Хүн биш хүүхэд
 
Найзын маань дүү дүрслэх урлагийн сургууль төгсөөд ажилд орохоор болсон юм. Энэ тухай их л баярлангуй ярьж, бид ч хүүхдийн номын зураг зурдаг хүн ховор, насных нь онцлогт тохируулаад сайн зураг зурвал “од” болох магадлалтай гэж ирээд л баахан зөвлөгөө өгсөн юмдаг. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Харин саяхан нөгөө залуутайгаа таарвал ажлаасаа гарчихсан хэмээв.
Яагаад гэж асуувал “Багш маань хүүхдийн номын зураг зурснаас уран бүтээлээ хий гэж загнасан” гэдэг байгаа. Хүүхдийн ном тэгээд уран бүтээл биш гэж үү? Нэлээд олон жилийн өмнө цэргийн ангийн ойролцоо нутаглах малчин айлын нохой нь хуцаад байхаар хүүхдээ гарган хэн ирж явааг сонирхтол, “Өө хүн биш, цэрэг байна” гэсэн нэгэн шог гэмээр яриаг манайхан бараг мэднэ дээ. Түүнтэй адил сүүлийн үед хүүхдийн гэсэн тодотголтой бүхэн иймэрхүү хандлагаар яваад байгаа юм шиг санагдах болоод улмаар хаана хаанаа дасах шинжтэй болжээ. Бид хүүхэддээ хайртай, “Монголын үрс маш олон болтугай”, “Хүүхдийн төлөө “за” гэж хэлье” гэж аман дээрээ ярьдагаас биш яг амьдрал дээрээ дандаа ад шоо үздэг юм шиг. Магадгүй танд энэ үг таалагдахгүй байж болох юм. Гэвч Нарны хаан хүүхэд хөөрцөглөхөөсөө өмнө БИД ХҮҮХЭДДЭЭ ХЭРХЭН ХАНДДАГ ВЭ? гэсэн сэдвээр ярилцъя.
 
Ж.Саруултуяа: Завгүй гэдэг “сайхан” үг
 
  - Би ганц хүүхэдтэй. Хүү маань Налайхад өвөө эмээтэйгээ амьдардаг. Амралтын өдрүүдээр заавал хамт байна гэж төлөвлөдөг ч сүүлийн сар гаруйн хугацаанд очиж чадсангүй. Чадсангүй ч гэж дээ, ажил төрлаа амжуулахгүй эсвэл найз нөхөдтэйгээ уулзах гэх зэргээр хойшлуулашгүй зүйлүүд давхцаад нэг л болж өгөхгүй байна. Хүүхдийн баяраар л нэг очно доо. Хааяа нэг утсаар ярихаар “Ээж та хоёр хэзээ ирэх юм бэ?” гэж асуудаг. Бид ч “Зав болохгүй байна. Завтай бол гүйгээд л очмоор байна” гэдэг. Энүүхэн хоёрын хооронд юу байхав дээ гэж боддог ч яг цагаа тулахаар дараа долоо хоногт л очъё гэлцээд л өнгөрдөг дөө. Одоо бодоод байхад урьд өмнө хамт байхдаа ч хүүдээ олигтой цаг зав гаргадаггүй байсан юм шиг. Найз нөхөдтэйгөө уулзах, аялал зугаалга болохоор ажлаа яаж ийгээд зохицуулчихна. Тэгээд хүүгээ аавынд аваачаад өгөөд л арилаад өгнө. Гэтэл одоо энүүхэн Налайхад байгаа хүүгээ эргэх зав чөлөө гаргаж чадахгүй л байх жишээтэй.
 

