Францын цагдаа 67 настай Жак Кассандри гэгчийг баривчилсан ба энэ хүн гуч гаруй жилийн өмнө гарсан зууны дээрэм гэгдсэн хэргийн гол зохион байгуулагч бололтой.
Ницце хот дахь Societe Generale банкийг 1976 оны зургаадугаар сарын 18-нд ухжээ. Банкны хадгаламжийн өрөөний доогуур хонгил ухан орсон тэд тухайн үедээ 50 сая орчим франкын (одоо бол ойролцоогоор 30 сая евро) мөнгө болон үнэт зүйлсийг авч одсон байв. Хадгаламжийн өрөөний ханан дээр тэд "Sans armes, ni haine, ni violence" ("зэвсэггүй, үзэн ядалтгүй, балмад үйлдэлгүйгээр") гэсэн бичиг үлдээсэн байжээ.
 
Гэрэл зурагчин Альбер Спажьяри үүнийг зохион байгуулсан хэмээн баривчлагдсан боловч шүүхийн байшингаас зугтчихсан юм. Өөрийн буруугүйг нотолсон бичиг баримтаа шүүгчдэд өргөн барьж, улмаар шүүгчдийг бичгэнд нь анхаарч өөрт нь бага анхаарч буй сиймхийг ашиглан цонхоор үсрэн дор буй машины дээвэр дээр буун тэнд хүлээж байсан мотоцикльтой хүнтэй зугтан одсон гэдэг. Оргож одсон Спажьяриг цагдаа барьж чадаагүй байна. Зарим нэг мэдээгээр бол Аргентинд арав гаруй жил амьдраад, 80-аад оны сүүлээр Италид ирж амьдарч байгаад 1989 онд нас барсан ажээ.
 
Спажьяри зохион байгуулсан гэгддэг энэ хэрэг нилээн дуулиан тарьж “зууны дээрэм” нэр авч хэд хэдэн кино ч гарсан байна.
 

 
Гэтэл 2010 онд энэ хэргийн тухай Amigo гэх нууц нэрээр бичсэн нэг ном худалдаанд гарчээ. Энэ номонд бичсэнээр бол Спажьяри зүгээр л үүнд холбогдчихсон хүн харин уг дээрмийн хэргийг төлөвлөж, хонгил ухан, гардан хийсэн ба хананд бичгээ үлдээсэн хүн бол уг номын зохиогч ажээ. 2011 оны эхээр уг номын зохиогчийг баривчилжээ.
 
Энэ хүн нь Жак Кассандри гэгч санхүүгийн гэмт хэрэг хийгээд баригдсан хүн байжээ. Түүний санхүүгийн гэмт хэрэгт оролцсон өөр 10 хүн ч баригдаад буй ажээ. Хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул банк дээрэмдсэн хэрэгт нь ял өгөхгүй бололтой. Харин мөнгө угаасан хэрэгтээ шийтгүүлэх ажээ.