“Хатан хаан Сиси” киноны Сисигийн дүрээрээ та бидний хэзээний танил болсон Германы алдарт жүжигчин Роми Шнайдер агсны амьдрал, уран бүтээлийн тухай товчлон толилуулья.
 
  Түүний 70 насны энэ 7 хоногт тохиож байгаа юм. Германы нэрт кино жүжигчин Роми Шнайдер агсны зургийг “Штерн” сэтгүүлд зориулан авах гэж сэтгүүлч Роберт Лебек зургаан удаа түүн дээр очиж байжээ. Эдүгээ Лебек тэртээ 1982 онд хорвоогоос одсон тэр алдарт бүсгүйн тухай дурдатгалаа хэвлүүлжээ.
 
  Тэр бээр зургаа авахуулах­даа хачин дуртай хүн байж билээ. Ер нь миний аппаратны дурангийн өмнө зогсож байсан хүмүүс дотроос зургаа авахуулахдаа ингэж их баярладаг хүн байгаагүй л болов уу. Бүр амьдралынхаа сүүлчийн мөчид, үс нь сэгсийж, зовхи нь таталдаад байгаа нь анзаарагдахгүй байхын аргагүй болчихоод байсан үедээ ч нүүрэндээ бага сагахан будаг түрхэж янзалчихаад л дорхноо гялалзаад явчихсан юм даг. Тэрийг нь би өөрт нь ч хэлсэн. “Зүгээр байхдаа чи чинь нэг саарал хулгана шиг л байсан, аппаратны өмнө очихоороо хатан хаан аятай болчих юм аа” гэж. Энэ үг түүнд таалагдана лээ. Тэгэхэд бид хоёр хэдхэн хоногийн өмнө Берлинд байдаг нэг найз бүсгүйнд нь танилцаад байсан юм. Роми тэр үед “Хатагтайн хамт бөөнөөрөө авахуулсан зураг” нэртэй киногоо хийж байв. Мэдээж би “Сисси хатан”-тай кинонуудыг нь, бас түүний гэр бүл, янаг амрагийн бүтэлгүй явдлуудын тухай мэддэг байсан. Далаад онд хүмүүс ер нь Роми Шнайдерийн талаар юу ч мэдэхгүй байх үндэсгүй байлаа. Найруулагч Харри Майен болон хоёр дахь нөхөр Даниел Биасинигээс салсан, “Сисси” имиджээ ор­хиж, Германдаа сая нэг төлөв томоотой жүжигчин хэмээн хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдсон гээд л. Даан ч Германы үзэгчид түүнд ийм үнэлгээг насан туршид нь өгөөгүй юм. Ингээд би зургийг нь авах гэж аппаратаа гаргаад иртэл Ромигийн нүд нь шууд л сэргээд явчихав.
 
“Дүрсгүйтэх мөн ч дуртай сан”
 
  Хүнээс этгээд байх, хувцас хунараа өөрчлөх, түүнийг нь хараад хүмүүс яахнав гэж янзыг нь үзэх их дуртай. Тиймдээ ч яг байгаагаараа байдаг жүжигчин байсан. Тэр бээр ямар нэг дүрд тоглодоггүй, тэр дүр нь ямагт өөрөө байдаг байв. Хар багаас нь гаргуунд нь хаячихсан түүнд хорвоотой алхам алхмаар танилцах тийм зав чөлөө гэж гарсангүй.
 
  Макс Райнхардтын хэлсэн үгнээс иш татаж авсан “Хүүхэд насаа халааслаад эндээс шалав­хан холд. Чамд байгаа ганц юм чинь энэ хүүхэд нас шүү дээ” гэсэн үгтэй цаасыг Роми үргэлж биедээ авч явдаг байж. “Хүүхэд насаа” гэдэг хоёр үгний доогуур зураад, хажуу талд нь “ямар хүүхэд нас?” хэмээн биччихсэн байв. Хүүхэд насгүй жүжигчин бүсгүй маань тэгэхээр ердөө нэг жаахан охин шиг л хорвоог гайхшран туулсан аж. Түүний хувьд юм бүхэн шинэ сонин. Юм бүхэнд нүд тайлагдаж, юм бүхнийг тэр дор нь ямар гоё вэ гэж хүлээж авдаг ч буцаад тэр дор нь мартаж орхидог (яг л хүүхэд дээ) тийм л хүн явжээ. Ромид бас өөр нэг чанар байсан нь, дэндүү илэн далангүй мөртөө түүнийхээ хариуд мөн хэмжээ хязгааргүй гомдож орхино. Тэр хоёрын дундуур татсан хилийн зурвас хариугүй нарийхан даа.
 