 
  Аав ээжээрээ хүүхдээ харуулдаг хүмүүс цөөнгүй байдаг. Залуухан хосууд ихэвчлэн өөрийн гэсэн орон сууцгүй байх нь элбэг. Ажил төрөл дээрээ ч байр сууриа хараахан эзлээгүй байдаг шүү дээ. Тиймээс юуны өмнө эдгээр асуудлаа зохи­цуулчихаад хүүхдийнхээ хүмүүжилд анхаарал тавих болно гэж их ярьдаг. Манай найз нөхөд дунд ийм хүн олон байгаа. “Завгүй”, “Өдөржингөө ажилтай байгаад ядарлаа” гэдэг үгс тэдний амны уншлага. Гэхдээ олон ангит сериал, хөл бөмбөгийн тоглолт үзээд хэдэн цагаар ч хамаагүй телевиз ширтээд суух завыг бол яаж ийгээд гаргана. Хүүхдээ ээж аавдаа даатгачихаагүй нэг нь өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөөд л “мартдаг”. Сургууль цэцэрлэгээс нь авчираад халтар хултар хичээлийг нь давтуулснаараа ээж аавынхаа үүргийг хангалттай биелүүлж байна гэж ойлгодог. Телевиз үзээд сууж байхад хүүхэд чинь ирээд юм асуувал “Цаашаа. Хүн юм үзүүлэхгүй” гэж ирээд л бухимддагийн нэг та ч байж болох. Тэгсэн хэрнээ хүүхдийн хүмүүжил хэмээн том том юм ярьж, одоогийн хүүхдүүд хүнээ байсан тухай өөлж гоочлохдоо сайн. Харин өрнөдийнхөнд, “Хүүхдээ хүмүүжүүлье гэвэл цаг зав гарга, чадахгүй бол битгий олон юм ярь” гэсэн зарчим үйлчилдэг. Хүүхдийнхээ төлөө явж байна гээд зөнд нь хаячихдаг, санахаараа чихэр боовоор “хуурдаг” биднээс тэс өөр дүр төрх харагдаж байгаа биз. Бид, “Хүн болох багаасаа гэж их ярьдаг. Энэ үгээр бол хүн болох эх суурь нь тавигдаж байгаа цэцэг цэврүү шиг тэднийг маш сайн анхаарч, зааж сургаж, үлгэрлэх ёстой юм шиг. Гэтэл амьдрал дээр тэс өөр.
 
  - Аав энэнийг хар даа гоё байгаа биз?
 
  - Миний хүү цаашаа явж тогло. Аав нь ядраад байна.
 
  - Аав нь өдөржингөө ажилтай байсан болохоор ядарч байгаа. Ээжийн хүү битгий аавыгаа ээрээд бай. Явж тогло.
 
  Иймэрхүү яриа оройдоо нэг өрнөнө. Нэг л их ажилтай хүн. Их сайхан зантай үедээ “Миний хүү шинэ дуу сурсан уу? Цэцэрлэгийнх нь багш ямар шүлэг заав?” гэж ирээд л дуулуулж, бүжиглүүлнэ. Нэг үгээр хэлбэл өдрийн ядаргаа, бухимдал зэргээ тайлах маягаар хүүхдээ тоож байгаа хэрэг. Бусад үед нь юун чамтай манатай, илүү чухал юм наана чинь байна гэсэн маягтай хандлага гаргана. Тэгээд ч том хүн зөвхөн том хүнтэйгээ ярьдаг. Хүүхдэд ямар нэг асуудал байдаггүй гэж боддог. Энэ нь бүр бидний яс маханд маань тогтчихсон үзэл. Манай сэтгүүлийн ¹71-д “Би хүүхэдтэйгээ ойлголцохгүй нь” гэсэн нийтлэл гарч байсан. 16 настай охин нь жирэмсэн болж зулбуулах эм хэрэглэн, эмнэлэгт хүргэгдсэн тухай нэгэн ээжийн яриа байгаа. Бид хүүхдээ хар нялхаас нь хүн гэж тоон халуун дотно яриа өрнүүлэхгүй байх аваас томрох тусмаа түүний өмнө тулгарах зовлон бэрхшээл зэргийг ээж ааваасаа нуудаг юм байна шүү гэдгийг тэр ярианаас ойлгож авч билээ. Гурав, дөрөвхөн настай юм чинь хүүхэлдэйн кино үзээд, тоглоом эвлүүлээд, чимээгүйхэн байж байвал хангалттай гэж боддог бидний алдаанаас болж хожмын өдөр хүүхдүүд маань буруу алхам хийж эхэлдэгийн хамгийн наад захын жишээ энэ.
 
Юу ч мэдэхгүй юм чинь...
 
