Шинжлэх ухаанд тайлаг­дашгүй, тааж тааварлахын аргагүй олон нууц бий. Түүний чанад нэвтрэхийн тулд, эс бөгөөс тэр бүгдийг олж нээн, асуултын хариуг эзэнтэй болгоё гэвэл энэ дэлхийн нас ч гүйцэмгүй билээ. Ээдрээ төвөгтэй нарийн гаргалгаа, шинжлэх ухааны онолын асуудлуудыг бидний олонх нь амьдралаас хол тасархай зүйл хэмээн ойлгодог. Төдийлэн өөрт хамаагүй зүйл мэт боддог. Гэтэл тийм биш юм. Амьдралыг илүү таньж мэдэж, ойлгоход энэ онолууд зайлшгүй хэрэгтэй. Шинжлэх ухааны ололт амжилтын үр дүнд л хүн төрөлхтний амьдрал илүү тав тухтай, тохилог, улам төгс төгөлдөр болсоор ирснийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
 
  Өдөр болгон, алхам тутамд та бидэнд тулгарч байдаг, бидэнтэй хамт “буцалж” байдаг эгэл амьдралаас урган гарсан асуудлын тухай, зайлшгүй ярьж зөвлөх ёстой зовлон бэрх­шээлийн талаар арав хоног тутам сэтгүүлийнхээ хуудсаар бид хөндөн тавьж ирсэн билээ. Бидний энэ удаагийн хавтасны сэдэв их өөр. 2009 онд өнгөрөгч мянганы аугаа их эрдэмтний нэг Ч.Дарвины мэндэлсний 200 жил, түүний үндэслэсэн зүйлийн үүслийн онолын 150 жилийн ойг дэлхийн соёлт хүн төрөлхтөн өргөн хүрээнд тэмдэглэж буй билээ. Дарвины бүтээл номыг судлан шинжлэх нүсэр ажил өдгөө дэлхий даяар үргэлжилж байна. Хүн төрөлхтний оюун санааны амьдралын их том утга учир нь үүгээр харагдаж байна ч гэж хэлж болно.
 
  Ч.Дарвин амьд байгалийн түүхэн хувьсах хөгжлийн тухай материалист сургаалийг боловс­руулсан билээ. Бид энэ удаа түүний онол зөв буруу байсан эсэх талаар маргах гэсэнгүй. Шинжлэх ухааны, албархуу тайлбар дүгнэлт хийхийг ч бас хүссэнгүй. Харин нийгмийн бусад салбарынханд Дарвины онол хэрхэн нөлөөлж ирсэн талаар бодит жишээ тайлбар дээр түшиглэн танд сонирхуулахыг зорилоо.
 
Би хүүхнүүдэд таалагдаж байна уу?
 
