Нэгэн цагт АНУ-ын Тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон өнгөрсөн 2008 онд явагдсан Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшигчдийн дотроос хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор орж байсан билээ. Алдарт “Форбс” сэтгүүл түүнийг “2008 оны дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий 50 бүсгүйн” нэгээр шалгаруулав. Америкчууд энэ эмэгтэйн туулсан зам, улс төрийн карьерийн талаар сайн мэддэг гэх боловч түүний хувийн зан чанар, чухамхүү ямар хүн болох тухайд хэлэх юмаар маруухан гэдгээ саяын сонгуулийн кампанит ажлын үеэр л мэдэрчээ. Хиллариг өөрийнхөө талаар тун бага ярьдаг, ерөөсөө өөрийнхөө тухай сайн ярьж чаддаг ч үгүй болохыг сэтгүүлчид онцлон тэмдэглэж байна. Тиймээс Хилларигийн хамгийн ойр дотны найз нөхөд, сайн мэдэх хүмүүсээс нь түүнийг хувь хүн талаас нь илүү тодруулахыг тэд зорьжээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн толгойлсон шинэ засгийн газарт Хиллари Клинтон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга буюу Гадаад харилцааны сайдын алба хашиж байна.
 
  АНУ-ын 47 дахь Ерөнхий­лөгчийн сонгуулийн суртал­чилгааны үеэр Хиллари Клинтоныг Шекспирийн алдарт жүжгийн баатар “Хатагтай Макбет”, эсвэл Францын үндэсний баатар Жанн д’Арктай зүйрлэн бичих нь бишгүй тохиолдож байлаа. Эхнийх нь Шотландын эзэн хаан болтлоо дэвшсэн цэргийн жанжин нөхрийнхөө нөмөр нөөлгөнд нэр алдрын оргилд хүрсэн ч амьдрал нь эцэстээ эмгэнэлтэйгээр төгссөн бүсгүй, нөгөө нь Франц орныхоо төлөө амь хайргүй тулалдаж ард түмнийхээ сэтгэлд мөнхөрсөн баатар­лаг эмэгтэй. Эдгээрээс гадна Хиллариг бас сар залгиж буй луутай адилтгасан нь ч бий. Дорно зүгийнхний домогт сар хир­тэх үзэгдлийг “сарыг луу залгиж байгаа нь тэр” гэдэг.
 
  Хилларигийн сурталчилгааны багт эмэгтэйчүүдийн бүхэл бүтэн бүлэг ажиллаж байв. Тэдний үүрэг нь, бүр тодруулбал зорилго нь түүний улс төрийн чиг баримжаа, мөрийн хөтөлбөрийг сурталчлах гэхээсээ илүү айлын эгэл охин, үр хүүхдийнхээ жирийн эх, хүний эгэл эхнэр гэдэг талаас нь олон нийтэд хүргэх явдал байсан аж. Тэдний дунд өөрийнх нь хамгийн сайн найз Бэтзи Эбелинг ч байжээ.   Хиллари сурталчилгааны ид үеэр өдрийн ажилдаа ихэд ядарчих­сан буудалдаа ирэх авч заримдаа өөрийгөө тайвшруулах, сэтгэлээ сэргээх гэж шөнийн нэг цаг, өглөөний таван цагт ч хамаагүй найз нөхөддөө э-мэйль илгээнэ. Чухам тэр үедээ л мань бүсгүй туйлын чөлөөтэй болж “жинхэнэ дүр”-дээ ордог гэх. Тэгээд өөрөө бичих төдийгүй найз нарыгаа ч бас хариу бич гэж шаардана. Нэг удаа Бэтзи Эбелинг нь түүнд, “Энд одоо сар хиртэх гэж байна. Хятадууд үүнийг сар луунд залгиулж байна гэж ярьдаг. Энэ нь аз жаргал авчирдаг гэдэгт өөрсдөө итгэдэг юм билээ” хэмээн бичжээ. Гэтэл Хиллари дор нь хариугий нь явуулж, “Би өөрийгөө тэр луу нь гэж боддог юм сан. Гэхдээ хэзээ сарыг зооглож байснаа нэг л сайн санахгүй байх чинь” гэхчилэн наргиан болгосон байв.
 
