Оросын нэг алдарт зохиолч “Орос оронд юу болж байна вэ?” гэж асуугаад, өөрөө хариулахдаа “Идэж ууж (цөлмөж) л байх шив дээ” гэсэн шиг “Монголоор юу байна вэ?” гэвэл “Худал хуурмаг л байна, өөр зүйл алга шив дээ” гэхээс өөр хариулт олдохгүй нь. Мэдээж, цөлмөж л байгаа л даа, гэхдээ энэ удаа монголчуудын худал ярих дуртай зан чанарын тухай өгүүлье.



Өгүүллийг бичих болсон шалтгаан маань саяхан “хувь, хувьсгалын хоёр байгууллагатай” гэрээт ажил хийгээд, нөгөө талууд маань гэрээгээ биелүүлээгүйгээс үүдэлтэй. Яг ч биелүүлээгүй биш юм аа. Яах вэ, улсын болон хувийн, төрийн болон төрийн бус байгууллагууд амласнаа (гэрээгээ) арай ядан биелүүлдэг л юм. Гэхдээ хугацаа юм уу, ажлын хөлсөн дээр худал ярьдаг зан нь заавал илэрнэ гээч. Аргагүй л, цаана нь монгол хүн сууж байгаа юм болохоор.



Ер нь, монголчууд бидний нийтээр худал ярьдаг нь “цаг болзоход” маш тод илэрдэг. Үнэхээр дургүй хүрэм зуршил. Уулзах цагаа дандаа худал хэлнэ. Үргэлж ингэж худал ярьж, болзсон цагаасаа хоцордог юм уу гэхээр бас чиг тийм биш, хэн нэг дарга, сайд, босстой болзсон бол яг цагтаа гозойж байна гээч. Хүмүүсийг ялгаварлан, худал ярьдагт хамгийн муухай чанар нь оршино.



Худал ярих явдал ажлынх нь шаардлага, бараг мэргэжил нь болчихсон хүмүүс байдаг л даа. Жишээ нь, улс төрчид. Сонгуулийн компанийн үеэр тэдний худал ярих эрээгээ алддаг, ёстой сүнсгүй зална гээч. Эртний Грект гараад, одоо дэлхий даяар тархсан “Улс төрч, худалч гэсэн хоёр ойлголт ижил” гэсэн нэг үг байдаг. Энэ бол үнэхээр үнэн үг. Гэхдээ энэ удаад бид худал ярих үзэгдлийг улс төрийн бус, ахуйн хүрээнд авч үзлээ.



Хүмүүний хувьд хүлээн зөвшөөрөхөд “халуун” - хэцүү үнэн, ямагт байсан, одоо ч байсаар байна. Та, миний ээж хамгийн сайн, сайхан хүн гэж хэлж байхдаа ээжийнхээ, бусдын адил хүнээс юм харамлах үедээ харамлачихдаг, хүн муулах үедээ муулчихдагийг анзаарсан уу! Та, монголчууд хамгийн хөдөлмөрч, цагаан цайлган сэтгэлтэй, ухаалаг ард түмэн гэж омгорхож байхдаа манай улс яагаад хөгжлөөрөө ийм доод түвшинд байгаа, яагаад хамгийн хүний үнэргүй гэмт хэрэг бидний дундаас гардаг тухай бодсон уу! Хэн нэг нь эрэгтэй, эмэгтэй хүн оюун ухааны хувьд угаасаа адил гэж хэлж байхдаа дэлхийн түүхэн дэх оюуны чадавхтай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцааны тухай хийгээд одоо яагаад сэтгэх чадвараа уралдуулдаг тоглоом болох шатрыг эрэгтэй, эмэгтэй гэж тусад нь явуулдаг тухай бодож байв уу! Мөн өдөр тутам тааралддаг бялдууч, дээрэлхүү, шунахай, мэдлэг боловсролгүй, ухаан муутай дарга, захирал, боссынхоо зан чанарыг ил тод, шууд хэлж байгаа хүнтэй тааралдсан уу!