  Санхүүгийн хямралыг эмэг­тэйчүүдэд зориулан эрчүүд бий болгосон гэх. Хөрөнгө оруулалтын банкинд ихэвчлэн эрчүүд ажилладаг нийтлэг жишиг бий. Хүмүүсийн тэр бүр сайн ойлгохгүй, элдэв санхүүгийн бүтээгдэхүүн бодож олж байхдаа тэд хоёрхон зүйлд л анхаарч байдаг ажээ. Банк, эсвэл компаниа хэчнээн хувийн ашигтай ажиллуулах, үр дүнд нь өөрөө хэдий хэмжээний ашиг орлого авах вэ гэдэг нь л тэдэнд чухал гэнэ. Чулуун зэвсгийн үеэс эхлээд эрчүүдийн өдрийн бодол шөнийн зүүд нь “Би хүүхнүүдэд таалагдаж байна уу? Надад бусад эрчүүдээс илүү гарах юу байгаа билээ?” гэсэн хоёр асуулт байв. “Банкирууд ч үүний л төлөө дээрх ажлыг хийж буй гэнэ. Энэ бүхний эцсийн зорилго нь Ч.Дарвины бичсэнчлэн тэсэж үлдэх, шигшигдэн шалгарах, үр удмаа үлдээх явдал юм. Ялгаатай нь орчин үеийн эрчүүд муна барьж гүйхгүй. Харин “эдийн засгаар өрсөлдөн” хүүхнүүдийнхээ төлөө тэмцдэг болсон” хэмээн Америкийн сэтгэл зүйч Геофрэй Миллер бичжээ. Банкируудын үнэтэй машин, хувь­цаа, хадгаламж дахь мөнгө, энэ бүхэн нь азарган тахиагаар бол залаа нь юм. Эмэгтэйчүүдийн квот, эмэгтэйчүүдийг дэмжих үзэгдэл, энэ бүхэн огт хэрэггүй, тэд хэдийгээр чадах боловч өөрсдөө хүсэхгүй байгаа юм гэж дарвинистууд үздэг байна. Эмэгтэйчүүд сонирхлынхоо дагуу мэргэжил сонгодог бол эрчүүд ахиухан мөнгө олж болох ажлыг илүүд үздэг. Эмэгтэйчүүд цөөн цагаар ажиллах, жижиг авсаархан компани байгуулдаг бол эрчүүд аль болох том луу тэмүүлдэг. Флоридагийн улсын их сургуулийн профессор Рой Баумайстерийн үзэж байгаагаар эмэгтэйчүүд бусдад дарлагдсанаас юмуу, чадахгүйдээ бус харин гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал нь төвлөрөөд ажлын эрч нь буурч, эрсдэлтэй алхам хийх дургүй болдог аж. Тиймээс математикч юмуу жааз хөгжимчин болох нь ховор гэнэ. Харин эрчүүд аюул ослыг ямагт сөрж явдаг нь нөгөө л анчин эрсийн гени цусанд нь буцалж байдгаас үүдэлтэй. Кэмбрижийн их сургуулийн уураг тархи судлаач Жон Коат “Амжилт­тай гүйлгээ хийсний дараа залуу брокерүүдийн цусан дахь тестостероны хэмжээ нэмэгдэж бүр илүү эрсдэлтэй алхам хийхэд бэлэн болдог. Тэд ийнхүү хэтэрхий зоримог алхмууд хийсээр эцэстээ нам унадаг. Ийм аюулд орохгүйн тул банкинд эмэгтэйчүүд, нас тогтсон эрчүүдийг түлхүү ажиллуулах нь зүйтэй” гэж үздэг ажээ.
 
Зах зээл ба хувьсал
 
  Үнэмлэхүй үүслийн онол буюу Дарвины биологийн үүслийн онолыг нийгмийн бусад шинжлэх ухаанд хэрэглэх санаа эрдэмтдийн анхаарлыг татсаар байдаг. Хүний нийгэмд хамгийн шилдэг нь шалгаран үлдэх тухай үзлийг анх Британийн сэтгэгч Херберт Спенсэр (1820-1903) гаргаж ирсэн бөгөөд энэ нь үндэсний социалист арьсны үзэл болтлоо хөгжиж хүмүүсийг аймаг­лан устгаж хүн төрөлхтний түүхэнд багагүй уршиг тарьсан билээ. Биологийн хувьслын адилаар эдийн засгийн салбарт ч шалгарал явагдаж байна хэмээн энэ бүхний эсрэг тэмцэхийг уриалагсад том эндүүрдэг. Хүн төрөлхтөнд эрх чөлөө хэмээгч байгальд байхгүй давуу чанар бий. Эдийн засгийн тэмцэлд ялагдагсад устаж алга болдоггүй, харин ч дахин өндийж өмнөхөөсөө илүү эрч хүчтэйгээр орж ирдэг байна. Харин байгалийн шалгаралд нэгэнт ялагдсан л бол эргэж сэхдэггүй. Тухайлбал өнгөрсөн зууны 70, 80-аад онд Америкийн зах зээлд гарах гээд бүтэлгүйтэн “Fix it again, Toni” буюу “Дахиад л засварлахаас, Тони” хэмээн шоолуулж байсан Италийн автомашин үйлдвэрлэгч FIAT концерний жишэээг энд дурдаж болох юм. 2003-2004 онд дампуурлын ирмэгт тулж, бөөн сенсаац дэгдээж байсан уг концерн өнөөдөр америкийн машин үйлд­вэрлэлийн гурван аваргын нэг Крайслэрийг дампуурлаас аврах ганц авралын од нь болчихоод буй. Дэлхийг хамарсан лут компани болтлоо өргөжсөн FIAT концерний тухай өнөөгийн хэвлэлүүдэд “Ромын шинэ эзэнт улсыг дахин байгуулах нь” хэмээн бичих болжээ.
 