  Хиллари Клинтон Бэтзи­тэйгээ үерхээд даруй 50 жилийн нүүр үзэж байгаа гэнэ. Тэд жаахан охид байхаасаа Мичиган нуурын хөвөөн дэхь Даунтаун гэдэг багавтар хотоос умард зүгт 30 орчим км-ийн зайтай орших Парк Риж дүүрэгт бага насаа өнгөрүүлж, хамт сургуульд сурчээ. Бэтзи нь Хилларигаа одоо ч “Хилл” гэж дууддаг хэвээр. Тэр үедээ хоёулаа Сөүд Сайдад очиж хар арьст хүмүүсийг хамгийн анх удаа “ойроос харсан” бөгөөд өдгөө “чухам энд л бидний улс төрийн мэлмий анх нээгдсэн болов уу” хэмээн хоорондоо ярилцах нь бий.
 
  “Хиллийн өрсөлдөгч Барак Обама чинь одоо тэнд амьдардаг юм шүү дээ. Юм гэдэг сонин байгаа биз” гэж Бэтзи ярьж байна. Тавиад онд амьдрал нэгэн хэмийн, их л тайван амгалан байж дээ. Аавууд ажилдаа явж, ээжүүд гэртээ үлдэн, хүүхдүүд хичээл номдоо шамдана. Зарим­даа ч бага сага адал явдал хөөцөлдмөөр болно. Бэтциг ингэж хэлэхэд нь сурвалжлагчид “одоо л хэдэн хөвгүүдийн нэр хэлэх нь дээ” гэж нүд нь сэргээд ирэв. Гэтэл Бэтзи “Мартин Лютер Кинг”, “Пабло Пикассо” гэдэг нэрүүдийг дурдах нь тэр.
 
  Тэрээр сэтгүүлчидтэй явж байгаад “Оркестра Холл” театрын өмнө зогсов. Хилл тэр хоёр тэртээ 1963 оны нэгдүгээр сарын нэгэн шөнө энэ байранд Америкийн хар арьстнуудын эрх чөлөөний төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн үг хэлж байхыг очиж сонсчээ. Парк Рижээсээ холдож үзээгүй тэдэнд Кингийн хэлсэн үг “Америк орон гэдэг тийм ч “цагаан арьстнуудын үлгэрийн орон” биш юм” гэдгийг анх ухааруулсан гэдэг.
 
  Мөн Урлагийн хүрээлэнгийн үзэсгэлэнгийн танхимд очихдоо найз охид Пабло Пикассогийн “Гуэрникас” зургийн өмнө хэдэн цагаар зогсдог байжээ. Тэр нь Испанийн иргэний дайнд сүйрсэн нэгэн хотын сэдвээр зурсан зураг байсан агаад түүнийг үзэхлээр энэ ертөнц гэдэг Америкаас өөр газарт бол нэлээд хатуу ширүүн, харгис юм байна гэдэг сэтгэгдэл төрүүлдэг байсан гэнэ. Хожим Хиллари Биллтэй гэрлэснийхээ дараа анхны аяллаараа хайрын өлгий Парис руу биш, мөнөөх Урлагийн хүрээлэн рүү “Гуэрникас” зургаа үзэхээр явжээ. Энэ нь түүний зан чанарын нэг илэрхийлэл болон бичигдсэн нь олонтаа. Бэтзи унаган багынх нь сайн найзын хувьд Хилл анх хэрхэн найз хөвүүнтэй болсон, Цагаан ордонд хэрхэн очсоноос авахуулаад сонгуульд ялсан ам­жилт, Биллийн адал явдал гээд нарийн ширийн зүйл ихийг мэднэ.
 
