Өчигдөр интернэт “ухаж” байгаад хачирхалтай видео олж үзлээ. Дунд сургуулийн охин багштайгаа зодолдож байх юм. Сайн хараад байвал өнөөх багш нь дэвтэрийг нь урж, хэл амаар доромжилжээ. Аав ээжийн амь шигээ хайрладаг үрсийг багш нар ингэж сургаж байгаад харамслаа. Уураа барих чадваргүй хүмүүс багш байж таарах эсэхийг боловсролын яамнаас асуухыг хүссэн ч гэлээ над мэтэд хариулт өгдөг завтай улс тэнд байдаггүй юм байх...
 
     Боловсролын тогтолцоо зохиож, баталдаг ноёд түшмэдүүд багш нарын ажилд хяналт тавих нь өдрийн од шиг ховор. Жилд ганц хоёр удаа сүр дуулиан болгож сургуулиар айлчилахад нь сурагч бүхэн цагаан цамцтай, идэвхи зүтгэлтэй харагддаг болохоор арга ч үгүй биз. Үнэн хэрэг дээрээ дүнгийн араас хөөцөлдөгчид, хичээл таслагчид, багшийн заасныг давтдаг хэнхэгүүд, хичээл асуухаас ч зүрхшээдэг ноомой сурагчид анги болгонд дүүрэн. Энэ бүхнийг багшийн эсвэл, сурагчийн буруу гэж хэлж болохгүй. Хэлээд ч нэмэргүй. Гагцхүү сургалтын тогтолцоо энэ бүхнийг зөв голдиролд нь оруулж чадна гэдэгт итгэдэг шүү. Би л гэхэд арван жилдээ монгол хэл, уран зохиолын хичээл дээр “дунд” үнэлгээнээс дээш дүн авч байсангүй. Арав төгсөх жил хүн бүхэн оролцох “албатай” зохион бичлэгийн улсын уралдаанд түрүүлсэн юм.
 
     Тэгэхэд л монгол хэлний багш маань намайг зохион бичлэг, шүлэг бичихдээ сайн гэдгийг олж хараад “Онц сайн” гэдэг үнэлгээ өгч байлаа шүү дээ. Энэ ч бага хэрэг ээ, дөрвөн жил химийн хичээл үзэхдээ Микроскопоор харж байгаагүй гэвэл “худлаа” сонсогдох байх. Харин багшийн хичээл заах түвшинг сурагчдынх нь мэдлэгээр тогтооно гэсэн шалгалтанд багш нар маань өөрсдөө “шипи” хийж ирээд бидэн рүү шиддэг байж билээ. Биеийн тамирын хичээлийг ярих ч юм биш. Хөвгүүд нь сагс тоглож, охид нь дэмий харж сууна. Дүн гарахад багш аль хэдийнэ “муу” тавьчихсан байдагсан. Тэгээд бас болоогүй ээ! дүн засна гээд бөмбөг, дээс, шийдний тор нэхээд суучихна шүү дээ. Зарим нэг багш нар над мэтийн муу хувцастай, өөрт нь долигнодоггүй хүүхдүүдийг “үзэн ядна”. Дэвтэр шалгаад бүрэн байсан ч “муу” л тавина. Хичээл бүрэн байхад муу тавьлаа гэсэн гомдолыг “Чи сая л нөхчихсөн байна ш дээ” гэсэн үгээр таглахаа ч сайн мэднэ.
 
     Хичээлийн цагаар багшийг хүн дуудна. Тэр бүрт “хичээлийн эрхлэгч орж ирвэл багшийгаа 00 орсон гэж хэлээрэй” гэж хэлээд “алга болчихдог” байлаа. Цагтаа хичээлээ зааж амжаагүй болохоор гэртээ тэр гарчигийг хуулаад ирээрэй гэж “зарлигдана”. Хичээл цонхлох бүрт хуулан бичлэг хийнэ. Миний мэдэхээр дунд сургууль нэг иймэрхүү газар. Ээж аавын шахалтаар хичээлдээ яваад л, даалгавар хийгээгүй нэрийдлээр анги цэвэрлэж өнгөрөөснийг хэнд ч хэлдэггүй байлаа. Иймэрхүү маягтай явсаар би гэж “муу”-гаас өөр дүнгүй хүн адистат авах болов оо. Эцэг эхээ баахан зовоосны эцэст дан “сайн” үнэлгээтэй гэрчилгээ халаасалж амжсан юм даа. Ингэж л би ерөнхий боловсролын сургуулийг үлгэн салган төгсөж байсан юм.
 
     Адистатаа халаасалсаны дараа арван жилийн турш нүд үзүүрлэн “муу” дүн тавьсан багш нарынхаа өөдөөс салаавч өгөхийг л туйлын их хүссэн билээ. Гэвч чадаагүй. Үүнийг уншиж суугаа ерөнхий боловсролын сургуулийн багш нар сурагчдад хичнээн хүнлэг бус ханддаг болохоо хүний нүдээр харж байна гэсэн үг. Хэрэв шавьдаа чин сэтгэлээсээ хандвал түүнээс илүү гавъяа цөөхөн билээ. Үүнийг би өөрөө гэрчилнэ. Хэдийгээр би Физикийн хичээлдээ дургүй байсан хэдий ч Заяат багш маань арван жилийн турш “үзсэн” хичээлээс илүүг аравхан минутанд багтааж хэлж өгсөн нь одоо ч надад хэрэг болдог билээ.
 
     “Чамд энэ дүн ямар ч хэрэг болохгүй, гэхдээ эцэг эх, багшаасаа дүн авахаас илүүгээр өөрөө өөрөөсөө онц дүн авч амьдрах нь чухал байдаг юм. Чи хөдөлмөрийн хичээлдээ сайн, заавал физик мэддэг байх шаардлагагүй. Гэхдээ амьдрал чиний дуртай хичээл шиг байдаггүй юм. Таалагдахгүй байгаа зүйлээ ч гэсэн ойлгох ёстой үе чамд зөндөө тохиолдоно. Хэрэв хүсэхгүй байгаа чигээрээ үлдвэл чи өөрөө харамсах болно. Чамайг Физикийнхээ хичээлийг ойлгохыг хүснэ гэдэгт итгээд “онц” тавьлаа. Багшийнхаа итгэлийг битгий алдаарай”... энэ үг л надад 10 жилд олоогүй ухааныг өгсөн юм даа..