Буун дуу тасарсан үед л Америк гүрэн Ирантай эцэслэн эвлэрэх болов уу ...
 
  Харилцаа холбоо улам бүр хүйтрэх тутам бие биедээ эрс заналхийлэх нь нэмэгдэж байна. Израиль улсын зүгээс Ираны цөмийн үйлдвэр, тоног төхөөрөмжүүдийг довтлохоо илт мэдэгдэж ахуйд Тегеран асуудал ноцтойгоор эргэх тохиолдолд Тель – Авивд үхлийн цохилт өгнө хэмээн мэдэгдэж байна. Нэгнээ харилцан сүрдүүлж байгаа төдий юү эсхүл үнэхээр асуудал хяналтаас гарах хэмжээнд хүрээ юү? Энэ болоод, Ираны дэглэмийн эсрэг хэрэглэсэн хориг арга хэмжээ яагаад үр дүнд хүрсэнгүй, Америк, Иран хоёр улс харилцан ойлголцох ямар зам зөрөг бий эсэх талаар ойлголцол хаа хаанаа алга байна.
 
  Ер нь Израиль улс бүс нутаг дахь цөмийн монополь эрхээ ямар ч нөхцөлд – дайны эрсдэлийг үл тооцон – хадгалахыг чармайгаад байгаагийн учир нь юунд байна вэ?
 
  Сүүлийн үед Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон маргаанд бага зэрэг дэвшил гарч эхлээд байна. Ираны тал саяхан Европын Холбооны зүгээс энэ талаар дэвшүүлсэн саналд даруухан боловч нааштай хандаж, тодорхой хугацаагаар цөмийн центрфуг ( атомын станцын тоноглол) нэмж угсрахгүй байхаа мэдэгдээд байна. АНУ Тегеранд консулын газраа нээж, виз олгож эхлэх тухай ч төлөвлөж байгаа сурагтай. Харин америкийн нууц тусгай албадын хүрээнд ираны хил орчмын нутгуудаар хэт даврагч лалын бүлэглэл, үндэстний цөөнхүүдийг дэмжиж, бослого хөдөлгөөн өрнүүлэхээр мөн давхар яригдаж байгаа мэдээ ч ирж л байна. Ер нь Ираны талаар Европ болоод Өрнөдийн гүрнүүдээс баримталж буй ойлгомжтой нэгдмэл бодлого, стратеги гэхээр юм одоогоор хараахан харагдахгүй л байна. НҮБ – аас Ираны талаар гаргасан хориг арга хэмжээ нь өгөөжөөр тун чамлалттай, АНУ-ын зүгээс Лалын энэ Бүгд Найрамдах улсыг бүс нутгийн улс төрийн амьдралд зүй ёсоор оролцон тоглогч болохыг хүлээн зөвшөөрч хүндэтгэсэн, түүний сонирхолыг татахуйц алхам үгүйлэгдсэн хэвээр байгаа юм. Цөмийн хөтөлбөрийн асуудлаар Ираны эрх баригчдын байр суурийг өөрчлөхөд эцсийн дүндээ хүргэх учиртай шинэ хориг арга хэмжээ нь илүү товч бөгөөд тодорхой, хамгийн гол нь НҮБ –ын Аюулгүйн Зөвлөлийн бүх гишүүдийн зөвшил­цөл, нэгдмэл байр суурь дээр үндэслэсэн байх учиртай. Энэ нь ираны олон нийтэд Иран улс цөмийн хөтөлбөрийнхөө асуудлаар зөвхөн өрнөдийн ганц нэг улс орон төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгтэй бүхэлтэй нь санал зөрөлдөж, бэрхшээлтэй тулгарч буйг илтгэж ухааруулах улс төрийн ач холбогдолтой юм. 
 
  Америкийн зарим улс төрчид Европын орнуудын зүгээс Ираны эсрэг хоёр талын харилцааны хүрээнд хориг арга хэмжээ авахыг шаарддаг боловч Европын дийлэнх орнууд үүнийг улс төр, эдийн засгийн аль ч хүрээнд ач холбогдолоор тийм ч оновчтой арга хэмжээ хэмээн үздэггүй. Учир нь иймэрхүү алхам нь нэгдүгээрт, Европын улс орнуудын эдийн засгийн ашиг сонирхолд нийцэхгүй, тэр ч байтугай хохирол учруулна. Хоёрдугаарт, энэ төрлийн хориг арга хэмжээ нь Европын Холбооны бүрэлдэхүүнд багтдаггүй бусад улс гүрнүүдэд ямарваа хариуцлага хүлээлгэхгүй агаад харин ч худалдааны урсгалыг улам бүр өөр зүгт чиглүүлэх юм. Хориг арга хэмжээ авснаар Дундад Азид байдлыг тогтворжуулж, харилцан итгэлцлийг бий болгоход чухал ач холбогдолтой энэ бүс нутагт хэрэгжүүлж буй бүс нутгийн хамтын ажиллагааны төслүүд, тухайлбал хил дамнасан эрчим хүч, дэд бүтцийн Турк – Иран эсхүл Иран – Пакистан – Энэтхэгийн хооронд хэрэгжүүлж буй төслүүдэд зарим талаар саад тотгор үүсгэж болох юм.
 