  “Биологи, эдийн засаг хоёрыг харьцуулах нь тун аюултай” хэмээн Йена дахь Макс Планк хүрээлэнгийн захирал Ульрих Витт мэдэгджээ. Эдийн засгийн өсөлт, хямралыг судлаад капитализм хямралд орсон гэж Карл Маркс (1818-1883) дүгнэсэн бол Дарвины онолыг эдийн засагт хэрэглэж огт болохгүй гэж үздэг байсан Австрийн эдийн засагч эрдэмтэн Ёозеф Шумпетер (1883-1950) “Хямрал нь өсөлт дэвшил, хангалуун амьдралын үндэс болдог. Ажил хэрэгч хүмүүс “илүү шинэ арга барил нэвтрүүлэх” шаардлагатай болдог” хэмээн үздэг байв. Шинжлэх ухаан технологийн шинэ нээлт болгоныг хүн төрөлхтөн тэр даруйд нь амьдралд нэвтрүүлж чаддаггүй шүү дээ. Үйлдвэрлэлийн нэг шинэчлэлийг явуулж байхад (уурын машин, цахилгаан моторын техникийн хувьсгал) өөр шинэч­лэлийг зэрэгцүүлэн хийх эдийн засгийн боломж хомс. Гэвч биологитой, өөрөөр хэлбэл Дар­вины онолтой харьцуулж үзэх зүйл олон бий. Хүний эд эрхтэн нь хэдэн арван мянга жилийн өмнөөс л ойр орчмоо таньж мэдэхдээ гаргууд сайн байсан боловч даяарчлагдсан эрсдэлийг тооцоход хүрэлцэхгүй. Ийм болохоор даяарчлагдсан санхүү эдийн засгийн нөхцөлд хүн амьдрах тийм ч хялбар бус ажээ.
 

 
  Орчин үеийн эдийн засаг нь хувьс­лын явцад үүссэн хүний биеэс хамаагүй залуу. Тийм болохоор хүний уураг тархи орчин үеийн эдийн засагтай хөл нийлүүлэн алхахад хүндрэлтэй байдаг. Ханш өсмөгц тархи амттан үзсэн юм шиг л шунаж эхэлдэг бол ханш унамагц зугтахаа л боддог. Тиймээс ханшны өөрчлөлтөд сэтгэл хөдлөлөөр биш, хатуу тооцоогоор ажилладаг хүн л мөнгийг олж чаддаг ажээ. Бусдыг хэтэрхий их хайрлах хэрэггүй
 
  Дарвины онолоор бол хамгийн амиа бодсон нөхдүүд л шалгарлыг давж гарах ёстой. Гэтэл бодит байдал дээр хар амиа хоохойлогчид тийм ч олон байдаггүй. Танихгүй хүнд ч сэтгэл харамгүй туслахыг хүсдэг хүн цөөнгүй. Анхнаасаа л хүмүүс отог бүлгээрээ амьдарч эхэлсэн. Бие биенийхээ дэмжлэг туслалцааг авч, нэг нь нөгөөдөө найр тавин аж төрж ирсэн. Цюрихийн их сургуулийн эдийн засагч Эрнст Фээр ямар ч үед тэгш бус байдлын төлөө тэмцэгч олддог. Өөрт хохиролтой байсан ч шударга бус нэгнийг шийтгэх аргаа олдгийг туршлагаар нотолжээ. Өөрөөр хэлбэл шударга үнэний цагдаа зайлшгүй байдаг ажээ. Ердөө цөөхөн ийм хүн байхад л шударга ёсыг тогтооход хангалттай гэнэ. Хувьслын явцад нэг нь бусдынхаа төлөө амиа золих хүртлээ энэ үзэгдэл хөгжсөн байна. Зэрвэс харахад энэ нь тэнэг хэрэг мэт санагдаж болно оо доо. Үхсэн хүн үр удмаа үлдээж чадахгүй. Гэтэл үүнийг ах дүүсийнхээ төлөө хийдэг байна. Тэд адил гентэй байгаа нь дамжиггүй бөгөөд тэдний удам тасрахгүй ээ гэсэн үг. Байгаль дээр зөгий ийм зарчмаар амьдардаг. Өөрөөр хэлбэл хатан зөгий үр удмаа үлдээж, ажилчин зөгий өөрсдийн бүлийнхээ төлөө амь хайргүй зүтгэдэг шүү дээ. Харамсалтай нь бусдын төлөө гэх энэ үзлийг буруугаар ашиглан өөрийгөө золиослогч террористууд гарч ирсэн юм.
 
