Францын сангийн сайд Жероме Кахузак дөрвөн сарын өмнө засгийн газрынхаа хуралдаан дээр “Би өмнө болон одоо ч Швейцарын банкинд хадгаламж байхгүй гэж мэдэгдэж байсан бол өнөөдөр швейцарын банкинд түүний нэр дээр 600 000 еврогийн хадгаламж байгаа нь тогтоогдсон байна. Гэхдээ нилээн эрт Хонконгийн банк руу бусад мөнгөө шилжүүлсэн байсан бөгөөд тэр мөнгөний хэмжээ нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Энэ бүгдийг ерөнхийлөгч Ф.Олланд мэдэж байсан гэж сонин хэвлэлээр бичиж байна.

Энэхүү мэдээлэл цацагдаж олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл өрнөж, түүнд хариуцлага тооцохыг ард түмэн шаардаж эхэлсэн. Францын засгийн газар сангийн сайдаа яаралтай огцруулж, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрэв гэмт үйлдэл нь тогтоогдвол 5 жил шоронд хорих болон 375,000 евро ($481,400) –ийн торгуул төлүүлэх юм байна.

Харин манай улсад яг ийм асуудалд ороод байгаа УИХ-ын дэд дарга С.Баярцогтод ямар хариуцлага тооцох нь одоо хүртэл тодорхойгүй байна. Баримтанд өгүүлснээр 1 сая доллар дансанд байгааг боловч хэргийн эзэн, хэнгэргийн дохиур маань өөрөө монгол мөнгөөр гурван сая орчим төгрөг байгаа хэмээн мэдэн будилж байсан.

Тэрээр “би ямарч ёс суртахууны хариуцлага хүлээхэд бэлэн” гэж мэдэгдсэн. Энэ юу гэсэн үг вэ? Францын ард түмэн бол өндөр ёс суртахуунтай ард түмэн. Харин Монголчууд бидэнд ямар ёс суртахуун байгаа вэ? Ард нийтээрээ дагаж байх төрөөс зарласан ёс суртахууны дүрэм бий юу? Ёс суртахууны алдаа гаргасан хүмүүстэй хариуцлага тооцдог биеэ даасан байгууллага бий юу? Ямарч ёс суртахууны хүмүүстэй “ёс суртахууны хариуцлага” тооцно гэж ярих нь толгойг нь илээд “баригдахгүй хулгай хий” гэж байгаагаас ялгаагүй үйлдэл.

Одоо Монголчууд, тэр дундаа эрх баригчид, шударга ёсыг тогтоочихоод байгаа Ерөнхийлөгч С.Баярцогтод ямар хариуцлага тооцохыг харж л байя. Франц орон яаж хариуцлага тооцдогийг харлаа. Одоо хүн төрөлхтний өмнө хэн болохоо харуулах бидний ээлж.