Ер нь,, бидэнд худал хэлэхгүй амьдрах бололцоо байна уу?! Шинэ хувцас өмссөн найз чинь танаас ямар байна, зохиж байна уу гэж асуух юм бол огт зохиогүй байсан ч та инээгээд, худал хэлэх болдог. Оюутан чинь семинарын хичээл дээр огт уншаагүй атлаа дэмий юм яриад байхад “арай л биш байна даа” гэнэ (үнэндээ, арай бишээр барахгүй, “хадуураад” явчихаж байхад нь шүү дээ). Бүрэлдэхүүнд нь байдаг хамгаалуулах зөвлөлийн хурал дээр нэр хүндтэй нэгэн, эрдмийн зэрэг хамгаалахаар орж ирчхээд, авахын аргагүй юм ярьж эхлэхэд мөн л “зөв харж инээгээд, буруу харж уйлах” хэрэгтэй болно. Удирдлага эсвэл хүрээлэн байдаг хүмүүсийн чинь ихэнх (бараг, бүгд гэж бодъё) санал нэгтэй байх юм уу, таалагдахгүй байгаа зүйлийг чинь танд тулгах юм бол мөн л, дүр эсгэнэ. Хэрэв та бүх зүйлийг хаана ч, хэзээ ч ямагт  үнэнээр нь шулуухан хэлээд явбал (үүнийг экзистенциалист философид хүний аутентик ахуй гэдэг) амьдрал, ажил төрөлдөө амжилт гаргадаггүй, ахиж дэвшдэггүй, хамт олон, хувь хүмүүстэй таарамжгүй, азгүй нэгэн болж хувирах биз.



Худал хэлэх олон янз л даа. Өөрийн эрхгүй, хүүхэд шиг гэмгүй, “цагаахан” худал хэлэх тохиолдол (7-8 настангууд “би зун зусланд байхдаа чавхаар баавгай агнасан” гэдэг шиг) байдаг. Авгай хүүхэд, аав ээж, найз нөхдөө тайвшруулахын тулд худал хэлэх шаардлага бас гарна. Хүмүүний төрөлх чанар шахуу юм даа. Энд хуурах гэхээсээ тайвшруулах хүсэл их байгаа тул ойлгож болох үзэгдэл. Тэгвэл утас  авсан хүү нь “таныг ярья” гэж байна гэхэд, “аавыгаа алга”  гээд хэлчих гэх юм уу, ажил дээрээ шатар тоглож, оройтож ирчхээд “асар их ажилтай байлаа” гэх мэтээр худал хэлдэг. Тийм атлаа үр хүүхдэдээ аав, ээж нь насаараа худал хэлж үзсэнгүй хэмээн залахыг нь яана. Худал ярихыг хамгийн их тэвчдэг хүн гэхэд л үнэн юмыг үнэнээр нь хэлэхгүй, “буурь заан”, дуугүй өнгөрч худал “хэлнэ”. Энд, хэн нэгнийг хуурч, үнэн байдлаа нуудаг, үнэнийг үл тоомсорлодог байдал илт байгаа бөгөөд бусдыг ийм байдалд уруу татаж байгаа учир “чавхаар баавгай агнасан” бяцхан хүүгийн ярианаас хамаагүй илүү хортой үзэгдэл болно.



Зарим хүн хөрөнгө, мөнгөнөөс болж хүн чанаргүйгээр худал хэлнэ. Хувь хүн, байгууллагыг унаж тустал, сүйрч мөхтөл худал хэлнэ. Энэ бол худал, хуурмагийн хамгийн аймшигтай, сонгодог хэлбэр. Энэ тухайд бол хэлэх ч үг олдохгүй. Өөрийн хүчээр бус албан тушаалын хаялгаар худал хуурмаг амьдарч ирэгсэд гундахдаа даан ч амархан. Тэднийг нэг нурмайсан юм явж байвал албан тушаалаасаа бууж гэж ойлгоход болно. Албан тушаалаасаа салах нь хуурмаг амьдралтай хүмүүсийн хувьд уснаас нь гаргаад хаячихсан загас лугаа гэсэн үг. Тэд ажил хөдөлмөр хийж, чин үнэнээсээ амьдарч чадахаа больчихсон байдаг учраас албан тушаалаа үхэн хатан хамгаалж, түүнтэйгээ зууралддаг. Ажил хийсэн дүр үзүүлж, албархуу царайлах явдал бол амьдралынх нь хамгийн гол нөхцөл. Цагаан цамц, зангианы цаана нөгөө худал ярьдаг хулхи зан байж л байна. Хүн арьснаасаа мултраад явчихгүйгээс хойш хэчнээн албан тушаал, эд хөрөнгөтэй болсон ч хуурамч амьдрал нь хэвээр үлддэг.



Зарим нь худал ярьж, худал сэтгэж, хуурамчаар амьдарсаар байгаад өөрийгөө хүртэл хуурч, дүрдээ итгэчихсэн байдаг. Тийм хүмүүс ихэвчлэн, “би энэ хүний яриад байгаагаас арай л илүү боловсролтой доо”, “миний хүү бусад хүүхдээс ухаантай шүү”, “ээж шиг минь сайн хүн байхгүй”, “монгол хүмүүс шиг сайхан сэтгэлтэй”, “малчид шиг хөдөлмөрч хүмүүс ховор” гэх мэтээр бодно. Ийм хүмүүсийн худал байдал амьдралынх нь хэвшил болсон учраас үүнийхээ төлөө улайран зүтгэдэг. Ер нь, худал хэлж байна гэдгээ мэдэхээ больчихсон байдаг тул худал хэлж байгааг нь ойлгуулах боломж бараг байхгүй. Тэд маргаанд ямагт үнэн байж, амьдралдаа нэг ч алдаатай дүгнэлт хийж байгаагүй мэт сэтгэнэ. Худал ярьсаар байгаад, ярьж байгаа зүйлдээ өөрөө үнэмшин (hallucination), эргэлзэх сэтгэлгээгүй болчихсон байдаг.