Бусад салбарт…
 
  Биологийн хөгжлийг тайлбар­ласан Дарвины онолыг бусад салбарт ашиглах санаа эрдэмтдийн анхаарлыг эртнээс татсаар ирсэн. Энэ онолд элдэв томъёо, хийсвэр үзүүлэлт байдаггүй. Зүгээр л мич­ний төрлийн нэг амьтан хэр­хэн гараа ашиглахгүйгээр явж сурсан бэ гэдгийг маш энгийнээр тайлбарлан харуулдаг болохоор хүмүүст ч амархан хүрдэг. 1886 онд химич Уйльям Кроокес химийн элементийн төрөл зүйлийг “анорганик дарвинизм”-аар тайл­бар­лах оролдлого хийжээ. Астро­физикт ч ийм оролдлого гарч байсан. Од болон мананцрын хэлбэр, өнгө дүрсийг яагаад ч Дарвины онолоор тайлбарлаж чадахгүй. Хувьсал нь тодорхой орон зайд физикийн тодорхой хуулиар явагддаг. Харин одны өнгө нь үндсэндээ түүний жингээс л хамаарна. Од үүсэж, сөнөх боловч өндөг гаргана гэж байхгүй болохоор удамшил явагддаггүй байна. Гаригуудын үүслийг ч Калифорнийн Лик одон орны газрын Доуглас Лин “шинээр үүсэж байсан гаригийн хэсгүүд нь хоорондоо өрсөлдөн “хоол” болох материалуудаа булаацалдан хүчтэй нь ялан гарч ирсэн” хэмээн Дарвины маягаар тайлбарласан байдаг. Шилэн сонголт явагдаж, хүчтэй нь ялж гарсан нь үнэн боловч хувьслын нэг чухал шинж болох удамших улмаар дасан зохицох үзэгдэл явагдаагүй аж. Австралийн физикч Брандон Картер 1973 онд физикийн тогтмолууд тун ялихгүй өөр байсансан бол их тэсрэлтийн дараа ертөнц буцан сүйрэх юмуу эсвэл хэт их хурдтай тэлэх байсан. Өөрөөр хэлбэл өнөөгийн энэ амьдрал үүсэхгүй байх байсан гэж үздэг. Гэтэл физикийн тогтмолууд чухам яг л зөв утгаараа байдгийн учир юунд байна гэдэг асуулт зүй ёсоор гарч ирдэг. Гэхдээ физикийн тогтмолуудын тухай эсвэл нар, дэлхий хоёрын хоорондын зайны тухай гайхашраад байх хэрэг байхгүй. Хэрвээ тэр тогтмолууд өөр байсансан бол түүнийг гайхан шогшрох бид өөрсдөө байхгүй л байх байсан юмдаг. Их тэсрэлт бол олон тэсрэлтийн нэг нь л байсан. Манай одны системээс гадна өөр маш олон систем бий гэх эрдэмтэд ч цөөнгүй. Үнэндээ бол бид амьдарч байгаа маань үнэн, биднээс гадна амьд ертөнц байгаасай гэсэн мөрөөдөл байдаг нь бодит үнэн. Хэрвээ олон ертөнц зэрэгцэн оршдог бол тэдгээрийн тогтмолууд нь ямар нэг байдлаар холбоотой байх ёстой болно. Канадын Периметр хүрээлэнгийн Лее Смолин 1997 онд бичсэн “Сансрын амьдрал” номондоо хар нүхтэй од мөргөлдөхөд шинэ одны ертөнцийг үүсгэж болно. Хуучин одны тогтмолууд ялигүй өөрчлөгдөж, энэхүү өөрчлөгдсөн тогтмолууд нь шинээр үүсэх ертөнцийн Геном нь болно гэж бичжээ. Квантын онолыг таталцлын онолтой нэгтгэх тухай түүний судалгааны ажлын явцад үүнийгээ илүү сайн тайлбарлаж чадна гэж үзэж байгаа ажээ. Смолины онолыг харин астрофизикчид аль хэдийн няцаасан билээ.
 
Орчин үеийн шалгарлыг урагшлуулагч нь соёл мөн үү?
 
  Америкийн физикч Фримен Дайсон “Гурван тэрбум жил үргэлжлээд Дарвины эрин төгсөж байна. Хомо сапиенс дэлхийд дан­гаараа ноёрхох болсноор төр­лийн шалгарал арван мянган жилийн өмнөөс зогссон. Орчин үеийн шалгарлын хөдөлгөгч хүч нь биологи бус харин соёл” гэдэгт тун итгэлтэй байдаг ажээ. Дайсоны хамтрагч болох физикчид, биологчид “Өнгөрөгч 50 жил компьютерийн нөлөөнд байсан бол ирэх 50 жил биотехнологийн нөлөөнд байх болно” хэмээн үзэж байна. Үнэхээр л амьдралын хэвшил өөрчлөгдсөнөөр хүний биед өөрчлөлт гарч буйгаас биш байгалийн шалгарлаар өөрчлөгдөн хувьсах тохиолдол гарахаа больсныг бид бүгдээрээ мэднэ.
 

