Хаврын хавартаа “хог” нь толгой дээгүүр эргэлдэн “бүжиглэж”, “хамар сэтэл­мээр” үнэр “ханхийн” сэтгэл “аягүйцүүлдэг” Азийн цагаан (эсвэл арай өөр өнгөтэй) дагина Улаан­баатар хотод бид амьдарч байна. Хаана юу байгааг нь олж очих гэж “уйлахаас” наахнуур юм болж бухимдсаар бид ч дасчихаж. Зүү багтах зайтай газар болгонд нь ямар ч зохион байгуулалт, төлөв­лөлт­гүйгээр байшин барьчихсан болохоор гудамж талбай, байшингаа дугаарлахад төвөгтэй болжээ. Нэг саяас давсан хүнтэй хотын хувьд гудамж, талбай, албан байгуул­лагуудын нэр, хаяг анхаарлын төвд байх ёстой. Албан байгууллага, орон сууц, гэр хорооллын хашааны булан дээр “Амарсанаагийн гудамж”, “Самбуу­гийн гудамж”, “Залуучуудын өргөн чөлөө”, “Рашаантын 18” гэх хаяг байдаг ч яг тэр нэрээр нь хүнээс асууж сурвал мэдэх хүн бараг олдохгүй. Нийслэлд 109 гудамж, талбай албан ёсны нэртэй байдаг бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчид нэр “хайрладаг”.
 
  Саяхан интернэт хэсч яваад, нэгэн грек залуугийн Улаанбаатар хотын тухай бичсэнийг уншлаа. Тэрээр Улаанбаатарт ирсэн даруйдаа хотын газрын зураг худалдаж аваад, нийслэлтэй танилцах аялалдаа урамтайхан эхэлж. Түүн дээр нь хотын гудамжны нэрсийг англиар биччихсэн байж. Англиар бүх гудамжаа нэрлэдэг улс юм болов уу гэж гэж бодсон чинь Монгол хаягаа орчуулчихсан байсан хэрэг. Энэ тухайгаа тэрбээр “Та бодоод үз дээ “Peace avenue” гэж газрын зураг дээрээ биччихээд тухайн гудамж дээрээ болохоор “Энхтайваны өргөн чөлөө” гээд крилл үсгээрээ биччихдэг юм билээ. Ийм газрын зурагтай жуулчин Улаан­баатарт ганц гудамжийг нь ч эрээд олохгүй, төөрнө дөө” хэмээн бичжээ. Гадаадын жуулчин битгий хэл мань мэт нь төрлөх хотдоо төөрч байна. Найзынх маань шинэ байр авч, тэднийд зочлохоор зорьлоо. Баянзүрх дүүргийн зургадугаар хороо, 13-р хороолол, ...-р байр гэсэн хаяг тогтоогоод баахан алхлаа. Жижигхэн туслах замаар хиллээд нэг нь зурга­дугаар хороо, нөгөө тал нь 18-р хороо болчихдог “гайхалтай” газраар хөлөө эцтэл бэдрэв. Эцэст нь утас цохин асуувал “Бөхийн өргөөний зүүн талаар уруудаад, тийм дэлгүүр байгаа...” гэхчилэн заавар авч арай ядан олж очив. Хотын төвд хаягжилт ийм байхад гэр хороолол ямар байх нь бүүр ч ойлгомжтой. Орон сууц, барилга байшин, орц, айлууд нь хаалган дээрээ дугааргүй. Нэг үгээр хэлэхэд зорьж очсон газраа олох гэж “оньсого таах” хэрэг гарна. Байгууллагын хаяг ойлгомжгүй, эсвэл хэт нүсэр, зарим нь хараа муутай хүн олж харахааргүй хариу­гүй жижигхэн. За тэгээд Хятад, Солонгос, Англи гээд есөн шидийн хэлээр биччихдэг. Криллээр байгаа хэдэн хаяг нь бөөн алдаа.
 