  Түүнд санаанд орсноо зүгээр нэг тавиад туучихаж хэзээ ч болохгүй, хэлэх үгээ байнга бодож цэнэж байхгүй бол болдоггүй байсан. Ромитой байж байхдаа хүмүүс нээлттэй хаалгаар нь хамаа намаагүй давхиж оруутаа ард нь байсан бетон ханыг түс хийтэл мөргөх явдал цөөнгүй тохиодог байв. Түүнээс анхныхаа ярилцлагыг авч байхад хүнтэй ярьж байна гэхээсээ сэтгэл зүйн эмчилгээнд сууж байгаа юм шиг санагдаад байж билээ. Эцэст нь тэр бээр “Үзэгчдээс бусад нь намайг бүү сонирхоосой. Надаас хүн юу ч асуухгүй, хэн ч над руу ширтэхгүй, миний зургийг авахгүй байхыг л хүсэх байна” гэсэн шаардлага тавьсан юм.
 
“Би 42 хүрсэн аз жаргалгүй эмэгтэй”
 
  Роми ингэж хэлсэн удаатай. Үүнээс хойш бид дөрвөн жил бие биеэсээ сураг тасарч яваад дахиад уулзтал царайлаг сайхан бүсгүйн биед нуугдсан нөгөө сониуч охин маань амьдралд нухлуулж явна гэж өөрийгөө үздэг гундуухан жүжигчин болчихсон байв. Францын татварын албаныхан түүнээс хэдэн саяын нөхөн төлбөр нэхэмжилж, Даниел Биасинигээс салах хаяанд ирчихээд байсан үе. Тэгтэл бас гэнэт яаралтай хагалгаанд орох болж эмнэлэгт хэвтээд гарчээ. Надтай уулзангуутаа тэр хагалгааныхаа сорвийг заавал үзүүлэх гээд болдоггүй. Тэгээд унтлагын цамцаа сөхөхөөр нь харвал өнөөх шарх нь цээж, хэвлий дээгүүр нь цагаан цастай тал дундуур хага зүсэн урагшлах галын урсгал шиг юм харагдав. Үүнийг харах над хэцүү байсан болохоор би цааш нь харахыг хүссэнгүй. Яагаад надад үүнийгээ үзүүлж байгаа юм бол оо? Намайг зургийг нь авна гэж Роми бодсон байх. “Би чинь Сисси биш болоод удаж байна шүү дээ, ер нь хэзээ ч Сисси байгаагүй” гэж тэр нэг удаа хэлж билээ. Гэхдээ тэр бээр сая сая хүмүүсийг өмнөө сөхрүүлж чадсан юм. Одоо бол тэд Ромиг хүнийх нь хувьд, алдаа оноотой нь, шарх сорвитой нь үзэж танилцаг гэж бодож л дээ.
 

  Тэрбээр шаардлагатай гэж үзвэл хүнд шахалт үзүүлэхээс ч сийхгүй хүн. Тийм ч учраас Роми (уг нь гадаад үзэмжийнхээ хүчээр амь зууж явдаг од болсон том жүжигчний хувьд санаанд багтамгүй л юм) маргааш өглөө нь орон дотроо зургаа авахуулсан л юм даа. Эдгээр зургийн нэгэн дээр тэр хөхөлбий царайтай, үс нь сэгсийчихсэн, эгээ л хүчилтөрөгчийн гуурсанд залгаатай байгаа уушгины өвчтөн лугаа янжуур сорж байгаа харагддаг юм. Энэ зургийг нийтлүүлсэн бол хүмүүс “Эмэгтэй хүний зургийг яаж ингэж авч болдог байнаа?” хэмээн уулга алдах байсан нь лавтай. Гэхдээ хамгийн болохгүй зургуудыг нь би аваад үлдчихсэн л дээ. Зарим нэгийг нь “ШТЕРН” маш жижигхэнээр гаргасан, хүмүүс уулга алдалгүй өнгөрсөн.
 
