Santorini Island, Greece

Санкт-Полтэний галт тэрэгний төв буудлаас ойр байсан хэдэн Монголчуудаараа үдүүлэн Германаас ирсэн нэг Монгол залуутай хоёул Франц руу шөнийн галт тэргээр хөдлөв. Галт тэрэг орой 23 цагт хөдлөөд өглөө 9 цагт Францын зүүн хойд талын томоохон хот болох Штрассбург /Strassbourg/-т ирэв. Бидний энд ирсэн зорилго бол алдарт Легионы арми.
Штрассбургын гудмаар хэсэг алхаж, бага сага бэлэн юм олж идээд хүмүүсээс Легионы цэргийн анги хаана байдаг тухай асууж эхлэв. Учир нь бид, Легион хаана байдаг, тэнд хэдэн Монгол хүн байдаг, ямархүү нөхцөлд байдаг гээд бүхий л зүйлсийн талаар огтхон ч мэдлэггүй зөвхөн л амьдралынхаа төлөө зорьсон билээ. Аз болж хэдэн цагдаа бид хоёрт хаана байдаг тухай тодорхой зааж өгч бүр автобусанд суулгаж өгөв. Францчууд легионыхоо армид хүндэтгэлтэй ханддаг нь алхам бүрт ажиглагдаж байлаа. Бид Штрассбургийн легионы ангид очсон анхны монголчууд болсон юм. Тэр өдөр бидэнтэй цуг Америк, Унгар, Эстоноос тус бүр нэг, хоёр Алжир залуу ирж билээ. Бид тэнд нэг хоноод маргааш өглөө нь Фарис дахь Легионы төв анги руу хурдан тэргээр хөдлөв. 600 шахам км газрыг 2 цаг гаран туулаад очих нь үнэхээр гайхалтай онгоц шиг л.
Фарис. Ингэж яваадаа нэг л итгэхгүй мэт санагдана. Фарисын Дисней лэндийн зүгт Бойсэй гэх газар Легионы төв анги байдаг аж. Тэнд бид очсоноор цэргийн асар том ангид олон зуун аавын хөвгүүдийн хамт алхлаа. Энд Ирландаас ирсэн нэг Монгол залуу байсан бөгөөд бид бүгдээрээ нэгнийхээ жинхэнэ нэр болон бусад зүйлсийг мэдээгүй юм. Учир нь орсон бүх л хүмүүст шинэ намтар зохиож өгдөг бөгөөд энэ нэр түүхээрээ л бусадтай танилцах ёстой. Яг энэ үед ойролцоогоор 300 орчим хүн байсан бөгөөд, дэлхийн бараг л бүх орноос байлаа. Нэг үеийнхэн бас ижил зорилготой ирсэн болохоор бүгд л бие биетэйгээ дотно танилцацгааж байв. Эндээс салаа болгон хувиарладаг бөгөөд тэд хаа ч явсан үргэлж хамт. Бид ямар ч байсан биеийн хөгжил, гүйж харайх зэрэг чадвар бусдаас дутахгүй гэдгээ эхнээсээ харуулж байсан юм.
Очоод хэд хоносны дараа биднийг нэг офицер дуудаад гадаа хүнтэй гарч уулз гэв. Гэтэл Монгол офицер залуу байлаа. Легионы офицеруудын биеийн хөгжил, биеэ авч яваа байдал үнэхээр атаархмаар байдаг юм. Монгол офицер ч яг тийм юм. Бидэнд легионы тухай болон Францын тухай нилээд ярьж өгөв. Бид ч их зүйл шалгаасан биз. Сүүлдээ бидний яриа бууз, хуушуур, наадам, цагаан сар болж өндөрлөсөн юм. Тэрээр легионд 3 жил болж байгаа бөгөөд олон нийттэй харилцах албанд нь Фарисыг хариуцан ажилладаг, бас хэд хэдэн оронд энхийн сахиулах ажиллагаанд оролцсон, нилээд нэр хүндтэй офицер байлаа. Бид Монгол хүн ингэж яваад, ийм болж болохыг хараад их баярлаж байлаа. Гэвч надад энд үлдэж чадахгүй байж болох ганцхан л айдас байсан юм. Тэр бол чих. Хэзээ ч юм бүү мэд, миний хэнгэрэг намайг мэдээ ороход л цоорхой байсан. Энэ надад асуудал биш боловч цэргийн байгууллагын хувьд том асуудал бололтой. Бид бүхий л зүйлдээ тэнцсэний дараа хамгийн сүүлд эрүүл мэндийн үзлэгт орцгоов. Маргааш өглөө нь тэнцсэн цэргүүдийг нэр дуудаж, салаанд хувиарлан гэрээ байгуулж эхлэв. Битгий ийм байгаасай гэж хичнээн хүссэн ч миний хүссэнээр болсонгүй. Тэр үед би мэддэг бүх л мааниа уншиж, бурханд хэзээ ч залбирч байгаагүйгээрээ үнэн сэтгэлээсээ хэдэнтээ залбирч билээ. Хэнгэргээ нөхүүлчихээд эргээд ир гэсэн нэг цаас өгөөд ангийн хашаанаас гаргав.
Эндээс Дэлхийн 7 гайхамшигийн нэг болох Эйфэлийн цамхагийн дэргэд миний амьдралын хамгийн хэцүү үеүүдийн нэг эхэлсэн юм. Цэрэгт очоод бүх л зүйл болно гэсэн тооцоогоор зөвхөн замд хэрэглэх болон цөөн хэдхэн евротой явсан минь алдаа байж. Би легионы цэргийн хашаанаас нэг ч цэнтгүй үүргэвчээ үүрсээр гарч билээ. Одоо надад энэ улсад таних хүн нэг байхгүй, бас утас, мөнгө юу үгүй.., юу ч бодогдохгүй болчихдог юм билээ ийм үед, гэхдээ европод олон жил амьдарсан нэг ахын хэлсэн “хүний нутагт сэтгэлээр унаж л болохгүй” гэсэн үг л сэтгэлд минь жаахан ч гэсэн хүч өгч байсан юм. Урд нь Францаар явж байсан болон амьдарч байсан хүмүүсийн ярианаас Эйфэлийн цамхагийн доор, эсвэл Шатлын ойролцоо Монголчууд голчлон уулздаг тухай сонсож байсан минь санаанд ороод шууд л тийшээ явав. Хаврын урин цаг байсан болохоор гадаа даарах хүйтэнгүй сайхан байлаа. Алдартай өндөр цамхагийг хараад сэтгэл минь тэгтлээ их хөдөлсөнгүй. Их л том төмөр сарайж сэрийгээд, энд бүх л зүйл нэг таагүй. Фарисын төвөөр Монгол хүн хайж, Эйфэлийн цамхагний дор 3 хонолоо. 3 хоног юу идсэнгүй. Энд тэндээс ус л олдохоос хоол бол олдох шинжгүй. Гэхдээ хоол биш Монгол хүн л хайж байсан. Ядаж байхад дэлгүүр ороод хулгай хийж ч чадахгүй, ийм бодол төрж байсан ч энэ бол тусгай хүмүүсийн хийдэг ажил гэдгийг ойлгосондоо.