 
Нүд үүсмэл үү, зохиомол уу?
 
  Хүний нүд 2,5 см диаметртэй. Нүдний дотор талд байдаг торлог бүрхүүл хар цагаан өнгийг мэдэрдэг 120 сая савханцар, өнгийг мэдэрдэг зургаан сая лонхонцортой гэнэ. Өөрөөр хэлбэл нүд дүрсийг 126 сая цэгээр ялгадаг. Зургийн аппарат найман сая цэгээр (Pixel) дүрсний ялгарлыг таньдаг.
 
  Олон тооны мэдрэлийн судлууд дохиог уураг тархинд дамжуулдаг. Харин яаж зөв газартаа хэрэгтэй дохиолол хүрдэг нь тун сонин юм. Төвийн нарийн харааг зохицуулдаг шар толбонд 15000 пиксел байдаг бөгөөд эдгээрийн дохиог 120 орчим мэдрэлийн судас дамжуулна. Уураг тархинд энэ олон судсаар дамжин очих мэдээллийн өөр өөр холболт үүсэх хувилбар нь 1080 (арвын наян зэрэгт) болно. Ертөнцийн нийт атомын тоо л бараг ийм байдаг гэж байгаа. Төсөөлөхийн аргагүй том тоо байгаа биз? Гэтэл нүдэнд 15000 ч биш бүр 126’000’000 пиксель байдаг. Тэгэхээр энэ яавч санамсаргүй үүссэн зүйл биш. Харин агуу их оюун ухаан үүнийг бүтээсэн байх ёстой. Бусад бүх эрхтэнд ч энэ мөн хамааралтай. Нэг л мэдрэлийн судас буруу мэдээлэл дамжуулбал бидний хөл гар яаж хөдлөх билээ. Ингэхээр хэн нэг оюунлаг хүчин бидний мэдрэлийн системийг бүтээсэн байж таарах нь ээ дээ.
 
  1953 онд Жэймс Ватсон болон Франкис Крик нар ДНК (DNS - Desoxyribonukleinsдure) бүтцийг нээс­нээр биологид шинэ эрин үеийг авчирсан гэж үздэг. Хүний биеийн 100 триллион эсэнд байдаг ДНК молекул нь өөртөө тэдгээрийн „бүтэц“-ийг бүрэн хадгалж байдаг. Хүний гадаад хэлбэрээс эхлээд дотоод эрхтэн хүртэл бүх мэдээлэл энд хадгалагддаг. Эдгээр нь нуклеотид гэгч химийн элэментээр бичигдсэн байдаг. ДНК нь нуклеотидуудын гинжин хэлхээнээс тогтдог бөгөөд аденин (А), цитозин (Ц), гуанин (Г), тимин (Т) гэсэн дөрвөн янзын нуклеотидтой. Аливаа амьтны генетикийн код нь эдгээр дөрвөн элементийн комбинациас л тогтдог. Хүний биеийн хэмжээ, нүд, арьс, үсний өнгөнөөс гадна биеийн бүтцийн 207 яс, 600 булчин, 100 сая нейрон, 97000 км венийн судас, 100 триллион эс гэх мэтээр хүний биеийн бүх мэдээлэл энэхүү дөрвөн нуклеотидоор л тодорхойлогддог байна. Энэ бүх мэдээллийг хадгалахын тулд бид 500 хуудас бүхий 900 боть ном бичих хэрэгтэй болно. Харин энэ бүх мэдээлэл ердөө л мм-ийн зууны нэгийн хэмжээтэй өчүүхэн ДНК -ийн цөмд хадгалагдаж байдаг нь гайхалтай юм шүү.
 