“Би цаашаа амьдарна, тэгэхдээ жинхэнээсээ сайхан амьдарна”
 
  Парист тэрээр нэг удаа ийм үг унагажээ. 1981 оны гуравдугаар сард “ШТЕРН” сэтгүүлийн сурвал­жлагч Михайл Юйргст түүнээс ярилцлага авах боломж олдов. Бид Роми Шнайдерийг хэдэн долоо хоног олны хөлөөс зайдуухан бие амар байх гэж далайн эрэг дээр оршдог, баахан хад чулуу, элсэн дундах Квиберон гэдэг нэртэй бретонийн жижигхэн тосгонд, нэлээд үнэтэй нэгэн эмнэлэгт хэвтэж байхад нь явж очлоо. Роми бидэнтэй дөнгөж өчигдөрхөн л уулзаад салсан юм шиг танимхайран мэндлэв. Тэр бөглүү, үнэтэй тансаг эмнэлэгт байгаа хүнд нэг удаа ч гэсэн өөр зүйлээр сатаарах сайхан байсан байх л даа. Бид хамтдаа шөнийн Квиберон дундуур явж онгорхой уушны газар хайлаа. Олсон ганц газар маань бөөн тамхины утаа болсон газар байв. Тэнд нэгэн гэр бүлийнхэн цуглараад ямар нэг баяр тэмдэглэн ууцгааж байна. Гэтэл тэдний дундаас ноосон малгай өмссөн, буурал үстэй нэг франц эр шулуухан босч манай ширээн дээр ирээд, “Vous кtes Sissi, n’est-ce pas?” (Та чинь Сиси байна шүү дээ) гэх нь тэр. Бид ч палхийгээд явчихлаа. Хэрвээ бид хоёр түүнээс ингэж асуусан бол өдийд хоёуланг маань зад загнаад хөөгөөд явуулчих байсан байх. Роми ч бас нүд нь томорчихож. Гэвч “загасчин ч юм уу, тэнүүлчин ч юм уу гэмээр хөөрхий муу өвгөнийг Роми гэмгүй, цайлган амьтан байна гэж өрөвдсөн бололтой их л сайхан зан гаргаж, “Non, je suis Romy Schneider” (үгүй, үгүй би зүгээр л Роми Шнайдар байна) хэмээн залруулав. Яг энэ үед грамофоноор “Битлз”-ийн “Туслаарай” гэдэг дуу явж байсан юм сан. Роми тэр өвгөнтэй тэврэлдэн бүжиглэсэн төдийгүй дараа нь зүгээр ч үгүй хэсэг хугацаанд ярилцаад авсан билээ. Үүнээс хойш жилийн дараа нэгэн орой телевизийн өдрийн мэдээ үзэж суутал Роми Шнайдер нас нөгчсөн тухай дуулгав. Тэгэхэд надад, “Ромигийн хувьд энэ нь ч бараг дээр биз дээ. Цаашдаа бол улам л уруудах байсан” гэж л бодогдож байлаа. 
 
      Францын эмэгтэйчүүдийн хамгийн нэр хүндтэй, хамгийн том “Эмма” сэтгүүлийн эрхлэгч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэгээрээ нэрд гарсан хатагтай Алайс Шварцерийн 1998 онд Германы “Штерн” сэтгүүлд өгсөн ярилцлагаас товчлон оруулав.
 
“Түүнд итгэхийн аргагүй” 
 
  - Та Роми Шнайдерийн намтраар ном бичиж гаргажээ. Түүнийг судлахын зэрэгцээ бас шүтэн биширдэг байсан уу?
 
  - Үгүй ээ, би хэзээ ч Ромигийн шүтэн бишрэгч байгаагүй. Түүнтэй хоёр ч удаа тааралдаж явлаа, гэхдээ бид ойртож нөхөрлөж явсангүй. “Сисси хатан” киног би дөнгөж хэдхэн жилийн өмнө үзлээ л дээ. Гэтэл 16-хан настай охиноос ямар их эрч хүч гарна вэ гэж гайхсан. Тэр жаахан охин өөрөө энэ киноны түвшнээс дээгүүр байгаа нь шууд харагдаж байв. Гэхдээ яг энэ нь Ромиг өнөөгийн домогт нь хүргэсэн гэж хэлж арай болохгүй. Аль ч насны хүүхнүүд Роми Шнайдерийн агуу хайр хүндэтгэл, эмгэнэл хоёрын дундах нууцлаг амьдралыг биширдэг байсан юм.
 