Монгол хүн хүлээж энд байсаар өлбөрч үхэлтэй нь биш, Чех эсвэл Австри явъя гэж шийдээд Фарисын зүүн буудлаас Цюрихийн хурдан галт тэргэнд суулаа. Билет байхгүй болохоор хурдан галт тэргэнд суувал холхон том хотод шууд очих галт тэрэг л хэрэгтэй байсан юм. Францын хилд нилээн ойртож байтал билет шалгагч болон цагдаа нар над дээр ирэв. Бичиг баримт үзээд, билет яагаад аваагүй талаар шалгааж гарав. Хаа очиж хамгийн найрсаг цагдаа нар энд байдаг бололтой. Намайг Монгол дахь гэрийн хаягаар торгоод, ингэх зуураа надаас зогсоо зайгүй элдвийг шалгаана. Ингэж явсаар Цюрихт ирэхэд Швейцарын цагдаа нар хүлээж байв. 2 цаг гарангийн дараа Францруу явах хурдан галт тэргэнд намайг буцаагаад суулгалаа. Буцаад л Францад ирэв. Намайг Францын хил дөнгөж давуулаад Мюллхаус хэмээх жижиг хотод буулгачихсан юм.., Швейцарын цагдаагийн ажил энэ бололтой..,

"Mulhouse"-т

Мюлхаусын галт тэрэгний төв буудал дээр үд өнгөрч байхад буув. Одоо надад тэмцэх, тэвчих ямар ч тамир үлдсэнгүй. Яавал ч яаг, хараал идсэн амьдрал, азгүй новш, ингээд эндээ.., ядаж нулимс ч гарахгүй.., юу ч хийхийг, юу ч бодохыг хүсэхгүй байв.., яаж яваад хаана байгаагаа ч бараг ойлгохгүй шахам байв. Энэ амьдрал яг ингээд дуусч байгаа юм шиг л байв.

