Хичээлд явахгүй байхыг бодоход амарчихсан ч юм шиг. Өдөр болгон хийх юмтай юм шигээ бодохоор амраагүй ч юм шиг, албан тушаалаа бодохоор ажилтай ч юм шиг, үр дүн нь харагдахгүй болохоор ажилгүй ч юм шиг... ёстой нэг манарсан гурван долоо хоног яах ийхийн зуургүй өнгөрч хичээл орох болчихлоо. Оюутны амралт аа гэж. Автобусанд орохоор суух суудалтай, баасан гаригт клубууд суудалгүй, PC–нүүдийн ачаалал ихэдсэн үе юм уу даа.
 
  Өдөр шөнө байтугай, хагас бүтэн сайнаа ялгахаа байтлаа компьютерийн ард суугаад хэдэн тийшээ интернэтээр чатлаж байтал нэгэн нартай, бас утаатай өдөр Энжи ирж сэтгэлээ ч сэргээе, “нүдээ ч хужирлая” гээд оюутны лиг үзэв.
 
  Сагсан бөмбөгийн оюутны лиг гэдэг нэг талаасаа спортын тэмцээн боловч тэнд өөр олон төрлийн тэмцээн, уралдаан, өрсөлдөөн зэрэг явагдана. Багууд ч яахав, тоглодгоороо тоглож, сайн хэдхэн багаас бусад нь удаашруулсан бичлэг шиг гүйгээд ч байгаа юм шиг унтаад ч байгаа юм шиг санагдах нь хэцүү. Зарим нь бүр өөрийнхөө хүнд дамжуулаад байна уу, өрсөлдөгчдөө бэлэглээд байна уу гэмээр сул дамжуулалт хийж байгаа харагдсан. Хайран бэлтгэлийн цаг, хайран таксны мөнгө! Тэр зааланд гишгэх газаргүй пиг чихсэн үзэгчид чинь бас 1000 төгрөгний такс төлж орж байгаа шүү дээ.
 
  Гэхдээ сайн багууд нь бол үзүүлж өгч байна аа. Үнэхээр тоглолт гаргаж байгаа багууд нь үзэхэд ч урамтай юм. Гэхдээ зааланд сууж байгаа үзэгчдийн багагүй хувь нь худалч хүнд гурван онооны шидэлтийг хоёр онооныхоос нь ялгахааргүй “бүлтэртлээ” гоёсон, нэг л их тормолзсон охид.
 
  Талбай дээрх тэмцээнээс илүү хүчтэй, ширүүн өрсөлдөөн чухам тэдний дунд болно. “Чадварлаг, нэр хүндтэй тоглогчийг хэн нь хурдан буулгаж авах вэ?”, “Хэн илүү анхаарлын төвд байх вэ?”, “Хэн хэнтэй танилцах вэ?” гэх мэт номинациар үзэлцэж өгнө. Тухайн номинацид ялахын тулд үс засалт, хувцаслалт, нүүрний будаг, олон төрлийн инээлт, гар хөлийн хөдөлгөөн, бүгд чимээгүй байхад огцом үйлдэл хийх гэх мэтээр бас янз бүрийн арга, “техник” хэрэглэдэг бололтой.
 
  Тэгээд бүгд байгаа хэдэн гайгүй тоглогчдыг гарын арван хуруу шигээ, бүр түүнээс ч илүү мэддэг гэнэ. Долоон үеийн түүхийг нь судлахаас наагуур юм болдог байх. Ингээд заал дүүрэн талимаарсан охид.
 
  Залуус бас юугаар дутахав. Нэг нүд нь талбай руу, нөгөө нүд нь охид руу. Онцлог нь арай өөр “техниктэй”. Ингэж тогло, тэгж тогло гэж чанга хашгичин заах, нэг их чухал оноо аваагүй байсан ч хамаагүй босч орилох, янз бүрээр гоц сонин хараал хэлэх, маазарч заалаар нь инээлгэхийг “оролдох”, урдуур ийш тийш холхих гэх мэт. Андуураад тормолзчихгүй юм даа.
 
  Ингээд ийш тийшээ харж, хааяа нэг эвшээлгэж нэгэн оройг Спортын төв ордонд өнгөрүүллээ. Амралтаараа хийсэн хамгийн шинэлэг үйл. Яахав сонин л юм байна. Оюутнуудын цагаа зугаатай өнгөрүүлэх бас нэгэн арга хэрэгсэл.
 
  Цаашид улам дэмжээд, хөгжүүлээд явбал сагсан бөмбөг гэдэг бас залууст хүрч ажиллахад боломжийн гарц юм байна. Тиймдээ ч нөгөө муу нэртэй, хар данстай, зарим залуусын байнгын хэрэглээ спиртэн бүтээгдэхүүнүүдийн сурталчилгаа заалны хана туургаар нь, тоглогчдын ар нуруугаар нь дүүрэн намирч яваа биз дээ.