Рефлектив бус сэтгэлгээтэй иймэрхүү хүмүүсийн тоонд мэргэ төлөг тавьдаг, элдэв төрлийн үзмэрч, зөвхөн Монголоо судалдаг монгол хүмүүс, сэтгэл хөдлөл ихтэй шүлэгчид гэх мэт ажил, мэргэжлийн хүмүүс багтана. Тэд юмс үзэгдлийг голдуу хэлбэрийн талаас хардаг болчихсон, ёс заншил, өөрийн түүхэн дэх эерэг зүйлийн тухай голчлон ярьдаг, өнгөц харахад, асар их мэдлэгтэй, сэхээтэн дүр төрхтэй хүмүүс байдаг. Энэ хүмүүст юмс үзэгдэлд объектив хандах сэтгэлгээ өчүүхэн ч суугаагүй байдаг учраас асуудал, тэр тусмаа үндэсний түүх, соёл, зан заншилтай холбоотой зүйл дээр ямагт уянгын халил гаргана. Энэ нь ч олон түмэнд их таалагддаг. Эдний хувьд маргаанд үнэнийг олох явдал гол биш, ухаантай, боловсролтой юм шиг харагдаж, ялан дийлэх явдал чухал байдаг тул маргаж байх үедээ уран гоё үгнүүдээр жонглёрдон (заримдаа, тэднийг харж байхад хэрэглэж байгаа монгол болон гадаад нэр томьёоныхоо утга учрыг сайн ойлгоогүй байдаг), софизм ашиглаж, асуудлыг үндсэн утгаас нь эвтэйхэн зайцуулан, өнгөц харахад зөв ч юм шиг гэтэл үнэндээ, латинаар argumentum ad judicium хэмээх хуурамч үндэслэл их гаргадаг.



Тэгэхээр, худал хэлэх явдал хүмүүсийн боловсрол, ажил мэргэжил, оролдож байгаа зүйлтэй зохих хэмжээгээр холбоотой үзэгдэл байж болох талтай аж . Ярьж хэлж, судалж буй зүйл нь ямар нэг улс үндэстний эрх ашигтай холбоогүй тийм зүйлээр оролддог хүнд үнэнийг шууд хэлэх сэтгэлгээний дадал, зуршил илүүтэй тогтдог (Тэдний заримд, хааяа тохиолддог алдар нэр хөөцөлдсөнөөр хуурмаг байдалд ордгийг эс тооцвол. Гэхдээ энэ нь шинжлэх ухааных нь уг чанартай холбоогүй). Байгаль шинжлэлийнхэнд ийм хандлага нэлээд суусан байх аж. Учир нь гэрлийн хурд 300.000 км/сек, гурвалжны 3 өнцгийн нийлбэр 180 градус байдаг тухай өгүүлэхэд хэнд ч ундууцал төрдөггүй. Гэтэл ярьсан, хэлсэн болгон нь тодорхой нэг хүн, улс төрийн хүчин, улс үндэстний эрх ашигтай холбогдож, гомдох юм уу баярлах сэтгэлийг нь хөндөж байх юм бол энэ хүчин зүйлийг харгалзсаар үнэнийг шууд хэлэх дадал, зуршлаас аажмаар холдоно. Энэ нь улс төрчид хийгээд нийгэм-хүмүүнлэгийн ухааныханд их тохиолддог үзэгдэл.