  Зургаан сартай хүүхдэд зориул­сан ном гэж сонсоод нүд орой дээрээ гарах шахав. Нялх хүүхэд юу ч мэдэхгүй шүү дээ гэсэн бодол юуны түрүүнд харван орж ирж байгаа юм. Түүнд ном уншиж, зураг харуулаад ойлгохгүй шүү дээ. Учиргүй өлсгөчихгүй л бол... гэсэн бодол төрдөг учраас дөнгөж өлгийнөөсөө салсан бяцхан жаалуудад зориулсан ном гэхээр гайхах хүн надаас эхлээд өчнөөн таарна гэдэгт итгэлтэй байна. Ном битгий хэл тоглоом сонгохдоо ч ач холбогдол өгдөггүй. Эрээн мяраан, энд тэндээ цацаг чимэгтэй бол аваад л өгчихнө. Тоглоомоор дамжуулж хүүхэд эд юмсыг танин мэддэг гэж бодох ч үгүй. Гэхдээ “Хүүхэд жаахан юм чинь, юу ч мэдэхгүй юм чинь ямар хамаатай юм бэ?” гэсэн хандлагыг бид санаатайгаар гаргадаггүй. Гэхдээ л байгаа байдал, үйл ажлаараа харуулаад байдаг шүү дээ. Малчид үр хүүхэддээ тэр болгон бүгдийг тайлбарлаад байх шаардлагагүй гэж боддог. Гэрт болж байгаа бүхнийг хүүхэд өөрөө харж, ишиг хургатай хөөцөлдөж, хүрээлэн байгаа орчинтойгоо шууд харьцдаг. Гэтэл хот гэсэн энэ зохиомол орчинд хүүхдийг багаас нь хүмүүжүүлэх цогц төлөвлөгөө хэрэгтэй болоод байна. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан нь гэдэг дээ. Юмыг танин мэдүүлэхийн хамгийн эхний учиг нь хүүхдийн хувьд тоглоом, бас ном байдаг. 0-1 насныханд зориулсан номыг хараад үнэхээр сайхан юм хийжээ гэж бодогдож байлаа. Жаахан хүүхэд барьж байгаа болгоноо ам руугаа хийдэг. Зузаан нягт цаастай болохоор амандаа хийгээд шүлсдсэн ч яах ч үгүй, тэгээд бас тасраад ам руу нь орчих вий гэж санаа зовохооргүй. Хуудас нь эргэх бүрт өөр өөр зураг. Өөрийн эрхгүй баярлаад л байгаа харагддаг.
 

 
  Саяхан охиндоо нэг ном авч өглөө. Гялгар хавтастай их л сайхан санагдсан болохоор дотор нь чухам юу байгааг нь ч анзааралгүй авч орхилоо. Охин маань харин нэг л удаа нээж үзээд тоогоогүй хаячихсан. Хүн юм авч өгч байхад гээд л би баахан гомдоллов. Харин өөдөөс “Наад ном чинь эрэгтэй хүүхдийн ном байна” гэж хэлэхээр нь анзаараад үзлээ. Нээрээ л үлгэрийн баатруудаас нь өгсүүлээд, зураг хөрөг нь манай охины хүсэл сонирхлоос огт өөр байв. Ингээд бид ном л бол ном гэж ойлгож болохгүй, нас, хүйс, дур сонирхол гээд олон зүйлийг нь бодож байж хүүхэддээ ном авч өгөх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн билээ. Найман настай хүүхэд хараад ойлгож уншиж байгаа зургийг нэг настай хүүхдэд үзүүлж таарахгүй. Бүүр бага насны хүүхдэд хамгийн их харсан, ойрхон зүйлүүдийг нь үзүүлэхийн зэрэгцээ түүгээр нь дамжуулан танин мэдүүлэх хэрэгтэй байдаг ажээ. Хаа нэг газрын огт танихгүй зүйлийн зургийг авчраад үзүүлбэл мянган сайхан өнгөтэй байлаа ч хүүхдэд хүртээлгүй. Гадаадын тийм ч юм нь сайхан гээд бид дуурайдаг. Кинон дээрээс ч гэсэн аав, ээж нь унтахынх нь өмнө ном уншиж өгч байгаа харагддаг. Хамтдаа номоо уншиж, энэ юу вэ гэж асуугаад хүүхэд нь хариулаад л... Атаархмаар ч юм шиг дүр зураг. Мөнгө төгрөг зарлагадах биш үүнийг амьдралдаа хэвшүүлчихэж болмоор л санагдаад байгаа юм. Хэлд ороогүй хүүхэдтэй “Энэ юу вэ?” гэж яривал хүмүүс мангар юм уу гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ нэг л өдөр хүү чинь “Бөмбөг” гээд л хариулна даа.
 