Бид мичнээс үүсээгүй
 
  Дарвины онолыг эсэргүүцэгчдээс гадна археологи, палеонтологийн зарим олдворуудыг Дарвины онолоор тайлбарлах боломжгүй тохиол­дол гарч ирдэг. Хэдэн жилийн өмнө Африкаас хэдэн сая жилийн настай хүүхдийн араг яс олджээ. Бараг орчин үеийн хүнийхтэй адилхан шахуу эд байв. Толгойн гавалд “ярианы аппарат” гэгддэг яс байсан байна. Дарвины онолоор бол тэр үед хүн дүрстэн тэгэхдээ бүр ярьдаг байх ямар ч үндэслэлгүй. Оросын шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, палентологийн хүрээлэнгийн захирал Алексей Розанов неандертальцууд бидний өвөг дээдэс биш, тэд бидний өвөг дээдэстэй нэг үед л амьдарч байж гэдэг нь Гибралтарийн орчим хийсэн малтлагаас тодорхой бол­сон гэж мэдэгдэв. Крымд хийсэн малтлагаар горилл, шимпанзе зэрэг хүн дүрст мичнүүдийн ДНК нь хүнээс илүү неандерталынхтай төстэй аж. Тэгэхлээр бид яавч сармагчингаас үүсээгүй байх нь. Харин хаанаас бий болсон байх вэ? Дарвины сургааль өнөө хэр нь үүнд ямар ч хариу өгч чадахгүй л байна. Хүний үүслийн модыг зурна гэхэд ямар хүндрэлтэй нь дараах баримтуудаас харагдана. Хувьслын онолыг баримтлагчдын үзэж буйгаар Australopithecus дөрвөөс нэг сая жилийн өмнө, Homo habilis 1,9-1,7 сая жилийн өмнө амьдарч байсан бол Homo habilis-аас илүү хөгжилтэй байсан гэгдэх Homo rudolfensis 2,5-2,8 жилийн настай, өөрөөр хэлбэл Homo habilis буюу өөрийн өвөгөөс нэг сая жилээр хөгшин. Homo erectus 1,6 - 1,8 жилийн өмнө амьдарч байсан гэхээр мөн л өөрийн өвөг Homo habilis-тай нэг үед амьдарч байсан болох нь. Эрдэмтэн Louis Leakey Australopithecus, Homo habilis болон Homo erectus үлдэгдлийг Танзанийн Олдувай мужид нэг доороос олж байжээ. Тэгээд ч эдгээрийн аль алинд бусдаасаа ялгарах гоц хувьсал байгаагүй аж. Homo erectus ба Homo sapiens ч нэг л үед буюу манай эринээс өмнөх 10000 жилд амьдарч байсан баримт олдсон байна. Өөр нэгэн сонирхолтой баримт дурдъя.
 
  Америкийн эрдэмтэд орчин үеийн хүн үүссэн нутаг нь дорнод уртрагийн 12,5 градус, өмнөд өргөргийн 17,5 градуст байсан гэж олж тогтоожээ. Энэ нь баруун өмнөд Африкийн Намиби, ӨАБНУ хоёрын хил дээр байдаг байна. Пенсильванийн их сургуулийн эрдэмтэд сүүлийн арван жилд Африк тивийн оршин суугчдын гений талаар маш өргөн судалгаа хийжээ. Эрдэмтэд орчин үеийн хүмүүст 14 өөр өвөг дээдэс байж гэж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл Африкийн орчин үеийн оршин суугчдын дунд 14 өөр генетикийн бүлгүүд байгааг тогтоожээ. Хүн төрөлхтөн 150-аас хэтрэхгүй хүнтэй Африкийн ганц овогоос үүссэн болохыг математик загвараар бодож гаргажээ. Африкийн уугуул иргэд бусад тивийн оршин суугч­даас харьцангуй олон төрлийн гентэй байгаа нь хүн төрөлхтний өлгий нутаг гэдгийн нотолгоо юм гэж уг төслийн удирдагч профессор Сара Тишкоф мэдэгдэв. Анх 60 мянган жилийн өмнө Африкаас Улаан тэнгисийн орчмоор хүмүүс нүүдэллэн гадагшаа гарсан болохыг ч тогтоожээ.
 
Дарвин онолынхоо санааг хэрхэн олсон бэ?
 