Дэлхийн түүхэнд өөрийгөө худал, хуурмаг амьдарсан, амьдралдаа тийм зүйл үйлдэж байснаа ухамсарлан, бусдаас нуугаагүй хүмүүс бас ч байсаар иржээ. Ф.Ницще, герман үндэстнийхээ дутагдалтай шинжүүдийг хайр найргүй шүүмжлэн, бичсэн байдаг. Гэрийн багш хийж байхдаа тууз хулгайлчхаад, шивэгчин бүсгүйг гүжирдэн “амь гарсан”, хамтран амьдарч байсан эмэгтэйгээ ятгасаар байгаад, хүүхдүүдийг нь асрамжийн газар өгүүлсэн зэрэг нь Ж.Ж.Руссог насан туршид нь шаналгажээ. Тийм ч учраас насныхаа эцэст “Наманчлал” хэмээх зохиолоо бичиж, хүн төрөлхтөнд өөрийгөө ямар хүн болохыг зарласан билээ. Мөн “арчаагүй доройг”-оо Ф.Кафка (өөрийнхөө дутагдалтай талаа илэрхийлсэн ядаж нэг өгүүлбэр өдөрт бичихгүй бол санаа амрахгүй хэмээн тэрээр нэгэнтээ хэлсэн байдаг) шиг ойлгон, ний нуугүй өгүүлж байсан хүн ховор л болов уу. Кафкач үзэл бол мазохист хандлага биш, харин өөрийгөө нарцисизмаас хол, феноменологи байдлаар авч үзэж байгаа хэрэг. Бидэнд тэднийг гайхах, тэр тусмаа, шоолон жигших эрх байхгүй. Энэхүү ний нуугүй байдал нь биднээс хамаагүй ухаалаг хүмүүс болохыг харуулж байгаа юм. Бидний дунд тэднээс долоон дор хүмүүс өч төчнөөнөөрөө байдаг авч, худал хуурмаг амьдралаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Насаараа багтай амьдрахыг хүсэж байдагт манай эмгэнэл оршино (монголчууд бидэнд ямар, насны эцэст нүглээ наманчлах гэдэг шашин, ёс суртахууны ойлголт байх биш). Бид худал, хуурмаг амьдралаа юмны арга эвийг олж байна, амьдарч чадаж байна, энэ бол хамгийн ухаалаг аж төрөх ёс хэмээн боддог. Бүгдээрээ шахуу худал хэлж, хуурмаг амьдардаг учраас худал хэлсэн нэгнийгээ ойлгоно, хуурмаг амьдралд нь хүлцэнгүй хандана гэж жигтэйхэн. Түүгээр үл барам сайн худал ярьдагаар нь бахдах янзтай. “Чадаж байгаа юманд арга байхгүй, амьдарч чадаж л байгаа юм чинь” гэх шүү юм ярина.



Бид худал хуурмагийг нийгмийн амьдралын бүх хүрээ, давхаргаас харж болно. Гудамжинд гарна- худал хуурмагаар дүүрэн сонин; дэлгүүрт орно-бараагаа худал магтсан худалдагч; ажилдаа очно-худал хуурмаг ноёрхсон харьцаа; хүнтэй ажил ярина-худал ярьсан түншлэгч; орой гэртээ ирээд, телевиз асаана-худал ярьсан улс төрч эсвэл өөрсдийгөө худлаа рекламдсан урлаг, спортын “од”, хуурамч “гавьяатууд”; академик байгууллагуудаар орно-псевдо эрдэмтэн; хуурамч бизнес гэрээ хэлцэл, ам тангараг; нүд хуурсан ардчилал, капитализм гээд. Бүр үнэнийг хамгаалах ёстой байгууллага болох хуулийн байгууллагуудад хүртэл худал хуурмаг ноёрхжээ. Монголд худал ярьж буй хувь хүн, байгууллага, улс, хувийн хэвшлийнхэн дотроос хамгийн чадварлаг худал ярьдаг нь Монголын төр. Тэтгэвэр тэтгэмж, цалин мөнгө нэмнэ, авилгыг багасгана, албан тушаалын гэмт хэргийг бууруулна, төрийг шударга болгоно гэх мэтээр маш сайхнаар худал ярина. Стэйтистүүд (төрийнхэн) иргэддээ байтугай гадныхныг хүртэл хуурч, худал гэрээ хэлцэл хийнэ. Ёстой тонгорцоглож унатал хуурна даа.



Одоо хамгийн сайн (өөрөөр хэлбэл, үнэмшилтэйгээр) худал хэлсэн нь үнэн болж харагдаж байна. Бүгд худал, хуурмаг ертөнцөд худал ярьсаар нэгэн насыг барах аж. Ийм нөхцөлд ганц өдөр ч гэсэн хэн нэгэнд хуурагдахгүй, зальдуулахгүй өнгөрвөл амьдралаас нэг өдрийг тун амжилттай өнгөрөөлөө гэсэн үг болж байна.



Худлыг даван туулах арга зам бол худал хэлснээ хүлээн зөвшөөрөх явдал байдаг. Тэр хүн худал хэлж, хуурмаг амьдарснаа хүлээн зөвшөөрснөөр үнэнийг хэлж байгаа хэрэг (Энд “Худалчийн парадоксын” тухай өгүүлж, софизм хэрэглэн, асуудлаас бүү хөндийрүүлээрэй. Би мета-хэл биш, объектын хэлний түвшинд ярьж байна). Товчхондоо, худлыг худлаар бус, үнэнээр даван туулдаг гэсэн үг. Хөгжсөн, ардчилсан, ил тод нийгэм гэдэг бол худал хэлэх шаардлагагүй, худал хэлэх бололцоог хаадаг нийгмийг хэлдэг байна.



Философийн ухааны доктор Б.БАТЧУЛУУН