  Шинэ жил, хүүхдийн баяр, төрсөн өдрөөр нь хүүхэддээ юу өгдөгөө бодож үзлээ. Чихэр, шоколад, ундаа, чипс, тоглоом гээд гарын тавхан хуруунд багтахаар зүйл хамгийн түрүүнд толгойд орж ирж байна. Аав, ээж, эмээ, өвөө, албан байгууллагаас хүүхдүүдэд бэлэг сонгохдоо амттан голдуу өгдөг. Баярынх нь өдөр юм чинь ханатлаа идэг гээд л... Юу нь буруу байхав. Хүүхэд л юм болсон хойно амттай шимттэй юм өгөлгүй яахав. Чихэр, шоколад огт битгий амсуул гэж хэлж байгаа юм биш л дээ. Телевизээр хүүхдийн баярын бэлэгний рекламууд цуварч байна. Баярыг баяр гэдэг утгаар нь тэмдэглэж чадахаа больж дээ бид. Ямар нэгэн бизнесийн байгууллагын албан шахалтаар, тэдний толгой эргэм сайхан үгтэй, нүд эрээлжлэм гоё дүрстэй сурталчилгаанд хууртан тэрийг л хүүхэддээ аваад өгчихье гэж боддог. Үнэн хэрэгтээ хүүхэд юунд баярладаг юм бол? Нэг танил маань хүүхэддээ үлгэр ярьж өгч л дээ. Дөрвөн настай хүү нь өгүүлбэр дуусах тоолонд шахам “Өө тиймүү” гээд байж. Үлгэрээ нэг их сайн ойлгож өгөхгүй байгаа ч гэсэн аавтайгаа зэрэгцэж суугаад үлгэр яриулах сайхан байгаа нь илт харагдсан тухай ярьж өгсөн юм. Хүн болгон хүүхэд байсан. Харин хүүхэд байхдаа юуг хамгийн их хүсдэг байснаа мартчихдаг. Хүүхдийн тухай бичих болоод дунд сургуульд бичиж байсан тэмдэглэлээ эргэж харлаа. Зах зээл дөнгөж эхэлж байсан болохоор аав ээж маань ганзгын наймаанд явдаг байсан үе. “Миний гэр бүл” гэж гарчиглаад “Аав ээж, эгч дүүтэйгээ нэг өдөр гол дээр очихсон. Аав бидэнтэй тоглоод л... Ээж гоё хоол хийгээд л...” гэж бичсэн байх юм. Эргээд уншихад гэнэн юм шиг хэрнээ хүүхэд чихэр боовноос илүү өөрт нь зориулах цаг завыг л горьддог гэдгийг хэлээд байгаа юм шиг санагдлаа.
 
Монгол хүүхдийн бага нас болохгүйн “хүлээсэнд” өнгөрдөг
 
  Миний хүү хичээлээ сайн давтвал чихрээр шагнана шүү. Ээжийнхээ үгэнд орвол, аавдаа тусалвал, дүүгээ сайн харвал тийм юм өгнө шүү... Энэ үг бараг орой болгон, айл бүрт өрнөдөг яриа. Ингэж хүмүүжсэн хүүхэд хэн болох вэ? Хүүхдийн хүмүүжлийн талаар МУБИС-ын Багшийн сургуулийн профессор багш, хүүхдийн зохиол судлаач, шүүмжлэгч Д.Хүүтэй ярилцлаа.
 
  - Үр хүүхэддээ хайргүй хүн гэж байхгүй. Гэхдээ бид хүүхэддээ хэрхэн ханддаг юм бол энэ талаар ярилцъя. Үнэхээр зөв хүмүүжүүлж чадаж байна уу?
 
  - Хүүхдийн хүмүүжил гэдэг маш чухал. Бид хүүхдээ хүмүүжүүлдэг маш арвин баялаг туршлагатай. Дэлхий нийтээрээ хүүхдийг ярьж ойлгож, тэдний найз нөхөр нь байж хүмүүжүүлэх хандлага давамгайлдаг. Харин бид өнөөдөр хүүхэддээ чихэр атгаж өгдөг хүмүүжлийн хэлбэрээсээ салж чадахгүй байна. Бидний хувьд хайртай гэдгээ харуулах хамгийн чухал үзүүлэлт нь эрээн цаастай чихрийг атга атгаар нь өгөх. Гэтэл чихрийг хамгийн муу зүйлээр хийдэг. Сайхан амттай ч гэсэн цаанаа тэр чигээрээ хор, тэр чигээрээ үйлдвэрлэлийн гологдол. Яг үүнтэй адил манай оронд хүүхдэд зориулсан бүх зүйл гологдол маягаар явж байна. Хүүхдэд даавууны өөдсөөр хувцас хийнэ, тоглох уулзах газар нь байрны подваль, орц. Сайн гэгддэг, алдар нэртэй уран бүтээлчид хүүхдийн уран бүтээл хийдэггүй. Хүүхэд зүгээр нэг чирэгдмэл, дагуул зүйл болчихсон. Ээж аавыгаа дагаад дэлгүүрт орлоо гэхэд таалагдсан зүйлээ авах эрх хүүхдэд байдаггүй. Хүүхдэд хичнээн таалагдлаа ч эх эцэгт нь л таалагдахгүй бол хэзээ ч авч өгөхгүй. Авна гээд зүтгэчихвэл “Дараа чамайг дагуулж явахгүй. Чи дандаа буруу юм авах гэлээ” гээд шийтгэдэг. Ингэхээр хүүхдийг хүсэл мөрөөдөл, тэмүүлсэн зүйлээсээ ухардаг, няцдаг хүн болгон хүмүүжүүлдэг. Ийм л хөшигний цаана хүүхдүүдийн маань амьдрал явж байна шүү дээ.
 