  Хөдөөгөө голоод, ажил амьд­ралын эрхээр хот бараадсан гэр хорооллынхны хувьд бэрхшээл олон. Хаа дуртай газраа хашаа хат­гаж, задгай буучихсан тэдэнд сонгуульд нэр дэвшигчид хоосон амлалт өгөхөөс бусдаар хайхардаг байгууллага, албан тушаалтан бий гэвэл бараг л үлгэр. Энэ эмх замбар­аагүй суурьшлаас болж төрөл бүрийн үйлчилгээ дутмаг. Түргэн тусламжийн тэрэг дуудлага өгсөн айлдаа очих нь өвсөн дотроос зүү эрэхтэй адил. Хэрэв хашаа бүр тодорхой хаягтай, хаалга бүр дугаартайсан бол ийм хүндрэл гарахгүй. Гудамж гэдгийг би ойлгохдоо эгнэсэн хашаануудын дундуур машин явган хүний замтай байдаг гэж боддог. Харамсалтай нь өнөөдөр байдал эсрэгээрээ. Явж байтал нэг буланд гацчихна. Эсвэл хоёр болж салаад машин байтугай хүн явах зайгүй шигчихсэн байх юм. Гэр хорооллын айлууд гэрээ хүнд зааж өгөх гэж зовдог. Төв замаасаа салаад, тийм дэлгүүрийн хажуугаар гараад, нэг худгийн урд гудамжаар ороод гэхчилэн ярих нь өрөвдмөөр. Хэдхэн хоногийн өмнө телевизээр хөдөлгөөнт эргүүлийнхэн гэр хороо­­лолд гарч байгаа гэмт хэргийг цаг тухайд нь илрүүлж байгаа тухай мэдээ гарлаа. Баярлууштай л хэрэг.
 

 
Хөдөлгөөнт эргүүлийнхэн “Хотын аль ч дүүргийн гэр хороололын хаяг­жилт тааруугаас гэмт хэргийн дуудлага хүлээн авсны дараа нөгөө газраа олж очих гэж мунгинасаар байгаад хамаг цагаа алддаг. Ялангуяа Чингэлтэй, Хайлааст гээд хотын хойд захын гэр хорооллуудад эмх цэгцтэй дугаарласан, хаягжуулалт алга. Нөгөө талаар хөдөөний олон замын хаагуур явах вэ гэдэг шиг хотын гэр хорооллын нүх сүв ихтэй замыг сүлжиж ороосоор байтал байгаа шатахуунаа барах нь энүүхэнд” хэмээн ярьж байлаа. Энэ эмх замбараагүй байдлаас болж эмнэлэг болон цагдаа­гийн тусламж авч чадахгүй хэн нэгний амь эрсдэж байгаа ч юм билүү гэж бодохоор дотор жихүүцмээр. Монгол Улсын үндсэн хуульд зааснаар бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Харин тэр эрх маань ийм зүйлд ч “сөхөрч” байгаа нь харамсалтай. Бүгдийг нь халуун ус хананаасаа гардаг байранд оруулж чадахгүй ч гэсэн ядаж хүн ойлгохоор хаягжуулчихвал сайнсан. Уул нь “Гэр хорооллын хашаа, гудамжны хаягт мөрдөгдөх стандарт” гэж байдаг юм билээ. Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, барилга байгууламжид дугаар олгох журманд “Гэр хорооллын эхлэл дээр гудамжны нэрийг бичнэ” гэж дурайх юм. Журам нь байсаар байтал хэрэгжилт хаана байна вэ? Захын гэр хорооллын эхний гудамжаар алхахад л хаяг ч үгүй, дугаар ч үгүй.
 
  2008 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн ачаар иргэний бүртгэлийн асуудал ч, хаяг дугаар ч тодорхой болно хэмээн горьдож байсан. Харамсалтай нь өнөөдөр ч байдал дээрдээгүй хэвээр л байна. Хаана харъяалагдахаа мэддэггүй, эзэнгүй, “задгай” гэсэн тодотголтой айлууд нийслэлээр дүүрэн. Сонгуулиас зургаан сарын өмнө буюу өнгөрсөн оны эхээр сүр дуулиантайхан эхэлж, гэр хороололд хашаагүй, задгай буусан айлуудыг хаягжуулж, гудамжийг нь дугаарлах ажилд иргэд “0” гэсэн дүнг тавьж байна. Үүнийг хотын удирдлагууд анхааралдаа авч, ажил болгооч ээ!!!