  Дэлхийг тойрон аялах экспе­дицийн багт байгаль судлаачаар оролцож, “Бигль” хөлөг онгоцоор таван жил аялсан залуу Дарвин 1836 онд Англид эргэн иржээ. Тэрээр төрлийн өөрчлөлтийн тухай бичиж эхэлсэн боловч юунаас болоод өөрчлөгддөгийг тайлбарлаж чадахгүй байлаа. Английн эдийн засагч Томас Роберт Мальтусын “Хүн ам зүйн хуулийн тухай” өгүүллийг уншаад түүнд нэгэн шинэ санаа орж иржээ. Хүнсний хангамж нөхцөл сайжрахын хэрээр хүн ам өсдөг, хүн ам хэт их өсөөд ирмэгц өлсгөлөн, өвчин тахал, эсвэл дайн байлдаан зэрэг нийгмийн үзэгдэл гаарч хүн амын тоо буурахад хүргэдэг гэж Мальтус үзжээ. Энэхүү санааг ургамал амьтан дээр ашиглан хувьслын онолынхоо санааг Дарвин гаргаж авчээ. Улмаар хорин жил үүнийгээ нотлохын тулд амьтны анатоми, биологиор судалгаа идэвхитэй хийсэн байна. 1857 онд английн биологич Альфред Рассел түүнд нэгэн өгүүллээ ирүүлсэн нь түүний санаатай яв цав тохирч байжээ. Ингээд Валласийн өгүүлэл Дарвины өөрийн зүйлийн үүслийн онолынхоо товчийг байгаль судлаачдын Линнейн нийгэмлэгт танилцуулжээ. Дарвин энэ санааны анхдагч гэдгийг тэд хүлээн зөвшөөрчээ. Үүслийн онолоо гаргахад нь Галапагосын арал чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Эх газраас алс энэ аралд цөөн төрлийн амьтан амьдардаг ч нэг төрлийн амьтны олон зүйл байдаг нь түүний анхаарлыг ихэд татжээ. Арал бүр дээр өөр өөр хуягтай аварга яст мэлхий амьдардаг байв. Уран жиргээ шувуу гэхэд л 13 зүйл байжээ. Дарвины гэж нэрлэгдсэн эдгээр шувууд нь идэж буй хоол, байршиж буй газартаа зохицон өөрчлөгдөж ирсэн байжээ. Фольклэндийн арал дээр ч мөн адил зүйл ажиглагджээ. Ингээд энэ бүхнээ судалж боловсруулсаар 20 жилийн дараа тэр онолоо гаргажээ.
 
  Нэг төрлийн доторхи гене­тикийн өөрчлөлтөөр хувьсах замаар, үр төл нь хэт илүүдсэн, аль эсвэл орчиндоо хамгийн сайн зохицсон нь шилэгдэх гэсэн энэ гурван нөхцөл бүрэлдсэнээр шинэ төрөл зүйл үүснэ гэж Дарвин үздэг.
 
Хувьслын онолыг дэмжигчид ба эсэргүүцэгчид
 
  Дарвины онол гармагц л ялангуяа христчүүдийн зүгээс маш их шүүмжилж эхэлжээ. АНУ-д өнөөдөр ч Дарвины онолыг заадаггүй сургууль байсаар байгаа. Беркли дэх Калифорнийн их сургуульд биохимээр суралцаад, одоо хүрээлэнгийн захирлаар ажил­лаж буй Дуань Т.Гиш „Хүнийг эхлээд бурхан бүтээсэн“ гэж үздэг. Гэтэл АНУ-ын үндсэн хуулийн шүүх төр, шашин хоёрыг нэгэнт тусгаарласан тул бурхан бүхнийг бүтээсэн гэж дунд сургуульд зааж болохгүй хэмээн хуульчилжээ. Гэвч сүүлийн үед Дарвины онолыг үгүйсгэгчид АНУ-д олширч зарим газар түүний онолын тухай хичээлийг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс ч хассан байна. Зарим хүн үүнийг либерал үзлийн эсрэг тэмцлийн зэвсэг болон ашигладаг байна. Тухайлбал, Канзасын нэгэн Баптист лам Терри Фокс “Вашингтон Пост”-ын сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Хувьслын онолд эргэлзэгчид ихсэхийн хэрээр либерал үзэл мөхөх болно“ гэж хэлжээ.
 
  Тэгвэл Дарвины онолыг эсэр­гүүцэгчдээс итгэгчид нь илүү олон. Линнейн нийгэмлэгээс Дарвин-Валласе медалийг бий болгож үүслийн онолд хувь нэмрээ оруул­сан эрдэмтдийг 50 жил тутамд шалгаруулж шагнадаг ажээ. Анхны алтан медалийн эзэн /1908/ Валласе өөрөө байжээ. Мөнгөн медалиар нэлээд хэдэн эрдэмтэн шагнуулсан бөгөөд 2009 оноос уг шагналыг жил бүр олгохоор болсон гэнэ.
 