  - Өнөөдрийн Роми бидэнд юу өгүүлнэ вэ?
 
  - Роми бол нэр хүндтэй байх, эх хүн байх, ажил мэргэжилтэй байх гээд юм юманд санаархдагаасаа болж аль ч учраа олохоо байчихаад буй орчин цагийн хүүхнүүдийн амьд биелэл мөн. Тийм болохоор нас нөгчсөнөөсөө өчнөөн олон жилийн дараа ч залуучуудад үлгэр дуурайл болсоор байна. Үүнд би эхлээд гайхдаг байснаа сүүлдээ арга ч үгүй юм даа гэж бодсон. Францын хэвлэл Шнайдерийн тухайд бүр амьд сэрүүн байхад нь Грета Гарбо, Марлене Дитрих, Мерилин Монро нартай нэг зиндаанд тавьдаг байлаа.
 
  - Роми Шнайдер охид бүсгүйчүүдийн дунд ямар­шуухан үнэ хүндтэй явснаа өөрөө ер нь ухаарч байсан болов уу?
 
  - Үгүй байх аа. Тэр бол эрчүүдэд л зориулагдсан бүсгүй. Эмэгтэйчүүдийг нэг их тоож байгаагүй, ер нь өөрийгөө ч тоодоггүй байсан юм чинь.
 
  - Үүнээсээ болж хүнд байдалд орж байсан болов уу?
 
  - Орж байсаан. Угаасаа Роми кинонд хамт тоглосон харчуул­тайгаа янаг амрагийн холбоо тогтоох нь цөөнгүй. Энэ нь түүний өөрөө өөрийгөө харуулах, магадгүй бас ганцаардлаасаа зугтах арга нь байсан байх. Мэдээж үүнээсээ болж олон хүүхнүүдийг өөрийнхөө дайсан болгосон.
 
“Тэр дандаа л хүчний харьцаанд байсан”
 
  Роми Шнайдерийг Францын нэрт жүжигчин Ален Делонд үнэнхүү хайртай байсан гэж одоо ч яригдсаар байна. Ер нь ч түүний 1959 онд Франц руу явах болсон нэг шалтгаан нь тэр байсан гэдэг. Ар гэрт нь эх Марта Шнайдер, өөрийг нь оролддог байсан гэх хойд эцэг Ханс Херберт Блатцхайм нар л үлджээ.
 
  1950-иад оны хүмүүсийн зүрх сэтгэлд шингэсэн Сисси хатан маань ажил мэргэжилдээ жинхэнэ эр хүний дайчин чанар, хор шартай. Тэгсэн мөртөө, хайр дурлалд эм хүний өөрийгөө золиосолсон арчаагүй байдалтай. Энэ бол Ромигийн жинхэнэ дүр төрх.
 
  - 1976 оны 12-р сарын нэг шөнө Роми танд: “Манай ээж Гитлертэй харьцаатай байсан байх” гэж хэлсэн тухай та бичжээ. Энэ нь түүний санаандаа ургуулсан төсөөлөл байв уу, эсвэл бодит үнэн юм болов уу? Яагаад заавал ч үгүй Гитлерийг онцлох болов?
 
  - Тэдний хооронд ямар нэг юм байсныг Роми маш зөв мэдэрсэн. Түүний ээж Магда Шнайдер, аав Вольф Альбах-Ретти хоёр хоёулаа алдартай жүжигчид, фюрерийн өргөөний тоглогчид байлаа. Бүр Мюнхенд байхаасаа л Гитлер залуу жүжигчин Магдад сүйд болж, тоглолтонд нь очихоороо дандаа эхний эгнээнд суудаг байжээ.
 
  - Роми үүнд их эмзэглэдэг байж. Яагаад тэр вэ?
 