Цаг үргэлж л янз бүрийн мөрөөдөл, төлөвлөгөө бодогдож явдаг араншин минь хаашаа явсныг мэдэх юм алга. Ямар нэг юм бодох хүртэл дэндүү төвөгтэй санагдаж байлаа. Ядаж нулимс хааччихваа..,
Гэнэт надтай хүн мэндлэх шиг болов, хартал анх бид нартай Штрассбургээс цуг явсан хоёр Алжирын нэг нь байлаа. Энэ нөхөр бид хэд хоёр хэдэн өдрийн турш тамхиа хувааж татсан болхоор нэгнээ сайн таниж байсан юм. Мань хүн тамхинаас гарах гээд тамхигүй очоод, гарч чадалгүй надаас тамхи авч татдаг байсан юм. Тэрээр энэ хотод амьдардаг, бүр энүүхэн ойрхон нэг хоолны газрын дуудлагаар хүргэж өгдөг ажлыг хийдэг. Бурхан тааралдуулж байгаа юм, энэ том улсын ийм нэг газар таарна гэж.., одоо бодоход дэндүү гайхалтай.
Тэр над дээр ирээд тамхи сарвайлаа, үнэхээр хүсэхгүй байсан ч түүнийг энд зогсож байгаад нь л баярлан тамхий нь авч татлаа. Би Франц хэл мэдэхгүй нөгөөх маань Англи хэл мэдэхгүй. Дохио зангаа хэрэглэсээр хоорондоо муухан ойлголцож, яг ижил шалтгаанаар легоноос хасагдсанаа мэдэцгээв. Намайг тайвшруулах гэж оролдож байгаа болотой элдэв янзын юм өөрөө инээгээд л.., намайг уруу царайлах хэрэггүй гэдгийг нүүрнийхээ хувирлаар ойлгуулах гэж оролдоно. Хичнээн тамхи татаж суусан юм бүү мэд, нилээн орой болжээ, цагаан гэгээ тасрах дөхөж байв. Нөгөөх маань явахаар бослоо. Гар барин тэврэлдэж салах ёс хийгээд хүчээр инээмсэглэсэн болоод эргээд сандалруу бараг л ухаан алдан унав. Эргэж хараад гайхан зогссоноо надад хайрцагандаа үлдсэн хэдэн тамхиа өглөө. Би баярласнаа илэрхийлээд тамхий нь авлаа. Нүд аргаад, дотор бөглөрөөд.., яахаа мэдэхгүй байсаар.., надад хамгийн хэрэгтэй зүйл нулимс минь хааччихваа.., яг тэр газраасаа өндийж чадахгүй суусаар л..,

Хичнээн ч удсаныг мэдэхгүй хажууд хүн ирж тамхи асаав. Надад ер нь бүгд л сонирхолгүй байлаа. Гэтэл нөгөө Алжир. Намайг гарнаас минь татаад явъя гэж гараараа дохиод байв. Учрыг нь олохгүй гайхаж байтал өөрөө бараг л чирсээр намайг аваад явав. Замдаа хоёулаа нөгөөх л дохио зангаагаараа ойлголцож явлаа. Надаас хаашаа явахыг асууна, би мэдэхгүй л гэж хэлсэн. Тэр намайг гэртээ аваачина, тэгээд тусална гэдгийг нь ойлголоо. Гэртээ аваачиж хоол хийж өгөөд газрын зураг гаргаж ирээд Монгол улсыг заалгав. Тэгээд ийм холоос ирсэн юм чинь заавал энд үлдэх ёстой, бүх юм сайхан болно гэх зэргийг хэлээд ор засч өгөөд намайг унт гэлээ. Найз маань эхнэр 2 хүүхэдтэйгээ бас ээжтэйгээ цуг амьдардаг, Лалын шашинтай, Францад амьдардаг Алжир залуу. Бага сага ажил хийж мөнгө олдог ч легионд явж амьдралаа сайжруулах зорилготой гэдгээ хэлж байв. Бас легионд ороход олон давуу талтай л даа.
Сэтгэл арай онгойсон хэдий ч яах ёстойгоо хэлж мэдэхгүй л байв. Өглөө нь хоёулаа цуг хэд хэдэн эмнэлэг явж шинжилгээ өгөв. Чихний олон төрлийн шинжилгээ өгсөн юм. Ингэсний эцэст миний чих нөхүүлсний дараа цэрэгт явж болох, харин найзынх маань сонсгол нь эргэж сайжрахгүй гэдгийг эмч нар хэлэв. Чихэвч гэдэг ийм аюултай зүйл гэнэ, хүний сонсголыг эргэж сэргэхээргүй муутгадаг зүйл гэнэ, Францын өнөөгийн залуучуудын дунд хамгийн элбэг эмгэнэлтэй өвчин энэ гэнэ. Залуугаараа дүлий болдог. Найз маань өөрөө ийм хариу сонссон ч миний төлөө шинжилгээний бүхий л зардал, хоол унд, тамхи, унаа гээд надад чамгүй мөнгө зарлагадсан юм. Надад бүр хямд өрөө хөлсөлж өгөөд тэндээ байлгаад хагалгаанд оруулах талаар буяны байгууллагуудаар дагуулж явав. Бүгд татгалзсан ч нэг газар л үлдэв. Энэ миний эцсийн найдвар. Энэ хэрэв үгүй гэвэл гэвэл би ямар ч байсан эндээс явах нь зөв гэж бодож байлаа. Хэд хоногийн тэр газраас тбас л татгалзсан хариу ирсэн. Гэхдээ тэнд ажилдаг сайхан ааштай эгч чи энд ирсэн анхны Монгол хүн болохоор би чамд тусална, сарын дараа хагалгаанд оруулах зардлыг шийдэж өгнө, чи заавал ирээрэй гэж хэллээ. Үүнд найз маань надаас илүү баярлаж байлаа, тэгээд надад 3 сар байр хөлсөлж өгнө, хагалгаанд ороод эдгэрээд цэрэгтээ яв гэж хэлж байсан юм. Гэвч надад эндээс явах нь л зөв гэсэн бодол эргэлдсээр л байлаа. Тэгээд би явахаар боллоо гэж хэлтэл нөгөөх маань зөвшөөрсөнгүй, хагалгаандаа ороод цэрэгт явах нь хамгийн том боломж гэдгийг надад ойлгуулах гэж байдгаараа л хичээнэ. Маргааш өглөө нь байрны мөнгий нь төлж намайг өөр байранд оруулахаар болоод саллаа. Харин би тэр орой үүргэвчээ үүрээд Мюллхаусаас Штрассбургийн галт тэргэнд суулаа.., Тэр шөнөдөө Францын нутгаас гарч Германы захын хот болох Баден Баденд орсон юм. Мэрси биэн найз минь.., Мэрси Мюллхаус.., Мэрси, Ау рэвоир Франц..,

