Өглөө сэрэнгүүтээ ихэнх хүмүүс шөнө юу зүүдэлснээ бодож сэрдэг. Зарим нь бүр зүүдэндээ ярьж, уйлж, инээж, босоод ажилдаа хүртэл очоод сууж байсан удаатай. Яг энэ үед нь сэрээх гэж оролдож байж цочоох юм бол галзуурдаг ч гэж ярилцдаг. Ер нь зүүдэндээ босож явна гэдэг ихэнх тохиолдолд удамшлаас болдог бөгөөд сэтгэл санааны дарамт болон ядаргаанаас үүддэг байна. Харин тухайн өдөр болсон үйл явдлаа ба бээгүй тоочиж зүүдэлдэг хүмүүс ч бий. Өөрийнхөө хүсэж зорьдог, дуртай зүйлээ зүүдэндээ хийх нь ч бий. Энэ мэтчилэн амьдралынхаа хамаг л зүйлийг хүн зүүдээрээ илэрхийлдэг нь бидний оюун санаа, бодсон бодолтой минь нягт уялдаатай байдгийг илтгэж байна. Тэнгэрт халин одсон хэн нэгэнтэй зүүднийхээ тусламжтайгаар яг л дэргэдээ байгаа мэт уулздаг. Энэ нь зүүд далд ертөнцтөй холбоотой төдийгүй сүнснүүдийн бидэнд хэлэх үгс зүүдээр дамжин орж ирдгийн илрэл юм болов уу.
 
Зүүдний тухай сонирхолтой баримт
 
Бүх хүн зүүдэлдэг
Хөгшин залуу гэлтгүй хүн бүр зүүдэлдэг. Хүүхдүүд бүх унтлагынхаа цагийн 50%, насанд хүрэгсэд 20%, ахимаг насныхан 15 % -ийг зүүдэлж өнгөрүүлдэг.
 
Хүн зүүднийхээ 90 хувийг мартдаг
Бид зүүдэлж сэрээд 5 минутын дотор зүүднийхээ 50 хувийг, 10 минут өнгөрөхөд 90 хувийг нь мартдаг. Дэлхийн алдарт аймшгийн зохиол болох “Frankenstein”-ны зохиолч Mary Shelley энэхүү зохиолоо зүүдэлсэн гэдэг. Тэрээр өөрийн зүүдийг сэрэнгүүтээ цаасан дээр буулгаснаар алдарт зохиол төржээ.Тийм болохоор та ч зүүдэлж сэрсэн даруйдаа өөрийн зүүдээ цаасан дээр буулгаад нэг үзэж болох юм.
 
Унтаж байхад бие махбоди мэдээгүй болдог
Ийм учраас зүүдэндээ болж буй үйлдлийг биеэрээ хийх гэж оролддог. Тухайлбал өндрөөс унах, цочих, зугтах зэргийг хийх гэж оролдоно.
 
Хүн зүүдэндээ өөрийн мэддэг зүйлээ л хардаг
Заримдаа хүн зүүдэндээ огт танихгүй хүний царайг хардаг. Гэвч гарцаагүй өмнө нь таарч байсан хүний төрх л орж ирдэг гэнэ. Тиймээс тэр танихгүй царайг бид хаа нэгтээ гудамжинд, автобусанд харсан л байж таарна. Хар дарсан зүүдэндээ хэн нэгэн үл таних хүний царай харсан бол тэр хүн бага насандаа айж байсан хүний төрх байх жишээтэй.
 
Зүүд зөн билгийн шинжтэй тааварлашгүй оньсого мэт
Зарим үед зүүд биелдэг. Яг дэс дараагаараа өмнө нь болж байсан мэт санагдах үе байдаг. Энэ нь зүүд урдаас юу болохыг бидэнд хэлж байдаг гэсэн үг. Хэн юу өгүүлээд байгаа нь тодорхой харагдахгүй хэрнээ нэг л үл мэдэх зүйлийг чухалчлан хэлдэг.
 
Зүүд хүний сэтгэл санаанд нөлөөлхүйц хүчтэй
Хүний зүүрмэглэх үедээ зүүдэлсэн зүүд маш бодитой байдаг. Зүүднийхээ нөлөөнд хүчтэй орсон байдаг учраас сэрсэн ч энэ зүүд удаан хугацаанд мартагддаггүй. Энэ мэтчилэн хэдэн өдөр дараалан зүүдлэх үед хүн хий юм харж, сэтгэл санааны хувьд өөрчлөлтөнд ордог.
 
Хараагүй хүн зүүдэндээ хардаг
Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч хараагүй хүн зүүдэндээ хардаг. Тэд зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэлцэх гэх бүх мэдрэмжийг мэдэрдэг байна. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь тэр бүр мэдрэгддэггүй.
 
Зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй
Хүний зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй. Зөвхөн хар цагаанаар л бидний санаанд буудаг. Аймхай хүмүүс илүү бодитой зүүдэлдэг Зориг муутай, аймхай хүмүүс илүү бодитой, хүчтэй зүүдэлдэг байна. Мөн архи, тамхины эмчилгээ хийлгэж хорт зуршлаа хаяж байгаа хүмүүс маш бодитой зүүдэлдэг гэнэ. Тэд эмчилгээний эхний 3-4 долоо хоногт тамхи татаж байгаагаа мэдэрч зүүдэлдэг төдийгүй мансуурах нь хүртэл элбэг ажиглагджээ.
 
- Бодит байдлын сэрэл, мэдрэмж бидний зүүдэнд мэдрэгддэг
Хүн зүүдэндээ цангаж байна гэж зүүдэлбэл бодит байдал дээр мөн цангасан байдаг. Унтаж байхад давсаг чинэж бие засмаар байсан ч зүүд аль хэдийнээ “0” руу оруулдаг. Зүүдээр нь дамжуулан иог хийлгэдэг
 
  Дээр үед зүүд ирээдүйг зөгнөх үйл явц, тухайн хүний мөрөөдөл юм хэмээн үзсээр иржээ. Орчин үед зүүд судлалын ухаанд эрдэмтэд зүүдийг тархины үйл ажиллагаатай холбоотой юу, сэтгэл зүйтэй холбоотой юу гэж маргах болжээ. Гэвч тэд зүүдийг дараах төрөлд хуваасан байна.
 
Гүн нойрсох - Энэ үед юу зүүдэлснээ огт санадаггүй.
 
Хөнгөвтөр нойрсох – Зүүдээ ихэнх тохиолдолд санадаг.
 
Зүүрмэглэх – Ихэвчлэн өөрийгөө нисч байна гэж зүүдэлдэг Хар дарах – Гүн нойронд явагдах айдсаар дүүрэн зүүд.
 
Сэрүүн зүүдлэх – Үйл хөдлөлөөрөө илэрхийлэн зүүдлэх явц. Ихэвчлэн их ядарсан үедээ болон, суугаагаараа унтаж буй хүн зүүдэлнэ.
 
Бодит зүүдлэгч - Зүүднийхээ үйл явдлыг өөрөө зохицуулдаг. Буддизмд энэ зүүдээр нь дамжуулан оюун ухааныг нь хурцлахын тулд иогийн дасгал болгон ашигладаг. Гүн нойрсолтын дөрөв дэх шат – хар даран зүүдлэхтэй төстөй боловч тийм ч их айдас агуулдаггүй. 1-7 настай хүүхдүүдийн 5 хувьд нь элбэг тохиолддог.
 
Үнэн зүүдлэгч - Зүүдэлсэн зүйл нь ирээдүйд болох үйл явдалтайгаа яв цав тохирдог.
 
Амьтад ч зүүдэлдэг
 
  Бүх төрлийн сүүн тэжээлтэн болон шувууд, зарим төрлийн олон эст амьтад гүн нойрсох үедээ зүүдэлдэг гэнэ. Энэ нь хөгшин болон гэмтэж, бэртсэн амьтдад их ажиглагддаг. Нохой, муур зүүдэндээ явж байгаа мэт хөлөө хөдөлгөн, янз бүрийн авиа гаргаж зүүдээ илэрхийлдэг. Тэд зөгнөж зүүдэлдэггүй, болж өнгөрсөн явдлаа л зүүдэлдэг байна. Эрдэмтэд харханд туршилт хийж үзэхэд тэр сэрүүн үедээ хоол тэжээл хайж явахдаа хийдэг хөдөлгөөнөө зүүдэндээ давтан үзүүлжээ. Харин шоргоолж болон далайн хавны хувьд зүүдэлсэн тохиолдол илрээгүй гэнэ.
 
Суут хүн төрөхдөө аав ээжийнхээ зүүдэнд олонтой ордог
 
Гандан тэгчлэн хийдийн номын гэрийн захирал Ш.Сонинбаяр:
 
  - Буддын шашинд зүүдийг юу гэж үздэг юм бол?
 
