Саяхны нэгэн өдөр 100 айл орчмын нэгэн шанаган тогооны хоол­ны газарт хоол идэхээр сууж байтал “Эгч ээ, машины үнэртүүлэгч авах уу? Авбал урамшуулалд нь онигоо ярьж өгнө, гараа нугалж үзүүлнэ, хоёрыг авбал хямдруулна шүү” гэсээр цангинасан дуутай, сэргэлэн байрын хүү орж ирсэн нь Дөлгөөн байлаа. Амьдралын ухаанд эрт суралцаж эхэлсэн бяцхан хүүгийн хэрсүү яриа уншигч танд сонир­холтой байхын зэрэгцээ бас нэгийг бодогдуулах биз ээ.
 
Миний дүү энэ наймааг хэр удаан хийж байна?
 
  Бараг гурван жил хийж байна даа. Таван настайгаасаа юм зарж эхэлсэн. Өөр газраар явдаггүй, энэ хоолны газарт орж ирсэн хүмүүст л зардаг юм.
 
Наймаа хийх ямар байна? Яагаад машины үнэртүүлэгч зардаг болов?
 
  Зүгээр ээ, дажгүй. Зарим хүн авна, зарим нэг нь уурлана, бас зарим нь хөөнө. Би анх аниа­тайгаа хамт зурагтын мэдээ, сальфетка зардаг байсан юм. Тэгээд сүүлдээ аниа маань өөр ажил хийгээд би үнэртүүлэгчээ л зар­даг болсон.
 
Үнэртүүлэгчээ хаанаас авдаг вэ? Ашиг нь хэр вэ?
 
  “Зиг заг”-аас авдаг. Ашиг нь гайгүй ээ, гэхдээ арай л нугар­даггүй юм. 500 төгрөгөөр зардаг байсан, одоо бензиний үнэ өсөөд зардаг үнэ нь нэмэгдчихсэн. Үнэртүү­лэгчээсээ 200 төгрөг, саль­феткаас 100 төгрөг л унагаадаг юм. Үнэртүүлэгч авсан хүнд би яаж хэрэглэдгийг нь зааж өгдөг.
 
Бензиний үнэ өсөхөд үнэртүү­лэгчний үнэ нэмэгддэг нь ямар учиртай юм бол?
 
  Мэдэхгүй ээ, цаанаасаа л нэмэгдчихсэн байсан. Юмны үнэ өсөөд хэцүү л байна. 500 төгрө­гөнд талх, масло авчихдаг байсан чинь одоо 1000 төгрөгөнд ч бараг хүрэхгүй болоод байгаа.
 
Хичээлээ давтах хугацаа гарч байна уу? Ямар сурч байна?
 
  Өглөөдөө наймаагаа хийгээд өдөр нь хичээлдээ явдаг. Оройд нь хичээлээ давтдаг. Хааяа хэцүү юм байвал С авчихаад, тэгээд гайгүй ээ.
  Ээж маань намайг гадуур явахдаа үргэлж амны хаалт зүүж бай гэсэн.
 
Ангийнхан чинь чамайг ийм наймаа хийдэг гэдгийг мэддэг үү?
 
  Ангийнхан мэддэг, тэгээд зарим нь шоолоод л байдаг юм. Ээж минь надад “Хүүхдүүд шоолоход битгий ичээрэй, миний хүү ямар хулгай хийж байгаа биш”гэж хэлсэн. Тэгээд ч би наймаагаа хийхгүй л бол манайх хоолны мөнгөгүй болчихно шүү дээ.
 
Аав, ээжийгээ танилцуулаач?
 
  Ээжийг Баясаа гэдэг, ажил хийдэг байсан. Одоо дүүг хараад гэртээ байгаа. Аавыг Баярбат гэдэг. Машинаараа халтуур хийдэг. Нэг дүүтэй одоо том болоод бараг явдаг болсон. Хоёр аниатай, нэг нь хөдөө явсан. Нэг нь тусдаа гарсан.
  Ээж намайг “Миний хүү сэргэлэн нь дэндчихгүй бол их сайн хүү шүү” гэдэг. Би ээж, аав хоёртоо их хайртай.
 
Өвөл ч бас энэ наймаагаа хийдэг үү?
 
  Тийм ээ, дулаан хувцсаа өмсөөд л гардаг. Заримдаа аавын машин эвдэрсэн үед надаас өөр хоолныхоо мөнгийг олдог хүн байхгүй болохоор наймаагаа хийх­гүй бол хоосон хононо шүү дээ.
 
Үнэртүүлэгч авсан хүнд ямар урамшуулал үзүүлдэг гэлээ?
 