  - Роми чинь Германы өнгөрсөн үеийн түүхтэй маш нягт холбоотой айлын охин. Роми бүр хэзээ хойно аав ээж хоёроо нацист дэглэмийн хамсаатнууд байсныг ухаарсан байгаа юм. Тэгээд үүнийг бодохоос дургүй нь хүрээд явдаг байж л дээ. Гитлерийн Германы сэдвээр хийсэн 70-80-аад оны франц кинонуудад тоглосноороо Роми нэг ёсондоо тэднийхээ өмнөөс уучлал гуйсан явдал болсон.
 
  - Та Ромигийн юунд нь дуртай вэ?
 
  - Олон юм бий. Түүний бүрэн төгс байдал. Гоморхуу зан нь. Хоржоонтой үг нь. Мэргэжилдээ үнэнхүү дуртай нь. Бас түүний бичсэн зүйлүүд надад их таалагд­даг. Ромигийн өөрийн гараар бичсэн жинхэнэ эхүүдийг ямар ч засваргүйгээр олны хүртээл болгох учиртай юм. Тэр чинь ил гаргаагүй л болохоос уул нь бас зохиолч хүн юм шүү дээ. Түүнд авьяас, билиг, уран цэцэн үг аль аль нь байсан. Гэтэл үүнийх нь хажуугаар бадрангуй тэмүүлэл, хэт хамаагүй зан хоёрынх нь цаана нуугдсан өнөөх өөрийгөө доогуурт тавьдаг явдал. Явж явж Роми чинь өөрийнхөө хэт хамаагүй зангаас болж л хорвоогоос хальсан юм шүү дээ.
 
  - Тиймээсээ ч бусдаас хязгаар­гүй их аз жаргал хүсэн хүлээдэг, тэрнийг нь ямар ч эр, ямар ч хүн биелүүлж чаддаггүй байжээ дээ?
 
  - Бүр дэндүү. Тэр хайр сэтгэлийн холбоотой байсан хүмүүсээсээ хэтэрхий ихийг хүсэн хүлээдэг. Тийм болохоор эцэстээ урам нь хугарч гомдолтой үлдэх нь анхнаасаа тодорхой байсан. Сүүлдээ ч өөрийнх нь үнэнхүү дуртай цорын ганц зүйл болох мэргэжилдээ хамаг анхаарлаа тавих болсон.
 
  Тэр дандаа л хүчний харьцаанд, нэг бол эзний, нэг бол боолын харьцаанд байдаг байв. Ален Делон, Харри Майен, эсвэл өнөө Даниел Биасини гээд эзэд нь түүнийг элдвээр зовооно. Өөрт нь дурласан боолуудыг болохоор тэр өөрөө зовооно. Роми олон ч эрчүүдэд мөнгө чулуудаж, том том бэлэг өгөн, олон бүсгүйүүдийн нэгэн адил хайр сэтгэлийг худалдан авдаг байв.
 
  Бусдыг эрхшээлдээ байл­гах гэдэг дарангуйлагчийн нэг төлөөлөл. Тэгсэн атлаа хайр сэтгэлийнх нь харилцаа бүтэлгүйтсэн даруйд сэтгэлээр навс унаж гүнзгий хямардаг байв. Тэрээр эрчүүлтэй харилцаа үүсгэх тоолондоо бүх юмыг цоо шинээр эхэлдэг. Урьдын туршлагаасаа ер сургамж авдаггүй нэгэн байсан юм.
 
  - Ромигийн хийсэн олон франц кинонд нэг л маягийн үйл явдал давтагдаад байдаг. Хоёр эр, нэг эмэгтэй, эс бөгөөс хоёр эмэгтэй, нэг эр гэхчилэн. Эд нар үнэхээр түүний мөрөөдлийн дүрүүд байсан юм бол уу?
 
  - 70-аад онд маш их амжилт олдог байсан хайр сэтгэлийн сэдэвтэй кинонууд нь тухайн үедээ түүнийг хоёр дахь удаагаа Францын киноны нэг маягийн Сисси хатан болгочихоод байсныг тэр ойлгоогүй, хэлсэн ч нэг их дуртай хүлээж авахгүй байсан болов уу гэж би боддог юм. Гоо үзэсгэлэнтэй, эрдэм мэдлэгтэй, аливааг ойлгодог орчин цагийн Сисси. Үүнд нь францчууд дуртай, үүнийх нь төлөө түүнийг хайрладаг, хүндэлдэг байлаа.