Өмнө нь энэ замаар би 10 гаруйхан цаг явж Австри орж байсан бол энэ удаа харин 2 шөнө 3 өдөр явж байж Австри орсон юм. Германы цагдаа нар ямар хэцүү, харгис болохыг тэгэхэд л мэдэрсэн. Тааралдсан цагдаа бүр л бие бүтэн нэгжинэ, элдэв янзын хараал, үзэн ядмаар асуулт асууна, зарим нь визэн дээр шингэн дусааж, хэдэн цагаар камерт оруулна. Тэд Азиудад дургүйн дээр Монголчууд нилээд хашраасан болотой. Энэ хооронд Германы бараг бүх зогсоолд бууж үзсэн шүү. Урам зориг, эрч хүч, амьдрах хүсэл бүгд л үгүй мэт.., хүн гэдэг өчүүхэн амьтан юуны төлөө яах гэж ингэж явдаг юм болдоо.., заримдаа өөрийгөө харааж зүхсээр явав.., яг ийм үед ижии аав, гэр орон, хайртыгаа илүү санадаг юм билээ. Юу юунаас илүү хүүгээ байнга бодох бөгөөд тэр бодлууд надад урагш алхах хүч өгч байсан юм. Сайхан байсан мөчүүд минь улам өндөр давтамжтайгаар бодогдоно. Хэн нэгэнд биш өөртөө л их гомддог юм билээ.., урьдынхыг бодвол хоолгүй яваад сурчихсан ч юм шиг.., өлсөх мэдрэмж төрөх нь бараг өөрийгөө шийтгэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Австрийн хилийн том хот болох Зальцбург.., энд буугаад.., нулимс хаанаас гараад ирвээ гэмээр сул асгарч билээ.., юунаас ч юм нэг харанхуй газраас гараад ирсэн юм шиг болж билээ. Нүдээ хавдтал нилээд уйлсны дараа дотор жаал онгойж, босч буудал дотуур алхаж байтал нэг Монгол залуутай таарлаа. Тэр залуу надад галт тэрэгний тасалбар авч өгөөд Санкт Полтэнруу суулгаж өгсөн юм. Европод амьдардаг Монголчууд хэдий хүний нутагт зовж байгаа нэгэндээ чадах ядахаараа үргэлж л тусалж байдаг юм. Нэг талаас Австри нутаг шиг минь болчихож, нөгөө талаас Монгол хүнтэй таарсандаа, ингээд явж байгаадаа.., олон өдрийн гуниглал нэг хэсэгтээ л хүнийг сэргэхээргүй ядраадаг юм билээ.., санаа алдаад хоолой зангирч, хааяа нэг нулимс дусалсаар л явж билээ.., хэтэрхий их гомдчихоод мэгшээд л байгаа хүүхэд шиг л..,

http://bichiniih.blogspot.com