Төгсгөл хэсэг. Өмнөхийг ЭНДЭЭС...


“Улаан жонон”-гийн араас хийсэн ангуучлал

Мюнхен хотод болсон Зуны ХХ олимпийн их наадмын үеэр “Хар 09-р сар” байгууллагын дайчид Коннолиштрассе гудамжны 31-д байрладаг олимпийн тосгоны нэгэн байр руу 1972 оны 09-р сарын 05-ны өглөөний 04.25 цагт зэвсэгт халдлага хийж Израилийн тамирчид, дасгалжуулагч нийлсэн 11 хүний аминд хүрчээ. 

Мюнхенд болсон тэрхүү гунигт явдлын дараа Ерөнхий сайд хатагтай Голда Мейр өшөө авах дайн явуулахаа нийтэд мэдэгдэв. Энэ дайнд түүний хэлснээр Израиль Улс “Амин чухал ач хол­бог­долтой асар уудам, аюултай фронт дээр чадварлаг, шаргуу тэмцэл явуулахаар” болжээ. 
Амиа алдсан тамирчдыг оршуулах ажиллагаа нийт улс үндэстнийг хамарсан томоохон арга хэм­жээ болов. Хатагтай Голда Меир оршуулгын ажиллагаанд оролцсонгүй. Албан ёсны тайлбарт “Ерөнхий сайдын эгч нь нас барсны улмаас гашуудаж байгаа” гэжээ. 

Оршуулгын ажиллагааны маргааш өдөр хатагтай Иерусалим дахь харшдаа “Моссад”-ын захирал генерал Цви Замри, терроризмын асуудал хариуцсан зөвлөх Аарон Ярив нарыг урьж ирүүлэв. Дашрамд дурдахад, Аарон Ярив бол Москвад төрсөн нэгэн бөгөөд эцэг, эхийн хамтаар Израильд ирж суурьшсан билээ. 
Ерөнхий сайд “Энэ ертөнц дээр жүүдүүд бид их ганцаардмал улс. Дандаа тийм байсан... Тиймээс бид өөрсдөө л өөрсдийгөө хамгаална” гээд нэг хэсэг дуугүй болсноо генералуудын нүд рүү ширтэн “Нэг юмыг та нар мэдэхийг хүсч байгаа. Би өшөө авах ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргаад байна. Энэ бол миний шийдвэр. Бүх хариуцлагыг би өөрөө хүлээнэ... Залуусаа бэлдэцгээ!” гэжээ.

“Энэ мөчөөс эхлэн Израиль Улс хурц ширүүн, зовлон зүдгүүр дагуулсан цуст дайны давшилтад орлоо” гэж Замир хэлсэн юм. Гэтэл “Нөхцөл байдал буруу эргэвэл яах болж байна?” хэмээн Ерөнхий сайд гэнэт эргэлзэв. “Хэдийнэ буруу тийш эргэчихээд байна. Израиль Улс Мюнхенд болсон явдлыг дахин гаргуулж болохгүй” гэж Ярив хариулжээ. “Хар 09-р сар” байгууллагын ажиллагаа “Моссад”-ын эрх мэдлийг үндсээр нь өөрчлөв. Тэр даруй төсвийг нь хоёр дахин нэмсэн юм. Төдөлгүй тусгай ажиллагааны хэлтэст Европ, Ойрхи Дорнодын улс, орнуудад алан хядах ажиллагаа зохион байгуулах үүрэг бүхий бүлгийг байгуулав. Террористууд, тэдний удирдагчдын хавтаст хэргийг нарийн судаллаа. Зөвхөн энэ ажиллагаанд оролцсон хүмүүсийг л устгах ёстой байжээ. 

Устгах ёстой хүмүүсийн нэрсийн жагсаалтыг “Хар 09-р сар” байгууллагын Шуурхай ажлын хэлтсийн дарга, олонд Абу-Хасан гэдэг нэрээрээ алдаршсан, “Моссад”-ын бичиг баримтад “Улаан жонон” гэгдсэн Али Хасан Саляме тэргүүлж байлаа. Салямег устгах асуудал Израилийн тусгай албадын хувьд хамгийн чухал нь байв. Нэгд, чухам тэр л үхэх ёстой 13 хүний нэрсийн жагсаалтыг тэр­гүүлсэн билээ. Хоёрт, “Моссад” түүнийг л Мюнхенд тамирчдын аминд халдсан хэргийн ха­риуц­лагыг хүлээх ёстой хүн хэмээн үзэж байлаа. Үнэндээ энэ балмад санаа чухам Салямегээс гарсан гэдэгт “Моссад”-ын удирдлага итгэл төгс биш байв. Тэгэх ч боломжгүй байв. Гэхдээ чухам тэр хүн Мюнхены ажиллагааг төлөвлөж, ажиллагаанд орол­цогчдын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж байсныг нотлох баримт хангалттай байсан аж. Тэр ч бүү хэл, тэр үед Израильд “Террорист” гэдэг нэр томьёо Саляме гэдэг нэртэй ижил утгатай болоод байсан юм. 