  - Хамгийн гол нь ярьж ойлголцох, түүнтэй найз шиг нь байх ёстой гэж бид ярьдаг. Харин амьдрал дээр аав ээж нь сургадаг, үглэдэг, загнадаг, үзэл бодлоо тулгадаг. Түүнээс биш хүүхдийнхээ яриаг сонсдог хүн байдаггүй гэхэд хилсдэхгүй болов уу.
 
  - Эх эцгийн хүүхэдтэйгээ ярих яриа гэдэг бол маш өөр. Бага насны хүүхэдтэй дэгсдүүлж хөгжүүлж ярина. Гурван нас хүртлээ хүүхэд буруу зүйл хийдэг, худлаа ярьдаг. Тэгэхээр нь “Буруу юм хийлээ, болохгүй, сахилгагүй” гэж загнадаг. Монгол хүүхдийн бага нас дандаа болохгүй гэдэг үгийн хүлээсэнд өнгөрдөг. Байнга загнуулна, тун болохгүй бол алгадуулдаг. Тэрнийгээ бид таван салаа боов гэдэг гоё нэр өгчихсөн. Хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг ч гэсэн нэг алгадахаараа унатал нь алгадчихаж болохгүй шүү дээ. Ингэхээр тэр хүүхэд чинь яаж өсч өөдлөх юм бэ? Нас насных нь онцлогоор хүүхэдтэйгээ харьцаж, арав таван үг сольж байх л хэрэгтэй.
 
  - Нүүдэлчид хүүхдээ үглэж загнаад байхгүй өөрийнхөө биеэр үлгэрлээд хүмүүжүүлчихдэг. Харин суурин иргэншилд дасч ядаж байгаа бид дөрвөн хана­тай байшин дунд хүүхдээ яаж хүмүүжүүлэхээ мэдэхээ боль­чихсон юм шиг санагддаг.
 
  - Нүүдэлчин ахуй бол шалгарлын орчин. Малчид хүүхдээ дагуулж яваад, морин дээрээ сундаллаад өөрийнхөө биеэр бүхнийг заадаг. Үглээд яншаад байх шаардлага байхгүй. Хотод, суурин амьдралд үр хүүхдээ хэрхэн хүн болгох вэ гэдэг арга ухаанаа олохгүй яваад байна. Ч.Лхамсүрэн гуайн “Маамуу нааш ир” гээд дууг мэдэхгүй хүн байхгүй. Агуулгыг нь бодоод үзье л дээ. “Маамуу нааш ир манайд хоёулаа очъё. Аав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү. Морь унаж давхия машин барьж явъя...” гээд үргэлжилдэг. Аав ээж нь ажилдаа явчихаад цоожтой хаалганы цаана хүүхэд яаж ганцаардаж байгааг л харуулсан шүлэг. Маамуу нааш ир надад бүх юм байна гэсэн агуулга эндээс харагддаг. Миний хүү байж байгаарай гэж хэлээд ээж аав нь хаяад явчихсан тийм хүүхдийн сэтгэхүйгээр энэ дуу бүтсэн. Тиймдээ ч өдий болтол хүмүүс дуулаад л байна шүү дээ.
 
  - Энэ дууны үгээс үүдээд ярихад өнөөдөр хүүхдийн уран бүтээл хаягдаж гээгдэж тэр ч бүү хэл одоо байгаа орчин нөхцлөө мэдрэхгүй, одоогийн хүүхдүүдийн сэтгэхүйг ойлгохгүй байгаа юм шиг...
 
  - Ямар ч уран бүтээл хэрэглэгчийнхээ хүсэл сонирхлыг илэрхийлж байдаг. Хүүхдийн уран бүтээлээр тэр хүүхэд, хүүхдэд тохиол­дож байгаа бэрхшээл, баяр жаргал, нулимс, инээд нь харагдаж байх ёстой. Сүүлийн үеийн уран бүтээлүүд нэг бол номлолын шинжтэй, эсвэл үгээр наадаж, үгийн хууралт яваад байна. Хувь хүнийх нь үүднээс үл тоомсорлож, хүчээр өөр үзэл бодлыг тулгах, бичсэн зүйлээрээ тэднийг хүчээр залах гээд байдаг бочихож. Хүүхдэд зориулсан бүтээлүүд хүүхдийн үгээр бичигдэхгүй байна. Жаахан хүүхэд аавынхаа малгайг, өвөөгийнхөө гутлыг өмсчихөөр ямар харагддаг билээ дээ. Одоогийн хүүхдийн гэгдэх уран бүтээлүүд ийм л харагдахаар хэмжээнд явж байна. Д.Содномдорж гуайн “Жигмэд Тогмид хоёр” дуунд том савтай л хоцрох юм шиг амьдралын тогтсон загвар хэлбэрийг тэр хүн бүтээлээр том савтай Тогмид түүсээр байгаад түрүүллээ, жижиг савтай Жигмид идсээр байгаад хоцорч байгааг харуулж өгсөн байдаг. Энэ их жижиг санаа. Тэгсэн хэрнээ хүүхдэд асар том зүйлийг ойлгуулж чаддаг.
 
