнөөдрийн байдалдаа дэндүү дасал болчихсон, “хорвоо ийм л байдаг шүү дээ” гээд л гэлдэрч яваа. Ийм хүмүүсийг сэрээх л ёстой. Тэд уг нь “хорвоо үүнээс өөр байх ёстой юм байна шүү дээ” гээд ойлгочихвол өөрчлөлт гарна. Надад юу харамсалтай гээч, цаг хугацаа л хайран санагдана. Мэдээж хэрэг тэд арван жилийн дараа өнөөдрийнхөөс шал өөр болох биз ээ.

Ойлгох хүн огт алга гэж үү. Нийгэм энэ чигээрээ л яваад байх хэрэг үү. Улс шиг хөгжие, хүн шиг амьдарья гэдэггүй билүү?

Мэдээж хэн юу хэлээд байгааг ойлгодог хүмүүс бий. Гэхдээ тэдний хөх инээд хүрч байгаа. Яагаад гэвэл тэд нийгмийг энэ чигээр нь байлгаад байх сонирхолтой. Тийм ч учраас хэзээ ч бүтэхгүй юм хийгээд явж байна гэж намайг болон над шиг хүмүүсийг тэд ил далд шоолдог юм. Өнөөдрийн энэ ялзралыг сонгуулиар лав өөрчлөхгүй. Бослого тэмцэл гаргасан хүмүүс бүгд шантарсан, байр байрандаа очсон, зарим нь албан тушаалаар амаа үдүүлсэн. Тэгээд өөр гарцгүй гэдэгт тэд маш итгэлтэй суугаа.

Ийм мэдэрдэггүй, сэрдэггүй улс руу соён гэгээрлийн ажил зохиогоод танд ямар ашигтай гэж. Хувийн компани ашгийн төлөө ажлаа хийж явбал барав биш үү?

Мэдэрдэггүй гэж худлаа. Мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа. Хүн гэдэг чинь ямар ч байдалд дасдаг амьтан шүү дээ. Шоронгийн дэглэмд ч дасдаг харин тэндээс гарахаараа энэ чөлөөт ертөнцөд дасаж өгөхгүй, эргээд тийшээ орсон нь дээр санагддаг. Ийм хүмүүст гол нь энэ байдлаасаа гарах эр зориг дутдаг юм. Мэдээж өдөр тутмын наад захын асуудлаас хэтэрч чадахгүй тийм зовлон ч бас бий.

Чиний асуусанд хариулахад, манайх дан ашгийн төлөө ажиллах бололцоогүй компани. Зөвхөн мөнгөний ашиг хөөх боломжгүй гэсэн үг.

Та соён гэгээрэл гэж чухам юуг хэлээд байгааг тайлбарлаж өгөөч. Гэгээрсэн хүн гэж хэнийг хэлэх вэ?

Бусдыг бүү дагалдан баяс, энэ чинь яваандаа маш хор уршигтай учраас өөртөө итгэж, өөрөө бодож сур. Тэгээд түүнийгээ залхууралгүй хийхийг хичээ. Үүний тулд чамаас зориг зүрх шаардана. Эсвэл чи насаараа хэн ч биш, хэн нэгэн болоод яв. Үүнийгээ шийд л гэсэн үг. Энэ санааг 300 жилийн тэртээ Э.Кант хэлсэн юм шүү. Түүнийг нь би гудамжинд бичээд хадчихсан. Хүмүүс уншиж байг.

Хүмүүс танаас “юу дутлаа гэж мөнгө, цаг зарсан ийм ажил хийж явдаг юм” гэж асуудаг уу?

Асууна аа.

Тэгэхээр нь та юу гэж хэлдэг вэ?

Би өөр юу хийх юм бэ гэдэг.

Тэгэхээр тэд юу гэж байх юм?

“Бизнесээ хийгээд л, сайхан амьдарч болно шүү дээ“ гэдэг. Үнэндээ манайд бизнес хийнэ гэдэг бараг дээрэм хийж байгаатай адил болчихсон шүү дээ. Хүмүүс нийгмээ ингээд ойлгочихсон тул жирийн хэрэг гэж үзэх болж.

Та ч бас нэг талаар үүнийг хийж өдий дайтай болсон байх даа?