Өшөө авах төлөвлөгөө бол Аарон Ярив, Цви Замир нарын терроризмын эсрэг тэмцлийн улс төрийн бодлогын бүрэлдэхүүн хэсгийн нэг л мөчир нь байжээ. Энэ удаа тэдний өмнө устгахад тийм ч амаргүй сайн бэлтгэгдсэн мэргэжлийн сургалттай дайсан байгаа гэдгийг тэд ойлгож байлаа. Саляме өөрөө ч ухаалаг, тун чадварлаг хүн байв. Тэрбээр нэг газар удаан хугацаагаар амьдардаггүй гэнэ. Ингэхийн тулд багц дипломат паспорт эзэмшинэ. Хувийн амьдралдаа хэдийгээр дүүрэн хангалуун байдаг ч нэг л хэвийн маяг баримталдаг, түүнийгээ нэг их өөрчилдөггүй байлаа. Тэрбээр ихэд болгоомжтой, бусдын анхаарлыг өөртөө татахаас зайлсхийхийг хичээнэ. Маш сайн бэлтгэгдсэн бие хамгаалагчид нь түүнээс холдохгүй. 

Саляме өөрийгөө халдлагад өртөхөөргүй хүн гэдэгт итгэсэн байжээ. Төрөлхийн өөрийгөө хам­гаа­лах мэдрэмж, араншин нь түүнийг аварна. Дайснууд нь түүнийг хэзээ, хаана гараад ирэхийг нь урьдчилан тааж, мэдэж чаддаггүй байв. Төдөлгүй Саляме өөрийгөө хувилгаан мэт хамгаалалттай болсон гэж бодоод далд байдлаас гарч ПЧБ, АНУ хоёрын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх болжээ. Ливанд Иргэний дайн дэгдэхэд Бейрутэд боогдоод байсан америк, европчуудыг нийслэлээс гаргах ажлыг зохион байгуулсан аж. 1975 оны 04-р сарын 15-нд өрнөсөн энэхүү дайны үед Саляме Бейрутэд амьдарч байлаа. Тэгэхэд тэр өөрийгөө “Израилийг ангуучилдаг хий үзэгдэл” хэмээн нэрлэсэн юм. Гэнэт тэр “Хий үзэгдэл” биежиж, хийх гэж байгаа үйлдлийг нь урьдчилан мэдэж болох тодорхой биет хүн болчихно. Тэрбээр дөч хүрч байлаа. Бодвол тэнүүлч амьдралдаа түүртэх болоо биз ээ. Магадгүй, жүүдүүд олон удаа бүтэлгүйтсэний эцэст өөрийг нь зөнд нь хаяж, эгэл амьдралаар амьдрах боломж гарлаа гэсэн бодол ч түүнд төрсөн байж мэднэ. Гэвч “Моссад” түүнийг мартаагүй байлаа...
... 1978 оны 07-р сарын 28-ны өдөр Али Хасаан Саляме үзэсгэлэн гоо ливан бүсгүй Жоржина Ризктэй гэрлэв. Энэ бүсгүй 1971 онд Майами-Бичд болсон гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцон “Дэлхийн мисс” цолыг хүртсэн юм. Энэ гэрлэлтээрээ тэр бүсгүй өөртөө алах ял оноосон нь долоохон сарын дараа тодорхой болсон билээ...
Хүрэн үстэй, ногоон нүдтэй, урт сормуустай Жоржина Бейрутэд католик шашны эмэгтэйчүүдийн коллежид сурдаг үлгэр жишээ сурагч байжээ. Тэрбээр кино үзэх, спортоор хичээллэх, бүжиглэх, рок хөгжим сонсох дуртай нэгэн байв. 15 нас хүрээд коллежио орхиж, загвар өмсөгчийн мэргэжил эзэмшин Австрийн нэгэн жуулчны компанид ажил­лах болжээ. Хэсэг хугацаанд Кувейт, Герман, Ливи, Бельгид амьдарч байлаа. 1969 онд 16 настай Жоржина “Ливаны мисс” цолыг хүртэв. Хоёр жилийн дараа Майами-Бичд болсон гоо бүсгүй шалга­руулах уралдаанд тэргүүлжээ.