  - Яг шинжлэх ухааны үүднээс нь тодорхой тайлсан зүйл байхгүй. Буддын гүн ухааны хоосон чанарын онолд зэрэглээ, илбэ, өвсний шүүдэр, тэнгэр огторгуйн гэлбэлгээ /цахилгаан цахих/, үүл, усны хөөс, зүүд гэсэн долоон чанар байдаг. Ертөнцийн гурван хоосонд Барайж торойх зэрэглээ нэг хоосон, Бархираж хашгирах цуурай нэг хоосон Барин тавин зүүд нэг хоосон хэмээдэг. Зүүд сайн, муу хоёр янз. Сайн зүүдний тухай Энэтхэг, Төвд, Монголын хувилгаад их дээдэс лам нарын намтруудад ихээр дурдсан байдаг. Ямар нэг суут хүн төрөхийнхөө өмнө аав ээжийнхээ зүүдэнд олонтой ордог. Монголын олон хутагт хувилгаадын нэг Бамбар-Эрдэний тавдугаар дүрийн хувилгаан Агваан Лувсан Дондов одоогийн Дундговь аймгийн Цагаан дэлгэр суманд мэндэлсэн юм. Түүний Эцэг эхнэрээ амаржихаас нь өмнө нар мандаад дэлхий ертөнцийг болон эхийгээ гийгүүлж байна гэж зүүдэлжээ. Харин түүний ээж Хатан Диваажин зүүдэндээ хурал номын хурай, дун үлээхэд арван зүгээс олон бурхан бодисадва нар цугларч байна гэж зүүдэлж байсан тухай түүний “Чандманы унжлага” хэмээх төвд сударт тэмдэглэжээ.
 
  - Муу зүүд зүүдлээд байвал яах вэ?  
 
 - Зүүд шинжлэх ном гэж бий. Мөн “Милам дагтав” нэртэй зүүд шинжлэх аргын тухай бичсэн судар бий. Хар нүх, хадны ангал, үертэй ус руу унаж байна гэж зүүдэлвэл маш муу гэж үздэг байна. Хүмүүс муу зүүд зүүдэлвэл шашны ёсонд мянга гаран жилийн түүхтэй 21 дарь эхийн нэг “зүүдний дулам” –ыг уншуулдаг. Энэ тухай Зүүдний Дарь эхийг бүтээх арга, зөн мэдлийг тодруулагч толь сударт тэмдэглэсэн байдаг. Үүнийг бясалгаснаар хүн зүүдээрээ алив сайн бүхнийг мэдэрнэ гэж үздэг. Хэрвээ таны зүүдэнд муу зүйл орвол муу зүүд шинж тэргүүтэн, найман аюул зэрэг хорлол хөнөөлүүдийг түргэн амирлуулж байхгүй болгож хайрла хэмээн ногоон дарь эх бурханд даатгаж байгаарай.
 
  - Зүүд биелэх магадлал хэр байдаг вэ?
 
  - Говийн ноён догшин хутагтын дөрөвдүгээр дүрийн хувилгаан Жамъян Ойдов Жамц хангай нутаг руу морилж явжээ. Одоогийн Дундговь аймгийн Говь угтаал, Гурван сайхан сумдын заагт байх Эх газрын чулуунд оройтсон тул хонохоор болжээ. Гэтэл Эх хатан чулууны савдаг орсон буурын дүрээр ирээд унтуулаагүй гэнэ. Ийм учраас тэр зүүдээрээ дамжуулан эх газрын чулууны тахилгыг бүтээсэн гэдэг. Ер нь олон хүн зүүдэндээ ямар нэгэн бүтээлээ хийсэн гэж ярих нь бий.
 
Үзмэрч Л.Хоролмаа: - Зүүдэнд муухай юм ороод болдоггүй. Яах вэ гээд ирдэг хүмүүс бий. Хамгийн гол нь юунаас болж байна вэ гэдэг нь чухал. Ямар нэг зүйлээс айсан, үхээрийн бузар болсон, болохгүй идээ идсэн гэх зэрэг янз бүрийн зүйлээс болж хар дардаг. Зарим хүмүүс миний зүүд их зөнтөй байдаг, муу зүйл болох гээд байх шиг санагдаад байна гээд ирдэг. Тэгээд шалтгааныг нь мэдэж байгаад л муу зүүдийг хөөнө дөө. Гэхдээ зүүд бүр биелэх албагүй. Цөөн тохиолдолд л биелээд байдаг.
 
Удам дамжсан удган Отгон: - Би л гэхэд зүүдээрээ л удган болон тодрох гэж байгаагаа мэдсэн. Унтаж байхад хэн нэгэн хөл дээр минь ирж суух шиг, гэрийг маань тойрон алхаад, хаалга өөрөө онгойж хаагдаад л. Яахаа мэдэхээ болиод бөөд үзүүлж байж л учрыг нь олсон. Гэтэл миний сахиусан тэнгэр надад ирэх гээд байсан нь тэр. Сахиусаа хүлээж аваад шууд л энэ бүхэн зогссон. Одоо хүү маань босож зүүдэлдэг. Бүүр зуухны үнс шанагаар хутгаад, өмдөө хүртэл сийччихсэн байсан шүү. Зүүд хамгаалагч зүүж өгсөн болохоор одоо арай гайгүй болсон.