Их бага хэмжээгээр тийм л байх даа. Буруу юман дотор зөв байх гэдэг боломжгүй бөгөөд эрсдэлтэй. Наад зах нь оршин тогтнох бололцоогүй болоход ч хүргэнэ. Жишээ нь, хүүхэд чинь өлсөж байгаа бол хүн зүгээр хараад сууж тэвчихгүй, ямар ч аргаар хамаагүй хоол олж өгнө биз дээ. Ийм байдалд орсон хүн муухай юу, ийм байдалд оруулсан төр засаг нь муухай юу.

Хувь хүнийхээ хувьд та юу хүсээд байгаа юм бэ?

Бизнесийн өрсөлдөөн шударга байвал илүү байх гэж бодоод яваа. Харамсалтай нь манайд бүх юм яг эсрэгээрээ, худлаа болсон. Бид худлааг харж, худлаатай нөхөрлөж, худлааг магтаж, худал үгэнд итгэж, бүхэлдээ худлаагаар амьдарцгааж байна. Насаараа ингэж худлаа байсаар байгаад өнгөрмөөргүй байна шүү дээ. Дээрээс нь худлаа боловсрол, худлаа шүүх, худлаа засгийн газар бас худалч ерөнхийлөгчийг хүртэл худлаа хуулиар сонгов доо. Үнэн юм байвал чи надад нэгийг ч болов хэлээд өг дөө.

За ёстой мэдэхгүй юм байна аа. Яасан ч бараан ярьдаг юм. Өөртөө заяасан ухаанд итгэдэггүй, хувь заяаныхаа эзэн гэдгээ мэддэггүй, тааралдсан амьдралаараа л явдаг хүн олон шүү дээ. Хүн сүргийн ийм нийгмээс өөрийгөө “би бол энэ төрийн нэг эд эс” гэж ойлгодог ард түмэнтэй болоход хол байна уу?

Тэглээ гээд үхээнц царайлаад суувал чиний л хохь. Хүнд нэг л амьдрал олддог гэж би боддог, тэр амьдралыг харин үр ашигтай өнгөрөөх ёстой. Ямар нэг юм горьдож хүлээгээд, хэн нэгэнд даатгаж байснаас байгаагүй нь дээр гэж 300 жилийн өмнө У.Шекспир “Хамлет”-даа бичсэн шүү дээ. Манай нийгэмд мөн ч олон Хамлет хэрэгтэй байна даа.

Аз жаргал, бэрхшээл зовлонг ойлгох хүн хүний ойлголт өөр л дөө. Ихэнх маань сайхан амьдралыг зөвхөн материаллаг талаас нь харж, “хоногийн хоолтой бол бол оо” гэж явна. Юун оюун ухаан, соён гэгээрэх, хийсэн бүтээснээрээ бахархах?

Тийм бодолтой явдаг бол байгалийн амьдралд л их дөхөж очно доо. Амьтан ч гэсэн идэх хоол, дулаан хэвтэр, тайван орчинд л аз жаргалыг эдэлдэг болов уу. Зарим хүн түүнийг аз жаргалын дээд гэж бодож яваа бол үгүйсгэх үндэслэл ч бас байхгүй. Харин бидний өнөөдөр ярьдаг иргэний ардчилсан нийгэм бол хүмүүсээс арай илүү чадварыг нэхдэг юм. Хүнийг хүн шиг амьдрахад материаллаг хүчин зүйлээс соёл боловсролтой холбоотой, оюунлаг хүчин зүйлүүд илүү урагшлуулдаг.

Өнөө цагийн хүмүүсийн амьдралын үнэлэмж зөвхөн материаллаг тал, өнгө, хэлбэр болж. Ердөө л үүний төлөө улайрч явсаар, тэр хооронд улс оронд нь ямар бүтээн байгуулалт өрнөв, хүн төрөлхтөн ямар гайхамшгийг бүтээв, хажууд байгаа байгалийн сайхан, үр хүүхдийнхээ өсөж торниж буйг ч анзааралгүй, энэ бүхнээс аз жаргал мэдрэхгүй байсаар насыг үднэ биш үү. Ингэх амьдарвал хайран биз дээ?

Хайран гэдгээ мэдэхгүй, санаа амар явсаар дуусна шүү дээ.

Авлигаар бүх асуудлыг шийдэж болно, хэнийг ч худалдаж авч болно гэсэн сэтгэхүй залуу үеийнхэнд сууж байгаа нь надад хамгийн харамсалтай санагддаг?

