Хүмүүс бие биендээ татагдан, дотно сэтгэлтэй болоход, байн байн уулзах боломжтой ойр орчим газар ажиллаж амьдрах нь нөлөөлдгийг эрдэмтдийн судалгаа харуулжээ. Хүмүүс ихэвчлэн нийгмийн гарал, нас, үндэс угсаа, амьдралын түвшин, боловсрол ойролцоо, хүсэл сонирхол, асуудалд хандах байдлаараа ижил хүмүүст сэтгэл илүү татагддаг байна.

  Хүн өөрт нь урам хайрлаж, зоригжуулдаг хүмүүст дуртай төдийгүй сэтгэл татагдах хандлагатай байдгийг “урам­шууллын онол” нотолсон билээ. Хүн өөртэйгээ ойролцоо зан чанартай хүнтэй харилцахад илүү хялбар байдаг.

  Харин “бэлгийн стратегийн онол”-оор хүмүүс насны ханиа сонгохдоо юуг голлодог болохыг тайлбарладаг. Нүдэнд дулаахан, нас залуу, царай зүс сайтай, нөхөн үржих чадвартай, эрүүл чийрэг, овсгоо самбаатай хүнийг насны ханиар сонгоход харгалздаг байна. Эрэгтэйчүүд эмэгтэй хүний хүүхэд тээх чадвар болон ханьдаа үнэнч байдлыг эрхэмлэдэг бол эмэгтэйчүүд өөрийг нь болон үр хүүхдийг нь тэжээх чадвартай эрэгтэй хүнтэй ханилах хүсэлтэй байдаг.

  Дотносол нь хайр сэтгэлийн харилцааны хамгийн чухал хэсэг. Энэ нь нөгөө хүндээ ойр дотно сэтгэл төрөх, хувийн нууцаа хуваалцах болон бие биедээ сэтгэлээ зориулах шинжээр илэрдэг.

  “Хайрын гурвалжны онол”-оор хайр нь дотроо дотносол, тэмүүлэл болон үүрэг хариуцлага гэсэн гурван үндсэн бүрэлдэхүүн хэсгийг агуулдаг. Хэрвээ хосуудын хайрын гурвалжин нь хоорондоо тохирохгүй бол тухайн хүмүүс хайр сэтгэлийн харилцаандаа сэтгэл дундуур байдаг ажээ.

  Хайр дурлалд хүний биед явагддаг физиологийн зарим өөрчлөлт буюу энэ үзэгдлийг өдөөдөг химийн бодисууд байдаг. Хүчтэй дурласан үед /романтик дурлал, романтик хайр/ хүний биеийг сэргээх үйлчилгээ бүхий фенилэтиламин гол үүрэг гүйцэтгэдэг байна. Эдгээр нь хүнд сэтгэл санаа амар амгалан, баталгаатай байдал үүсгэхийн зэрэгцээ бэлгийн сэдэлтийн үед хүчтэй бэлгийн дур хүсэл төрүүлдэг.

  Хайр сэтгэл болон гэрлэлтийн талаар янз бүрийн соёлтой ард түмэн ялгаатай байр суурь баримталдаг байна.