  Социализмын үед Америкийн дуучин Дин Рид манай оронд иржээ. Тэгээд “Монголд хамгийн жаргалтай хүмүүс нь хүүхдүүд л байна” хэмээн шүүрс алдсан гэдэг. Тухайн үедээ бид өөрсдийнхөө аз жаргалтай ирээдүйгээр бахархан, алсын Америкийн өлсгөлөн хүүхдүүд гудамжинд гуйлга гуйн, хог ухаж, хонгил траншейгаар золбин нохой шиг тэнэн, сонин зарж, машин тэрэг угаагаад олсон мөнгөөрөө зүсэм талх олдог тухай өглөөний сонин уншлага дээр ухуулагч нөхөр яриад л... Уяхан сэтгэлтэй ээжүүд сэмхэн нулимсаа арчаад л... Энэ манай ажлын нэг ахын дурсамж. Гэтэл өнөөдөр хүүхэд гуйлга гуйх, гутал тослох нь байдаг л зүйл болж, өглөө гэрийн гаднах траншейнаас хүүхдийн толгой шовс хийхэд огтхон ч цочихоо больжээ. Зах зээл, шилжилтийн үе гээд бараг 20 жил бид хүүхдийн тухай ярьсан. Харин юу хийсэн юм бол? За бүр болъё. Гудамжинд байгаа тэнэмэл хүүхдийн асуудлыг өнөөдөр бид бичээд өөрчилж чадахгүй биз. Харин хүүхдээ хүн гэж хардаггүй, миний өмч гэж ойлгодог тэр байдлаасаа салмаар байна. Захын айлд яваад ороход “Манай хүүхэд тэгж дуулдаг, бүжиглэдэг, тийм авъяастай” гээд л гайхуулна. Рекламдах маягаар. Өөрөөр тэгтлээ анхаарал тавьдаг билүү? Хүүхэд бидний ирээдүй л гээд байдаг. Тэгсэн хэрнээ “Завгүй” гэдэг ганцхан үгээр хамт байх цагаа хумсалдаг. Чиний асуудал юу ч биш. Илүү чухал зүйл байна гэж цаагуураа хэлээд байгаа хэрэг шүү дээ.
 
  Нэг найз маань эхнэр хүүхэдтэйгээ АНУ-д амьдрахаар очоод удаагүй байжээ. Хүү нь өдөржингөө шахам ганцаараа тоглоомын талбай дээр наадсан юм байх. Оройхон тийшээ хөрш байшингийнх нь настайвтар эмэгтэй хүүг хөтлөөд ороод ирж. “Та нар яагаад хүүхдээ хараа хяналтгүй орхиод байгаа танхай хүмүүс вэ? Дахиж ингэвэл цагдаа дуудна шүү” гэжээ. Тэр явдлаас хойш нэг их удалгүй мань нөхөр том хүүгээ гадуур тэнэлээ гээд нудраад автал дэргэд нь байсан америк эр матаад хэд хоног баривчлуулчихсан гэсэн. Гадны хамаг юм сайхан гэж байгаа юм биш л дээ. Бүгдийг нь дуурай, ийм байвал гоё гэж ухуулаад байгаа ч юм биш. Хамгийн гол нь тэд хүүхдийг харагдах байдлаас нь жижиг хүн, хүүхэд гэж ялгаж харьцахгүй жинхэнэ хүн гэж хүлээж авдаг. Үгийг нь сонсож, хүндэлдэг. Бидэнд харин энэ чанар дутаад байна уу даа.
 
Хүүхдээ хараад гэртээ суучих юм “ичиг ичиг”  
 
