Хаа сайгүй худал хуурмаг, хаа сайгүй л хоосон яриа, хаа сайгүй хоосон шоу. Амьдралыг ингэж шоу болгохоо зогсоохыг ерөнхийлөгчөөс хүсэж байна. Бодит ажил, бодит үр дүн, бодит үйл ажиллагаа л улс орныг хөгжүүлж, амьдралыг сайжруулна гэдгийг бүгд мэдэж байгаа. Хоосон уриагаар юуг ч бүтээхгүй гэдгий бүгд мэдэж байгаа. Хөдөлмөрлөж байж л баялаг бүтээнэ. Гэвч хэн ч хөдөлмөрлөцгөөе гэж  уриалахгүй байгаа юм бэ? Ерөнхийлөгч нь ч тэр, ерөнхий сайд нь ч тэр, УИХ-ын дарга нь ч тэр далан зургаан гишүүн нь тэр хэн нь тэр “хөдөлмөр” гэдэг үгийг амнаасаа унагахгүй байна. Эсвэл ерөөсөө унагахыг хүсэхгүй байна уу?

Бүгд л худал ярьж, худал амлаж, худал мөрөөдөж, худал амбицлацгаана. Хаа сайгүй түүх ярина, хаа сайгүй нүүрс ярина. Энэ улс хөгжих юм уу эсвэл ингээд л хоосон ярьсаар цаг хугацааг алдах юм уу. Бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн тухай анхан шатны мэдлэг байтугай, төсөөлөлчгүй хүмүүс цээжний пангаар бурж байна. Юу ч хэлэхгүй хоосон үгийг болор цомын яруу найрагч шиг урсган, дунгинуулж байна. Мэдлэг боловсрол байтугай амьдралын туршлагаар ч нимгэн хүмүүс улс орноор минь тоглож байна.

Ардчилал онолтой гэдгийг мэдэхгүй нөхдүүд хувийн санаагаар хандаж байна. Ардчиллын онолыг уншсан судалсан хүмүүс ганц ч алга. Яагаад юм бүр ийм замбараагаа алдав. Хэн ийм болгов? Ядаж ерөнхийлөгч нь худлаа ярихаа зогсоож, шоудахаа болимоор юм. Өдөр болгон шоудаж, өдөр болгон худал жүжиглэж байна. Инээж байгаад худал ярьдаг ерөнхийлөгчтэй байна гэдэг ямар их эмгэнэл вэ?

Ард түмнийхээ өмнөөс маасайтал инээж байгаад худал залж, хулхин дээр нь цэцэг ургуулсаар л байна. Ерөнхийлөгчгүй хурал цуглаан үгүй болж байна. Хаана хурал цуглаан болно түүнд ерөнхийлөгч заавал очно.Уран үгээр уяартал нь ярина. Урьд шөнө ярьсныгаа маргааш өглөө нь мартана, өглөө ярьснаа орой нь мартсаар л байна. Одоо энэ их худал хуурмаг, хоосон жүжгээ зогсоогойсой гэж эрхэм ерөнхийлөгчөөс хүсэж байна. Монголд бүтээлч ажлууд зогсож хоосон шоуны орон боллоо. Таныг дуурайгаар одоо ерөнхий сайд шоуддаг боллоо.

Та сайн жүжигчин байж болно. Гэвч амьдрал бол жүжиг биш шүү.