  “Заримдаа бид хоёр бүрх малгай өмсч, нүдний хар шил зүүгээд хүмүүсийн дунд орж баахан үймүүлдэг сэн. Яг л залуухан охид шиг” гэж тэрээр ярилаа. “Хиллари биеэ барихгүй чөлөөтэй байж чаддаг уу?” гэж түүнээс асуухад, “Чаднаа. Өнгөрсөн оны сурталчилгааны үеэр бид нэг удаа Милвүкигийн нэгэн зочид буудалд ардчилсан намынхантай цуг үдийн хоолонд орцгоосон юм. Хиллари үгээ хэлчихээд биднийг өрөөндөө дуудав. Гэтэл Обамаг үг хэлэх үеэр Хилл хөлөө аччихсан, өөрийнхөө дуртай “Блюй мүүн” шар айргаа задлаад сууж байж билээ. Тэгээд цөмөөрөө юун улс төр, багын явдал энээ тэрээ гэж баахан дэмий ярьцгаасан юм даг” гэж хариулжээ.
 
  Хиллари Клинтоны сон­гуулийн сурталчилгаанд дунд сургуульд нэг ангид сурч байсан нөхөд нь маш идэвх зүтгэлтэй орлцсон байдаг. Ангийнх нь 25 “хүүхэд” тусгай автобус хөлөглөөд “Би Хиллариг мэднэ” гэдэг нэртэй тойрон аялал зохион байгуулжээ. Хиллари өөрийнхөө тухай төдийлөн ярьж чаддаггүй учраас ангийнхан нь энэ үүргийг өмнөөс нь хүлээж, түүний хувь хүнийх нь мөн чанарыг үнэн зөвөөр олон түмэнд хүргэх зорилго өөрсөддөө тавьсан аж. Тэдний мэдэхээр Хилларигийн бага насны амьдрал тийм ч цаг үргэлж таатай байгаагүй гэнэ. Бөс бараа, нэхмэл эдлэлийн том худалдаачин, Бүгд найрамдахчуудын үзэл бод­лыг ягштал баримтлагч эцэг нь хатуурхахаа хүрвэл яггүй хатуурхаж чаддаг нэгэн байжээ. Хиллари сурлагаар гайгүй сайн охидын тоонд ордог байсан ч аав нь ер нүүрэн дээр нь магтаж явсангүй. Ямар сайндаа онц авсан охиноо гэртээ баярлан ирж дүнгээ үзүүлэхэд нь, “Танай сургуулийн хичээл ч амархан байдаг юм шив дээ” гэж суухав дээ. Бас нэг удаа бүжгийн дамжаанд шалгуулан тэнцсэнээ ярихад нь, “Чамд бүжгийн хэрэг юу байгаа юм?” гэж загнав. Эцэг нь сул дорой байдалд тун дургүй. Тэрээр охиноо эрчүүдээс дутахгүйгээр биеэ авч явах тэсвэр хатуужил, бас хэн нэгэн хүн хэтэрхий ойртохоос өөрийгөө хамгаалж “зааны арьс нөмөрсөн юм шиг явах”-ын аль алиныг сургажээ. Бэтци энэ тухай их л болгоомжтой ярьж буй нь найзыгаа хамгаалаад байгаа юм уу, ойлгуулах гээд байгаа юм уу гэдэг нь сайн мэдэгдсэнгүй.
 
  Нэг удаа Хиллари Клинтон өөрийнхөө бага нас хийгээд багадаа туулсан зовлон жаргалын талаар хуучлах шахжээ. Энэ явдал ердөө ганцхан удаа Йова, Небраска хоёр муж улсын заагт орших Консил Блаффс хэмээх жижгэвтэр хотын гимнази дээр болсон уулзалтын үеэр тохиолдсон байна. Тэгэхэд Хиллари, “Надад амаргүй үе зөндөө байсаан. Аав маань мөнгө хэмнэж байгаа нь гэж шөнийн цагаар халаагуураа унтрааж орхино. Дээд сургуульд сурч байхдаа би номныхоо мөнгийг өөрөө л олдог байлаа” гэхчлэн ярьжээ. Иймэрхүү юм ярих үед хүмүүс яг ам руу нь ширтээд суучихна. Хиллари бас эцгийгээ бяцхан дарангуйлагчийн шинжтэй, сэтгэлийн догдлолоо ил гаргахыг тэвчдэггүй хүн байсан тухай ч ярив. Тийм болохоор одоо ч өөрөө сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхдээ тааруухан гэнэ. Найз бүсгүйчүүд нь түүнийг заримдаа зовлонгоо ярьж байх хэрэгтэй хэмээн шахаж шаардаж, хүмүүсээр бас хайрлуулж, өрөв­дүүлж бай л даа, чамайг бид биш Америк орон хааяа тэвэрч тайтгаруулж байх ёстой юм шүү гэцгээнэ.
 