  Ч.Дарвины хувьслын онолыг янз бүрийн салбарт тухайлбал түүхийн (Маркс), сэтгэл зүйн (Фрейд) шинжлэх ухаанд ашиглаж ирсэн. Үүний зэрэгцээ эсэргүүцэгчид ч маш олон байсан бөгөөд бүр шүүх цаазаар далайлган хаахыг оролдож байлаа. „Дарвины эсрэг“ анхны шүүх ажиллагаа 1925 онд АНУ-д болж Теннесс муж улсын захирагч нь „Библид заасан дагуу хүнийг бурхан бүтээснийг үгүйсгэж, хүнийг доод төрлийн амьтнаас үүссэн мэтээр үзүүлэх аливаа оролдлогыг“ хориглох хуулинд гарын үсэг зуржээ. Үүнийг зөрчсөн сургуулиуд 100-500 ам.доллараар торгуулахаар болжээ. Ердөө л хоёр сарын дараа анхны шүүх хурал болж Дэйтон хэмээх жижигхэн хотын багш Джон Скоупс 100 доллараар торгуулж байв. Энэ хуулийг 1967 онд цуцалжээ. АНУ-ын бусад муж улсуудад гаргасан ижил төстэй хуулиуд сургуульд шашны үзэл баримтлал зааж болохгүй гэсэн АНУ-ын үндсэн хуулийн өөрч­лөлттэй холбоотойгоор цуцлагдсан байна. Дарвины онолыг сургуульд заахыг болиулах хэрэгтэй гэж Италийн боловсролын сайд Летици Моратти 2004 оны дөрөвдүгээр сард мэдэгдсэнээс болж жинхэнэ үндэсний хэмжээний хямрал гарахад хүрч байв. Сайд саналаасаа татгалзахаас аргагүй байдалд орж яаралтай арга хэмжээ аван 1996 онд Нобелийн шагнал авсан эрдэмтэн Рито Леви - Монтальчинигаар ахлуулсан сургуулийн программыг шинэчлэх комисс хүртэл байгуулж байлаа.
 
  Бельградын их сургуулийн хэлний факультетийн профессор, Сербийн гэгээрлийн сайд Лилян Чолич 2004 оны есдүгээр сард дунд сургуулийн наймдугаар ангийн хичээлийн программаас зүйлийн үүслийн тухай Дарвины онолыг хасах тушаал гаргасан нь Сербийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн дунд ихээхэн эсэргүүцэлтэй тулгар­сан билээ. Хэд хэдэн томоохон намууд үүнийг эсэргүүцэж „Дарвины шинжлэх ухааны онолыг шашны суртлаар солих нь“ улс орны хөгжлийг зуун жилээр хойшлуулах болно гэж мэдэгдэцгээж байв. Л.Чолич энэ онолыг ямар хэлбэрээр, ямар насны хүүхдүүдэд заах тухай ярьсныг маань буруу ойлгосон байна гэж тайлбарлан өөрийгөө аварч байлаа.
 
  2005 онд Туркийн Мерсин хотын таван багш Дарвины онолын тухай хичээлдээ оруулсны төлөө шийт­гүүлж байв. Мичиганы их сургуулийн судалгаагаар АНУ-ын иргэдийн зургаан хүн тутмын нэг нь Дарвины онолд итгэдэг гэсэн судалгаа гарчээ. Орост энэ үзүүлэлт 24% байхад Япон, Исланд, Дани, Швед болон Францад энэ үзүүлэлт 80%-д хүрдэг. Америкчуудын 30% нь Дарвины онолыг эрс эсэргүүцдэг бол энэ тоо Европт хоёр дахин бага.
 
  Дарвины онолын талаар, түүний боловсруулсан энэ сургааль нийг­мийн бусад салбарт хэрхэн тусгалаа олж, нөлөөлж ирсэн тухай олон талаас нь авч үзэж байгаа асуудал нь түүний бүтээл мөнх юм гэдгийг харуулж байна. Ямар нэгэн байдлаар буруу зөв хэмээн шүүмжилж маргаан өрнөж байгаа явдал бол амьд байгаа, хөгжиж байгаагийн шинж юм. Тэгэхээр энэ бол биднээс хэтрээд алга болсон зүйл биш, өдөр тутмын амьдралд байдаг, урагшлах уу, эс урагшлах уу гэдгийг шийдэж байдаг чухал хүчин зүйл юм байна.