 
 
  Харин зэр зэвсэг нийлүүлэх талаар хориг арга хэмжээ авах нь илүү оносон, илүү үр дүнтэй арга хэмжээ болох юм. НҮБ –ын Аюулгүйн Зөвлөлөөс баталсан, олон улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөх ийм арга хэмжээ нь Ираны эрх баригчид, тэдний хэдийг зараад хэдийг олох хэмээсэн тооцоололд илүү цочирол үзүүлэхээс тэртэй тэргүйгүй хилийн чанадад аялах бодолгүй ираны цөөн тооны дээгүүр зиндааны улс төрчидөд энэ талын боломжийг нь хаахаас илүүтэй юм. Хэтдээ баримтлавал зохих үндсэн зарчим нь: Иран улсын цөмийн хөтөлбөрийн талаар авах хориг арга хэмжээ эсхүл ийм арга хэм­жээг авахаар занал­­хийлсэн тохиол­долд түүнд үүсэх зар­дал нь өсөх төдий бүрт тэрээр эдүгээ баримталж буй бодлогоо өөр­чил­сөнөөр түүхэн боломж, ашиг ор­логын үүд хаалга нь нээгдэнэ.
 
  Аливаа цэрэг дайны мөргөл­дөөнөөс зайлсхийх нь Иран, АНУ –ын төдийгүй тус улсын хөрш зэргэлдээ бүс нутгийн орнуудын эрх ашигт нийцнэ. Гэсэн хэдий ч дипломат арга хэрэгслийн зэрэгцээ цэргийн хүчээр далайлгах явдал ашиг тустай байхыг үгүйсгэж болохгүй. Харин цэрэг зэвсгийн хүчийг хэзээ хэрхэн ашиглах вэ гэдэг нь арай өөр асуудал. Мэдээж, энэ замаар ираны цөмийн хөтөлбөрийг хэдэн арван жилээр хойш ухрааж болох боловч Хормусын гудам буюу Персийн булангийн жижиг улсууд болох Ирак, Ливан, Сири, Израил болоод Палестины нутгуудад шууд хамаарах гинжин үйл явцыг өдөөж, зарим талаар хяналтаас гаргаж болох юм. Бүс нутагт Ирантай эхлүүлсэн дайн АНУ болоод Өрнөдийн нэр хүндийг бүхэлд нь улмаар унагаж, араб, лалын ертөнцөд тэдний эсрэг дайсагнах үзлийг улам өөгшүүлэх болно.
 
  Хэрвээ Америкчууд Тегерантай харилцан хүлээн зөвшөөрөхүйц тохиролцоонд хүрэхийг үнэхээр эрмэлзэж буй бол аливаа түрэмгий хэллэгээсээ татгалзаж, “хувьсгалын жолоодогч” Хаманай – г ёс бусаар сонгогдсон шийдвэр гаргагч тэргүүн хэмээн үзэхээ зогсоох ёстой. Хаманай бол Хятадад цагтаа Мао Це Дун, Зөвлөлтөд Леонид Брежнев мэтийн зиндааны шийдвэр гаргагч. Хэдийгээр Иранд сонгууль будлиан маргаантай явагддаг ч ерөнхийдөө Ойрхи Дорнод, Дундад Азийн орнууд дундаа илүү ардчилсан хэлбэртэй.
 
  Америкчууд Ираны зүгээс хүлээн авахаас аргагүй санал тавих цаг хэзээ нэгэн цагт ирэх нь дамжиггүй. Энэ саналын хүрээнд хоёр орны дипломат харилцааг сэргээх, АНУ –д буй ираны хадгаламж хөрөнгийг чөлөөлөх болоод Иран дахь америкийн шууд хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих зэрэг асуудал хамаарч болох юм. Хамгийн гол нь хэтдээ үзүүлэх аюулгүй байдлын баталгаа. Байдал хэдий тийм боловч Ираныг бодвол цөмийн зэвсгийг жигших тухай хэлэлцээрээс гарч, цөмийн зэвсэг үйлдвэрлэн туршиж буй Умард Солонгост санал болгосноос илүүг Вашингтоны зүгээс амлах хэрэггүй л болов уу. Тодорхойгүй үлдэж буй нэгэн зүйл гэвэл энэ санал Иран улсыг дэлхий ертөнцөд бүхэлд нь учруулж болох аюул занал дагуулсан цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэхээс татгал­зах үндэс болох уу гэсэн хэрэг юм. Ер нь дипломат урлагийн цөм нь байгаа боломжийг бүхэлд нь тандаж, ашиглах явдал байдаг. Ийм ч тод томруун жишээ нэлээдгүй бий. Тухайлбал Умард Солонгос АНУ –ын чамлалтгүй хүчин чармайлтын дор өөрийн плутониумын реак­торуудаа буулгахаа амлаж байсан. 2003 онд Ливи улс хүнийг үй олноор хөнөөх зэвсэглэлийн хөтөлбөрөөсөө татгалзаж буйгаа мэдэгдсэн нь Вашингтон болоод Лондоны зүгээс Ливи улсын засаглагч дэг­­лэмийн тогтвортой байдлыг батал­­гаажуулахаа амласантай холбоотой.
 
  Ирантай хийх яриа хэлэлцээний амин судас нь зөвхөн АНУ болоод Европын зүгээс тус улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын Дээд Зөвлөлийн нарийн бичгийн даргатай бус харин шашны тэргүүн Аятолла Хаманей юм. Стратегийн эцсийн гол шийдвэрийг гаргах эрх мэдэл бүхий түүнтэй эн зэрэгцэх хүн бол ОХУ – ын ерөнхийлөгч асан В.Путин юм.