Ливанд эргэж ирээд кинонд тоглож, радио, телевизээр дуулах болов. Ганган хувцасны хувийн дэлгүүрийг ч нээжээ. Саляме түүнд Бейрутын Верден гудамжинд орон сууц худалдаж авч өгөөд өөрөө ч ойр ойрхон ирдэг болов. Гэхдээ анхны эхнэр, хоёр хүүхэдтэйгээ дотно харилцаатай хэвээр байлаа. Түүний амьдрал арай цэгцтэй болж, “Моссад” ч түүнийг зүйл дуусгах болсон юм. Жоржинатай гэрлэснийхээ дараа Саляме үе үе үхлийн тухай ярих болжээ. “Эрт, орой хэзээ нэгэн цагт би үхнэ. Би бусдад алуулна. Яаж ч үхсэн энэ бол палестинчуудын мэргэжил юм” гэдэг байв. Үхлийн тухай ярихдаа “Би эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлсэн шиг хүүхдүүд маань миний үйл хэргийг үргэлжлүүлэх болно” гэж байнга хэлнэ. Саляме Бейрутээс бараг гардаггүй, байнга олон тооны бие хамгаалагчдаар хүрээлүүлсэн байдгийг “Моссад” мэдэж байв. Саляме карате сонирхдог байсан тул биеийн тамирын клуб, бүр ядахдаа бассейн, уурын саунд отолт зохион байгуулах санал гарсан тухай тагнуулын ахмад ажилтан ярьдаг аж. Гэвч ямар бассейнд сэлдэг, ямар саунд орж ууранд суудагийг нь “Моссад” тогтоож чадаагүй юм. 

... 1978 оны сүүлчээр Британийн паспорт өвөрт­лөсөн дунд эргэм настай Эрика Мэри Чэмберс гэгч эмэгтэй Верден, Мадам Кюри гудамжны заагт Жоржина Ризкийн байрны эсрэг талд булангийн байрны 08-р давхарт байр хөлслөн суужээ. Тэрбээр бүх хөршүүдтэйгээ Пенелопа гэдэг нэрээр та­нилцсан аж. Ихэнх цагаа зураг зурж цонхон дээрээ өнгөрүүлнэ. Түүний зурсан хотын үзэмжийг дүрсэлсэн зургууд нарийн нямбай боловч уран зургийн хувьд тааруу байв. 1975 оны 01-р сарын 15-ны өдөр Лондон хотод олгосон № 260896 тоот паспорттай Питер Скрайвер гэгч хүн 1979 оны 01-р сарын 17-ны өдөр Бейрутын онгоцны буудалд газардав. Гадна төрхөөрөө Британийн бизнесмэний сонгодог шинжийг бүрэн агуулсан тэр эр өөрийгөө техникийн асуудал хариуцсан зөвлөх гэж танилцуулна. Скрайвер “Медитеранэ” зочид буудалд буудаллаж, “Фольксваген” маркийн машин түрээсээр авав. Дараа өдөр нь №ДС 104277 тоот паспорттай, Бейрутэд Рональд Кольберг гэгчид олгосон Канадын иргэн ирж, “Рояль Гардэн” зочид буудалд буугаад саарал өнгийн “Симка-Крайслер” загварын машин түрээсэлжээ. 

1979 оны 01-р сарын 22-ны өдөр Сири Улсын нийслэл Дамаск хотод жил бүр хуралддаг “Палестины үндэсний зөвлөл”-ийн бага хурал нээгдэх байлаа. Арафат хурлын нээлтэд Салямег урьсан юм. Тэр өдөр түүний охин дүү Жихадын төрсөн өдөр байсан учир Сири рүү явахаасаа өмнө түүн дээрээ очиж баяр хүргэнэ гэж амласан ажээ. Жоржинагийн бие хүндрээд таван сар болсон байлаа. Өглөө кофе уух зуураа Саляме түүнд “Би охинтой болмоор байна” гэжээ. Хариуд нь Жоржина “Харин би хүүтэй болмоор байна. Хүү маань чамтай адилхан байхыг хүсч байна. Хоёр дахь Алитай болно” хэмээв. “Би чам шиг хөөрхөн охинтой болох юм...” гэж Саляме хэлжээ. Саляме эхнэрээ энхрийлэн үнсээд дөрвөн бие хамгаалагчийн хамтаар машин руугаа дөхөв. Жолооч Жамиль “Шевроле” машины хаалгыг онгойлгож, Саляме хойд суудал дээр хоёр бие хамгаалагчийнхаа дунд нь суужээ. Нөгөө хоёр нь ард зогсож байсан “Лэнд Ровер”-т сууцгаав. Хоёр машин Салямегийн эх, охин дүү хоёрын амьдардаг байр руу хөдлөжээ. Тэндээсээ Дамаск руу явах ёстой байлаа. 

