Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан 60-70 хү­ний бүрэлдэхүүнтэй нүсэр гэж хэлж болохоор баг өнгөрсөн долоо хоногт Бур­хан Халдун уулыг зорь­сон билээ. Ингэхдээ Ерөнхий сайд маань өөрийн хүү, ойр дотныхон төдийгүй да­гал­­дагчдаа авч яв­сан аж. Улмаар уулнаас бу­цах замдаа төөрч, хоёр хо­ног сураг тасарч төрийг түр­гэн авхуулж, ард иргэдээ сан­даргав. Хамгийн хачир­хал­тай нь Засгийн газрын тэргүүнийг яах гэж до­лоо биш 70 хүн дагаж явав. Ийм олон хүний бүрэл­дэхүүн­тэй­гээр Бурхан Халдун уулыг зорих болсон шалтгаан нь чухам юу байв.
 
Түүгээр ч зогсохгүй Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтыг төрийн түшээдийн амь нас, аюулгүй байдлыг анхаарч ажиллах ёстой Төрийн тус­гай хамгаалалтын газарт ца­саар шуурч, хүй­тэрнэ гэд­гийг хэлж, мэдэгдсээр бай­тал багийн бүрэл­дэхүү­нийг замд гаргасан ямар зорилготой юм гэх олон олон асуулт хариулт нэхнэ. Мөн Засгийн газрын тэр­гүүнийг 70 шахам дагалдагч­тайгаа ууланд төөрч бу­дилж, амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, ав­рал эрэн хашгирч байхад тө­рийн тусгай хамгаалалтын газрынхан юу хийж байсан нь өөрийн эрхгүй сонирхол татна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар төрийн тусгай хам­гаалалтынхны хаана ч хол­­боо барьж байх ёстой станц нь ажиллаагүй гэх. Үнэн хэрэгтээ уг станц нь ажиллаагүй биш төөрч бу­дилсан ч дохиолол өгч, хол­богдох байсан юм биш үү. Харин Ерөнхий сайдыг дагалдаж явсан 70 нөхөр бүгд түүнээс албан тушаал горьдсон, авсан нөхөд болж таарлаа.

 
Тийм биш аваас тэд яах гэж Ерөнхий сайдад тал засч, галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөхийн үлгэрээр утсан чинээ улаан амиа жингийн туухай дээр дэнсэлж үзсэн болох вэ. Яах гэж цаг агаар цастай, догшин байхыг сануулсаар байтал Бурхан халдун уулыг зорьж, нүүр нүдгүй балбах цасан шуурганд төөрөх гэж.
 
Хэрэв ууланд төөрч бүгсэн Ерөнхий сайдын багийн­ханыг 0252 дугаар ангийн хилчид олж авраагүй бол тэдний амь нас, ирээдүй цаа­шаа яаж хөврөх байсан бол. Улмаар хоёр хоноод олдохгүй байсан бол ард нь үлдсэн хэчнээн олон гэр бүл өнчирч, хэдий болтол шаналах байсныг төсөөлөхөд ч бэрх санагдана. Тиймээс Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг 70 хүний амь насыг аюулд оруулж, ар гэрийнхнийг нь гашуун зовлонд унагаах шахсаныхаа төлөө огцрох ёстой гэж ард иргэд үзэж байгаа бололтой.
 
Мөн Сэлэнгэ мөрнөөр урсаж одсон ээж хүү хоёр руу нисдэг тэрэг явуулсан бол ядаж тэр жаахан амьтан ижийтэйгээ амьд гарах байсан хэмээн халаглаж байна. Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон түүнийг дагалдан явсан 70 хүний амь нас, аюул­гүй байдлыг хамгаалж, хайрлаж чадаагүй, тэрхүү арга техникийг боловсруулж хүчрээгүй Төрийн тусгай хамгаалалтын газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх бололтой.
 
 
Эх сурвалж: Өглөөний сонин