  Онигоо ярьдаг, гараа нугалж үзүүлдэг, хоёрыг авбал хямдруулдаг. Хоолоо хүлээж суугаа хүмүүс үнэртүүлэгч авчи­хаад надаас “Чи онигоо мэдэх үү, ярь даа” гэдэг. Тэгээд би мэддэг онигоогоо ярьж өгдөг байснаа сүүлдээ урамшуулалд нь ярьж өгдөг болсон юм.
 
Ямар мэргэжилтэй болох вэ?
 
  Үүнийгээ зарж байгаад том болоод бүр том наймаачин болж ээжийгээ баярлуулна. Бизнесмэн болно. Би тоо бодохдоо их сайн, дор нь бодчихно шүү. Ном унших дуртай, даанч надад телевизор үзэх, ном унших зав гардаггүй. Өдөр болгон өглөөдөө энд наймаагаа хийгээд, өдөр нь хичээлдээ яваад орой нь даалгавраа хийгээд л унтах цаг болчихдог. Зун бол бүтэн зогсоно доо.
 
Томчуудын талаар чи юу гэж боддог вэ?
 
  Дөнгөж зарж эхэлж байхдаа “Энэ хүн л авна даа” гэж бодоод очихоор муухай аашлаад хөө­чихдөг байсан. Одоо бол гаднаас нь хараад л “Энэ л харин авчихмаар ах байна даа” гэж бараг мэддэг болсон. Надтай хамт наймаа хийдэг ах хоолны газрын эгчид хөөгдөөд гарахдаа “Та нар ч гэсэн мөнгө олох гэж ядаж байгаа биз дээ” гэж хэлж байсан. Би хоолны газарт наймаа хийдэг ч гэсэн хүний орхисон хоол руу ердөө ч хардаггүй ээ. Нэг эгч намайг дуудаад үлдээсэн хоолоо өгөхөд нь миний уур хүрсэн. Өвөл хичээлдээ явж байсан чинь шилэн дэлгүүрийн тэнд микроавтобустай ах намайг мөргөчихөөд ээждээ битгий хэлээрэй гээд сургууль хүргээд 1000 төгрөг өгчихөөд явчихсан. Одоо заримдаа шөнө хөл янгинаад өвдөөд байдаг. Иймэр­хүү том хүмүүст хүүхдүүд гомддог.
 
Эгч нь чамаас үнэртүүлэгч худалдаж авъя, чи онигоо ярьж өгөөч?
 
  Орос, Хятад, Америк гурав Монголд ирдэг байхгүй юу. Тэгээд хэл сурахаар явж байгаад дэл­гүүрт орсон чинь гурван гуйлгачин нэг эгчээс мөнгө гуйж байгаатай таарсан. Нөгөө эгч нь“Хэн хэнд өгөх юм бэ” гэхэд гуйлгачид “Бид гурав бид гурав” гэж хэлж гэнэ. Мань гурав тэрийг нь сураад цааш явж зах дээр очдог байхгүй юу. Тэнд “Гурав жарын хиам аваарай” гэж байхыг цээжлээд цааш явжээ. Гэтэл бас нэг хүн зоос гуйгаад “Нэмүүлье нэмүүлье” гэж байхыг сурчээ. Кино театрт орж кино үзээд төгсгөлийг нь хараад ”Ура” гэхийг нь сурч гэнэ. Тэгээд цааш явж байтал голд хүн живээд үхчихсэн байжээ. Гэтэл цагдаа “Энэ хүнийг хэн алсан бэ” гэсэн чинь “Бид гурав, бид гурав” гэсэн. Юугаар алсан бэ гэсэн чинь “Гурав жарын хиамаар” гэдэг юм. Та нарт таван жил өглөө гэсэн чинь “Нэмүүлье нэмүүлье” гэж хашхирчээ. Арван жил өглөө гэсэн чинь “Ура” гэж орилолджээ. Тэгээд шоронд орчихдог юм.
 
Гоё онигоо ярьж өгсөнд чинь баярлалаа. Наймаагаа сайн хийгээрэй, амжилт хүсье.
 
  Танд ч бас үнэртүүлэгч худал­даж авсанд баярлалаа, баяртай.
 
  Ярилцаж байхдаа ”цаг хэд болж байна?” гэж сэргэлэн нь аргагүй асуух энэ хүүг хараад өхөөрдөх сэтгэл төрж билээ. Эр өсч, эсгий сунана гэдэг. Хүүгийн хүсэл мөрөө­дөл биелж бизнесмэн болох цаг айсуй…