Эрика Чэмберс буюу Пенелопа нэртэй бүсгүй цонхоо хааж, зурж буй зурагныхаа цаана зогсон “Фольксваген” машин ирж зогссон зам руу харж байв. Төдхөн Верден гудамж руу аажим орж ирж байгаа “Шевроле”-г олж харлаа. Гудамж машингүй шахам байв. “Фольксваген” хүртэл арваад метр зайтай болов... Найм... Зургаа... Дөрөв... Хоёр... Пенелопа гудамж руу харангаа алсын удирд­лагынхаа товчлуурыг дарлаа. Тэр мөчид дэлбэрэлт болж, манарсан утаа тэнгэрт цойлов. Гэртээ байсан Алигийн эх дэлбэрэлтийн чимээ сонсоод охиндоо “Ах руугаа утсаар залгаач” гэв. Жихад Алигийн утас руу залгатал утсыг нь хэн ч авсангүй. Салямегийн эх гудамж руу гүйн гарав. Арван минутын дараа хүүгийнхээ байрны өмнө зогсож байлаа. ФАТХ-ын дайчид орцны өмнө зогсоно. Тэд уйлж байлаа. Салямегийн эх бүх учрыг ойлгов... 
Үймээн дундуур Эрика Чэмберсыг орцноосоо гарч “Датсун” маркийн машинд суун тодорхой бус чиглэлд одсоныг хэн ч анзаарсангүй. 15 минутын дараа тэрбээр Жуния боомт руу хүрэх замаар дав­хиж байлаа. Тэр үед Америкийн эмнэлэгт мэс засалчид Салямегийн амийг аврахыг хичээж байв. Гэвч аварч чадсангүй. Мэс заслын ширээн дээр тэрбээр ухаан оролгүй байсаар нас баржээ. Саляме аавынхаа насыг (38 орчим нас) насласан юм. Бага хурлын нээлт дээр Арафатыг үг хэлж байхад түүнд цахилгаан утас дамжуулав. Эхлээд тэрбээр итгэсэнгүй. Нотлохыг шаарджээ. Хоёр дахь цахилгаан утсыг өгөхөд уйлав. Индэр дээр тэр уйлж байлаа. Тэр шөнө Жуния усан боомтын ойролцоохь эргээс хийлдэг завь хөдлөв. Завинд Колберг, Чэмберс нар байв. Маргааш өглөө нь цагдаагийнхан эрэг дээр “Датсун”, “Симка-Крайслер” маркийн хоёр машин хаягдсан байхыг олсон юм. Тэр өдөр “Моссад”-ын захирал Ерөнхий сайддаа “Бид Мюнхены өшөөг авлаа!” гэсэн товч бөгөөд тодорхой үгтэй цахилгаан утсыг илгээв.

Али Хасан Салямег оршуулах ёслол дээр 50 мянга орчим хүн салах ёс гүйцэтгэхээр ирсэн байлаа. Анхны эхнэр нь хоёр хүүгийнхээ хамтаар шарилын араас алхана. Жоржинад нөхрийнхөө шарилд хүрэхийг зөвшөөрсөнгүй. Хэний ч сэжиглэж байгаагүй Эрика Мэри Чэмберс (Пенелопа) Саляме­гийн “Шевроле” машинд богино долгион дамжуулах бяцхан төхөөрөмж суурилуулсанд эргэлзэх хүн үгүй. Ердөө 2-3 секундын дотор л тавьсан болов уу. Магадгүй, тэрбээр гутлынхаа үдээсийг зангидахдаа ч тавьсан байхыг үгүйсгэхгүй юм. Байдлаас харвал, Скрайвер “Фольксваген” ма­шинд дэлбэрэх бодис суурилуулаад түлхүүрийг нь Колбергт өгч, тэрбээр Салямегийн гэрийн ойролцоо машиныг байрлуулсан биз ээ.
Эх сурвалж www.wikimon.mn