 Эмэгтэйчүүд нийгэмд манлайлж байна. Ажлаа ч хийгээд үр хүүхдээ ч хүмүүжүүлээд гээд их бахархдаг. Энэ солонгос, япон эмэгтэйчүүд гэрээсээ ч гарахгүй, хормойгоо чирээд хүүхэдтэйгээ зууралдаад байх юм гэж бид ярьдаг. Үнэн хэрэгтээ бид зэрэгцүүлээд байгаа зүйл байхгүй л дээ. Өглөө нь цэцэрлэг сургуулийн багшид даатгаад “хаячихдаг”. Хүүхэд зөнгөөрөө л хүн болдог гэдэгт бүгд итгэдэг. Тэдэнд хоол, хувцас байхад л хангалттай. Үүгээр нь л дутаахгүй бол эцэг, эхийнхээ үүргийг гүйцэтгэчихэж байгаа нь тэр гэж боддог. Харин ч солонгос, японы тэр уламжлал ухаалаг алхам. Магадгүй өнөөдөр бидэнд хүүхдээ хараад байж байх, тэгээд гэр орон нь дутагдах, гачигдах юмгүй яваад байх боломж бололцоо ховор. Боломжийн амьд­ралтай айлын хүүхдүүд хувийн, өндөр төлбөртэй цэцэрлэг, сургуульд суралцаж, өмссөн хувцас, барьсан утсаа нэгэндээ гайхуулан, аавын машин тийм, ээжийн шуба тийм үнэтэй гэлцэж байна. Хөрөнгө мөнгө, материаллаг зүйлсээр дамжуулан бие биедээ “томроод” л... “Хүүхэд гэр бүлийн толь гэдэг. Аав ээж нь гэртээ хэн нэгнийг муулаад л, өмссөн зүүснээр нь дүгнээд, чи тэдний хүүхдээс юугаараа дутуу юм бэ гэхчилэн загнаад байхаар хүүхэд аяндаа атаархуу болж өсдөг юм шүү дээ” гэж учир мэдэх хүн хэлж байв. Манай сэтгүүлийн 65-р дугаарын зочноор уригдсан гэр бүл судлаач П.Буяндэлгэр “Асуудалтай хүүхдийн цаана асуудалтай аав, ээж байдаг. Ээж, аавууд нь эцэг эхээсээ суралцаагүй учраас хүүхэдтэйгээ яаж харьцахаа мэддэггүй. Хүүхэд багадаа хайрыг мэдрэхгүй өсвөл том болсон хойноо, хэн нэгнийг хайрлаж чадахгүй. Хүн хоолны газраар дайраад гарах юм бол хоол үнэртэнэ. Мужааны цехээр орвол мод үнэртдэг. Үүнтэй адил хайраар дүүрэн гэр бүлд өссөн хүүхэд насанд хүрээд гэр бүл зохиохоороо хайраар дутаахгүйг хичээдэг” гэж ярьж байсныг ч санаж байна.
 

 
  Охин маань ирэх намар сургуульд орно. Одоо бэлтгэлд сууж байгаа ухаантай. Багш нь “Танай хүүхэд үсгээ мэддэг юм байна. Одоо нэгдүгээр ангийнхантай хамт шалгалт өгүүлээд шууд хоёрдугаар ангид оруулчих” гэж байна. Тэгээд хүмүүсээс зөвлөгөө авлаа. Ихэнх нь “Хугацаа хожно”, яахав оруулаад үз, болохгүй бол нэгдүгээр ангид нь суулгачих” гэж зөвлөж байна. Өөрөө яахаа сайн мэдэхгүй болохоор энэ талаар зөвлөгөө өгч чадна гэсэн хүнээсээ асуулаа. “Хүүхэд чинь сайн байж болно. Онц сурч болно. Хамгийн гол нь хүн болж төлөвших нь л чухал. Манай боловсролын тогтолцоо хүүхдийг тийм зүйлд сургаж чаддаггүй. Цэцэрлэгээс сургуульд орно гэдэг маш том өөрчлөлт. Алгасуулахад бие бялдрынхаа хувьд өөрчлөлт гарахгүй ч бүтэн жил сургуульд сураад тэр орчиндоо дасчихсан хүүхдүүдийн дунд орох хүүхдийнхээ талаас хэцүү” гэж зөвлөж байна. Нээрээ бодоод байсан чинь манай боловсролын тогтолцоо хэн 90-с дээш оноо авах вэ, хэн нь багшийн заасныг цээжилж, тоог заасных нь дагуу бодож байна вэ гэдгээр үнэлдэг. Багшийн хийснийг дуурайж чадах юм бол гэсэн сармагчин байдлыг үнэлдэг. Багшийн заасан хичээлийг баяжуулаад, магадгүй үгүйсгэх хэмжээний юм мэдэж байсан ч багшийн зааснаас өөрөөр л хийвэл муу авна. Дэлхийн суут зохион бүтээгч Томас Эдисоныг “Юм сурах чадваргүй, оюуны хомсдолтой” гэж тухайн үедээ дүгнэж байсан гэдэг. Аав, ээж нь түүнийг сэтгэцийн эмнэлэгт үзүүлж байсан тухай түүх бий. Гэтэл түүний буянаар хүн төрөлхтөн лаанаасаа салж, гэрэл гэгээтэй золгосон шүү дээ.
 