Нүдэн дээр нь тийм байхад өөр яах юм. Түүгээр чинь нийгмийн механизм хөдөлж байна шүү дээ. Жишээ нь, орон тоо нь хүрэлцдэггүй цэцэрлэгт хэдэн төгрөг өгч хүүхдээ өгөхгүй бол ганц бие хүн яаж ажил хийх юм. Хүссэн хүсээгүй ийм л байдалд тэр хүн орж байна шүү дээ. Гаалийн байцаагчид хахууль атгуулж, тэдний хүнд суртлаас ангижрах хүсэлгүй хүн гэж байх уу. Харин энэ бүхэнтэй тэмцдэг хүнийг гадуурхаж, янз бүрийн нэр хоч өгдөг юм. Өөрөөр хэлбэл ийм муухай нийгмийн жишгийг дагаж амьдрахыг бидэнд төр засаг тулгаж байна.

Хэрвээ хүмүүсийг “эрт цагт шоргоолж шиг ажилладаг байсан, одоо хувалз шиг болчихсон” гэвэл арай хатуу дүгнэлт болох уу?

Би арай тодорхой асуулт хүсэж байна.

Ямар нэг юмыг хоосон шүтэж, амьдралаа заалгаж, толгойгоо мэдүүлж явсан зарим хүн одоо хэнд хандахаа мэдэхээ больж, лам руу эсвэл бөө рүү очдог боллоо. Хааны албат, шашны хараат байхад амар байж л дээ. Уг нь хувь заяа өөрийнх нь гарт шүү дээ. Өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө мэдэх болсон эрх чөлөөгөөр юу хийхээ мэдэхээ больсон гэсэн үг. Зарим хүнд эрх чөлөө бараг ял болсон юм биш үү?

Нэг хүн хэлсэн байдаг юм “Хамгийн дуулгавартай хүмүүст шашин дуртай” гэж. Бид хүүхдүүдээ багаас нь үгнээс гардаггүй, дуулгавартай, томоотой сайн хүн болгохыг хичээдэг. Манай боловсрол ч үүнийг хүсдэг. Тэд өөрөөр боддог, асуудаг хүнд дургүй. Ирээдүйн Монголын нийгэмд ямар иргэн бэлдэж өгч байгааг эндээс харцгаа.

Нөгөө талаар эрх чөлөө гэж юу болохыг мэдэхгүй хүн эрх чөлөөтэй байж чадахгүй. Хорин гурван жилийн дараа өнөөдөр эрх чөлөө гэж чухам юу болохыг хаанаас ч олж мэдэх боломжгүй гэхээр... та хэл дээ.

Сонинд өгсөн таны ярилцлагыг уншсан чинь “бидний хэрэглэдэг маш олон үг амьгүй тунхаг маягтай болсон, гоё үг л цуглуулдаг боллоо, дуртайгаар бичдэг, яриагаа ойлголцохоо больсон“ гээд л нэлээн бухимдангуй аястай байсан. Та хэлний мэргэжлийн хүн биш атлаа монгол хэлний цэвэр тунгалаг байдлын талаар санаа зовж явдаг шүү дээ. Ерөнхий сайдтай хүртэл хэвлэлээр заргалдаад авсан. Үр дүн нь юу болов?

Би санаа зовж явдаг юм биш ээ. Ийм тодорхойгүй байдлаас болж ажлаа хийж болохгүй байна шүү дээ саад болоод. Үүнийг л шийвэрлэж өгөөч гэж мэдэх чадах хүмүүсээс хүссэн нь тэр. Үр дүн надаас гарахгүй.

Хувь хүнтэй чинь холбоотой ганц хоёр юм асууя. Та өөрөө өөрийгөө яаж бүтээж яваа вэ?

Ярьж байгаагаас минь илүү хийж байгаа минь хэлж өгөх байх.

Хүмүүсийг дөрвөн төрөлд хуваадаг гэнэ ээ. Юм мэддэг, мэддэгээ мэддэг хүн байвал түүнээс үлгэр дуурайл авах ёстой. Юм мэддэг ч мэддэг гэдгээ мэддэггүй, тэр хүнийг сэрээж өг. Юм мэддэггүй, мэддэггүйгээ мэддэг, ийм хүнд тусал. Юм мэддэггүй, мэддэггүйгээ ч мэддэггүй тийм этгээдийг үтэр өшиглөн хөө гэж. Та аль нь вэ?

Юм мэдэхгүйгээ мэдсээр байгаа хүн.

Ярилцсан Ч.Мөнхтуяа