  Хиллари Клинтоны өөр нэг найз Сузи Томпкинс Бүэлл түүнийг зурагтаар ярьж байхыг нь хараад, “жаахан сэтгэлийн хөдөлгөөнтэй ярих”-ыг найздаа зөвлөжээ. Хиллари ч тэр даруйд нь, “Би хичээгээд байгаа л даа. Даанч хэцүү юм. Эмэгтэй хүнийг хэт сэтгэлийн хөөрөлтэй байвал хүмүүс түүний сул тал гэж үнэлдэг. Хоёр талын ёс зүй гэх юм уу даа” гэж хариулав. Урьдчилсан сонгууль явагдахаас нэг өдрийн өмнө Нью Хэмпширт байхад нь нэгэн сонгогч эмэгтэй Хилларигаас, “Та энэ бүхнийг яаж амжуулна вэ?” хэмээн асуухад нүдэнд нь нулимс гүйлгэнээд иржээ. Энэ нь нулимс байв уу, нүд нь зүгээр чийгтэж харагдсан уу? Сэтгэл хөдлөлийн илэр­хийлэл үү, эсвэл эмэгтэй хүний урдаа барьдаг зэвсэг үү гэдгийг тодруулах гэж хэвлэл мэдээллийнхэн олон хоног “ноцолдов.” Хэрэв жинхэнэ нулимс байсан бол намайг ”биеэ барих чадваргүй” гээд л авч өгөх байсан даа гэж тэрээр Сузи найздаа ярьжээ.
 
  Хиллари Хиллари чигээрээ байя гэвэл Номхон далай руу түрэн тогтсон нэгэн хошуун дээр, хөдөөгийн буйдхан сууринд амь­дар­даг энэ найз дээрээ л очдог аж. Тэднийд байхдаа өглөө таван цагт босч далайн эргээр зугаалах, өөрийн дураар оливын тос, сармис юухан хээхэн нийлүүлэн хоол хийж идэх зэргээр цагийг их л зугаатай өнгөрүүлнэ. Тэгээд нөхрийг нь орж ирэхээр гурвуулаа орных нь ирмэг дээр сууж байгаад дэвэн дэлхийн хамаг юм хамж шимэн ярьж алдана даа.
 
  “Манай Хиллари чинь өөрийн­хөө тухай ярьж ерөөсөө сураагүй хүн байгаа юм. Өөрөө өөрийгөө ойлгуулж чаддаггүй хүнийг чинь хүн яаж ойлгуулдаг юм, бүү мэд” гэж Сузигийн нөхөр Марк өгүүлэв.
 
  Хиллари дөрвөн настай байх­даа хөрш айлынхаа нэг охинд зодуулчихсан гэртээ орж ирэв. Ээж нь түүнийг яав ийв гэж сүйд болсон ч үгүй, уурлаж загнасан ч үгүй, зүгээр л ”эсэргүүцэл үзүүлж хариугаа ав” гээд буцаагаад гаргачихжээ. Хиллари ч түүнийг нь биелүүлж, нөгөө охиныг очоод гайгүй сайн балбаж орхилоо. Түүнээс хойш хэн ч түүнд халд­сан­гүй. “Энэ мөчөөс эхлээд би тулалдааны талбарыг ер орхиогүй” гэж тэрээр ярих дуртай. Харин ээждээ болохоор, “Тэрнээс чинь хойш хөвгүүд хүртэл надтай тоглодог болсон шүү” гэж л хэлжээ.
 
  Хиллари Клинтон нээрэн ч тулалдааны талбарыг орхисонгүй. Одоо ч тэр ямар ч “тулаан”-д бэлэн хэвээр байна...