Г.Батсүх: Мөнгө л өгчихвөл бүх зүйл болох юм шиг битгий бодоорой
 
  Би нэг дүүтэй. Манайх боломжийн амьдралтай. Аав ээж хоёр ажил гээд гэрийн бараа харахгүй. Өсвөр насны бид хоёр болох болохгүй зүйлд их орооцолдоно. Дүү маань угийн хөнгөн, хөдөлгөөнтэй хүүхэд. Нэг удаа дүү маань тамхи татаж байгаад эмээд баригдсан юм. Тэрнээс хойш эмээ “Миний муу хүү хүнээс тамхины мөнгө битгий гуйгаарай” гээд арав таван цаас илүүчилдэг боллоо. Угаас аав ээжийн өгсөн халаасны мөнгө бидэнд хангалттай хүрдэг л дээ. Харин дүү маань эмээгээс, ээжээс авсан мөнгөөрөө найзуудтайгаа нийлээд архи уучихсан орж ирсэн. Тэр үед манай гэрийнхэн “Чамд юу дутлаа гэж хар ус гударч байгаа юм бэ? Чамайг гэдэс цатгалан, мөр бүтэн явуулах гэж бид хоёр морь нохой шиг зүтгэж байна. Хүссэн хувцас, үнэтэй утас, авъя гэсэн бүхнийг чинь авч өглөө. Болоо юм биш үү?” гээд л үглэж гарсан даа. Дүү маань “Та нар битгий худлаа ярь. Миний төлөө ажил хийдэг гэсэн үү? Мэдэхгүй л юм байна. Хүний хүүхдүүд аав ээжтэйгээ хамт тоглож байхад би та нарын өгсөн мөнгөөр хамт тоглох хүүхэд царайчилж чихэр боов авдаг байсан. Одоо ч гэсэн та нар чамд мөнгө өглөө юу ч хийсэн хамаагүй гэж байгаа юм шиг ханддаг биз дээ” гээд уйлж гарсан. Би дүүгээ ойлгож байсан. Мэдээ орох цагаасаа эхлээд аавтайгаа тоглож, ээжээрээ үлгэр уншуулж үзээгүй шахам бид хоёр ангийнхаа хүүхдүүдийг чихэр шоколадаар “найрч” гэртээ авчираад тоглодог байсан юм чинь...
 
Би сайн аав, сайн ээж ...
 
  Бид өөрсдийгөө сайн аав, ээжүүд гэж боддог. Гэхдээ хүүхдүүд биднийг юу гэж дүгнэдэг бол? Жаахан байхдаа аав ээжийнхээ тухай юу гэж боддог байснаа найз маань ярьж байсныг санаж байна. Эрэгтэй хүүхдийг чангахан гараар барихгүй бол болохгүй гэсэн ойлголт бидэнд байдаг. Буланд зогсоогоод, болохгүй бол алганы амт үзүүлээд л... Найз маань “Хүүгээ л өөр шигээ болгочихгүй юмсан” гэж дандаа ярина. Яагаад ингэж байдаг юм бэ гэхээр “Намайг нэгдүгээр ангид байхад аав маань манай энэ төрөлхийн болхи, бүдүүн бараг хүүхэд. Яаж ийж байгаад жолооч болгочихвол барав. Дээд боловсрол эзэмшинэ гэж худлаа гээд л ээжтэй ярьж байж билээ. Тэрнээс хойш би өөрийгөө жолооч болох л хэмжээний хүн гэж боддог болсон. Хичээл номондоо ч нэг их анхаарахгүй. Ганцхан үгээр миний ирээдүйн амьдралыг, итгэлийг маань үгүй хийсэн шиг санагддаг” гэж хариулж байсансан. Одоо найз маань хүүхдээ байнга магтана. Хэзээ ч бусдын хүүхэдтэй харьцуулахгүй. Урам өгөөд байхаар хүү маань өөртөө итгэлтэй болж, амжилтанд хүрэхийн үнэ цэнийг мэдэрдэг болсон. Онц сурахдаа гол нь биш. Өчигдөр ямар байв өнөөдөр ямар болов багахан ч гэсэн ахиц бүрийг нь эхнэр бид хоёр сайшаадаг хэмээн инээж байв. Тэгээд бас ярианыхаа далимд сахилга баттай бай гээд зодож, буруу зүйл хийснийх нь төлөө шийтгэж болохгүй. Жаахан хүүхэд аяга хагалчихлаа гэхэд бид “Яаж байгаа юм бэ? Алив хэн аяга хагалчихав. Бай бай” гээд тоглоомоор ч хамаагүй гаран дээр нь тоншиж л байдаг. Болохгүй юм хийснийх нь төлөө шийтгэж болно гэхдээ “Сахилга бат гээчид нэг грамм шагналын үг нэг килограмм шийтгэлээс илүү үр нөлөөтэй” гэж байв.